Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            Улсын яллагч Д.Нямбат,

            Шүүгдэгч Л.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Шд холбогдох эрүүгийн 1808019240689 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Л.Ш нь 2018 оны 03 дугаар сарын 03- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, тоот нийтийн байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн байрыг ажиллуулж байсан “Г.Бийг хөөлөө” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, цахилгааны шийдний төмөрийг толгойгоор нь мөргүүлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Л.Ш нь 2018 оны 03 дугаар сарын 03- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ..... тоот нийтийн байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн байрыг ажиллуулж байсан “Г.Бийг хөөлөө” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, цахилгааны шийдний төмөрийг толгойгоор нь мөргүүлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 3 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, .... тоот нийтийн байрыг хариуцаж гал түлдэг гэртэй байж байгаад камер харахад үүдэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ноцолдоод байсан. Би гараад тэр хоёрыг “боль, энд архи ууж агсан тавьдаг газар биш, гар” гэж хэлээд залууг нь түлхсэн. Тэгэхэд “чи муу юу юм” гэж хэлээд намайг заамдаж байгаад нүүр лүү гараараа цохиж толгойгоор цахилгааны шийд мөргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-28/,

            - “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-32/,

            - гэрч Т.Тын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны  ...00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  2 дугаар хороо, .... тоот нийтийн байрны 2 тоотод гэртэй ирээд ...өглөө сэрэхэд байрны ах Г.Б ах орж ирээд танайд ирсэн найз чинь өчигдөр “агсам тавиад би цагдаад бариад өгсөн” гэж хэлсэн. ...цуг ирсэн найз чинь агсам тавиад хаалга эвдчихсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-65/,

            - гэрч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны  өдөр орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, .... тоот нийтийн байранд гэртэй байж байхад гаднаас дөрвөн хүн байранд орж ирээд хоёр дугаартай өрөө рүү орсон би араас нь ороод ийм олуулаа орохгүй гадны хүмүүс нь гараараа гэж хэлсэн. Тэгээд удаагүй камер харж байхад бөөндөө гарч байх шиг байсан. Нэг мэдэхэд коридорт тэр өрөөнөөс гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маргалдаад байсан. Манай нөхөр камераар хараад очиж салгаж байсан. Тэгэхэд согтуу залуу манай нөхрийг барьж авсан. Би сандраад араас нь гараад очиход тэр залуу дээр нь гарсан манай нөхөр доор нь орцон байсан. Тэгээд хоёр давхраас бууж байсан хоёр залуу ирээд тэр хоёрыг салгасан. Тухайн үед манай нөхрийн дээд буйлнаас цус гарсан байсан. Тэр согтуу залуу агсам тавиад байхаар нь хоёр дугаартай өрөөнд нь оруулаад хаалгыг дарж байхдаа, цагдаа дуудсан.../хх-66/,

            - гэрч Ц.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ....а тоот нийтийн байранд согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлага өгсөн гэх Г.Б 2 дугаар өрөөнд байгаа согтуу залуу намайг зодсон гээд байсан. Тухайн 2 дугаар өрөөг онгойлгоход  хоёр согтуу залуу нэг эмэгтэй хүн байсан. Дуудлага өгсөн Г.Бийг зодсон Л.Ш гэх согтуу залууг авч явж эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Тухайн үед Л.Шгийн биед дух хавдаж улайсан, хүзүү улайсан, хамраас цус гарсан байдалтай байсан. Г.Бийн буйлнаас цус гарсан байсан....гэх мэдүүлэг /хх-68/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3359 дугаартай шинжээчийн:...Г.Бийн биед баруун дээд хоёр шүдний сулрал, уруулын салстад язрал, буйланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.:...гэх дүгнэлт /хх-19/,

            - Л.Шг эрүүлжүүлсэн тухай тэмдэглэл /хх-41/,

            - шүүгдэгч Л.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ...00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, .... тоот нийтийн байранд Тогтохбаярын гэрт нь согтуу очсон. ...байрны эзэн Г.Б орж ирээд “юу болоод байгаа юм” гэж асуусан. Би болсон зүйлийн талаар хэлэхэд “чи согтуу байж айлд хонох гэлээ” гээд намайг “гар” гэсэн. Би “одоо очих газар байхгүй, энд хоночихоод явж болохгүй юм уу” гэхэд “үгүй, гар” гээд хувцаснаас татаад миний хувцсыг урчихсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад би нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Байрны хүмүүс гарч ирээд салгасан. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-38-39/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч Л.Шг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь шүүгдэгчээс 200.000 төгрөг авсан /хх-29/, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Л.Ш нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “О” ХХК-ийн тодорхойлолт /хх-51/, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-54-59/ зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Л.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Шд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Ш нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР