| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2503 00564 0714 |
| Дугаар | 2025/ДШМ/1236 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/1236
Г.М-өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/2081 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.М-өд холбогдох 2503 00564 0714 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Г-ын М-, ........., /РД:............../;
Шүүгдэгч Г.М- нь 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд замд “Lexus RX450” загварын ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас скүүтэртэй зорчигч Б.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, дотор жийргэвч мөгөөрсөн хаван, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овгийн Г-ын М-ийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.600.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.М-өд оногдуулсан 3.600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-өөс 2.376.000 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 676.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Н-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-өөс 490.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.М- нь анхан шатны шүүхээс дээрх шийтгэх тогтоолоор түүнд холбогдуулан гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай зүйл байхгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулахдаа ойлгомжгүй, зөрүүтэй байдлаар 2 өөр дүгнэлт бичсэн байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь талд “шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж гэж, шийтгэх тогтоолын 9 дэх талд “Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг...” гэж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж” гэж, 5 дахь заалтад “Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг...” гэж хоёр өөрөөр бичжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийгдсэн дээрх зөрүүтэй дүгнэлтээс шалтгаалан шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн чухам аль зүйл, хэсэгт зааснаар, хэдэн жилийн буюу 2 эсхүл 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан болох нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгааг анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь талд “...Шүүгдэгч Г.М-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийж, шүүгдэгч Г.М-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхээр байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 863 дугаар магадалгаанд “...Скүүтертэй зорчигч Б.Н- Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6-т “унадаг дугуй, мопед жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэж дурдсанаас үзэхэд энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Г.М-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд тодорхойлсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Г.М- нь одоо 61 настай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хорт хавдар туссан эхнэрийн хамт ам бүл хоёулаа амьдардаг. Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн боловч хавдар туссан, хүнд өвчтэй өөрийн эхнэр Д.Ч-г эмнэлэгт автомашинаар зөөж, хүргэх зорилгоор Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах түүний ар гэрийн амьдрал, хүнд өвчтэй эхнэрээ асрахад хүндрэлтэй байдлыг бий болгож байгаа болно. Иймд өмгөөлөгч миний давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ар гэрийн байдлыг харгалзан үзэж нэмэгдэл ялыг 1 жил болгон багасгаж өгнө үү.” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан хүрээнд гарсан. Ингэхдээ шийтгэх тогтоол бичих явцад бичиглэлийн алдаа гаргасан. Шүүх хуралдааны явцад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хасах тухай яригдсан. Шүүгч мөн адил тогтоох хэсгийг уншихдаа хоёр жил гэж дурдсан. Гэхдээ гуравдугаар заалтад хэзээнээс эхлэн хэрэгжих вэ гэдгийг оруулахдаа 3 жилээр хэмээн алдаж бичсэн. Үүнийг залруулж зөвтгөх нь зөв. Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлнэ гэж заасан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тооцохоор хуульчилсан. Тиймээс үүнийг хуульд нийцүүлэн ял оногдуулах үеэс хэмээн тооцохгүй бол болохгүй. Шүүхийн тогтоолыг уншихдаа хүчинтэй болно гомдол гаргавал түдгэлзүүлнэ гэх агуулга байдаг. Уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох учраас ял оногдуулсан үеэс хэмээн өөрчилж хоёр болон гурван жилийн хугацааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхтэй холбоотой тайлбар хэлж байна. Тухайн зам тээврийн осол гарсны дараа хуулийн байгууллага шалгах процесс, шүүхийн ял оногдуулах нөхцөлөөс зайлсхийх зорилго зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж байдаг. Хохирогч “...гэрийнх гадаа 30-40 минут хүлээсэн бөгөөд үүний дараа орхиод явсан...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийг гэрээсээ хэдэн минутын дараа гарч ирснийг бид мэдэхгүй. Хохирогчийн амь насанд аюултай гэж үзсэн тохиолдолд хэргийн газраас авч явдаг. Гэтэл хохирогчийг авч яваад 30-40 минут хүлээлгэсэн. Шүүгдэгч талаас мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцоод явж байсан боловч тохиролцоогоо өөрчлөөд цагдаад мэдүүлсэн хэмээн тайлбарладаг. Үүнээс харахад хуулийн байгууллагын шалгах процессыг эхлүүлэхгүй, гэмт хэргийг шалгах ажиллагааг анхнаасаа хийлгэхгүй байх санаа зорилго байсан нь харагдаж байна. Тиймээс гэмт хэргийн шинж байна хэмээн үзсэн. Ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Уг гэмт хэрэг явган хүний гарц дээр үйлдэгдсэн. Явган хүний гарц гэдэг нь замын хөдөлгөөний дүрэмд тусгай журмаар зохицуулагддаг. Явган зорчигч замын зорчих хэсгийг аюулгүй гарах ганц боломжтой газар. Хэрэв өөр газраар гарч яваад дайруулах юм бол өөрийнх нь буруу болдог. Тиймээс тус газар туйлын болгоомжтой явах ёстой талаар замын хөдөлгөөний дүрэмд зохицуулсан. Хүн байгаа эсэхээс үл шалтгаалан хурдаа хасаж аюулгүй байдлаа ханга гэх үндсэн нөхцөлтэй. Зэргэлдээ машин явж байгаа үед явган зорчигч нар халхлагддаг учраас тээврийн хэрэгслийн жолооч заавал хурдаа хасаж хажуу талд явж байгаа тээврийн хэрэгслээс илүү хурдтай явахгүй гэх үндсэн зарчим бий. Гэтэл нэлээд хурдтай орж ирээд мөргөсөн асуудал байдаг. Явган зорчигчийн буруутай ажиллагаа байсан гэж тайлбарлаж байна. Энэ талаар мөрдөгчийн магадалгаанд дурдагдсан. Учир нь, замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуй, мопед унаж яваа хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарах тохиолдолд түрж гарна гэж заасан. Гэвч үүнд скүүтэр гэх зохицуулалт байхгүй. Скүүтэр нь унадаг дугуй, мопед зэргийг бодвол хурд багатай. Мөн хүн босоогоор явж байх учраас харагдах боломжтой. Энэ нь хэлбэрийн хувьд тээврийн хэрэгсэл дээр явж байгаа боловч гүйж байгаатай ялгаагүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэж бодож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан оногдуулсан ял гэмт үйлдэлд тохирсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн тодорхой алдаа гаргасан хэсгүүдийг засварлаж, үлдсэн хэсгийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.М-өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.М- нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд замд “Lexus RX450” загварын .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас скүүтэртэй зорчигч Б.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, дотор жийргэвч мөгөөрсөн хаван, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Б.Н-ын “...Би 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ...16 цаг 30 минутын үед гэр рүүгээ явах гээд “Оргил” сургуулийн замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү чиглэн явган хүний гарцаар скүүтэртэйгээ зам хөндлөн гарч явах үед надад машинууд зогсож зам тавьж өгсөн. Тэгээд би бараг зам хөндлөн гарч дуусаж байхад баруун зүгээс зүүн чиглэлийн 1 дүгээр эгнээнд ирэх үед нэг машин миний баруун гар талаас ирээд мөргөсөн. Би мөргүүлээд газарт унасан. Жолооч нь бууж ирээд намайг хэвтэж байхад гараас татаж босгоод намайг загнаж байсан. Гэтэл нэг эгч ирээд тэр жолооч ахад би эмч байгаа юм, одоо яаралтай наад хүүхдээ эмнэлэгт аваачиж үзүүл гэж хэлсэн. Тэр жолооч ах намайг загнаж байгаад машиндаа суусан. Буцаж бууж ирээд намайг машиндаа суулгаад явсан. Явахдаа гэр рүүгээ орчихсон, гарч ирэхгүй 30-40 орчим минут намайг гадаа хүлээлгэсэн. Гарч ирэхгүй болохоор нь би гэр рүүгээ явчихсан юм. Би гэртээ очоод ээжид хэлээд хамтдаа Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Би ээждээ тэр жолооч ахын дугаарыг өгч яриулахад тэр жолооч эмнэлэг дээр ирнэ гээд нэлээн орой удаж байж ирсэн. Тэгээд эмнэлгээр явж шинжилгээ өгсөн. Миний зүүн өвдөгний шөрмөс урагдсан, зүүн тохойд зөөлөн эдийн гэмтэл үүссэн байсан. Жолооч ах болон бид хоёрын хэн хэн нь цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй...” /хх 13/,
насанд хүрээгүй хохирогч Б.Н-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б-ы “...Миний хүү надад ослын талаар хэлэхдээ Удирдлагын академийн хойд замд “Оргил” сургуулийн урд талд скүүтэртэй зам хөндлөн явган хүний гарцаар замаар хөндлөн гарч яваад мөргүүлсэн гэж хэлсэн. Миний хүүд ямар нэгэн архаг хууч өвчин гэх зүйл байхгүй. Миний хүүд ослын улмаас зүүн өвдөгний урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, мөгөөрсний хаван зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан, биеийн байдал арай гайгүй дээрдсэн эдгэж байгаа. Жолоочийн зүгээс анх эмнэлэгт байхад 30.000 төгрөгөөр нэг удаа боолт авч өгсөн. Өөр хохирол төлбөр төлсөн зүйлгүй. Би хүүхдийнхээ эмчилгээний болон цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” /хх 16/,
шүүгдэгч Г.М-ийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн “Lexus RX450” загварын .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ...Удирдлагын академийн хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэн замын 2 дугаар эгнээнд явж байсан. Тэгээд би урд талд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд хурд сааруулагч өнгөрөөд гүйцэж түрүүлсэн. Гэтэл миний урдуур скүүтэртэй хүүхэд ороод ирсэн. Би хараад л жолооны хүрдээ зүүн гар тал руугаа эргүүлсэн, тэр үед машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Би зогсоод машинаасаа буугаад ирэх үед скүүтэртэй хүүхэд замын хашлага дээр зүүн гар талаараа хэвтээ байдалтай байж байсан. Би тэр хүүхдээс биеийн байдлыг нь асуухад зүгээр, зүгээр ахаа гээд байсан. Тэрүүгээр өнгөрч байсан эмэгтэй хүн эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байх гэж хэлсэн. Би тэр хүүхдийг машиндаа суулгачихаад эхлээд зээ охиноо гэрт нь хүргэж өгье гээд хүргэнийхээ гэр рүү явсан. Зээ охиноо оруулж өгөх гээд хүргэний гэр рүү ороход эхнэрийн даралт ихсээд бас бид нарыг сандраагаад түргэн дуудаад хүлээсэн. Тэр хооронд нөгөө мөргөсөн хүүхэд машинд сууж байсан. Би гараад ирэхэд нөгөө хүүхэд байхгүй байсан. Гэтэл тэр хүүхдийн ээж нь над руу залгаад манай хүүхэд гэртээ хүрээд ирсэн байна гэж хэлсэн. Би гэрийг нь заалгаад яваад очиход гэмтлийн эмнэлэгт ирсэн байна гэж хэлэхээр нь би ардаас нь эмнэлэг рүү явсан. Очиж бүх шинжилгээг нь өгүүлсэн. Зөөлөн эдийн гэмтэл юм шиг байна гэж хэлж байсан. Би эмийн сангаас шаардлагатай эм, боолт зэргийг нь авч өгсөн. Эгч нь бололтой нэг эмэгтэй маргааш нь шарлага хийлгэнэ гэж хэлээд аваад явсан. 2-3 хоногийн дараа аавтай нь ярихад би камер үзчихээд яръя гэж хэлсэн. Дараа нь дахиад холбогдоход цагдаад өгчихсөн байгаа шүү гэж хэлж байсан. Уг нь бол хүүтэй нь ярьж тохирсон байсан юм. Би тухайн үед 20 орчим километр цагийн хурдтай л явж байсан. Хурд сааруулагч дээгүүр гараад хурд авч байсан юм. Би явган хүний гарц руу ойртон ирж байгааг мэдэж байсан. Би тэр машиныг хурдаа хасаж байгааг мэдсэн, тэгээд би ард талаас нь буюу 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжээд орсон юм. Тэгээд л тэр хүүхдийг би анзаараагүй юм. Тэр хүүхэд скүүтэрээ унаад л ороод ирсэн. Машинаасаа буугаад ирэхэд тэр хүүхэд зүгээр зүгээр гээд байхаар нь би дуудлага өгөөгүй юм...” /хх 63/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6827 дугаартай шинжээчийн “...Б.Н-ын биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, дотор жийргэвч мөгөөрсний хаван, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий.хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 24-25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1906 дугаартай шинжээчийн “...Б. Н-ын сэтгэцэд 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна....” /хх 41-42/ гэх дүгнэлтүүд,
2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 863 дугаартай “...Г.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”, 3.5-т “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Скүүтэртэй зорчигч Б.Н- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6-д Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх 52-53/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 309 дугаартай “...Lexus загварын RХ450 загварын .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Бүрэн бус гэх эд анги байхгүй байна. Шинэ хуучин гэх эвдрэл гэмтэл байхгүй байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4.6кН, баруун талдаа 4.28кН, зөрүү нь 7% /стандарт<20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3.45кН, баруун талдаа 2.74кН зөрүү нь 21% /стандарт <30%/ тоормосны хүч стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай зогсож байна. Итали улсад үйлдвэрлэгдсэн 12999/1-2/R маркийн гэрлийн багажаар шалгахад зүүн гар талын урд их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 20600сd, хол дээрээ 33700сd, баруун талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 33700сd, хол дээрээ 34300сd, /стандарт 10.000- 225.000сd/ стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгслийн аюулгүйн бүс байх байрлалдаа хэвийн байгаа бөгөөд ажиллагаа хэвийн байна. Lexus загварын RХ450 загварын .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2023-03-31, 2024-04-16, 2025-05-19-ний өдөр тус тус техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн бөгөөд үзлэгийн хугацаа дуусаагүй байна...” гэх дүгнэлт /хх 32-35/,
хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 5-8/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 74/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 67-69/, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай магадлагаа /хх 83-84/, хохирлын баримтууд /хх 86-88/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.М- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Г.М-ийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас скүүтэртэй зорчигч Б.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, дотор жийргэвч мөгөөрсөн хаван, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 3.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаагаас “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй, зөрүүтэй бичигдсэн, Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн “Шүүх хуралдааны тэмдэглэл”-ээс үзэхэд, тогтоох хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.
Шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэхдээ “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор...” гэсэн мөртлөө ж шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тодорхойлох болон тогтоох хэсэгт тусгагдсанаас зөрүүтэй бичигджээ.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд, түүнчлэн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.
Хэргээс үзэхэд, шүүх хуралдааны явцад улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах...” /хх 111/ саналтай оролцсон байх бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн болох нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих ёсоор тусгагдаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдаа зөрчлийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх” шаардлагыг анхаарвал зохино.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д хохиролд нийт 3.052.000 төгрөгийг /хх 128-130/ нөхөн төлсөн байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан ба анхан шатны шүүхээс эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулахдаа шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/2081 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж...” гэж,
- 5 дахь заалтын “...Шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай...” гэснийг “...Шүүгдэгч Г.М-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.М- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д 3.052.000 /гурван сая тавин хоёр мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Ц.М--ЭРДЭНЭ