Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1032

 

 

 

 

                                                           

     2025           9            02                                           2025/ДШМ/1032

 

В.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч В.Б /цахим/, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар, Б.Түвшинжаргал /цахим/, О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1661 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн В.Баянмөнхөд холбогдох 2310013990270 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн В.Б......................

Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/647 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Шүүгдэгч В.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дархан цаазат газар болох ********* дүүргийн ***дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших, “******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал болох 1266,7 кг хуш модны цайруулсан самрыг худалдаж авсан,

 Мөн дээрх самрыг **-** ҮНК “Isuzu Trooper” маркийн, **-** УНЭ улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн, **-** УАН улсын дугаартай “Kia Bongo 3” маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: В.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч В.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэхийг завдсан” буюу “Байгалын ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч В.Б оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч В.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч В.Б шүүхээс оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт В.Б 223,699,220 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Б гэмт хэрэг үйлдэхдээ “toyota land cruiser” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 283.250.000 төгрөг, “isuzu trooper” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,750,000 төгрөг, “kia bongo3” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6,000,000 төгрөг нийт 294,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж буй нийт 1266.7 кг Сибирь хуш модны ургамлын үр /самар/-ийг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод төвлөрүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч В.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч В.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хэргээ бүх шатанд хүлээн зөвшөөрч байсан. Иймд 1 жил 3 сарын хорих ялаас хасаж өгөөч гэж хүсэж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна би хохирол болох бүх мөнгөө төлж барагдуулна. Миний бие нь сүлжмэлийн жижиг цех ажиллуулдаг. Өөрийн биеэр удирдаж ажиллах үйл явдал доголдож байгаа тул энэхүү нөхцөлийг минь харж үзнэ үү. Мөн миний эрүүл мэнд зүрхний хүнд оноштой зовуурь пүльс ихсээд амьсгаа ихтэй шөнө унтахгүй их хөлөрнө, ханиалгана ухаан балартаж зүрх, уруул хөхөрнө, зүрхний архаг дутмагшил байдаг тул та бүхэн хувийн байдал эрүүл мэнд ажил, албыг минь тус тус харгалзан гомдлыг минь шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч В.Б өмгөөлөгч Б.Ууганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамал жагсаалт”-д орсон ургамал болох 1266.7 кг хуш модны цайруулсан самрыг худалдаж авсан, мөн дээрх самрыг **-** УНК улсын дугаартай “исузу трүүпер”/isuzu trooper/, **-** УНЭ улсын дугаартай “ланд крузер 200”/land cruiser/ маркийн, **-** УАН улсын дугаартай “киа бонго3”/kia bongo3/ маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэхийг завдсан ... үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн В.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1 жил 3 сарын хугацаанд хорих ял, мөн Байгаль орчин уур амьсгалын санд учруулсан хохирлын үнэлгээ 223,699,220 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэлгээ 294,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаарын тушаалын хавсралтаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ болох 1 кг самрын үнэлгээ 176,600 гэж дүгнэн, худалдан авсан нийт самар болох 1266.7 кг самрыг үржүүлэн тооцож 223,699,220 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоон Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол хор уршигт тооцдог. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж тус тус заасан. Тухайн хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч болон шинжээчийн дүгнэлтээс “Сибирийн хуш”-ны самар нь Ойн тухай хуулиар зохицуулагдах ойн дагалдах баялаг юм. Учир нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,12-д ойн дагалдах баялаг гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг ойлгох, мөн тус хуулийн 42-р зүйлийн 1 дэх хэсэгт ойн санд учруулсан хохирлыг төлүүлэхдээ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллага дараах үйл ажиллагааг явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө гэдэг. Үүнээс харахад тухайн Сибирийн хушны самрыг тодорхойлохдоо ойн дагалдат баялаг гэж дээрх хуульд заагдсанаар ойлгоно. Тухайн гэмт хэрэгт учирсан хохирол, хор уршгийг арилгахдаа мөн л ойн тухай хуулийн 42-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан ойн дагалт баялгийн нөөцийг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно гэж тус тус ойн сан, ойн дагалт баялагт учирсан хохирлыг хэрхэн тооцож арилгахыг нарийвчлан зохицуулсан байдаг. Мөн түүнчлэн миний үйлчлүүлэгч В.Б нь 1266.7 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авсан, тээвэрлэхийг завдсан ч гэх үйлдлийг тухайн ховор ургамал буюу самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, боломжгүй. Анхан шатны шүүх “... шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас байгалийн нөөцийн оршин байх үнэ цэнэ алдагдсан, хуш модны самар түүх хугацаа болоогүй, түүнийг худалдан авсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас бий болсон хохирлын самрын зах зээлийн үнэлгээгээр биш экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцон төлүүлэх нь зүйд нийцнэ...”/13-р хуудас/ гэсэн нь 2 өөр төрлийн гэмт хэргийг нийлүүлэн миний үйлчлүүлэгчийг хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж В.Б эрх зүйн байдлыг дордуулж гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй илт хууль бус тайлбар дүгнэлт.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дахь заалтад заасан байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл гаргаагүй байдаг тул 1266.7 кг самар нь хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 13,300,350 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлон гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан дүгнэлт гэж үзэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан болно. Тухайн эрх бүхий үнэлгээний газар зах зээлийн үнэлгээ гэж 1кг самрыг 10,500 төгрөгөөр тооцсон байдаг. Мөн миний үйлчлүүлэгч В.Б өөрийн үйлдсэн гэм бурууд маргахгүй байгаа ахин хэлэх нь зүйтэй болов уу. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хуулийн дагуу өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээн, маргахгүй талаараа хэлэн хэргийг түргэн шуурхай эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтээ байгаагаа удаа дараа илэрхийлэн, мөрдөн шалгах ажиллагаанд ямар ч саад учруулалгүйгээр, прокурорт хэргийг хялбаршуулах хүсэлтээ гаргаж байсан. Хуулийн дагуу хүсэлтэд хариу өгч хэрхэн дүгнэснээ бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч тухайн хүсэлтийг үл ойшоон хариу ч өгөлгүй хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Энэ үйлдэл нь процессын хууль зөрчин мөн л миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг дордуулсан. Гэтэл анхан шатны тойргийн шүүх Иргэний хуулийн 497-р зүйлийн 1 дэх хэсэг, Байгал орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг тус тус үндэслэн 1кг самрыг 176,600 төгрөгөөр тооцон нийт экологи эдийн засгийн үнэлгээгээр 223,699,220 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийтгэх тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг ...” хэлнэ гэж зааснаар “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самар нь ойн дагалтад баялагт хамаарч байх ба Ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-д “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллага дараах үйл ажиллагааг явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол шууд учирсан хохирлыг нөхөн төлнө”, мөн зүйлийн 42.4 дэх хэсэгт “.....ойн дагалт баялаг нөөцийг нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно...” гэж тус тус ойн сан, ойн дагалт баялагт учирсан хохирлыг хэрхэн тооцож арилгахыг нарийвчлан зохицуулсан байдаг. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг өөрөө хэргийн үйл баримтаас мөн учруулсан хор уршгаасаа хамаарч сонгох санкцтай заалт байдаг. Гэтэл хуулийг буруу хэрэглэж, үндэслэл муутай дүгнэлт гарган, тухайн заалтын хамгийн хүнд төрөл болох хорих шийтгэх тогтоол гаргасан. Гэтэл эрүүгийн хууль тухайн гэмт хэргийг шийдвэрлэхдээ бусад холбогдох хууль тогтоомжийг үнэлж, гэмт хэргийн шинж чанарыг тогтоон, түүнд тохирсон ял шийтгэлийг оногдуулах мөн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх талаар зохицуулан өгсөн байдаг. Гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслүүдийг мөрдөн шалгах явцад В.Б нь өөрийн нэр дээрх ямар ч тээврийн хэрэгсэл ашиглаагүй зөвхөн утсаар ярьж энэ самрыг аваач гэсэн хүний болон бусад хүний тээврийн хэрэгсэл ашигласан байдаг. Мөн тухайн цаг үед унаж очсон “land cruiser” маркийн авто машинд хоёр ачааны машины нэг нь ирээгүй байсан учир түр тухайн шуудаатай самраас ачин өөрийн дүүгийн ачааны “isuzu trooper” машинд буцаад тухайн ачих гэж байсан боловч цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд буулгалгүй шууд тээвэрлэхийг завдсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. В.Б нь өөрийн гэр бүлээс гадна өрхийн үйлдвэрлэл эрхэлж, түүндээ 8 хүнийг цалинжуулан тэдгээр хүмүүсийг ажилтай, мэргэжилтэй, амьдралтай болгон, нийгмийн даатгал болон бусад татвараа төлж нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлж яваа нэгэн. Энэ талаарх баримтаа ч гаргаж өгсөн. Шүүхээс торгох ялаар шийтгэвэл төлөх бүрэн боломжтой. Иймд миний гаргаж буй гомдлыг хүлээн авч Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дүгээр сарын 25-ний өдрийн 2025/ШЦТ/1661 дүгээр бүхий шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ял болох торгох ялаар шийтгэж, нийгэмд учруулсан хор уршгийн нөхөн төлбөрийг прокурорын даалгаснаар болон мөрдөгчийн тогтоол, саналаар тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн хөрөнгө үнэлгээний “Дамно”ХХК-ийн шинжээчийн гаргасан үнэлгээ болох 1266.7кг самрыг, нийт 13,300,350 төгрөгийн зах зээлийн ханшаар тооцож, гэмт хэргийн явцад ашигласан тээврийн хэрэгсэл гэдгээс өөрийн унаж явсан Ланд крузер 200 маркийн **-** УНЭ тээврийн хэрэгслийг хасаж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч В.Б өмгөөлөгч Б.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэл тогтоолын 7 дахь заалтад зааснаар холбогдогчоос нийт 294,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэсэн. Үүн дээр “Дамно” ХХК нь/1 хх 204 дугаар/ **-** УНЭ улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн машиныг үнэлэхдээ алдаа гаргасан байсан. “Дамно” ХХК нь буруу үнэлгээ гаргасан талаарх албан бичгийг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн. Хоёр тээврийн хэрэгслийг харьцуулж дундаж үнийг гаргах байтал, 2 ширхэг “Toyota Land Cruiser” маркийн машины үнийг нэгтгэж 283,250,000 төгрөг болгон үнэлсэн нь буруу гэж үзэн нийт 141,625,000 төгрөгөөр үнэлэх ёстой байсан гэх баримтыг гаргасан байдаг. Мөн Анхан шатны шүүх нь шийтгэл тогтоолдоо шүүгдэгчээс 517,699,220 төгрөгийг гаргуулж, мөн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогоор 792,000 төгрөг байдаг. Улсын хэмжээнд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар дундаж цалингийн хэмжээ бол 2,622,000 төгрөг байна. Тэгвэл шүүгдэгч В.Б хувьд дээрх хохирол төлбөрийг нийт 16 жил 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар харагдаж байна. Миний үйлчлүүлэгч хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн нь үнэн боловч гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэргийг харгалзаж үзээд гурван тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Нэгэнт Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг буруу үнэлсэн байгааг давж заалдах шатны шүүх залруулаад явах боломжтой учраас шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч В.Б өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх буюу хувийн байдалтай холбоотой баримт болох 35 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна. Үүнд эрүүл мэндийн талаарх баримтууд, мөн хохирол төлбөр төлөхтэй холбоотой баримтууд байгаа. Тодруулбал, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн комиссын шийдвэр, шүүгдэгчийн эхнэр Г.Г гэх хүний эрүүл мэндийн талаарх баримтууд, Хаан банктай байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, 444,000,000 төгрөгөөр үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, В.Б нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбарууд байгаа. Эдгээр нь В.Б төлбөрийн чадвартай болохыг нотолно. Өнөөдөр 5,000,000 төгрөгийг төрийн санд төлсөн байгаа. Үүнтэй холбоотой баримт нь байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн төрлийн гэмт хэрэгт оногдуулах олон төрлийн сонгох санкцаас аль болох энэрэнгүй хууль ёсны зарчмыг баримтлан ял оногдуулж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах, торгох ялаас сонгон оногдуулах боломжтой байна. Иймд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн бизнес эрхэлдэг байдлыг нь харгалзаад хорих ялыг нь зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад “Сибирийн хуш модны самар” нь ховор ургамлын жагсаалтад орно гэж заасан. Энэ агуулгынхаа хүрээнд шинжээч хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан.  Мөн Анхан шатны шүүхээс “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны А603 дугаартай тогтоолын хавсралтыг баримталж хууль ёсны дагуу шийдвэрлэсэн. Шүүгдэгч В.Б өмгөөлөгчөөс хувийн байдалтай нь холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураасан хөрөнгө орлогуудаас заримыг нь хасаж өгөөч гэдэг саналыг хэлж байна. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой юм. Шүүгдэгч В.Б хууль бусаар Сибирийн хуш модны самрыг худалдан авах, тээвэрлэхээр завдсан үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тиймээс Анхан шатны шүүх шүүгдэгч В.Б байгаль орчинд учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй болохыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч В.Б холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч В.Б “2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дархан цаазат газар болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших, “Түргэний ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал болох 1266,7 кг хуш модны цайруулсан самрыг худалдаж авсан, уг самрыг **-** УНК  “исузу трүүпер”/isuzu trooper/, **-** УНЭ улсын дугаартай “ланд крузер”/toyota land cruiser/, **-** УАН улсын дугаартай “киа бонго3”/kia Bongo3/ маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэхийг завдсан болох нь:

цагдаагийн газрын “хууль бусаар самар боловсруулсан гэх” дуудлага лавлагааны хуудас /1-р хх 24/,

2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “... **-** УНК улсын дугаартай “исузу” маркийн том оврын суудлын тээврийн хэрэгсэл байх ба арын багажны хаалгыг нээхэд дээрээс нь давхарлан хураасан шар болон цагаан ууттай зүйл байв... ланд крузер-200 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн багажны хэсэгт цагаан өнгийн шуудайтай зүйл байв... **-** УАН улсын дугаартай, ачаа, тээш тээвэрлэх зориулалттай тэвштэй тээврийн хэрэгсэл байв. Тэвшин дээр олон тооны цагаан ууттай эд зүйл ачсан байв...” гэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 25-27/,

самрыг эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 30-45/,

гэрч М.С “... Миний бие Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны байгаль орчны улсын байцаагчаар ажилтай... 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн хариуцсан газар болох аманд эргүүл хийгээд явж байхад өмнө нь уг аманд байгаль хамгаалагчаар ажиллаж байж байгаад ажлаасаа халагдсан Х гэрийн гадна тээврийн хэрэгслүүд дээр самар аччихсан байж байхаар нь очиж шалгахад Х, Б гэх хүн мөн 30 орчим насны нэг залуу байж байсан. Тэгэхээр нь би ямар учиртай самар аччихсан байгаа талаар асуухад Б нь надад “ууланд самар түүсэн хүмүүсээс уг самруудыг худалдан авсан” гэж хэлсэн.  ...Намайг очиход Х, Б, 30 орчим насны танихгүй залуу гурав байсан юм. Цагдаа ирээд Б, хамт байсан залуутай нь хамт авч явсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 56-64/,

гэрч Т.О “...8 сарын сүүлээр манай төрсөн ах Д над руу залгаад “ахад нь машины хэрэг байна, хэд хоног машиныг чинь хэрэглэе” гэж хэлсэн. Тухайн үед манай ээжид миний машины түлхүүр байсан ба Д ээжээс машины түлхүүр аваад манай хашаанаас миний машиныг авсан байдаг. Манай ах Д нь Б ахыг дуудахаар туслах гэж очоод Б ахын худалдан авсан самрыг машинд ачиж өгч байгаад цагдаад баригдсан гэдгээ надад хэлсэн. Б ахыг дуудахаар нь миний машинтай очоод самар ачиж байгаад баригдсан юм байна билээ...” гэх мэдүүлэг /1-р хх 68-69/,

гэрч О.Х “...Б нь өөрийнхөө унадаг “ланд крузер 200” маркийн тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн жийп бас миний “бонго” маркийн тээврийн хэрэгсэл дээр шуудайтай самруудаа аччихсан байж байсан ба машин Б хамгаалагч С ирчихсэн цагдаа мэргэжлийн хяналт дуудчихсан байгаа гэж надад хэлсэн...” гэх  мэдүүлэг /1-р хх 72-74/,

Гэрч Т.Д “...төрсөн дүү О **-** УНК улсын дугаартай “trоорег” маркийн тээврийн хэрэгслийг түр хэрэглэж байсан ба тухайн тээврийн хэрэгсэлтэйгээ 3,4-р хорооллоос гараад Б ахын байгаа газар болох “Түргэний ам” гэх газарт явж очсон. Намайг очиход Б ах “ланд 200” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Түргэний амын ойролцоо хашаатай айлын гадаа шуудайтай самрууд овоолоод тавьчихсан байж байсан. Тэгээд Б ахаас “юун самар болох талаар” асуухад “хүмүүсээс худалдан авсан самар байгаа юм, машиндаа ачаад хот руу явъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэнд байсан шуудайтай самруудыг Б ахын машин руу болон миний машин руу бас тэр айлын гадна байсан “Вонго” маркийн тээврийн хэрэгсэлд ачсан. Ачиж дуусаад хөдлөөгүй байж байхад байгаль хамгаалагч ирээд дараа нь цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 80-88/,

гэрч Д.У “...Манай нөхөр Г.Г нь 2022 оны намар уул руу самранд яваад түүсэн самраа ченжид 2.300.000 төгрөгөөр зарж, миний Хаан банкны ************** тоот дансаар тухайн 2.300.000 төгрөгөө авсан юм.  ...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 117-118/,

гэрч Г.Г: “...уулнаас буух болж түүсэн самраа зарахаар болж бас ууланд самар түүж байсан хүмүүстэй нийлээд хамт доош бууж цэнхэр өнгийн “Портер”, “Ланд” маркийн машинтай ирсэн ченжид цайруулсан самраа жинлүүлээд зарж эхнэрийнхээ “Хаан банк”-ны ************* тоот дансаар 2.300.000 төгрөгийг авч байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122/,

гэрч А.Х: “...түүсэн самраа ченжид 730.000 төгрөгөөр зарж, миний “Хаан банк”-ны ************* тоот дансаар тухайн 730.000 төгрөгөө авсан юм.  ...” гэх мэдүүлэг / 1-р хх 125-126/,

гэрч О.Б: ...түүсэн самраа зарахаар ченж Б гэдэг хүний дугаарыг тэнд бас самар түүж байсан танихгүй хүмүүсээс олоод тэд нарын утсаар залгаж дуудуулж самраа зарсан. Миний хувьд 1 шуудайтай 50 кг орчим цайруулсан самрыг Б гэх хүнд зарж эхнэрийнхээ Хаан банкны ************ тоот данс руу нь мөнгийг нь авч байсан юм...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 129-130/,

гэрч Н.О: “...ууланд самар түүж байсан хүмүүстэй нийлээд хамт доош буужЛандмаркийн машинтай ирсэн ченжид цайруулсан самраа жинлүүлээд зарж эхнэрийнхээ болон өөрийн *********** тоот дансаар 980.000 төгрөгийг авч байсан юм.  ....” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 133-134/,

гэрч Ч.Х: “...10 гаруй орчим шуудай хуш модны самар түүж бэлтгээд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр түргэний амаар уулнаас бууж ченж дуудан түүж бэлтгэсэн самраа худалдан борлуулсан.  ...“ гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/,

 гэрч Б.С: “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг Түргэний аманд адуугаа хайгаад явж байхад С гэж дууддаг 30 орчим насны зүс таних дүү машин дээр 5-6-улаа самар аччихсан Портер машины хажууд сууж Байсан. Тэгээд С надаас “дансаа өгөөч мөнгө хийлгэх гэсэн юм” гэж гуйхаар Би зөвшөөрсөн. 1.730.000 төгрөгийг дансаараа авч, буцаан бэлнээр гарган С өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149/,

гэрч Н.О: “ ... түүсэн самрын мөнгө болох 650.000 төгрөгийг авахдаа өөрийн *********** тоот дансаар авсан... Б бид хоёр нэг нутгийн хүмүүс болохоор бие биеэ зүс мэднэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153 /,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О “...Хуш модны үр самрыг түүх хугацаа нь болоогүй байхад зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэх нь хууль бус асуудал тул зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн уг хэргийн улмаас Монгол орны Байгаль орчинд хохирол учирсан хохирлыг Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжилгээ хийсний үндсэн дээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасныг үндэслэн дүгнэлтээр хохирлыг тооцож гаргасан байх учир шинжээчийн дүгнэлтэд тусгасан хохирлыг нэхэмжилж байна. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн *************** тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг... шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи- эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-136-145/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 2304 дугаартай “...Сибирь нарс модны цайруулсан самар байна... Самар нь уг модны үржлийн эрхтэн буюу үр... Сибирь нарс нь ховор ургамлын жагсаалтад орсон ургамал... самрын дундаж чийг нь 9.4% байх тул хуурай байна... 1266.7 кг хуш модны хуурай самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 223,699,220 төгрөг байна...” /1-р хх-ийн 160-165/, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 560 дугаартай нэмэлт “...1266.7 кг хуш модны хуурай самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 223,699,220 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 172-173/,

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 942 дугаартай “...Хуш модны самар нь хязгаарлалтын бүсэд ургадаггүй тул иргэн аж ахуйн нэгжид самар түүх, бэлтгэх зөвшөөрөл олгох боломжгүй...” гэсэн агуулгатай албан бичиг /1-р хх-ийн 233/,

В.Б тус банк дахь **********дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 211-214/,

Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн “...**-** УНЭ улсын дугаартай “Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.С... **-** УАН “киа бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч О.Хүрэлбаатар... **-** УНК “исузу трүүпер” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч В.Р...” гэсэн мэдээлэлтэй тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /1-р хх-ийн 236-250, 2-р xx 1-4/,

“*********” ХХК-ны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/40 дугаартай “...**-** УАН улсын дугаартай “киа бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 09 дүгээр сарын байдлаар 6,000,000 төгрөгөөр тогтоов...” гэсэн үнэлгээний тайлан/3-р хх-ийн 16-18/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Д23-52 дугаартай “...16-14 УНЭ “тоёота ланд крузер” маркийн авто машины зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 08 дугаар сарын байдлаар 283,250,000 /хоёр зуун наян гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” /1-р хх 201-208/, 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Д23-51 дугаартай “...72-35 улсын дугаартай “исузу трүүпер” маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны 08 дугаар сарын байдлаар 4,750,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” /1-р хавтаст хэргийн 188-193/ гэх үнэлгээнүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээх объектив талын шинжийн “...Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан,...тээвэрлэсэн...” гэсэн шинжийг шүүгдэгч В.Б 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дархан цаазат газар болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших, “Түргэний ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1266,7 кг хуш модны цайруулсан самрыг бусдаас  худалдаж авсан, бөгөөд дээрх самрыг **-** УНК  “isuzu trooper”, **-** УНЭ улсын дугаартай “тoyota лand сruiser”, **-** УАН улсын дугаартай “кia bongo3” маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэхээр ачиж бэлтгэсэн үйлдлүүд бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгчийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг... худалдан авсан...” гэмт хэргийг төгс үйлдсэн, “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг...” тээвэрлэх...” гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Б нь худалдан авсан самраа цааш зөөвөрлөхөөр бэлтгэн тээврийн хэрэгслүүдэд ачсан боловч өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу дурдсан хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэйгөөр гэмт хэргээ туйлд нь хүргэж төгсгөж чадаагүй байх бөгөөд уг нөхцөл байдал нь “ховор ургамал тэдгээрийн үр, эрхтнийг... тээвэрлэсэн...” гэмт хэрэг үйлдэхээр завдах шинжийг бүрнээ агуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхийн В.Б үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, зорчих эрх хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялаас шүүх В.Б хорих ялыг сонгон 1 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д ховор ургамалд багтсан Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг худалдан авсан, тээвэрлэхийг завдсан шинжид тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм хуурай самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 176,600 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байх ба анхан шатны шүүх шүүгдэгч В.Б үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг түүний худалдан авч тээвэрлэх гэж байсан 1266.7кг-аар тооцож 223,699,220 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 12 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасныг зөв хэрэглэсэн байна.

  Шүүгдэгч В.Б өмгөөлөгч Б.Түвшинжаргалын “...“тоёота ланд крузер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 283,250,000 төгрөгийн үнэлгээг багасгаж 141,625,000 төгрөг болгосон өөрчлөлтийг оруулах зүйтэй...” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.  

Учир нь, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан “тоёота ланд крузер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 283,250,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг гаргахдаа үнэлгээг гаргахдаа ашигласан хоёр тээврийн хэрэгслийн үнэлгээг нэмж алдаа гаргасан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Д23-52 дугаартай /1-р хх 201-208/, 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Д23-51 дугаартай /1-р хавтаст хэргийн 188-193/ үнэлгээг тайлан, алдаа гаргасан байдлаа илэрхийлсэн “Дамно” ХХК 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр тогтоогдож байх тул “тоёота ланд крузер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 141,625,000 төгрөг  болгон өөрчлөх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, энэ талаар өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл” гэдэгт гэмт хэрэг үйлдэх бүхий л үе шатанд буюу гэмт хэрэгт завдах болон гэмт хэрэг төгс үйлдэхэд ашигласан бүхий л техник, хэрэгслийг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч В.Б хувьд, “Ланд крузер 200” маркийн 14-16УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдан авсан самраа тээвэрлэхээр ачиж бэлтгэсэн байсан талаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэсэн тул “...тээврийн хэрэгслийг хасаж өгнө үү...” гэсэн өмгөөлөгчийн гомдол, тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч В.Б “…хорих ялыг хасаж өгнө үү..”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаатарын гаргасан “...торгох ялаар шийтгэх, 1266.7 кг самрыг 13,300,350 төгрөгийн зах зээлийн ханшаар тооцох, гэмт хэргийн явцад ашигласан тээврийн хэрэгслээс “Ланд крузер 200” маркийн **-** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хасаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан “шүүгдэгч В.Б оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн шийтгэх тогтоолд заавал тусгах шаардлагагүй, хууль зүйн ач холбогдолгүй заалтыг хүчингүй болгохоор,

7 дахь  заалтад заасан “тоёота ланд крузер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 283,250,000 төгрөгийг багасган 141,625,000 төгрөг болгосон өөрчлөлтийг оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч В.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ************ тоот дансанд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  5,000,000 /таван сая/ төгрөг төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгсөн тул энэ талаар магадлалд дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч В.Б шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1661 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дахь  заалтад “...“Тоёота ланд крузер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 283,250,000 төгрөг, “Исүзү трүүпер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,750,000 төгрөг, Киа Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6,000,000 төгрөг нийт 294,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж...” гэснийг “...“Тоёота ланд крузер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 141,625,000 төгрөг, “Исүзү трүүпер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,750,000 төгрөг, “Киа вонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6,000,000 төгрөгийг буюу нийт 152,375,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй  болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч В.Б нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ***************тоот дансанд 5,000,000 /таван сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ

            ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА