| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2408016850724 |
| Дугаар | 2025/ДШМ/1062 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1062
2025 09 04 2025/ДШМ/1062
Д.Э холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Д.Э /цахим/,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1722 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2408016850724 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д.Э.................,
Урьд, Нийслэлийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 86 дугаар зүйлийн б, е, з хэсэгт зааснаар 23 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 143 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 05 жил 05 хоногийн хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны шинэ эцэс орчимд хохирогч А.Ч эзэмшлийн мөнгөн гинжийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Э бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д. Э 02 жил 01 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02/хоёр/ жил 1/нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Э цагдан хоригдсон нийт 48 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Д.Э иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Д.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Энхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү хэргийг анх прокурор Б.Бат-Эрдэнэ хянасан. Гэтэл 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд гэнэт прокурор өөрчлөгдөж, прокурор Ж.Бат-Эрдэнэ оролцож, хэргийг хүндрүүлж 2 жил 1 сарын ял өгч, миний амьдрал болон эрх зүйн байдлыг маш ихээр дордуулсан. Хохирогч А.Ч нь шүүх хурал болохоос өмнө энэ хэргийг хянаж байсан анхны прокурор Б.Бат-Эрдэнэд хэлж анхан шатны шүүх хуралд ч өөрөө оролцсон. Тэрээр “...миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл ч байхгүй, болсон явдалд миний буруу ч бас байгаа, энэ хүний буруу биш...” гэж хэлсээр байхад намайг ялласан. Мөн миний эгч болох Д.О нь харваж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, эгчийг минь асран хамгаалах хүнгүй учир би өөрөө асран хамтран амьдардаг. Миний бие 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр толгой, нүүр, ирүүндээ битүү гэмтэл авч, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хагалгаанд орсон ч 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин хагалгаанд орж наркозоо дийлэлгүй зүрх минь зогсож, хагалгаанд орох хугацааг хойшлуулсан. Гэмтэл согогийн үндэсний төвийн “Эрүү нүүр тархи гавлын” тасгийн эмч н.О нь намайг эхлээд зүрхээ эмчлүүлж байгаад дараа нь хагалгаанд орно гэсэн. Иймд одоо хагалгаанд орох хүртэл ирүү, толгой тархи маш хүнд, үргэлж өвдөж, янгинаж байдаг. Иймд Д.Э миний бие өнгөрсөн хугацаанд гэм буруугаа ойлгон ухаарч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй. Бусдад төлөх төлбөргүй, ямар ч хохиролгүй, биеийн байдал зэргийг харгалзан үзэж, надад холбогдох хэргийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хохирогч А.Ч мөнгөн гинжийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс 2 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулсан нь хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэс журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоосон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. Шүүгдэгч Э хувьд хууль зүйн үр дагавраа ойлгохгүй байх шиг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай. Тиймээс өөр хөнгөн ял шийтгэл оногдуулах хуулийн заалт байхгүй учраас хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд хамгийн багаар буюу 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан учраас түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэх гомдол нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд зааснаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Э холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны шинэ эцэс орчимд хохирогч А.Ч эзэмшлийн мөнгөн гинжийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Ч “...Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Баянхошууны эцсийн орчимд зүс таних н.А, Д.Э нартай нийлээд 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад сууж байтал намайг хоёр гараас бариад Энхсайхан дээрээс дарж газар унагаад миний зүүсэн байсан мөнгөн гинжийг Энхсайхан хүзүүнээс татаж аваад миний зүүн гарын сарвуу хэсгийг нэг зүйлээр Д.Э зүсээд зугтаад явчихсан. Тэгээд тэр хоёрыг зугтаахаар нь би “...та хоёрыг танина шүү...” гэж хэлсэн... Д.Э нь миний хойно гараад гарыг маань барьж, дарж газар унагаасан. Тэгэхдээ миний зүүсэн байсан мөнгөн гинжийг маань авсан юм. Харин Анхбаяр миний биед халдаж, ойртсон, эд зүйлийг маань авсан зүйл байхгүй...Тухайн үед би Д.Э маргалдаж, муудалцаад газарт унахдаа шил, байсан, гараараа дарж унахдаа архины хагарсан шилэнд гараа зүссэн юм. Түүнээс өөр Д.Э намайг зүсэж гэмтээсэн зүйл байхгүй. Тэгээд зугтахдаа миний хүзүүнд байсан гинжийг аваад зугтсан...” гэх мэдүүлэг./хх 21-22, 25-26, 29-30/,
Гэрч Б.А “...2024 оны Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Эрүүгийн худалдааны төвийн хажуу 04 дүгээр сарын 29-ний өдөр талын нарийн гудамжаар гараад хойд талын гудамжны үзүүр хэсэгт хамт архи уудаг Д.Э, зүс таних А.Ч бид гурав хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан юм. Тэгээд байж байтал А.Ч агсраад янз бүхийн зан гаргаад байхаар нь би хэдэн үг хэлтэл над руу дайрсан юм. Тэгээд бид хоёр маргалдаж, муудалцаад байж байгаад больсон. Тэгсэн дахин А.Ч, Д.Э хоёр маргалдаж, муудалцаад Д.Э, А.Ч дээр нь гараад цохиж, зодсон ба хүзүүнээс нь нэг юм авах шиг болсон. Юу авсныг нь мэдэхгүй байна. Тухайн залууг үлдээгээд Д.Э бид хоёр яваад Баянхошууны шинэ эцэс дээр ирээд салаад явсан юм...” гэх мэдүүлэг./хх 33-34/,
“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24/006 дугаартай “...мөнгөн гинж.. 270.000 төгрөгөөр үнэлэв...”/хх 40-41/ гэсэн мэдээлэлтэй хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийснээр төгсөнө.
Шүүгдэгчийн тухайд хохирогчтой маргалдан ноцолдох явцдаа түүний хүзүүнээс гинжийг нь салган аваад зугтсан бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
3.Шүүгдэгч Д.Э “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.
Дээрх ялын төрлүүдээс анхан шатны шүүх 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг сонгон шүүгдэгчид оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан хохирол, хор уршигт болон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон шүүгдэгч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгч Д.Э гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 09 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1722 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Э нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 09 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА