Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-д холбогдох

дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 34,010,788.44 төгрөг, алданги 117,005,394.22 төгрөг, нийт 151,010,799.66 (нэг зуун тавин нэгэн сая арван мянга долоон зуун ерөн есөн төгрөг, жаран зургаа мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 34,010,788.44 төгрөг, алданги 117,005,394.22 төгрөг, нийт 151,010,799.66 (нэг зуун тавин нэгэн сая арван мянга долоон зуун ерөн есөн төгрөг, жаран зургаа мөнгө) төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ***” ХХК бол Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттайгаар хангах зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авч, Говь-Алтай аймгийн дулаан хэрэглэгчдийн 80 гаруй хувийг ханган ажилладаг. Нэг нь бол энэ *** байгаа юм. Энэ дулааны эрчим хүчээр хангах гэрээ буюу Эрчим хүчний тухай хуульд заасан дулааныг худалдах, худалдан авах тухай энэ гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулж мөрдөж байгаа. Манай байгууллагын зүгээс бол гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байсан боловч хэрэглэгч байгууллага нь гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй 2025 оны 3, 4, 5 дугаар сарын төлбөр 234,010,788.44 төгрөгийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдөр 200 сая төгрөгийг төлсөн байдаг. Тэгээд манай зүгээс гэрээний үүргээ удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлага Мэргэжлийн боловсролын сургуультай байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээний өр 234,010,788.44 төгрөгөөс үлдэгдэл 34,010,788.00 төгрөгийг гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар буюу энэ дээр тодруулж хэлэхэд Эрчим хүчний тухай хуулийн 31.3-д заасан алданги болох 130,217,011.74 төгрөг гарч байгаа. Эндээс гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 117,005,390.22 төгрөг нийт 151,010,799.66 төгрөгийг гаргуулж манайд олгож өгнө үү гэсэн тийм шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

3. Хариуцагчийн тайлбар: 1 дүгээрт алдангийн тухай яръя. Манайх тамгын газраас санхүүжилт авдаг. Яг энэ ашиглалттай холбоотой зардал дээр, санхүүжилт орж ирсэн тухай бүрд нь гүйлгээг хийдэг. Гэхдээ санхүүжилтийг Төрийн сангийн зүгээс дутуу олгож байсан. 04 сарын 01-ний байдлаар бол өртэйгөө мэдээд 03 сарын 31-нд дулаарсан учраас манайх халаалтаа Эрчим хүчний тухай хуулийн 32.2.1, дулааны эрчим хүчээр хангах гэрээний 5.10.1 дэх заалтуудад өр төлбөртэй байгууллагыг халаалтаар хангахгүй гэдэг эдний гэрээний заалт, мөн эрчим хүчний хууль байгаа л даа. Энэ хуулийн дагуу манай манайх ингээд өртэй байна, өрөө төлж чадахгүй нь энэ 04 сарын 01-нээс манай халаалтыг зогсоож өгөөч, манайх өрөө төлье гэдэг албан бичгийг өгсөн. Эднийх бол зогсоохгүй явсаар байгаад 05 сарын 15 гээд халаалт дууссан. Хэрвээ энэ үед манайх зогсоосон бол энэ өрөө төлөх бүрэн боломжтой байсан байсан гэж үзэж байгаа. Тэгээд тэр үнэ нэмэгдүүлсэн шийдвэрийн тухайд 2025 оны төсвийн төсөл бол 2024 оны 07 дугаар сард хийгддэг учраас 2025 оны 03 сард үнэ нэмэгдэх юм байна гэдгийг харж тооцоолж төсөвт өгөх боломжгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Төсвийн тухай хуульдаа ч гэсэн төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зардал нэмэгдүүлэх аливаа үр дагавартай холбоотой бодлогын шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс эхлүүлдэг байх гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу манайх энэ нэмэгдүүлсэн тарифыг 2026 оноос л мөрдөх боломжтой гэж үзэж байгаа гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-*** ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 261, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 309 дугаартай албан бичгээр ирүүлсэн итгэмжлэл,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-*** ХХК-ийн алдангийн тооцоо болох нэхэмжлэх,

-*** ХХК-ийн 36/2013 дугаар, 35/2013 дугаар, 37/2013 дугаар тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний эх хувь,

-2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэх,

-*** ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /тайлант үе:2025/01/01-2025/12/31,

-“***” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай албан бичиг,

-Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/1138 дугаартай албан бичиг,

-***-ны тогтоолын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолын хуулбар,

-*** аймгийн *** сумын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тариф,

-төлбөр тооцооны дэлгэрэнгүй хуулга,

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-***-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-*** ХХК-ийн 2025 оны халаалт, өглөгийн тооцоолол,

-***-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаартай албан бичиг,

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч *** ХХК нь ***-д холбогдуулан дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 34,010,788.44 төгрөг, алданги 117,005,394.22 төгрөг, нийт 151,010,799.66 (нэг зуун тавин нэгэн сая арван мянга долоон зуун ерөн есөн төгрөг, жаран зургаа мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төсвийн жилийн дундуур орлого, зарлага бууруулах аливаа шийдвэрийг дараагийн жилд хэрэгжүүлдэг. Төсөв мөнгө байхгүй байгаа мөн алданги төлөх боломжгүй гэж маргажээ.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

*** ХХК болон ***-ийн хооронд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  мөн дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурж тамга дарагдсан байна.

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***-ийг дулааны эрчим хүчээр хангасан үйл баримтад маргаагүй.

Харин тайлант жил буюу 03 сарын 01-ний өдөр халаалтын тариф нэмэгдсэн тул энэ мөнгийг төлөх санхүүжилт байхгүй мөн алданги төлөх эсэх нь маргааны гол зүйл болжээ.

4. Уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд зохигчдын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг ойлгоно гэж, мөн хуулийн 3.1.34-д "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ гэж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 Иймд *** ХХК болон ***-ийн хооронд байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах,  хэрэглэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээнд хамаарч байх бөгөөд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна шүүх үзлээ.

Дээрх гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Мандал голомт ХХК нь хариуцагч ***-иас дулааны төлбөр шаардах эрхтэй байна.

5. Эрчим хүчний зохицуулах хорооны  2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай тариф батлах тухай тогтоолоор *** сумын хэрэглэгчдэд борлуулах дулаан эрчим хүчний тарифыг тус тус нэмэгдүүлэн тогтоосон болох нь уг тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 1/1138 дугаартай улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх тогтоолуудын дагуу дулаан эрчим хүчний тариф нэмэгдсэн тул нэхэмжлэгч нь *** аймгийн ***-иас  2025 оны 03, 04, 05 дугаар саруудын үнэ нэмэгдсэн зөрүү 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөг, алданги 117,005,394.22 (нэг зуун арван долоон сая таван мянга гурван зуун ерөн дөрвөн төгрөг, хорин хоёр мөнгө) гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс төсөвт суугдаагүй тул төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй гэж тайлбарлан татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

6. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 27  дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” гэж, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэрэглэгч нь шинэчилсэн тарифаар тогтоосон үнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхгүй бөгөөд шинэчилсэн буюу нэмэгдүүлсэн тарифаар эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байх тул ***-иас 2025 оны 03, 04, 05 дугаар саруудын үнэ нэмэгдсэн зөрүү 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

7. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн *** ХХК-ийн алдангийн тооцооны нэхэмжлэх, *** ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /тайлант үе:2025/01/01-2025/12/31/-аар хариуцагч байгууллага нь хэрэглэсэн дулааны төлбөрийн зөрүүг 2024 оны 11, 12 дугаар саруудад, 2025 оны 03, 04, 05 дугаар саруудад тус тус төлөөгүйгээс үүссэн алданги 130,217,011.74 (нэг зуун гучин сая хоёр зуун арван долоон мянга арван нэгэн төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөг боловч анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиас их байж болохгүй тул 117,005,390.22 (нэг зуун арван долоон сая таван мянга гурван зуун ерөн дөрвөн төгрөг, хорин хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжилсэн талаар нэхэмжлэлд дурдаж дээрх баримтад тусгагдаж ирсэн байна.

8. Зохигчдын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах,  хэрэглэх тухай гэрээний 4.3-т  хангагч тал сарын эхний 20 хоногт багтаан нэхэмжлэл бичиж худалдан авагч талд хүргүүлэх ба худалдан авагч тал нь төлбөрийн нэхэмжлэл бичигдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу тухайн сарын 30-ны дотор бүрэн төлөх үүрэг хүлээсэн ба 4.5-д хэрэглэгч тал хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хангагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцон алданги тооцож, сар бүрийн төлбөрт тус тусад нь ногдуулахаар тохиролцжээ.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд анзын гэрээг бичгээр хийнэ, алданги нь анзын нэг төрөл бөгөөд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-т тус тус тодорхойлжээ.

Алданги төлөх талуудын тохиролцоо Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй боловч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хариуцагчийн гэм буруутай үйлдэл байгаа эсэхээс хамааран нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь шийдвэрлэгдэнэ.

9. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар тодорхой нөхцөл байдлын улмаас хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд тухайн нөхцөлд хариуцагч гэм буруугүй бол хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй тул тэрээр хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан байна.

Хариуцагч *** нь төсвийн байгууллага болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд санхүүжилт орж ирээгүйн улмаас хариуцагч байгууллага халаалтын зардлын хугацаандаа төлж чадаагүй болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, төлбөрийн хүсэлтүүд, Төсвийн хэлбэлзлийн тайлангаар тогтоогдож байна.

Тодруулбал хариуцагч нь төсвийн байгууллага тул төсвөөс олгогдсон санхүүжилтийн хүрээнд төлбөрийг төлөх боломжтой ба 2025 оны 03, 04, 05 дугаар саруудад нэмэгдсэн тарифаар түлш халаалтын зардлын санхүүжилт байгууллагад олгогдоогүйгээс дулааны хэрэглээний төлбөрийг тухайн саруудад нэмэгдсэн тарифаар бүрэн төлж чадаагүй болох нь тогтоогдсон ба нэгэнт санхүүжилт олгогдоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй юм.

Ийнхүү төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, тэрээр хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үндэслэлгүй буюу алданги төлөх үүрэггүй байна гэж шүүх үзлээ.

10. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ***-иас дулааны эрчим  хүчээр хангаж, хэрэглэх тухай гэрээний үүрэг буюу нэмэгдсэн тарифын зөрүүнд 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан ***--д олгож, алданги 117,005,390.22 (нэг зуун арван долоон сая таван мянга гурван зуун ерөн дөрвөн төгрөг, хорин хоёр мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж хуульчилсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 913,004 (есөн зуун арван гурван мянга дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө)  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 328,003.94 (гурван зуун хорин найман мянга гурван төгрөг, ерөн дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч ***-иас гаргуулан *** ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ***-иас дулааны эрчим  хүчээр хангаж, хэрэглэх тухай гэрээний үүрэг буюу нэмэгдсэн тарифын зөрүүнд 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан *** ХХК-д олгож, алданги 117,005,390.22 (нэг зуун арван долоон сая таван мянга гурван зуун ерөн дөрвөн төгрөг, хорин хоёр мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 913,004 (есөн зуун арван гурван мянга дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 34,010,788.44 (гучин дөрвөн сая арван мянга долоон зуун наян найман төгрөг, дөчин дөрвөн мөнгө)  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 328,003.94 (гурван зуун хорин найман мянга гурван төгрөг, ерөн дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч ***-иас гаргуулан *** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР