Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 305/ШШ2026/00086

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэр гийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ************ оршин суух, У овогт П-н Ц, Т овогт О-н У нарын нэхэмжлэлтэй

хамтын амьдралтай байгаа байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.Ц, О.У нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлтийн агуулга: У овогт П-н Ц, Т овогт О-н У нар нь 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөг хүртэл хамтын амьдралтай байгаа болохоо тогтоолгох тухай.

2.Хүсэлтийн үндэслэл: Бид хоёр 1991 онд танилцаж, 1992 оны 05 дугаар сарын 30-нд хурим найраа хийж хамтран амьдрах болсон юм. Тухайн үед албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учраас гэрлэлтийн гэрчилгээ аваагүй юм. 1993 онд хүү Э, 1994 онд хүү Э, 1998 онд охин О, 2009 онд хүү Ж төрсөн. Бид тус аймгийн ******* сумын ************ баг, ******* сумын ***** багт 1992 оноос 2007 он хүртэл амьдарч байгаад 2007 оноод 2025 он хүртэл Говь-Алтай аймгийн төвд амьдарч байна. О.У нь малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс өрхийн тэргүүн П.Ц-н нэр дээр гардаг, мөн гэрлэлтийн баталгаа байхгүй учраас малчнаар ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд биднийг 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шаардлага, тайлбартаа ... Бид 1992 онд ******* сумын ************ багт хуримаа хийсэн. Тахийн тал гэдэг баг руу нөхөр ажиллахаар болж шилжсэн. Эргээд аав ээж маань өвдөж багуудын хооронд эргэж буцаж амьдарч байгаад гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байсан. Тэгээд хүүхдүүд томорч аймгийн төв бараадсан. Тэтгэвэрт гарах гэхэд гэрлэлтээ батлуулаагүй, баталгаа байхгүй учраас хамтын амьдралтай байснаа нотлуулах шаардлагатай болсон учраас шүүхэд хандсан. Тиймд хамт амьдарч байсан нь үнэн гэж шүүж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан... гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Хүсэлт гаргагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа/О.У/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа/П.Ц

- Төрсний бүртгэлийн лавлагаа/Ц.Ж/

- Төрсний бүртгэлийн лавлагаа/Ц.О/

- Төрсний бүртгэлийн лавлагаа/Ц.Э/

- Төрсний бүртгэлийн лавлагаа/Ц.Э/

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/П.Ц/

- Гэр бүлээрээ авахуулсан гэх 5 ширхэг фото зураг

-ХААН банк ХК-тай О.У, П.Ц нарын байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнүүдийн хуулбар/хуулбар үнэн тэмдэгтэй/

- ХААН банк ХК-тай О.У, П.Ц нарын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнүүдийн хуулбар/хуулбар үнэн тэмдэгтэй/

- ХААН банк ХК-тай О.У, П.Ц нарын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар/хуулбар үнэн тэмдэгтэй/

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 74 дугаартай архивын лавлагаа, П.Ц-н 1994-2004 оны жилийн эцсийн мал тооллогын эх баримтын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч П.Ц, О.У нар нь хамтын амьдралтай байгаа байдлаа тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Хүсэлт гаргагч П.Ц, О.У нар нь 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байгаа болох нь:

3.1. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ...Регистрийн дугаар: *************, овог: У, эцэг/эх-ийн нэр: П, өөрийн нэр: Ц ... гэх бичилт бүхий гэрлэсний бүртгэлгүй лавлагаа.

3.2. Ц-н Э нь 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт П-н Ц, эхийн мэдээлэл хэсэгт О-н У гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа.

3.3. Ц-н Э нь 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт П-н Ц, эхийн мэдээлэл хэсэгт О-н У гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа.

3.4. Ц-н О нь 1998 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт П-н Ц, эхийн мэдээлэл хэсэгт О-н У гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа.

3.5. Ц-н Ж нь 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт П-н Ц, эхийн мэдээлэл хэсэгт О-н У гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа.

3.6. ХААН банк ХК-тай О.У, П.Ц нарын байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнүүдийн хуулбар/хуулбар үнэн тэмдэгтэй/

3.7. ХААН банк ХК-тай О.У, П.Ц нарын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнүүдийн хуулбар/хуулбар үнэн тэмдэгтэй/

3.8. ХААН банк ХК-тай О.У, П.Ц нарын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар/хуулбар үнэн тэмдэгтэй/

3.9. Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 74 дугаартай архивын лавлагаа, П.Ц-н 1994-2004 оны жилийн эцсийн мал тооллогын/ам бүлийн тоо бичигдсэн/ эх баримтын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/ гэсэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал хэрэгт авагдсан Ц-н Ж-н төрсний бүртгэлийн лавлагаанд /хх3/ эцэг П-н Ц, эх О-н У гэсэн байх ба 1992 оны 9 сарын 15-нд төрсөн байгаагаас үзэхэд хүсэлтэд дурдсан 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хамтын амьдралыг эхлэн тооцож, 1993 онд Ц-н Э, 1994 онд Ц-н Э, 1998 онд Ц-н О төрсөн, мөн 2010 оны 05 дугаар сарын 26 гэх фото бичиглэл бүхий гэр бүлийн гэрэл зураг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны зээлийн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнүүдэд хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан байгаагаар өнөөг хүртэл хамтын амьдралтай байгаа нь нотлогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэдэгт хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтийг нэрлэн заагаагүй боловч хамтын амьдралтай байсныг тогтоох нь дараагийн эрх зүйн үр дагавар үүсгэх үйл явдал буюу малчнаар ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, хамтын амьдралтай байсан хугацаа нь мал маллаж байсан хугацааг тооцоход нөлөөлөхүйц хугацаа байх тул тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж тогтоох үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Нэхэмжлэгч нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүйн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нэхэмжлэгч нарын тайлбар, П.Цгийн гэрлэлтийн бүртгэлгүй гэсэн лавлагаагаар нотлогдсон болно.

6. Иймд шүүх хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй хүсэлт гаргагч У овогт П-н Ц, Т овогт О-н У нарыг 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан У овогт П-н Ц, Т овогт О-н У нарыг 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН