Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 305/ШШ2026/00129

 
                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ***************** оршин суух П-н Ц-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн **************** оршин суух, Б овогт Д-н Ц, Б овогт Н-н Н нарт холбогдох,

5,635,000(таван сая зургаан зуун гучин таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Д.Ц, Н.Н, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхзаяа нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Н.Н, Д.Ц нараас цагаан идээний үнийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүү 635.000 гаргуулахаар нэхэмжилжээ.

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, татгалзал тэдгээрийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...Завхан аймгаас цагаан идээ авчирч зарахаар тохироод эдний машинтай явсан. Очоод авах гэхэд мөнгөгүй гээд миний 20 сая төгрөгөөр 1 тонн цагаан идээ авч, ирж эхлээд хамт зарж байснаа би хот явах ажил гарч айлын гражид үлдээсэн байсныг эднийх аваад зарж байя гэсний дагуу гаргуулж заруулсан. Хөдөө мал руугаа явах зэрэг шалтгаанаар цуг зогсож зарж чадаагүй. Мөнгөө шилжүүлж байгаад шилжүүлэхээ больсон, одоо үлдсэн цагаан идээний үнэ 5,000,000 төгрөг, хүү 635.000 төгрөг гаргуулна...” гэх агуулгаар тайлбарлав.

4.2. Хариуцагч Н.Н татгалзлаа тайлбарлахдаа “...Завханаас энэ хүний 20 сая төгрөгөөр цагаан идээ авчирсан. ...Өдөрт хөөгөөд зогсоохгүй учраас энэ хүн хоёулаа ерөөсөө үндсэн үнээрээ зарчихъя, ашиг авахгүй гэж хэлээд зарсан байхгүй юу. Тэгээд өдөр өдөрт нь тооцоогоо хийгээд өгдөг мөнгөө өгөөд яваад байсан. Тэгээд үлдэгдэл бараагаа хоёулаа хувааж авъя гэж хэлээд 4 сая гаран төгрөгийн бараа хувааж аваад үлдэгдэл нэг сая гаран төгрөгийн барааг би яах вэ зараад мөнгийг чинь өгчихье л гэж хэлсэн болохоос биш өөр илүү дутуу би мөнгө өгье гэж хэлээгүй...” гэж тайлбарлав.

4.3. Хариуцагч Д.Ц татгалзлаа тайлбарлахдаа “...Би зүгээр машинаараа л явсан. Би энэ хоёртой зогсоогүй. Би машинаар явж өгсөн нь үнэн. Би цагаан идээ зарж байхад нь угаасаа очиж байгаагүй...” гэж тайлбарлав.

4.4. Хариуцагч нарын өмгөөлөгч М.Энхзаяа тайлбартаа “... Нэхэмжлэл гаргасан үндэслэл нь хэнээс, ямар үндэслэлээр 5 сая төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна … Хэдэн килограмм, ямар төрлийн цагаан идээ хэнд хэзээ яаж хүлээлгэж өгсөн нь ойлгомжгүй байгаа. Мөн хэргийн материалд байгаа цагаан идээний үнийн дүнгийн тооцооны дэвтэр байна. Энэ нотлох баримтуудаар яг юуг нотлох гээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Нэхэмжлэгч хариуцагч хоёрын дунд хэдэн килограмм цагаан идээ зарах байсан, энэ нь ямар ч баримтаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлээд байгаа 5,000,000 төгрөгийг ямар нотлох баримтаар яг энэ хэмжээний мөнгөний авлагатай, өглөгтэй гэсэн ийм нотолгооны баримт байхгүй байна … Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж өгөөч. Өглөгтэй нь бол ойлгомжтой байгаа юм байна. 1,000,000 төгрөгөө бол өгнө гэж байгаа. Үлдэгдэл нотолгооны зүйлийг нотолж чадахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна…” гэв.

5. Үйл баримтын хувьд П.Ц, Н.Н нар 2025 оны 1 сарын 27-ны өдөр хамтарч П.Ц-н 19,820,000(арван есөн сая найман зуун хорин мянга) төгрөгөөр Завхан аймгаас цагаан идээ авчирч зарж ашгаа хуваахаар тохиролцсон. Ингэхдээ Д.Цгийн эзэмшлийн машинаар явсан үйл баримт тогтоогдож байгаа ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Харин зарсан цагаан идээний үнэ, үлдэгдэл цагаан идээний хэмжээ болон түүний үнийг шилжүүлж төлсөн эсэх болон үнийн дүн маргааны зүйл болж байна.

6. Хууль зүйн хувьд талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлоход талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Н.Н нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 476  дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж, 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.” гэж, 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж, 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж, 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж, 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж, 480 дугаар зүйлийн 480.1.1-т “хамтран ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болох”-оор, 480.3-т “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж  тус тус заажээ.

9. Уг гэрээгээр талууд хямд цагаан идээ авч ирж, зарж борлуулан ашиг олох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлэн Завхан аймгаас цагаан идээ худалдан авч ирж зарж борлуулаад олсон орлогоос гаргасан бүх зардлаа хасаж, үлдэх ашгийг хуваан авахаар тохирчээ.

10. Хамтран ажиллах гэрээний хураамжийн хувьд П.Ц 19,820,000(арван есөн сая найман зуун хорин мянга) төгрөгийг гаргасан ба Н.Н-н хувьд хураамжид тодорхой үйлчилгээ, үйл ажиллагааг тооцуулсан буюу нөхөр Д.Ц-н машинаар тээвэрлэж, зарж борлуулах ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

11. Дээрх байдлаас дүгнэхэд талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчаар явагдах ба, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох баримтыг талууд өөрсдөө шүүхэд цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй.

13. Хамтран ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болж болох ба Иргэний хуулийн 71.2.Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж зааснаар хууль зүйн хувьд зохигчдын хоорондох хэлцлээр бол цагаан идээгээ зарж дууссанаар гэрээний харилцаа дуусгавар болох юм.

14. Ийнхүү дуусгавар болоход үлдэх хөрөнгө буюу зарагдаагүй бараа, ашиг алдагдал, төлбөр тооцоогоо хуваарилах ба тодорхой үйлдэл хэрэгжүүлж оролцсон оролцогч Н.Н нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, цагаан идээний нийт төлбөрийг П.Ц төлснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч өөрийн хүлээсэн үүргийн дагуу хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулсан, нэхэмжлэгчид хэдэн төгрөг буцаан өгсөн, одоо тооцоо үлдсэн эсэх, үлдсэн бол хэдэн төгрөг болохыг нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадахгүй байх буюу энэ талаар шүүхэд ямар нэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нотолгооны хуваарь ёсоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон нотолсныг хариуцагч няцаан үгүйсгээгүй байх ба мөн хариуцагч татгалзлаа нотлох үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Тодруулбал маргааны зүйлийн хувьд нэхэмжлэгч нь өөрийн гаргасан мөнгөн хөрөнгийн талаарх тайлбартай хариуцагч маргаагүй тул нотлогдож байна гэж үзэх ба тооцооны үлдэгдэл 5,000,000(таван сая) төгрөг гэж нэхэмжлэгч тодорхойлсныг хариуцагч няцаан үгүйсгэж нотолж чадаагүй байна.

15. Харин хүү нэхэмжилсэн шаардлагын хувьд талуудын харилцаа нь зээлийн гэрээний харилцаа биш байх тул хүү шаардах эрхгүй бөгөөд гэрээ байгуулах үедээ үүргийн гүйцэтгэлийг хангахад алданги хэрэглэхээр тохирч бичгээр гэрээ байгуулаагүй байна.

16. Хариуцагч Д.Ц-н хувьд гэрээний харилцааны оролцогч биш, ямар нэг үүрэг үүсээгүй болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

17. Иймд хариуцагч Н.Н-с цагаан идээний үнэ 5,000,000(таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ц-д олгож, нэхэмжлэлээс хүү 635,000(зургаан зуун гучин таван мянга) төгрөгийг гаргуулах болон Д.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэлээ.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,110(нэг зуун таван мянга нэг зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 5,000,000(таван сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950(ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагч Н.Н-с гаргуулан нэхэмжлэгч П.Ц-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476  дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Наас хамртан ажиллах гэрээний үүрэг болох цагаан идээний үнийн үлдэгдэл 5,000,000(таван сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 635,000(зургаан зуун гучин таван мянга) төгрөг гаргуулах болон Д.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,110(нэг зуун таван мянга нэг зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 5,000,000(таван сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950(ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагч Н.Н-с гаргуулан нэхэмжлэгч П.Ц-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7(долоо) хоногийн дотор Говь-Алтай аймгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН