Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2026/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **************** оршин суух, Л овогт Г-н Б-н нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан болон мал маллаж байсан байдлыг тус тус  тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, гэрч С.С нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын ********* нэгдлийн *********** бригадад малчнаар ажиллаж байсан болон 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсан байдлыг ” тус тус тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.Б миний бие 1969 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт *********** сум *********** багт амьдардаг. Миний бие 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сумдаа 8-р ангиа төгсөөд мал дээр илгээлтээр гарч ********* нэгдлийн мал маллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж Ардын армийн ***** дугаар ангид цэргийн алба хааж байсан. 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирээд тус нэгдлийнхээ малыг маллаж байгаад 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г.Ц-тай гэр бүл болж хөдөө мал маллаж амьдарч байсан. 1991-2000 оны малын А данс тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсээс болж алга болсон тул шүүхээр мал маллаж байснаа тогтоолгох болсон юм.

Иймд Л овгийн Г-н Б намайг 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын ********* нэгдлийн *********** бригадад малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлагадаа “... 1990-2000 оны хооронд мал маллаж байсан нотлох баримт тухайн үеийн Засаг даргын хариуцлагагүй байдлаас болж байхгүй болсон. Тэгээд 1990-2000 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1985 онд цэрэгт яваад, цэргийн албанаас ирээд шууд мал малласан…” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн *********** сумын ********* нэгдлээс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Г Б-д олгосон  Хөдөлмөрийн дэвтэр

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /Г.Б/

- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон Л овогтой Г Б, Б овогтой Г Ц нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /

- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-02/7888 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/7793 дугаартай 2000 оны хүн амын тооллогын лавлагаа

 - Говь-Алтай аймгийн *********** сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/177 дугаартай тодорхойлолт

- Говь-Алтай аймаг *********** сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/409 дугаартай тодорхойлолт

- Говь-Алтай *********** сумын ********* нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 464 дугаартай архивын лавлагаа

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 676 дугаартай архивын лавлагаа, 2002-2008 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны эх хувийн хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 464 дугаартай архивын лавлагаа 1987 он, 1990 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн эх хувийн хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан/

- Говь-Алтай аймгийн *********** сумын *********** ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаартай тодорхойлолт

 Говь-Алтай аймгийн Татварын газрын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02/1993 дугаартай албан бичиг

- Говь-Алтай аймгийн *********** сумын ********* нэгдлийн зөвлөлөөс 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Г.Б-д олгосон баярын бичиг

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй

5. Шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг:

- Гэрч С.С “... 1985 онд сургуулиа төгсөөд 1987 онд цэрэгт явсан. 1989 онд цэргээс халагдаж ирээд 1993 он билүү, 1994 онд гэр бүл болж байсан. Манай багт мал малладаг  … Цэргээс халагдаж ирээд мал малласан ...” гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

2. Нэхэмжлэгч Г.Б нь 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын ********* нэгдлийн *********** бригадад малчнаар ажиллаж байсан  байдал,

мөн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсан байдлаа тус тус  тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Г.Б  нь 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын ********* нэгдлийн *********** бригадад малчнаар тус  тус ажиллаж байсан болох нь:

3.1. Говь-Алтай аймгийн *********** сумын ********* нэгдлээс 1985 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Г-н Б-д олгосон “... Нэгдлийн даргын 1985 оны 06 угаар сарын 20-ны өдрийн 12 дугаар тушаалаар 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс *********** сумын ********* нэгдлийн *********** бригадад малчнаар томилсон ... 1985 оны 06 дугаар сараас 1987 оны 10 дугаар сард, 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сард ажилсан хоног, авсан хөлс бичигдэж баталгаажсан ...” бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр

3.2. Говь-Алтай аймгийн *********** сумын ********* нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “... Нэгдлийн МАА-н үйлдвэрлэл дээр 1985 онд илгээлтээр гарч ажиллагсад ... *********** бригадад малчнаар ...  2. Г-н Б ... 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” гэх агуулга бүхий тушаалын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

3.3. Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 464 дугаартай “Говь-Алтай аймгийн *********** сумын ********* нэгдлийн *********** бригадад малчин байсан Г-н Б-н 1986 оны 07-09 дүгээр сард авч байсан цалин хөлсний лавлагаа.

3.4. Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 464 дугаартай “Говь-Алтай аймгийн *********** сумын ********* нэгдлийн ***********, ************ бригадад малчин байсан Г-н Бн 1987 оны 01-05, 07-09 дүгээр сарууд, 1990 оны 05-06, 09 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний лавлагаа, архивын эх баримтын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

3.5. Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Г-н Б БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ***** дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *********** дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа.

3.6. Говь-Алтай аймгийн *********** сумын ********* нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчээс 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Г.Б-д олгосон “Нэгдлийн гишүүн Г-н Б танаа Ардын хувьсгалын 70 жилийн ойг угтаж нэгдлийн гишүүдийн дунд зарласан хөдөлмөр бүтээлийн аянд хариуцсан мал сүргээ 1990-1991 онуудад онд мэнд оруулах төл бойжуулах ашиг шимийг нь бүрэн ашиглах ажилд өндөр амжилт гаргасан тул “Баярын бичиг” шагналын зүйлээр шагнан урамшуулав...” гэх агуулга бүхий Баярын бичиг

3.7. Гэрч С.С-н шүүх хуралдаанд өгсөн  “... 1985 онд сургуулиа төгсөөд 1987 онд цэрэгт явсан. 1989 онд цэргээс халагдаж ирээд 1993 он билүү, 1994 онд гэр бүл болж байсан. Манай багт мал малладаг  … Цэргээс халагдаж ирээд мал малласан ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний лавлагаа, цэс, цэргийн албаны баримт бичгүүд, гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

4. Иймд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч Л овогт Г-н Б-н “1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын ********* нэгдлийн *********** бригадад малчнаар ажиллаж байсан  байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.9-т “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т "малчин өрх" гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг” ойлгохоор тус тус хуульчлан тайлбарласан.

Гэтэл хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 676 дугаартай “Тус аймгийн *********** сумын ********* багийн 2002-2005, 2007-2008 оны мал тооллогын А дансны лавлагаа, эх баримтын хуулбараар малчин өрхийн тэргүүлэгч Г-н Б нь 2002-2004 онуудад хувийн малтай өрх гэж бүртгэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтаар Г.Б-нх 1991-2000 онд малчин өрх байсан буюу жилийн  дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн Г.Б нь 1991 оноос хойш мал малласан гэж тайлбарлаж байгаа боловч Малын жилийн эцсийн А дансанд 2002-2004 онуудад хувийн малтай өрх гээд 2002 онд нийт 17 мал, 2003 онд нийт 26 мал, 2004 онд нийт  56 мал тоолуулсан байх тул түүнийг 1991 оноос хойш мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог байсан гэж дүгнэх боломжгүй болно.

Иймд  нэхэмжлэгчийн 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л овогт Г-н Б-н “1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын ********* нэгдлийн *********** бригадад малчнаар тус тус ажиллаж байсан  байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ОЮУНБИЛЭГ