Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/1238

 

2025          10            29                                                                                  2025/ДШМ/1238

                                                                 

Б.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

хохирогч Б.М-гийн өмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/5883 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох 2406 00904 1926 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц- овгийн Б-ийн М-, ........., /РД:....../,

Шүүгдэгч Б.М- нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... байрны 15 тоотод хохирогч Б.М-гийн биед халдаж бие нь зүүн хөлийн чигчий хурууны өлмий, угийн шивнүүр, ядам хурууны угийн шивнүүр, дунд хурууны үзүүрийн шивнүүр ясны зөрүүгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Б.М-гийн эзэмшлийн гар утсыг хууль бусаар устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүний агуулгад нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ...” гэж тус тус заасан. Шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 496 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Б.М-д дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11, 17 дугаар бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч, үгүйсгэгдэж байгаа талаар болон өөр бусад гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэм буруугийн хэлбэрийн шинжийг бүх талаас нь шалгаж нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, хохирогч Б.М- нь хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсонд гомдолтой байгаа талаараа мэдүүлсэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байна гэх үндэслэлийг дурджээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нар тус шүүхэд хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “Тухайлбал хавтаст хэрэгт хохирогч Б.М-гийн өгсөн мэдүүлэгт “Хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон” талаар дурдаж, энэ талаар гомдолтой байгаагаа илэрхийлсэн баримтат мэдээллүүд хэрэгт авагдсан байхад энэхүү мэдүүлэгт дурдсан үйл баримтыг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэлээ” гэж дүгнэсэн байдаг. Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, магадлалын тогтоох хэсгийн 2-т шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасны дагуу анхан шатны шүүхэд хэргийг буцааж шийдвэрлэхдээ Б.М-г шүүгдэгчийн хувиар шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авахдаа урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шилжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Энэ талаар шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдааны үеэр тайлбарлаж, мэтгэлцэн оролцсон боловч шүүгчийн захирамжид үүнийг хэрхэн яаж няцаан үгүйсгэсэн талаар дурдсан зүйлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх үүнийг буруу ойлгон тайлбарлаж “Тухайлбал хохирогч Б.М- нь хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсонд гомдолтой байгаа талаараа мэдүүлсэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байна..., давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна” хэмээн дүгнэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх хохирогч Б.М- нь зүс таних хүнд зодуулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр өөрийн өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхдөө хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон талаар мэдүүлсэн байдаг. Ийнхүү мэдүүлэгт дурдсан үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Б.М- нь бэлгийн харилцаад орсон эсэх, онгон хальс гэмтсэн эсэх, бэлгийн замын халдварт өвчинтэй эсэх, хэрэв өвчтэй бол ямар өвчнөөр, ямар хугацаанд өвчилсөн болохыг тогтоолгохоор “Шинжээч томилж, шинжилгээ тухай” мөрдөгчийн тогтоол гарсан. Энэхүү мөрдөгчийн тогтоолын хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5319 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.М-гийн охин хальс хуучин урагдалтай байна, шинжилгээгээр ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламидын халдвар илрээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Дээрх шинжээчийн дүгнэлттэй хохирогч Б.М-гийн өмгөөлөгч 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр танилцаж, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байдаг. Харин 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.М-гийн өмгөөлөгч Л.Жавзмаагаас Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандаж хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ 2024 оны 5319 дугаартай шинжээчийн дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийлгүүлэх талаар дурдсан байсан. Энэхүү хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 431 дугаартай тогтоол гарч, өмгөөлөгч Л.Жавзмаагийн хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх үед хохирогч Б.М-гөөс дахин мэдүүлэг авахаар холбогдсон, өмгөөлөгчөөр нь дамжуулсан боловч утсаа авахгүй байгаа талаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. /хх 134/ Мөн хохирогчийн ээж Х-тай холбогдон нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогч Б.М-гөөс дахин мэдүүлэг авах тухай хэлэхэд мэдүүлэг өгүүлэхгүй хэмээн утсаа тасалсан болохыг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд тусгасан байдаг. /хх 135/ Харин 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Б.М-гаас дахин мэдүүлэг авсан бөгөөд энэ нь хохирогч Б.М-гийн хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон талаар мэдүүлсэн мэдүүлэгтэй холбогдуулан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан мэдүүлэг юм. Энэхүү мэдүүлэгт Б.М- нь “Би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө ажлаасаа ирээд юм ярьж сууж байгаад бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсны дараа унтах гэж хэвтэж байхад гар утсанд нь чатаар мэдээлэл ирж түүнээс болж л маргаан үүссэн юм. Харин маргаан болж байх үед мөн маргаан болсны дараа бэлгийн харьцаанд ороогүй” гэж мэдүүлсэн байдаг. /хх 146-147/ Хавтаст хэргийн 14 дүгээр талд хохирогч Б.М-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг байх бөгөөд мөрдөгчийн “Та М-тай урьд өмнө нь бэлгийн харилцаанд орж байсан юм уу” гэсэн асуултад тэрээр “Би М-тай бэлгийн харилцаанд орж байсан.” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгчийн “Тухайн үед Б.М-гийн бэлэг эрхтнээс арчдас авсан эсэх? Онгон хальс хэзээ гэмтсэн эсэх талаар ярина уу?” гэсэн асуултад шинжээч “Б.М-гийн бэлэг эрхтэнд батерлиогийн шинжилгээ хийгдсэн байна. Бактерлиогийн шинжилгээнд цус наацын шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр бэлгийн замын 5 төрлийн өвчин илрээгүй. Охин хальсны урагдал 14-21 хоногийн хугацаанд бүрэн эдгэрч сорвиждог тул охин хальсны хуучин урагдал хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Охин хальс нь нэг л удаа урагддаг” гэж мэдүүлсэн байдаг. Дээрхээс харахад хохирогч Б.М-гийн мэдүүлгээр Б.М-тай өмнө бэлгийн харьцаанд ордог байсан гэж мэдүүлсэн байх бөгөөд түүний өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан хүсэлтэд дурдсан “хүчээр бэлгийн харьцаанд орсны улмаас Б.М-гийн онгон хальс урагдсан гэж үзэхээр байна” гэсэн нь үгүйсгэгдэж байна. Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт дурдсан “хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэх үйл баримтыг бүрэн дүүрэн шалган тогтоож, тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.М- нь хохирогч Б.М-д бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй үйл баримт тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон” гэх гомдлын хүрээнд болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдтэй нь холбогдуулан мөрдөгч, прокурорын зүгээс хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлын дагуу гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг бүх талаас нь шалгаж нарийвчлан тогтоосон, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн байдаг. Иймд тус хэргийг хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/588Э дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Анхан шатны шүүхээс гаргасан хэргийг прокурорт буцаах захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны үндсэн дээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 691 дугаартай захирамж гарсан. Уг захирамжаар хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүгдэгчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлож шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байгаа буюу хавтаст хэрэгт уг хүчин төгөлдөр шүүгчийн захирамж бий. Шүүх хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон. 510 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-д хуульд заасны дагуу ял оногдуулсан. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч болон прокурорын зүгээс эсэргүүцэл, гомдол бичиж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэж магадлал гаргасан. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ цаг хугацаанаас хойш анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн захирамж гаргаж, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5883 дугаартай захирамжаар хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэрэг буцаахгүй гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж шүүгдэгч Б.М- болон өмгөөлөгч миний зүгээс давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж огт дүгнээгүй. Харин хохирогчийн хэрэгт авагдсан мэдүүлэг, нотлох баримтад хуульд заасан дүгнэлт хийгээгүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд гэм буруугийн хурал хийгдээд шүүгдэгчид ял оногдуулсан. Үүнийг нь давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буцааж шийдвэрлэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүхийн шатнаас хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахгүй гэх хоёрдмол утга санаагүйгээр хуульчлагдсан зүйл заалтыг шүүх ноцтой зөрчсөн. Шүүгчийн өөрийнх нь санаачилгаар зарласан шүүх хуралдаан дээр шүүхийн шатнаас хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахгүй шүү дээ гэх тайлбарыг захирамжийн үндэслэх хэсэгт няцаагаагүйг зөрчил гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Б.М-гийн өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явж байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхны урьдчилсан хэлэлцүүлэг хүчинтэй байна хэмээн тайлбарлаж байна. Мөн үүний дараа шүүх хурал хийж шийтгэл оногдуулсан. Үүнд нь бид гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээс хэрэгт бүрэн гүйцэт ажиллагаа хийгдээгүй байна гэж анхан шатны шүүхэд буцаасан гэх тайлбарыг хэлж байна. Гэтэл давж заалдах шатны магадлалд маш тодорхой заасан. Би хохирогчийн өмгөөлөгчийн хувьд мөрдөн байцаах шат болон прокурорын шатанд маш их хүсэлт тавьсан. Хохирогч хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон, өвлийн хүйтэнд хөл нүцгэн амиа хамгаалахаар гарч гүйсэн үйл баримт байдаг. Шүүгдэгчийн зүгээс зүгээр л орхисон. Азаар сайн хүмүүс таарсан байдаг. Энэ үйлдлийг гэрчлэх гэрч байгаа учраас гэрчээр асууж өгөөч гэж хүсэлт гаргасан. Бид хувиараа дуудлагын таксинд очихоор хуулийн байгууллага хүсвэл бичлэг гаргаж өгнө гэж хэлдэг. Энэ талаар мөрдөн байцаах прокурорын шатанд хүсэлтээ гаргахад энэ ямар ч ач холбогдолгүй, зөвхөн гэмтэл авсан болон гар утас хоёр л хамааралтай гэж хэлээд хөдлөхгүй байсан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаараа тайлбарласан боловч хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж тайлбарласан. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан 496 дугаартай магадлал байгаа. Энэ магадлалын дагуу дээд шатны байгууллагын үүрэг даалгаврыг анхан шатны шүүх заавал биелүүлэх ёстой шүү дээ. Өөр гэмт хэргийн шинж байж болзошгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна, шүүхийн шатанд хийгдэх боломжгүй байна гэж дүгнэн гарсан магадлалыг анхан шатны шүүх хүлээж аваад 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж гарсан. Нэгэнт магадлал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч хэрэг прокурорт буцаасан нь процессын ажиллагаа шүү дээ. Хохирогчийн зүгээс харахад хэргийг дутуу шалгасан зүйл байдаг. Миний зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.М-д холбогдох хэрэгт 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүгчийн санаачилгаар зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгээс эхлэн миний бие хяналт тавьж оролцож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцахад хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан гэмт хэргийн шинж байгаа юм биш үү гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байсан. Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад өөрийн санаачилгаар хэргийг хянан хэлэлцээд прокурорын шатанд буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай, давж заалдах шатны магадлал үндэслэлтэй байна гэж үзсэн. Прокуророос буцаасан захирамжийг хүлээж аваад дээд шатны прокурортойгоо ярилцаад эсэргүүцэл бичихгүй байхаар шийдвэрлэсэн буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийж шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарын хамтран гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Б.М-г “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... байрны 15 тоотод хохирогч Б.М-гийн биед халдаж бие нь зүүн хөлийн чигчий хурууны өлмий, угийн шивнүүр, ядам хурууны угийн шивнүүр, дунд хурууны үзүүрийн шивнүүр ясны зөрүүгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Б.М-гийн эзэмшлийн гар утсыг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолоор Б.М-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ДШМ/496 дугаартай магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал, хэргийн бүхий л нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тал бүрээс нь бүрэн хангалттай, бодитойгоор тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн буюу хохирогч Б.М-гийн өгсөн мэдүүлэгт “хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон” талаар дурдаж, энэ талаар гомдолтой байгаа илэрхийлсэн баримтат мэдээллүүд хэрэгт авагдсан байхад энэхүү мэдүүлэгт дурдсан үйл баримтыг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна...” гэсэн үндэслэл заажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/5883 дугаар шүүгчийн захирамжаар “Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...” гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаажээ.

1. Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/691 дүгээр шүүгчийн захирамжаар /хх 227/ шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/5883 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “... Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй...” гэж заасныг зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасан нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүгдэгчийг шүүхэд шилжүүлэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцлээр дээд шатны шүүх хэргийг хянаж, хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгохдоо тухайн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй агуулгаар тусгагдсан хэм хэмжээ байх бөгөөд тухайн хэргийг дээд шатны шүүхээс хүчингүй болгосон үндэслэлээр ажиллагаа хийх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ажиллагаа хийх агуулгатай хуульчлагджээ. Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн хувьд шүүгчийн захирамжид дурьдсан ажиллагаануудыг заавал хэргийг прокурорт буцаалгүйгээр хийх боломжтой эсэхэд анхаарах шаардлагатай.

            Тодруулбал шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж,

            мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж тус тус заасны дагуу уг ажиллагааг хийлгэх боломжтой байна.

            Иймд шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/5883 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОДОНЧИМЭГ

ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

           ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ