Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/1265

 

2025            11            06                                                                            2025/ДШМ/1265

С.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2204 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2410003801221 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн С-ы М- /РД: ....../, .........,

Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 443 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч С.М- нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “......” хотхоны барилгын ажлын гүйцэтгэж буй 14 давхрын өрөөнөөс хохирогч Н.Э-ийн барилгын ажилд ашиглаж байсан 1 ширхэг лазер, 2 ширхэг тэгш ус 1 ширхэг резинэн алх зэрэг багажууд, хүүхдийн гутал, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт 2 ширхэг, түрийвчтэй 36,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Э-т 1,019,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт С-ы М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан С.М-н цагдан хоригдсон нийт 48 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.М-гээс 1,019,800 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э-т олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч С.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэрэгт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Мөн миний бие нь ээж болох С-тай амьдардаг биеийн байдал хүнд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан нийгмийн халамж тэтгэвэр авч бусдын асаргаанд байдаг тул хохироос өөр төрлийн ял оногдуулж шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.М-н өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоол гарах үед хохирогч Н.Э-т төлөх хохирол төлөгдөөгүй байсан. 1,019,800 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн. Хохирогч Н.Э-ийн “ХААН” банкны данс руу хохирол төлбөрийг шилжүүлсэн тухай баримтыг шүүгчийн туслахад өглөө хүргүүлсэн болно. Хэдийгээр С.М- нь 2019 онд шүүхээр ял шийтгүүлсэн ч ял шийтгэлийг эдэлж дууссан учраас түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, мөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сүрмандах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, хохирлоо төлөөгүй, хувийн байдал, урьд нь хулгайлах гэмт хэрэгт холбогдож 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан түүнд хорих ялын санал гаргасан. Шүүх заавал улсын яллагчийн саналаар шийдвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон сараар оргон зайлж, алга болсон, хохирол төлөөгүй, урьд нь хулгайлах гэмт хэргийн улмаас нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан 1 жилийн хорих ялыг оногдуулсныг үндэслэлтэй гэж үзээд эсэргүүцэл бичээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлсөн талаарх баримтыг дурдаж, өмгөөлөгч нь тайлбар хэлж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруудаа маргахгүй байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар солиход тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.М- нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “......” хотхоны барилгын ажлын гүйцэтгэж буй 14 давхрын өрөөнөөс хохирогч Н.Э-ийн хэмжилтийн лазер, 2 ширхэг тэгш ус, 1 ширхэг резинэн алх зэрэг багажууд, хүүхдийн гутал, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт 2 ширхэг, түрийвчтэй 36,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,019,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

хохирогч Н.Э-ийн “...Би өчигдөр ажил дээр байхад гарт утсанд мессеж ирсэн. Тэгээд үзэхэд миний “Голомт” банкны карт руу 3 удаагийн нэвтрэх оролдлого хийгээд, блоклогдсон гэсэн мэдээлэл ирэхээр нь би хувцас солих өрөө лүү ороход миний шүүгээнд байсан цүнхтэй хувцас, хүүхдийн гутал, багаж зэрэг байхгүй болсон байсан. Тэгээд би “Голомт” банк руу залгаж хэзээ хамгийн сүүлд зарлага гарсан байна гэж асуухад Наадам центрийн “Шөлөндөө”-д уншуулсан байна гэхээр нь очоод камерын бичлэгийг үзсэн... Миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, голомт банкны карт, машины түлхүүр, 2 хайрцаг тамхи, түрийвчинд байсан 37,000 төгрөг, картад байсан 19,400 төгрөг уншуулсан байсан. Мөн манай хүүхдийн гутал, барилгын лазер, тэгш ус, 1 резинэн алх алга болсон байсан... Өнөөдөр Зайсангийн Вилла Вистагийн тэнд явж байсан чинь алхаад явж байхаар нь очоод бариад авсан. Тэгээд биед нь байсан зүйлийг гаргахад миний 2 хайрцаг тамхи, машины түлхүүр, манай хүүхдийн гутлыг өмссөн байсан. Бусад зүйлс нь байхгүй байсан. Би тэр залуугаас машины түлхүүр, тамхиа авсан. Лазер 280,000 төгрөг, 2 ширхэг тэгш ус нийлээд 160,000 төгрөг, 420,000 төгрөгийн хүүхдийн гутал, резинэн алх 1 ширхэг 10,000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт 2 ширхэг, картнаас 20,000 төгрөг, түрийвчинд 36,000 төгрөг зэргийг алдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26, 28/,

Шүүгдэгч С.М-н “...өөрийн хийсэн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Хулгайд алдагдсан эд зүйлсийг 963,800 төгрөгөөр үнэлсэн “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-36/ зэрэг бусад хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч С.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд тусгагдсан зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Тодруулбал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулсныг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан ...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч нь хохирогч Н.Э-т 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,019,800 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.М- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 44 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт урьд шийтгүүлсэн ялыг бичихдээ “...24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн...” гэж бусад хуульд байхгүй ялын хэмжээгээр “...мөн түрийвчтэй 360,000 төгрөг...” гэж техникийн алдаатай байдлаар бичсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарахгүй боловч цаашид анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2204 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-н 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч С.М- нь хохирогч Н.Э-т 1,019,800 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.АЛТАНТУЯА

            ШҮҮГЧ                                                                         Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                              Г.МӨНХТУЛГА