Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            Улсын яллагч У.Солонго,

            Шүүгдэгч У.Х

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас У.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1802002150131 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:      

            Монгол улсын иргэн,

            Монгол улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч У.Х нь 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө БНСУ-ын Имсон хотын Мугиук дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Р-ийг түр хугацаанд амьдарч буй газар нь архидан согтуурч маргалдсаны улмаас нуруун тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө БНСУ-ын Имсон хотын Мугиук дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Р-ийг түр хугацаанд амьдарч буй газар нь архидан согтуурч маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч У.Х нь 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө БНСУ-ын Имсон хотын Мугиук дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийг түр хугацаанд амьдарч буй газар нь архидан согтуурч маргалдсаны улмаас нуруун тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө БНСУ-ын Имсон хотын Мугиук дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийг түр хугацаанд амьдарч буй газар нь архидан согтуурч маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний бие БНСУ-ын Имсон хотын Мугуг дүүрэгт 2 өрөө байр түрээслэн амьдардаг байсан. Би үүдний өрөөг Баянгийн Б-ийн хамтаар түрээслэн амьдардаг байсан. Харин нөгөө өрөөнд Х болон бас бус танихгүй нилээн хэдэн хүн амьдардаг байсан. Х Монгол улс руу буцна гэж байсан болохоор 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай байрныхан хоолонд орцгоосон. Би өөрөө архи уудаггүй учраас хоолонд ч ороогүй, хамт ч архи уугаагүй. ...Би өрөөндөө амарч байтал намайг бууны нохой, мөн амиа хичээсэн арчаагүй амьтан, дандаа ганцаараа ажил хийдэг гэх мэтээр Х, Б хоёр доромжлоод байсан юм. Б нь бид нарыг ажилд гаргадаг хүний хамаатан гэж ярьж байсан ба хамаатан чинь чамайг ажилд гаргаж өгч чадахгүй би яахаараа чамд ажил олж өгдөг юм гэдэг асуудлыг ярьж хэрүүл хийсэн. Тэгсэн чинь Х нь намайг уулзъя гэж хэлээд өрөөнөөс гаргаж ирээд коридорт зогсоож байгаад үсдэж доош дараад дээрээс толгой, нуруу, гэдэс бүх газар луу өшиглөж эхэлсэн. Энэ үед Б нь бас хажуу талаас өшиглөж дээрээс дэвсэж миний нуруу руу цохьсон. Тухайн үед шөнийн 03 цаг болж байсан учраас би найз Б руу залгасан чинь 03 цаг 30 минутын орчимд Б хүрч ирээд бид нарыг салгаж миний байгаа байдал, зургийг авч баримтжуулж надад өгсөн юм. Тухайн үед хөлөөрөө болон гараараа цохиж байсан. Х нь бол намайг алаад хаячихъя гээд л дайраад байсан. Б нүүр лүү хэд хэдэн удаа цохиод авсан. Х гарч ирээд миний утсыг надтай булаацалдаад миний нуруу болон цээж хэвлийн хэсэг рүү нилээн хэдэн удаа гараа атгаж байгаад цохиод байсан. Би утсаа алдахгүй гээд зууралдаад байсан ба Х том биетэй учраас намайг гарынхаа аясаар хананд савуулж газарт унагасан. Миний дээрээс дарж суугаад нуруу руу 2-3 удаа хүчтэй цохих үед гол тасрах шиг маш их өвдөж орилох үед “үхсэндээ баашлаад байгаа юм бэ” гэж хэлээд дахиад 1-2 удаа цохиж аваад миний утсан дээрх бичлэгнүүдийг устгачихаад утсыг маань над руу шидчихсэн. Эмчилгээний зардал 3.800.000 төгрөг болсон. Би Баянхонгор аймагт амьдардаг учраас Улаанбаатар хотод дахин дахин ирээд байх боломж алга байна...гэх мэдүүлэг /хх-15-18/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн 4277 дугаартай...Б.Бийн биед бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын сэртэнгийн далд хугарал, дээд, зүүн 2, 3 дугаар шүд, дээд баруун 3 дугаар шүдний булгарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гуя, өвдөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Б-ийн биед бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын Сэртэнгийн далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хурапт, зүүн гуя, өвдөгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Б-ийн 3 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-50/

            - шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Үзүүлэгчид учирсан бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын сэртэнгийн далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх үед олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гараар болон өшиглөх үед аль алинд нь дээрх гэмтлийг учруулах боломжтой. Үзүүлэгчийн биед учирсан дээд зүүн 2, 3 дугаар шүд, дээд баруун 3 дугаар шүдний булгарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл 2 удаагийн цохилтоор үүсгэгдэх боломжгүй. Түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна...гэх мэдүүлэг /хх-55/,

            - шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...Шөнө 02 цагийн орчим би бие засах гээд босоод өрөөнөөс гарах гэтэл өрөөний үүдэнд хамт амьдардаг Б утсаараа ярианы бичлэг хийгээд сууж байхаар нь “та юун бичлэг хийгээд байгаа юм бэ болиоч, бид нарын яриа танд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд “миний бичиж байгаа бичлэг та нарт ямар хамаатай юм бэ” гээд хэрэлдэхээр нь “энэ бичлэг хийж байгаагаас чинь болоод байрны эзэн Б-тай маргалдаад байгаа” гэж хэлэхэд өөдөөс хэрэлдээд байхаар нь нүүрний хэсэгт нь 2 удаа гараа атгаж байгаад цохиж аваад Х-ыг 00-ын өрөөнөөс гарч ирэхэд нь “Б ах бичлэг хийгээд байна” гэж хэлчихээд зөрөөд орчихсон юм. Тэгээд буцаж гарч ирэх үед Х Б-ийн утсыг нь булааж авчихаад бичлэгийг нь устгаж байх үедээ нурууны хэсэгт нь 3-4 удаа гараа атгаж байгаад цохиод авсан юм. Тэр үед Б ёо ёо гээд орилоод байсан учраас би дундуур нь орж больцгоо гэж хэлээд салгаад бид нар амарцгаасан. Бид нар маргалдаад дууссаны дараа Б өөрийнхөө утсыг аваад байрны эзэн рүү ярьж “намайг зодчихлоо” гээд дуудсан. Тэгээд байрны эзэн ирээд Б-ийн зургийг нь утсаар нь авч өгсөн. Байрны эзнийг ирэхэд Х унтчихсан байсан. Миний хувьд дунд зэргийн л согтолттой байсан.../хх-103/,

            - шүүгдэгч У.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 00-ын өрөө орж бие зассан. Энэ үед Б, Б хоёр муудалцаад унасан. 00-ын өрөөнөөс гараад иртэл Б надад хандан “Б утсан дээрээ бичлэг хийгээд байна, энэ бичлэгээ байрны эзэнд өгөөд хов зөөгөөд бид нарыг байрны эзэнтэй муудалцуулаад байдаг юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Боос утсыг нь булаагаад авчихсан чинь надаас утсаа булааж авах гээд зууралдаад байсан. Гарнаас татаад байсан ба гар хөдөлгөхөөр дагаж хоёр тал руу үсрээд байсан. Тэгэхээр нь би барьж авч дарж байгаад утсан дээрээс нь бичлэгийг нь устгаад нуруун дээр нь 2 удаа цохиод авсан чинь миний гарыг тавихаар нь утсыг нь буцааж өгчихөөд өрөө рүүгээ ороод үлдсэн пивоо уучихаад унтаад өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй. Б Б-ийг цохьсон эсэхийг бол хараагүй. Хамарнаас нь цус гарсан байсныг харсан. Миний хувьд нилээн согтчихсон байсан учир шөнө байрны эзэн ирсэн асуудлыг би огт мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-109/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч У.Х-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч нар нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 3.800.000 төгрөг өгсөн хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-174, 183/ гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор шүүгдэгч У.Х-т 850 нэгж буюу 850.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б-д 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох тул тэдэнд прокурорын саналын дагуу торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У.Х-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-т 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Хт оногдуулсан 850.000 төгрөгийн торгох ял, Б.Б-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 1 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР