Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/1237

 

2025          10            29                                                                                  2025/ДШМ/1237

                                                                 

Б.Т-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

шүүгдэгч Б.Т-,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1987 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Т-д холбогдох 2308 00000 0764 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн Б-гийн Т-, ..........., /РД:............./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 24 удаагийн үйлдлээр гар утас, нөүтбүүк, тэдгээрийн дагалдах хэрэгсэл буюу эд зүйлийг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч бусдад нийт 58.433.670 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

улмаар 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ........ тоотод оршин суух хохирогч С.Н-гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэр лүү нэвтэрч, 1.595.000 төгрөгийн үнэ бүхий Asus брэндийн нөүтбүүкийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Гэгээнтэн” кино театрын 2 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Э-ын Iphone X загварын 64gb багтаамжтай хар өнгийн гар утас болон Acer маркийн Core i5 7-р ye PAM 6gb hard disc-1TPA үзүүлэлттэй зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 835.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Т- нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “залилах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, З дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 758 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн З, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.Т-д оногдуулсан 9 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-гээс 1.595.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Н-д, 835.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д, 2.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д, 985.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Х-д, 2.699.700 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Л-д, 1.375.000     төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д, 1.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-од, 3.239.910 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д, 2.541.600 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-д, 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Т-т, 2.194.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д, 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-эд, 825.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д, 2.775.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-д, 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-д, 1.835.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.М-д, 4.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-т, 4.833.600 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-айд, 2.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д, 4.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-гоод,  2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ю-д, 750.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.З-т, 1.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Э-д, 2.700.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 200 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх хугацаанд тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг байсан хэдий ч анхан шатны шүүхээс ажил эрхлэлтийн талаар хангалттай нотлох баримт байхгүй хэмээн тухайн зүйлчлэлээр ял оногдуулсан. Хэдий энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ч гэлээ хүсэлт минь хангагдаагүй. Гэмт хэрэг анх үйлдсэн хугацаа бол 2022 оны 11 дүгээр сард бөгөөд түүнээс хойш шийдэгдэх хүртэл тогтмол ажил эрхэлж байсныг дансны хуулга болон ажлын газрын тодорхойлолт гэх мэт зүйлээр нотлох боломжтой байгаа юм. Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг байнга мөрийтэй тоглоомын “1xbet” сайтаар захиран зарцуулсан талаар баримт ч хавтаст хэрэгт тусгагдаад буй. Өөрийн шуналын сэдлийг хангах үүднээс гэмт хэрэг үйлдсэн байсан гэдгээ би хожим хойно маш сайн ухамсарласан билээ. Өөрийн мэдлэг, чадвараар ажил хөдөлмөр эрхэлж нийгэмд зохицон амьдрах бүрэн боломжтой байтал одоогийн ийм нөхцөл байдлыг бий болгон бусдыг болон өөрийгөө хохироосондоо маш их харамсаж байна. Аливаа нэгэн зүйлийн донтох эмгэг гэдэг ямар хор уршигтай болохыг маш сайн ойлголоо. Миний бие шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 228 хоног цагдан хоригдож байна. Энэ хугацаанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн талаар маш их судалж, ямар аюултай болохыг хангалттай ухаарлаа. Иймд эрхэм шүүгчид та бүхэн хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. Би гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Мөн засран хүмүүжиж, ухаарах боломжийг сүүлийн удаа итгэл хүлээлгэн өгөөсэй хэмээн гуйж байна. Шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа тул гомдол, хүсэлтийг минь хүлээн авна уу.

Миний зүгээс гэм буруу болон гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой маргахгүй байгаа. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа холбогдож байсан. Дараагийн гэмт хэргийнх нь хор уршиг арилаагүй, эдлэх ёстой ялыг гүйцэт дуусаагүй байхад дахин гэмт хэрэгт холбогдож түүнийгээ нэмж нэгтгүүлээд нийт 9 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Давж заалдах гомдол гаргасан үндэслэл нь анхан шатны шүүхээс тогтоосон хорих ялыг дахин багасгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т-гийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэх утга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэр бүхий хохирогч нарт нийт 58.000.000 төгрөгийн хохирол болон бусад хохирогч нарт учирсан хохирлуудыг төлсөн талаарх баримтаа давж заалдах гомдолдоо хавсаргаагүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байна. Мөн шүүгдэгчийн энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн хувийн байдал зэргээс харгалзан үзэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон байна гэж прокурорын зүгээс үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Т- нь:

Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 24 удаагийн үйлдлээр гар утас, нөүтбүүк, тэдгээрийн дагалдах хэрэгсэл буюу эд зүйлийг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч бусдад нийт 58.433.670 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хэргийн тухайд:

1. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Х-ийг “зөөврийн компьютероо түр өгөөч, тайлангаа бичээд өгье” гэж хуурч түүний эзэмшлийн 390.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба /Toshiba/ загварын зөөврийн компьютерыг шилжүүлэн авсан,

- 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Х-ийг “утсаараа түр яриулаач” гэж хуурч түүний эзэмшлийн 595.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-20 ФИ /Samsung S20 FE/ загварын гар утсыг үргэлжилсэн үйлдлээр залилж бусдад 985.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Х- /хх 41-42, 44, 47/, шүүгдэгч Б.Т- /хх 59-60, хх 65-66/ нарын мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Виктори центрт хамт сууж байсан хүн миний утсыг аваад явчихлаа...” гэх тэмдэглэл /хх 35/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЧД1-22-1194 дугаартай “...Самсунг s20 fe маркийн гар утас 595.000 төгрөг, ...Toshiba маркийн хар өнгийн нөүтбүүк 390.000 төгрөг, ...нийт 985.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх 54-55/,

таньж олуулах ажиллагаа явуулсан “...5. дугаараар Б- Т- /РД:....../-ийн гэрэл зургийг тус тус дугаарлаж Б- Т- /РД:....../-ийн гэрэл зургийг нийт 5 ширхэг гэрэл зургийн 5 дахь хэсэгт байрлуулан таньж олуулах ажиллагааг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 309 тоот өрөөнд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 10 минутад тасалгааны гэрэлд эхлүүлэв... Хохирогч Б.Х- нь: “178 орчим өндөртэй жижиг давхраатай нүдтэй дэлчгэр чихтэй залуу “5” гэж дугаарласан гэрэл зураг дээрх хүн мөн байна. Би 5 гэж дугаарласан гэрэл зураг дээрх хүнийг 3 дахь удаагаа харж байна...” гэх тэмдэглэл /хх 51-52/,

2. 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпорайт Конвейшн төвийн гадаа Э.Л-ас Самсунг эс 22 ультра маркийн гар утсыг худалдан авахаар дүр эсгэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авсны улмаас 2.699.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Л-ын мэдүүлэг /2 хх 50-51/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ХУ1-23-302 дугаар Самсунг шинжээчийн “...22 ультра маркийн гар утас 2.699.700 төгрөг...” /2 хх 72-73/,

Б.Т-тэй 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк чатаар харилцсан чатын хуулбар /2 хх 53-55/,

2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “Би тухайн хүнийг нүдний харц болон гаднах нүүрний царайны өнгө хөмсгөөр таньж байна энэ зурган дээр 4 хүний баруун талаасаа 3 дахь хүн буюу Б.Т- 23 настай эрэгтэй нь мөн байна” гэх тэмдэглэл /2 хх 76-79/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /2 хх 45-46/,

3. 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Corporate hotel Ulaanbaatar” дотор хохирогч Б.Т-гийн “Самсунг Эс-21 ультра” загварын гар утсыг худалдан авна гэж хуурч, ахдаа үзүүлээд ирье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож гар утсыг нь авч явж 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Т-гийн мэдүүлэг /2 хх 117-118/,

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ХУ1-23-317 дугаартай хөрөнгө үнэлгээний “...Самсунг Галакси Эс-21 ультра маркийн гар утас 1.375.000 төгрөг..” гэх дүгнэлт /2 хх 120-121/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгээр гаргасан өргөдөл /2 хх 111-112/,

4. Хохирогч Б.Б-ын олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкт оруулсан “...гар утас зарна...” гэх зарын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ........ гэсэн дугаараасаа холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдааны төвийн Б1 давхрын “Кофе шоп”-д уулзаж, “гар утсыг чинь худалдан авна 7 дугаар давхарт гарч ахдаа үзүүлчхээд ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б-ын эзэмшлийн “Samsung S22 plus” маркийн гар утсыг залилан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Б-ын мэдүүлгүүд /2 хх 234-235, 238-239 /,

таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “...миний гар утсыг залилсан залуу 4 дугаартай эрэгтэй мөн байна би царайг нь шууд хараад л таньж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 241-248/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1443 дугаар шинжээчийн “...“Samsung s22 plus” маркийн гар утсыг 1.600.000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /3 хх 01-05/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгээр гаргасан өргөдөл /2 хх 225-227/,

5. Хохирогч Ц.У-гийн олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкт оруулсан гар утас харна гэх зарын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ........ гэх фейсбүүк хаягаар түүнтэй холбогдон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүрийн 7 давхарт уулзаж, “гар утсыг чинь худалдан авна 8 дугаар давхарт гарч ахдаа үзүүлчхээд ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Ц.У-г төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн “Samsung s21” маркийн гар утсыг нь залилан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.У-г /3 хх 41-42, 55-56/, иргэний нэхэмжлэгч О.З- /3 хх 49-52/ нарын мэдүүлгүүд,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Ц-394 дугаартай “...Самсунг эс-21 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 900.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 59-61/,

таньж олуулах ажиллагаа явуулсан 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “...хохирогч Ц.У- миний гар утсыг авсан залуу 3 дугаарын залуу мөн байна. Би царайг нь хараад шууд л таньж байна. Бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 27-35/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /3 хх 23-24/,

эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /3 хх 25-26/,

6. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” дэлгүүрийн 6 дугаар давхарт иргэн Ж.О-оос түүний өмчлөлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс 21” маркийн гар утсыг худалдаж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Ж.О-ын мэдүүлгүүд /3 хх 95-96, 101-102/,

таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “...Миний гар утсыг залилж авч явсан хүн 3 дугаарын залуу 3 дугаарын мөн байна. Би царайг нь шууд хараад л таньж байна. Бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 84-91/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Ц-300 дугаар “...“Самсунг Эс-21” загварын гар утас 900.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 105-107/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /3 хх 82-83/,

7. Хохирогч Ө.А-ийн олон нийтийн сүлжээ буюу фейсбүүкт оруулсан “Гар утас зарна” гэх зарын дагуу түүнтэй 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдааны төвийн 6 дугаар давхарт уулзаж, улмаар “Гар утсыг чинь худалдан авна 7 дугаар давхарт гарч ахдаа үзүүлчхээд ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.А-ийн эзэмшлийн “Samsung galaxy s23 plus” маркийн гар утсыг залилан авч 3.239.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.А- /4 хх 242-243, 5 хх 01-03/, гэрч Д.Э- /5 хх 06-07/ нарын мэдүүлгүүд,

2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрх цэгц” ХХК-ийн барьцаат зээлийн “...“Самсунг галакси эс-23 плас” маркийн гар утсыг барьцаалсан...” талаарх гэрээ /5 хх 9/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн БГ1-23-179 дугаар шинжээчийн “...“Samsung galaxy s23 plus” маркийн гар утсыг 3.239.910 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /5 хх 13-19/,

“Эрх цэцэгс” ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 24-26/,

таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “...миний гар утсыг залилсан залуу 4 дугаартай эрэгтэй мөн байна ...нүдний хэлбэр, өтгөн хөмсөг, ширүүн харц, нүүрний шөвгөр зэргээр нь таньж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 27-35/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан /4 хх 237-238/,

8. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace mall” худалдааны төвийн 8 давхарт иргэн Г.У-ын эзэмшлийн “Samsung S23 plus” загварын гар утсыг худалдан авна, ахдаа үзүүлчхээд ирье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан авч 2.541.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.У- /4 хх 101-102/, гэрч М.Ч- /4 хх 106-107/ нарын мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Д1-23-742 дугаар “...гар утсыг 2.541.600 төгрөгөөр үнэлсэн...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4 хх 140-141/,

таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч Г.У-аар таниулахад зургуудыг хараад 5 дугаартай зураг дээр байгаа хүн миний утсыг авч явсан хүн мөн байна гэж заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх 135-137/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгээр гаргасан өргөдөл /4 хх 98-99/,

“Арвижих-2” Барьцаат зээлдүүлэх газрын барьцааны хуудас /4 хх 116-117/,

9. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвд М.Т-ээс “Samsung S23 ultra” загварын гар утсыг худалдаж авна гэж хуурч, “гүйлгээ амжилттай” гэсэн зурвасыг харуулан төлбөрийг шилжүүлсэн гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М. Т-ийн мэдүүлэг /3 хх 134-135, 138-139 /,

таньж олуулах ажиллагааны “...Тухайн үед миний гар утсыг залилсан гэх залууг би харвал танина. Тухайн залуугийн зураг нь 2 дугаараар дугаарласан хүн байна. Тус эрэгтэй нь 165 гарсан см өндөртэй, 20 гаран настай жижигхэн хар царайтай, туранхай биетэй байсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 123-127/,

хөрөнгийн үнэлгээний “Кости Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Samsung S23 ultra гар утас 3.000.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /3 хх 142-143/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх 122/,

10. 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвийн гадна таксинд хохирогч Б.С-той уулзаж “Samsung s22 ultra”, “Samsung watch4”, “budlive” чихэвч зэргийг худалдан авах зорилгоор үзэж сонирхож байгаа мэт дүр эсгэн ахдаа үзүүлье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Их хуралдай” төвийн 7 давхарт гаран бодит байдлыг нуух замаар хохирогч Б.С-ыг төөрөгдөлд оруулж “Samsung s22 ultra”, “Samsung watch4”, “budlive” чихэвч зэргийг залилан авч 2.194.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.С-ын мэдүүлэг /хх 216-217/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “...“S22 ultra” загварын гар утас 1.925.000 төгрөг, “Samsung watch4” загварын цаг 150.000 төгрөг, “Samsung Budlive” 119.700 төгрөг нийт 2.194.700 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 225-228/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 218-222/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 210/,

11. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч М.Б-тэй гар утас зарна гэсэн зарын дагуу холбогдож, гар утсыг нь худалдаж авахаар дуудаж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Их хуралдай” төвийн 12 дугаар давхарт уулзаж, өөрийгөө тухайн газрын захирлын туслах ажилтай, мөн худалдан авах гэж буй гар утсаа ахдаа үзүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч М.Б-ийн “Самсунг Галакси Эс 23 Ультра” загварын гар утсыг залилан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулан болох нь:

хохирогч М.Б-ийн мэдүүлэг /5 хх 77-78/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-123/0141 дугаар хөрөнгийн үнэлгээний “...үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 4.000.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /5 хх 79-81/,

таньж олуулах ажиллагаа явуулсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “...Б.Т-гийн цээж зургийг 3 дугаарт байрлуулсан байсныг 3 дугаартай зургийг цаасан дээр хохирогч заасан. Миний гар утсыг залилж авсан этгээд мөн байна “би энэ залууг өтгөн хөмсөг, дэлдэн чих, харцаар нь таньж байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /5 хх 89-93/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /5 хх 72-73/,

хохирогчийн “Rn Laufeyson” гэх цахим хаягийн эзэмшигчтэй бичсэн зурвасын хуулбар /5 хх 95-98/,

12. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороo, “Peace mall” худалдааны төвийн 7 давхарт иргэн Д.Анударийн эзэмшлийн “Samsung S21” загварын гар утсыг худалдан авна, ахдаа үзүүлчхээд ирье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан 825.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.А- /4 хх 160-162/, шүүгдэгч Б.Т- /4 хх 183/ нарын мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ЧД1-23-839 дугаар хөрөнгийн үнэлгээний “...Samsung S21 маркийн гар утас 825.000 төгрөг...” гэх дүгнэлт /4 хх 164-168/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 178-180/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгээр гаргасан өргөдөл /4 хх 154-155/,

13. 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюьлдинг” гэх барилга дотор хохирогч Э.Д-гаас түүний зарна гэсэн “Самсунг эс-23 ультра /Samsung S23 ultra/ загварын гар утсыг худалдаж авна, уг барилга дотор ахдаа үзүүлнэ” гэж итгүүлэн өөртөө шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 2.775.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Д- /4 хх 13-15/, шүүгдэгч Б. Т- /4 хх 42-44/ нарын мэдүүлгүүд,

2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан “...зургийг хохирогчид харуулахад тухайн зургуудаас 2 гэсэн дугаартай этгээдийг мөн гэж заасан ба зургуудын байрлалыг мөн өөрчилж 2 дугаартай Б.Т- гэх эрэгтэйн зургийг 5 гэж дугаарлан ахиж заалгахад тус эрэгтэй болох 5 номерыг зааж байлаа...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх 16-25/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СБ1-23- 2273 дугаартай “...Самсунг эс 23 ультра загварын гар утсыг 2.775.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /4 хх 27-30/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгээр гаргасан өргөдөл /4 хх 06-08/,

14. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” дотор Э.А-гаас “Самсунг эс 23 ультра” маркийн гар утсыг худалдан авахаар дүр эсгэн, улмаар “Ахдаа үзүүлээд ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авсны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.А-гийн мэдүүлэг /2 хх 02-03/,

хохирогчийн “Raccoon Rogger” гэх фейсбүүк хаягтай харилцсан чатын хуулбар /2 хх 8-12/,

“Скайтел” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23/13660 дугаартай “........., ........., ......... дугааруудын эзэмшигч Б.Т- /....../ Хан-Уул, 9 дүгээр хороо, ......... тоот гэх дугаарын эзэмшигч, хэрэг хийсэн өдрүүдийн байршил, ярианы мэдээлэл бүхий албан бичгийн хуулбар хувь /2 хх 13-16/,

таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би тухайн хүнийг шар царайтай, шөмбөгөр, нүүрэн дээрээ батгатай дэлдэн чихтэй туранхай залуу байсан ба дээрх шивээсээр нь өргөн шанаагаар нь таньж байна, энэ зурган дээрх 4 хүний баруун талаасаа 3 дахь буюу / ....../ регистрийн дугаартай хүн мөн байна... гэв” мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 04-07/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын “Самсунг С23 маркийн гар утас 2.000.000 төгрөг” гэх үнэлгээ /2 хх 18-20/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх 247, 249/,

15. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюьлдинг” гэх барилга дотор шунахайн сэдэл бүхий гэмт үйлдлээ хэрэгжүүлэх буюу мөрийтэй тоглоом тоглохын тулд фейсбүүк цахим хаяг ашиглан бусдыг хуурч, буюу гар утас худалдан авах чадамжгүй байж гар утас худалдан авна гэж хохирогч Л.М-д итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар хохирогч Л.М-ын эзэмшлийн “Самсунг Эс-22 ультра” маркийн гар утсыг өөрт шилжүүлэн залилан авч хохирогчид 1.835.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.М-ын мэдүүлэг /4 хх 58-59/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн СБ1-23-2219 дугаар шинжээчийн “...Шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1.835.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4 хх 61-62/,

хохирогчоос гаргаж өгсөн зураг /4 хх 50-54/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 хх 52-54/,

хохирогч Л.М-ын сэжигтэнтэй харилцсан зурвасын хуулбар /4 хх 48/,

16. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Самсунг” барилгын ойролцоо зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Н-аас iphone-15 pro мах загварын гар утсыг худалдаж авна хэмээн итгэл төрүүлэн өөрийн халаасанд хийж авч явсан буюу хохирогчид 4.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч Г.Н-ын мэдүүлэг /хх 185-186/,

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн ТХY-123/0135 дугаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “...Iphone 15 гар утас 4.600.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 187-189/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 181/,

17. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гранд плаза” төвийн 7 давхарт хохирогч Э.Д-айтай зарын дагуу холбогдон уулзаж түүний гар утсыг худалдаж авах гэж буй мэт дүр исгэн, улмаар “За чиний наанаа байж бай би дээшээ 7 давхарт ахдаа гар утсыг чинь үзүүлчхээд мөнгөө аваад буугаад ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар түүний эзэмшлийн “Самсунг Галакси Эс 24 ультра” загварын гар утсыг залилан авч 4.833.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Д-айн мэдүүлэг /7 хх 02-04/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн БГ1-24-152 дугаар “...Самсунг Галакси Эс 24 ултра загварын гар утсыг 4.833.600 төгрөгөөр үнэлсэн...” гэх хөрөнгө үнэлгээний /7 хх 07-12/,

мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хохирогч Э.Д-айгаар таньж олуулах ажиллагаа хийлгэхэд “Миний гар устыг залилж авсан гэх тус хүн нь 3 дахь зураг нь мөн байна, уг хүнийг чих, нүд, хамар зэргээр хараад таньж байв”...” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /6 хх 236-244/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгээр гаргасан өргөдөл /6 хх 235-236/,

18. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Их хуралдай” дотор хохирогч Д.Д-ын эзэмшлийн “Самсунг галакси эс-23 ултра” маркийн гар утас, “Самсунг ватч с4” маркийн ухаалаг цаг, “Самсунг Бадс 2” маркийн чихэвч зэрэг эд зүйлийг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч Д.Д- /6 хх 33-34/, шүүгдэгч Б. Т- /6 хх 44-45/ нарын мэдүүлгүүд,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1900 дугаартай "... гар утсыг 2.600.000 төгрөг...” гэх дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгээр гаргасан өргөдөл /6 хх 27, 29/,

19. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бьюлдинг” нэртэй барилгын гадна гар утсаа худалдах зорилготой иргэн Д.Г-тай уулзаад, түүний Самсунг Галакси Эс 23 Ультра /Samsung Galaxy S23 Ultra/ загварын гар утсыг “ахдаа үзүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч, 2.649.960 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

хохирогч Д.Г- /5 хх 208-209/, гэрч Б.М- /5 хх 213/, иргэний нэхэмжлэгч Б.Э- /5 хх 225/ нарын мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх 204/,

“Дэвших” барьцаат зээлийн үйлчилгээний газрын “Самсунг Галакси Эс 23 Ультра” /Samsung Galaxy S23 Ultra/ загварын гар утсыг хүлээж авсан баримт бичиг /5 хх 214/,

“Дэвших” барьцаалан зээлдүүлэх газраас “Самсунг Галакси Эс 23 Ультра” /Samsung Galaxy S23 Ultra/ загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл /5 хх 220-221/,

эд зүйл /Самсунг Эс 23 Ультра загварын гар утас/-ийг Д.Г-д хүлээлгэн өгсөн /5 хх 227/,

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн СБ1-24-1062 дугаар “...Samsung S23-ultra гар утсыг 2.649.960 төгрөгөөр үнэлсэн...” гэх үнэлгээ /5 хх 231-234/,

20. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Их хуралдай” дотор хохирогч Г.М-гийн эзэмшлийн “Самсунг галакси эс-24” маркийн гар утсыг худалдан авна гэж хуурч, ахдаа үзүүлээд ирье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 2.900.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч Г.М-гийн мэдүүлэг /6 хх 82-83/,

таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “...Б.Т- /....../-ийн цээж зургийг 5 дугаарт байрлуулсан байсныг 5 дугаартай зургийг цаасан дээр хохирогч заасан. Иймд хохирогч Г.М-гийн гар утсыг авч явсан гэх Б.Т-гийн зургийг “надтай уулзаж миний гар утсыг авна, ахдаа үзүүлье гэж хэлээд залилсан гэх хүн мөн байна” гэж танив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх 76-78/,

“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “... гар утсыг 2.900.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ /6 хх 85-86/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх 75/,

21. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Н.М-гоогийн фейсбүүкийн цахим орчинд “гар утсаа зарна” гэсэн зар байршуулсны дагуу өөрийн хаягаас Н.М-гоогийн “Samsung S23 ultra”, “Samsung Z fold 4” загварын 2 ......... нэртэй цахим ширхэг гар утсыг худалдан авахаар болж Чингэлтэй дүүрэг, 05 дугаар xopoo “MN tower” дотор “ахдаа үзүүлнэ” гэж авч яваад хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 4.100.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч Н.М-гоо /6 хх 113-114/, шүүгдэгч Б.Т- /6 хх 117-118/ нарын мэдүүлгүүд

таньж олуулах ажиллагаа явуулсан “...Уг хүн өтгөн хөмсөгтэй шар арьстай, дэлдэн чихтэй, өргөн шанаатай, 25 орчим настай, эрэгтэй буюу №04 номерын эрэгтэй мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх 121-127/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЧД1-24-644 дугаар “...Samsung Z Fold4 болон Samsung S-23 Ultra зэрэг эд зүйл нь 4.100.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ /6 хх 130-133/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо “MN tower”-ын дээр 2 ширхэг гар утсаа зарахаар очсон боловч үл таних хүнд залилуулсан...” гэх тэмдэглэл /6 хх 111/,

22. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “MN tower”-ын 8 давхарт хохирогч Б.Н-гийн эзэмшлийн “Самсунг S 24 ультра” загварын гар утсыг худалдан авна гэж хуурч, ахдаа үзүүлээд ирье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 3.879.200 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

хохирогч Б.Н-гийн /6 хх 153-154/, иргэний нэхэмжлэгч Б.Б- /6 хх 158-159/ нар мэдүүлгүүд,

иргэний нэхэмжлэгч Б.Б- нь өөрийн Хаан банкны ....... тоот харилцах данснаас 2.700.000 төгрөгийг ....... харилцах дансанд шилжүүлсэн баримт /6 хх 183/,

“Дамно” ХХК-ийн “...гар утсыг 2.700.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ /7 хх 54-57/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /6 хх 147-178/,

23. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” худалдааны төвийн орчимд хохирогч Б.Ю-аас түүний эзэмшлийн “Самсунг эс-23” загварын гар утсыг худалдаж авч байгаа мэтээр итгүүлэн хуурч, төлбөрийг төлөлгүй гар утсыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

хохирогч Б.Ю- /7 хх 122-123/, гэрч Б.Д- /7 хх 126-127/ нарын мэдүүлэг,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10645 дугаартай гар утсыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх 147-149/,

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 хх 141-142/,

2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх мөрдөгчийн “...тухайн 3 дахь зураг буюу Б-гийн Т- гэгчийг хараад таньсан бөгөөд шууд зааж байв...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 хх 128-132/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /7 хх 117-118/,

24. Шүүгдэгч Б.Т-гийн эзэмшлийн Хаан банкны 2024.01.01-2024.04.23-ны өдрийг хүртэлх .... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 238-240/,

Хоёр. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэх хэргийн тухайд:

1. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Гэгээнтэн” кино театрын 2 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Э-ын “Iphone X” загварын 64gb багтаамжтай хар өнгийн гар утас болон Аcer маркийн Соrе i5 7-p ye PAM 6gb Hard disc-1TPА үзүүлэлтэй зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 835.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Г.Э- /2 хх 170-171/, шүүгдэгч Б.Т- /2 хх 191/ нарын мэдүүлгүүд,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХУ1-23-606 дугаартай “... IphoneX загварын, 64gb багтаамжтай, хар өнгийн утсыг 560.000 төгрөг, Асеr маркийн Core i5 7-p ye PAM 6gb Hard disc-1TPA үзүүлэлтэй зөөврийн компьютерыг 275.000 төгрөгөөр үнэлсэн... Нийт 8356000 төгрөг...” гэх дүгнэлт /2 хх 177-179/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгээр гаргасан өргөдөл /2 хх 162-163/,

Гурав. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хэргийн тухайд:

1. 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ........ тоотод оршин суух хохирогч С.Н-гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэр лүү нэвтэрч 1.595.000 төгрөгийн үнэ бүхий Asus брэндийн нөүтбүүкийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан болох нь:

хохирогч С.Н- /хх 06/, гэрч Ц.Б- /хх 10-11/ нарын мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/,

“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн үнэлгээгээр алдагдсан “ASUS” брэндийн 13-11 Gen 15.6 inch гэх зөөврийн компьютерыг 1.595.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 13-15/,

шүүгдэгч Б.Т-гийн эзэмшлийн .... тоот дансны 2022.01.01-ний өдрөөс 2024.10.28-ны өдрийг хүртэл хугацааны 19 хуудас депозит хуулганд үзлэг хийсэн “...Б. Т- нь гэмт хэргийн улмаас 16.720.000 төгрөгийг өөртөө зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тэмдэглэл /7 хх 217-236/,

шүүгдэгч Б. Т-гийн “...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 11 дүгээр сарын орчимд Х- гэх эмэгтэйтэй уулзаж “Тошиба” загварын нөүтбүүкийг ...түр өгөөч гэж худлаа хэлж аваад үл таних хүнд шууд зарсан..., 2. Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөн Х-ийн Самсунг Эс 20 загварын гар утсыг нь утсаараа яриулаач гэж хэлээд хуурч аваад явсан. Тухайн утсыг фэйсбүүкт зар байршуулж үл таних хүнд зарсан. Зарсан мөнгөөрөө цахимаар бэт тавьж алдсан..., 3. ...2023 оны 03 дугаар сард өмнө үерхэж байсан Б-гийн хүргэн ахын Н-гийн гэрээс нөүтбүүкийг зөвшөөрөлгүй авч гараад 71 ломбардад тавьсан. ...Тухайн үед Н-гийн гэрийн түлхүүр надад байсан..., 4. 2023 оны 04 дүгээр сард Гранд плаза дотор Б- гэх хохирогчоос Самсунг Эс 22 плас загварын гар утсыг худалдаж авна. Хүнд үзүүлчихээд ирье гэж хэлээд дээш гарч ирээд буцаад лифтээр бууж утсыг нь хуурч авсан. Тухайн утсыг фэйсбүүкт зар тавиад танихгүй хүнд зарсан..., 5. 2023 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Их хуралдай төвд хохирогч Э.А-гийн Самсунг Эс 23 загварын гар утсыг хүнд үзүүлчихээд ирье гэж худлаа хэлээд авсан. Тухайн утсыг нь зар тавиад хувь хүнд зарсан..., 6. 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Корпорет төвийн гадаа хохирогч Э. Л-ын эзэмшлийн Самсунг Эс 22 ультра загварын гар утсыг хүнд үзүүлье гэж худлаа хэлээд талын хаалгаар нь гараад явсан..., 7. 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Корпорет төвийн 4 давхарт хохирогч Б.Т-гээс Самсунг Эс 21 ультра загварын гар утсыг хүнд үзүүлье гэж худлаа хэлээд нөгөө хаалгаар нь гараад явсан..., 8. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Гэгээнтэн дотор хохирогч Э-аас acer загварын нөүтбүүкийг хэрэглээд өгье гэж хэлээд авчихсан байж байгаад хүнд зарсан..., 9. Мөн Э-ын гар утсыг нь худлаа хэлж авсан..., 10. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Гранд плаза төвийн 7 давхарт хохирогч Ц.У-гийн Самсунг эс 21 маркийн гар утсыг хүнд үзүүлчихээд ирье гэж худлаа хэлж авч явсан..., 11. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Гранд плаза төвийн 6 давхарт хохирогч Ж.О-ын Самсунг эс 21 загварын гар утсыг хүнд үзүүлээд хэлье гэж авч яваад нөгөө гарцаар бууж явсан..., 12. 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Кэйсер зочид хүнд үзүүлээд ирье гээд нөгөө талаар нь буугаад явсан. ...Дээрмийн гэмт хэргээр яллагдагчаар татсаныг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин бусад үйлдлээ бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн намайг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг авч явсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан байсан. Дээрх үйлдлийг бол би огт хийгээгүй. ...Дээр утас болон бусад эд зүйлс хаана байгаа талаар мэдэхгүй бөгөөд зарсан хүмүүсээ зааж өгч чадахгүй. ...Тухайн мөнгийг бол 1xbet-н дансанд хийж бооцоо тавьж алдсан. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний бие энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /7 хх 168-169/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Т- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

шүүгдэгч Б.Т-гийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба шүүгдэгч Б.Т-гийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 758 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Т-гийн “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хортой үр дагавартай.

Шүүгдэгч Б.Т- нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй, өөрийн хууль бус үйлдэлдээ харамсан гэмшиж буйгаа илэрхийлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч тэрээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч хулгайлж, мөн бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар хуурч, мэхлэх замаар авахаар урьдаас төлөвлөн зохион байгуулж, олон тооны хохирогчийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж буй хууль бус үйлдлээ бүрэн ухамсарлаж, түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусад хүн хэрхэн хохирч болохыг мэдсээр байж, хүсэж хор уршиг учруулсан байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн өөртөө дүгнэлт хийсэн эсэх хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэх боловч түүнээс илүү ял шийтгэл хүлээж буй хүн аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх, бусад хүний эрхийг хүндэтгэх ёстой гэдгийг ухамсарлаж, нийгэм болоод бусдад хохирол учруулахгүй байх нь чухал юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Иймээс шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Харин анхан шатны шүүхээс хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамласан нь үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т-гийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1987 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 8 /найм/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.ОДОНЧИМЭГ

 

                      ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

 

                  ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ