Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 583

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, 

           улсын яллагч М.Амарзаяа,

            хохирогч Б.Б,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Базарсад нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-н Б-т холбогдох 1808016150583 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар :  

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “архи ууж агсам тавьлаа” гэх шалтгаанаар төрсөн дүү Б.Б-ийн толгойн тус газарт нь монгол гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     

            - хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 20-ны орой  20 цагийн үед 120 мянгатаас ах Б-ыг гэрт нь хүргэж өгөх гээд найз Л-гийн хамт машинаар явсан. Замдаа Б бид хоёр, хүний 4 шил пиво уусан. Тэндээс Баянхошуу руу явж байгаад Б ахтай маргалдсан. Б ахыг машинаас хөөж буулгаад ээжийн гэрт очсон. Ээж Б ганцаараа унтаж байхаар нь би аавынхаа тухай ярьж агсам тавьж гэрт нь байсан зуухыг өшиглөж гэрээс нь хөөж гаргасан. Ээж гэртээ орж ирэхгүй болохоор нь гэрээс гараад хашаанд зогсож байтал ах Б нөгөө талын гэрээс ээжтэй хамт гараад ирсэн. Б нь намайг гэрлүүгээ харь ингэж болохгүй гэсэн, буцаад алхтал нь би араас нь толгой руу нь цохисон. Л намайг машиндаа суулгаад аваад явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-37/

            - гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тэр үед би согтуу байсан...ээжийн гэрт ороход Б намайг энд юу хийж байгаа пизда минь гэж хэлсэн, бие биеэсээ зууралдаад гарсан, гадаа гараад би Б-ийн зүүн талын шанаанд 2 удаа цохьсон...тэгтэл Б, Л 2 намайг салгасан...тэгтэл Б нь Быг эргэж хараад шанаанд нь 1 удаа цохисон ба Б баруун зүгт яваад удалгүй гартаа нэг зүйл барьж ирээд дүү Бийн толгой руу цохисон. Дараа нь дүү Б надад хэлэхдээ “гэрийн униар толгой руу нь цохисон” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-9/

- гэрч Ц.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тэр үед Б хажууд нь байсан монгол гэрийн унь аваад Бийн толгой руу нэг удаа цохисон. Б газар дээрээ доошоо нүүрээрээ унасан. Б нь нилээн хүчтэй цохих шиг болсон. Гэрийн унь хугарсныг бодоход. Би Б-ийг суганаас нь өргөж машины урд суудал дээр суулгасан...гэх мэдүүлэг /хх-49/,

- гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн үед нөхөр Б архи үнэртүүлчихсэн найз Л-гээр сугдуулчихсан хөлөө газар чирчихсэн ухаангүй ямар нэг дуу гаргаагүй гэрт орж ирсэн. Ор засч өгөөд унтуулсан. Өглөө 08 цагийн үед босоод 00 орчихоод буцаад унтаад өгсөн. Тэр өдөр өдөржин унтаад хоол унд идээгүй. 19 цагийн үед хоол хийчихээд өгөх гэсэн чинь идэхгүй царай зүс нь сонин болчихсон, юм асуухад дуу гарахгүй байсан. 22 цагийн үед Б сэрээд босож чадахгүй, босохоор хөл дээрээ тогтож чадахгүй ор налж хэвтээд бие нь эвгүй хоносон. Маргааш өглөө нь буюу 2018 оны 03 сарын 22-ны өдөр бие нь эвгүй байхаар нь дүү Х бас түргэн дуудсан. Эмч үзээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-44-45/

            - гэрч Д.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... би түргэний машинтай Б ахтай хамт гэмтлийн эмнэлэгт очсон. Тэр үед Б надаас “Б яасан юм бол би шөнө ирэхэд нь униар толгой руу нь нэг удаа цохичихсон юм гайгүй байгаа” гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-40-41/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 607 дугаар:...Б.Б-ийн биед баруун зулай чамархай, суурь ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн няцрал, дух, хацар, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал тархины эдийн няцрал гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтэл авснаас хойш цусан хураа бүрэлдэн тархи дарагдах хүртэл хүн ухамсарт үйл хөдлөл хийх боломжтой. Баруун зулай чамархай суурь ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-63/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3663 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн 1,2,5, гэж дугаарласан унь 3,4 гэж дугаарласан унь хоорондоо нэг бүхлийг үүсгэж байна. Шинжилгээнд ирүүлсэн унины хугарсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна...гэх дүгнэлт /хх-67/

            - шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 20-ны орой би гэртээ унтаж байхад ээж Б шөнө 03 цагийн үед гэрийн хаалга хүчтэй нүдэж уйлчихсан гэрт орж ирээд “дүү Б чинь согтуу гэрт ирчихсэн агсам тавиад байна, миний хүү зохицуул болохоо байлаа” гэхээр нь би гэрээс гартал Б хашгирсан хашааны том хаалганы урд талд машиныхаа хажууд зогсож байсан. Би Бэд “ахын дүү боль ингэж болдоггүй юм, одоо харьж амар гэж хэлтэл Б “чи муу юу юм пизда минь зайл” гэхээр нь ахын дүү одоо харьж амар гэсэн. Тэгсэн Б миний шанаа руу цохисон, тэгээд би газар унаад гэрт гэрийн унь таарахаар нь эргэж хараад униараа Б-ийн толгойны зүүн тал руу нь нэг удаа цохисон. Цохисон унь дундаараа нэг хугарсан...гэх мэдүүлэг /хх-76-78/

            - шүүхийн хэлэлцүүлэг өгсөн :... 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед унтаж байхад ээж хаалга нүдээд уйлсан орж ирсэн. Яасан бэ гэхэд дүү Б агсам тавиад байна гэхээр нь гараад очиход Б Л-тай хамт зогсож байсан. Ахын дүү одоо тэгж болохгүй одоо харьж унт гэхэд миний баруун талын шанаа руу цохисон. Би хойш нь түлхээд гэртээ орох гээд эргээд харахад намайг мөр давуулаад дахин цохисон. Би унахдаа унь бариад эргэж хараад цохисон...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “архи ууж агсам тавьлаа” гэх шалтгаанаар төрсөн дүү Б.Б-ийн толгойн тус газарт нь монгол гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 20-ны орой би гэртээ унтаж байхад ээж Б шөнө 03 цагийн үед гэрийн хаалга хүчтэй нүдэж уйлчихсан гэрт орж ирээд “дүү Б чинь согтуу гэрт ирчихсэн агсам тавиад байна, миний хүү зохицуул болохоо байлаа” гэхээр нь би гэрээс гартал Б хашааны том хаалганы урд талд машиныхаа хажууд хашгираад зогсож байсан. Б миний шанаа руу цохисон, тэгээд би газар унасан...Гарт гэрийн унь таарахаар нь эргэж хараад Б-ийн толгойны зүүн тал руу нь нэг удаа цохисон...гэх болон /хх-76-78/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  

- хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тэр үед би ээжид агсам тавьж гэрт нь байсан зуухыг өшиглөж гэрээс нь хөөж гаргасан...Ээж гэртээ орж ирэхгүй болохоор нь гэрээс гарч хашаанд зогсож байтал ах Б нөгөө талын гэрээс ээжтэй хамт гараад ирсэн. Б нь намайг гэр лүүгээ харь ингэж болохгүй гэсэн, буцаад алхтал нь би араас нь толгой руу нь цохисон. Л намайг машиндаа суулгаад авч явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-37/,  

            - гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...дүү Б  нь Быг эргэж хараад баруун шанаанд баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл дүү  Б баруун зүгт яваад удалгүй гартаа нэг зүйл барьж ирээд дүү Бийн толгой руу цохисон. Дараа нь дүү Б надад хэлэхдээ “гэрийн униар толгой руу нь цохисон” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-9/,

- гэрч Ц.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б хажууд нь байсан монгол гэрийн унь аваад Бийн толгой руу нэг удаа цохисон. Б газар дээрээ доошоо нүүрээрээ унасан. Б нь нилээн хүчтэй цохих шиг болсон, гэрийн унь хугарсныг бодоход. Би Б-ийг суганаас нь өргөж машины урд суудал дээр суулгасан...гэх мэдүүлэг /хх-49/, 

            - гэрч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... би түргэний машинтай Б ахтай хамт гэмтлийн эмнэлэгт очсон. Тэр үед Б надаас “Б яасан юм бол, би шөнө ирэхэд нь униар толгой руу нь нэг удаа цохичихсон юм, гайгүй байгаа” гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-40-41/,

            - шинжээчийн дүгнэлт...Б.Б-ийн биед үүссэн...баруун зулай, чамархай, суурь ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал тархины эдийн няцрал гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтэл авснаас хойш цусан хураа бүрэлдэн тархи дарагдах хүртэл хүн ухамсарт үйл хөдлөл хийх боломжтой. Тухайн хүнд гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттайгаас гадна нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв. 

Тодруулбал, шүүгдэгчийн хүсэл зоригоо дайчилсан гэм буруугийн санаатай хэлбэр, идэвхтэй үйлдэл тухайн үйлдлийн улмаас учирсан хор уршгийн шалтгаант холбоо тус тус тогтоогдсон байх тул шүүгдэгч тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй болно.   

   Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд нийт 1000,000 төгрөг төлж барагдуулсан талаар шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсэн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн /хх-112/ байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс болж буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь эхнэр, бага насны хүүхэдтэй байх ба хөрөнгө орлогын хувьд төлбөрийн чадвартай гэж үзэх баримтгүй байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

Бусад асуудал

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан унийг (хугархай 5 хэсэг бүхий) зохих журмын дагуу устгах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 1 жил 2 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан унийг (хугархай 5 хэсэг бүхий) зохих журмын дагуу устгасугай.      

 

6. Шүүгдэгч Б.Б-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.       

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

 

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР