| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00092/И |
| Дугаар | 305/ШШ2026/00143 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 305/ШШ2026/00143
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***************** оршин суух, Ж овогт А-н Ш-н хүсэлттэй,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч А.Ш нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга: 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумд эцэг эхийн хамт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай.
2. Хүсэлт гаргагч А.Ш нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1976 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ********* сумд төрсөн. Би 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллах болсон. 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүнтэй сууж өрх тусгаарласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1993-1996 оны малын А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж, шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумд аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт
- Иргэний үнэмлэхийн лавлагаа/А.Ш/,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03-10/80 дугаартай 1989 оны Говь-Алтай аймгийн ********* сумын хүн ам тооллогын лавлагаа,
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн CVL2682000001000041 дугаартай А.Ш-н төрсний бүртгэлийн лавлагаа,
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 498 дугаартай Д.А 1990-1996 онуудын А дансны лавлагаа, архивын эх баримтын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/
- Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20260109000073 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч А.Ш-н хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч А.Ш нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын **** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага/байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. А.Ш нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын **** багт эцэг Д.А, эх Б.П нарын хамт мал маллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 498 дугаартай архивын тус аймгийн ********* сумын **** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Д.А мал маллаж байсан хугацаа 1990-1996 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон лавлагаа
- Хүсэлт гаргагчийн эцэг Д.А 1990-1996 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны эх баримтын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03-10/80 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн Д-н А 64 настай, эхнэр Б-н П 57 настай, охин А-н М 21 настай, охин А-н Ш 12 настай, хүү А-н Г 15 настай ... гэж бүртгэгдсэн архивын лавлагаа
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн CVL2682000001000041 дугаартай А Ш 1976 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрснийг 1976 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын 96 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа
-Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай А Ш/***********/ нь 1984 онд тус сургуулийн 1 дүгээр ангил элсэн суралцаж, 1992 онд 8 дугаар анги төгсөж, цааш суралцаагүй малчин болсон нь үнэн гэх агуулга бүхий албан бичиг
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ж овогт Ш-н Ц, Ж овогт А Ш нар гэр бүл болсныг 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын 20 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.Ш нь 1992-1996 онуудад эцэг Д-н А өрхөд харьяалагдаж мал маллаж байсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч Ж овогт А Ш-н 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын **** багт эцэг Д.А, эх Б.П-н хамт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж овогт А Ш-н 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын **** багт эцэг Д.А, эх Б.П-н хамт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН