2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10510

 

 

 

 

 

 

 

 

 

    2025             12                08                                           192/ШШ2025/10510                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, **** дугаар байр, **** тоотод оршин суух, Т******* овогт Э******* Г******* /РД:*******/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Севенстар хотхон, **** дугаар блок, **** тоотод оршин суух, Л******* г******* Б******* Б******* /РД:*******/-д холбогдох

 

55,251,763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э,

Хариуцагч Б.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б,

Гэрч Д.Б, Г.Э,

Шинжээч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Э.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Нэхэмжлэгч Э.Г******* нь 2023 оны 8 дугаар сард Б.Б*******тэй шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллахаар тохиролцон хариуцагчаас дотор засал хийгдээгүй ажлын байрыг гаргах, нэхэмжлэгч талаас үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон ажлын байранд үйл ажиллагаа явуулах шаардлагад нийцсэн засвар үйлчилгээ, тавилга зэргээр тохижуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гарган хөрөнгө оруулж хамтран ажиллаж ашиг орлогоо 50, 50 хувиар хуваахаар амаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Севенстар хотхоны *** дугаар блокийн *** давхарт байрлах 66.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд 2024 оны 2 дугаар сараас завсар үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд объектод шал болон тааз, хана зэрэг нь цутгалттай байдлаар буюу аливаа хэлбэрээр ашиглах боломжгүй байдлаар хүлээн авч хана, тааз, шалны цутгалт, өрөө хоорондын энгийн тасалгаа болон шилэн тасалгаа, сантехник, цахилгаан монтаж, тавилга зэрэгтэй холбоотой бүх бараа материал, өнгө үзэмжийг цаг тухай бүрд нь хариуцагчтай зөвшилцөн гүйцэтгэж дараах зардлуудыг гаргасан. Үүнд

1. Зөвхөн объектод зориулагдан хийгдсэн үзлэгийн өрөөний шүүгээ 1ш, давхар ор- 2 ш, эмчийн өрөөний шкаф 1ш, үйлчлүүлэгчийн хувцасны шүүгээ-1ш, үйлчлүүлэгч хүлээн авах тек 1ш, автомат угаалгын машин зэрэгт нийт 8,350,000 төгрөг зарцуулсан.

2. Объектын сантехникийн холболт, цахилгаан монтаж, шилэн ханын өрөө хоорондын тасалгаа, шал цутгалт, гэрэл суулгалт, тааз янзлан эмульсдэж рек тогтоосон, ханын эмульс, замаск, будгийн ажил зэргийн бараа материалын зардал, тээвэрлэлтийн зардал, ажиллах хүчний зардал зэрэгт 44,199,018 төгрөг зарцуулж нийт 52,549,018 төгрөгийн хөрөнгө оруулсан.

Улмаар засвар үйлчилгээ, тохижилтын ажил дуусаж 2024 оны 9 дүгээр сарын эхээр үйл ажиллагаа эхлүүлэх болсонтой холбоотойгоор ажлын ашиг орлого хуваарилагдах асуудал яригдаж эхлэхэд Б.Б*******д өөрөө ажлын байраа гаргаад орлогын 50 хувийг авах нь түүнд хэт ашиггүй санагдаж "анх тохиролцсон ашгаас илүү ашиг хүртэх саналаа илэрхийлснийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй" үндэслэлээр гэрээнээс татгалзах мэдэгдэл 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч объектод оруулсан хөрөнгө оруулалт эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээ гарган авсан бөгөөд нийт засвар үйлчилгээ, бараа материал, тээвэрлэлт, ажилчдад гаргасан зардал, зөвхөн тус ажлын байрны өрөө тасалгаанд зориулагдан хийгдсэн тавилгуудын үнэ зэрэг хөрөнгө оруулалтын зардлыг өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй байна. Гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч талууд нь гэрээ урт хугацаанд хэрэгжээгүй байгаа тохиолдолд гэрээгээр авч өгсөн эд хөрөнгөө харилцан буцаан өгөх үүрэгтэй. Хариуцагч нь гэрээнээс татгалзаж дуусгавар болсны дараагаар өгсөн мэдэгдлүүддээ ажлын объектод оруулсан хана болон тавилгуудыг салган авахыг илэрхийлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн уг объектод оруулсан засвар үйлчилгээг салгасан тохиолдолд зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй нөхцөл байдал үүсэж бий болгосон зардлаасаа илүү зардал гарч хохирол учрах юм. Түүнчлэн объектод зориулан захиалгаар хийлгэн тохижуулсан тавилгуудыг салган авах боломжгүй бөгөөд хэрэв салган авах тохиолдолд өөрийн бодит үнэ цэнийг алдагдуулан ноцтой хохирол учрах тул салган авах боломжгүй байна. Мөн ажлын байранд засвар хийх явцдаа Г********** ББСБ ХХК- тай 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ-1192130115004354 дугаартай зээлийн гэрээ байгуулж үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор тоног төхөөрөмж, тавилга зэргийг худалдан авч өнөөдөр зээлийн хүү төлж хохирсоор байна. Хэрэв хариуцагч анх тохиролцсон ашгийн хуваарилалтаа өөрчлөх ашиг сонирхлоос үүдэн гэрээнээс татгалзаагүй бол нэхэмжлэгч нь уг зээлийн хүүг үйл ажиллагаа явуулан ажил үйлчилгээгээр орлого олж, гаргасан зардлынхаа алдагдлаа нөхөх боломжтой байсан. Гэтэл хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзаж хөрөнгө оруулалтын зардлыг өнөөдрийг хүртэл олгоогүйн улмаас хүү төлөгдөж хохирсоор байгаагаас гадна гэрээнээс татгалзсантай холбоотойгоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал 280,000 төгрөг, нийт 2,702,745 төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагчаас хөрөнгө оруулалтын зардал 52,549,018 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 2,702,745 төгрөг, нийт 55,251,763 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сард хамтран ажиллахаар тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч болон хариуцагч нар 2022 онд тухайн маргаан бүхий шүдний эмнэлэг байгуулахаар тохижуулсан гэх Хан-Уул дүүргийн 11 хороо, Севен стар хотхоны **** блокийн 66 м.кв бүхий үйлчилгээний талбайг хамтран 50/50 хөрөнгө гарган худалдан авахаар тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч Э.Г******* нь тухайн аман байдлаар тохирон хамтран хөрөнгө оруулж худалдан авахаар тохирсон үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 50 хувь болох 152 сая төгрөгийг төлөхгүй элдэв шалтгаан хэлж иргэний үнэмлэхээ мартсан байна чи гэрээг хийчих. Мөнгөөрөө эмнэлгийн тоног төхөөрөмж авчихлаа гэх мэт/ Б.Б*******ийг "С О" ХХК-иас 304,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг 2 сарын хугацаатай төлбөрийг бүрэн төлж барагдуулах хатуу нөхцөлтэй гэрээг хийлгэн хариуцагч Б Б*******ийг хохироосон. Улмаар дээрх хамтран хөрөнгө оруулж хамтран ажиллах үүргээсээ зайлсхийснээс үүдэн хариуцагчид тухайн хатуу нөхцөлтэй худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхийн тулд бусдаас зээл авч тухайн үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн. Тухайн үйл явдлаас жилийн дараа Э.Г******* найз нь чамтай хамтрах гэж байсан мөнгөөрөө тоглоом тоглоод алдчихсан, гэрийнхэндээ яаж тоглоом тоглоод алдсан гэж хэлхэв дээ, чамтай хамт тухайн Хан-Уул дүүргийн 11 хороо, Севен стар хотхоны **** дугаар блокийн 66 м.кв бүхий үйлчилгээний талбайг авсан гээд хэлчихсэн чамтай л хамтарч шүдний эмнэлэг байгуулж гэрийнхэндээ харуулахгүй бол болохгүй байна гэх учир шалтгаан хэлж ирсэнд би 2010 оноос хойш нэг анги болж байсан хүүхдийн хувиар асуудлыг бодолцож мөн нэхэмжлэгч хувийн шүдний эмнэлэг ажиллуулдаг байсан учир 100 хувь итгэж аман хэлцэл хийсэн. Үүнд Б.Б******* үйл ажиллагаа явуулах ажлын байр болох үйлчилгээний талбайг гаргах, Э.Г******* нь тухайн барилгад явуулах шүдний эмнэлэг буюу клиникийн үйл ажиллагааны стандартад нийцсэн барилгын засвар үйлчилгээг хийж, шинэ тоног төхөөрөмжөөр ханган, шүдний эмнэлэг зөвшөөрлийг гаргаж шүдний эмнэлгийг үйл ажиллагаа явагдаж эхлэхэд олсон ашгийг Б.Б******* нь 60 хувь, Э.Г******* нь 40 хувийг хуваан авахаар харилцан тохиролцсон. Тухайн хамтран ажиллах тохиролцоог 2023 оны 8 дугаар сард аман байдлаар хийсэн бөгөөд Э.Г******* нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүрэн засвар дуусаж үйл ажиллагаа явуулах боломжтой болгоно гэж үүрэг хүлээсэн. Аман гэрээгээр Э.Г******* нь эмнэлгийн дотор заслыг хийхээр тохирсон бөгөөд тохижилт тавилгын асуудлыг бид анхлан огт тохиролцоогүй болно. Гэвч Э.Г******* нь анхлан тохирсон хугацаандаа үүргээ биелүүлж засварын ажил эвдрэл, гэмтэл, цууралтай, тэгш хэмгүй. Харилцан тохиролцсоноос өөрөөр тохижилт болон эвдрэл гэмтэлтэй тавилга бусад зүйлсийг үйл ажиллагаа явуулах ажлын байранд авчирсан. Улмаар Э.Г*******ийн хийсэн засвар нь: Клиникийн барилга байгууламж, орчны эрүүл ахуйн шаардлагын:

"Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6673:2017 стандартын

12.1.1 /Ажлын байрны дотор хана, тааны будаг шохой ховхроогүй, ан цавгүй тоос тортоггүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийхэд тохиромжтой байх.

12.1.2 /Клиник нь тухайн байгууллагын тусламж, үйлчилгээний чиглэл, өөрийн байрны талбайн хэмжээнээс хамааран үйлчлүүлэгчийн хүлээлгийн, оношилгоо, эмчилгээний хэсгийг оновчтой хэлбэрээр зохион байгуулсан байна/

"Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартын

4.4.2 /Тасаг, кабинетын өрөөний хэм стандартад заасан шаардлагыг хангасан байх/

гэх зэрэг Монгол улсад мөрдөгддөг стандарт шаардлагад нийцээгүй болохыг Б.Б******* нь мэдээд 2024 оны 9 дүгэр сарын эхээр нэхэмжлэгчид шаардлага тавьснаар маргаан үүссэн. Мөн нэхэмжлэгч байнга гэрчилгээ дээрээ миний нэрийг ганцхан хоног бичүүлчхээч би гэрийнхэнд үзүүлчхээд маргааш нь нэрээ хасуулчихъя, талбайгаа барьцаанд тавьчих, би үхчихвэл миний хүүхдэд /төрөөд удаагүй / юу үлдэх юм нэрээ бичүүлмээр байна. Гэрийнхэн ирээдүйд олох ашиг орлогыг шилэн шалгана тэр үед яагаад Б******* 60 хувь, чи 40 хувь аваад байгаа юм гэж асуух болно би тэд нарт юу гэж хариулах юм засвар дуусчихлаа хувиа 50 хувь болгомоор байна гэж анхны хэлцлээсээ буцаж гэрт орж ирээд шахаж шаарддаг байсан. Эдгээр шалтгаануудаас болж хамтран ажиллахад хэцүү байсан тул би хамтран ажиллах аман гэрээгээ дуусгавар болгох саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Э.Г******* нь стандартад нийцсэн засвар хийж чадаагүйгээ маргааны үеэр ойлгож байсан учир 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б*******д огт мэдэгдэлгүй тухайн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон талбайгаас тоног төхөөрөмжүүдээ аван түлхүүрийг манаачид үлдээн явсан байсан. Б.Б******* нь тухайн асуудлыг мэдмэгц 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бусад үлдээсэн эд хогшил, бусад зүйлсээ хүлээн авч харилцан тооцоо нийлсэн акт үйлдэнэ үү гэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч Э.Г******* нь огт хариу мэдэгдээгүй болно.

Б.Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлчилгээний талбайн түлхүүрийг хүлээлгэн өгч харилцан тохиролцсоны дагуу засвар үйлчилгээ хийх үүргийг биелүүлэхийг даалгасан боловч тохиролцсон хугацаа болох 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үйл ажиллагаа явагдаж эхлээгүй, удаа дараа Б.Б*******ийг хууран мэхэлж үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг орлого олох боломжийг хаан боогдуулсан зэрэг нь цаашид хамтран ажиллах боломжгүй болгосон. Одоогоор Б.Б******* нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Севен стар хотхоны*****р блокийн 66 м.кв бүхий үйлчилгээний талбайг өөр ямар ч үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй, стандартад нийцсэн бус байдалтай байгаа нь өмчлөгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг орлого олох боломжийг нэхэмжлэгч хаан боогдуулсан байдалтай байна. Иймд дээрх Э.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, депозит дансны хуулга, цахим гүйлгээний баримт, төлбөрийн баримт, 2024.06.11-ний өдрийн №ЗГ-1192130115004354 дугаартай Зээлийн гэрээ, зарлагын баримтууд, 2025.04.26-ны өдрийн Б.Ц тодорхойлолтууд, Г.Г*******ий төрсний гэрчилгээний хуулбар, 2025.04.25-ны өдрийн Б.Ц тодорхойлолт, С********** ХХК-ийн албан бичиг, 2024.02.24-ний өдрийн №24-01 дугаар Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бартерын гэрээ, депозит дансны хуулга,

Хариуцагчаас хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Seven star хотхон,*** блок *** давхрын*** тоот байрлах шүдний эмнэлгийн талбайн дотор зохион байгуулалт болон заслын доголдлуудыг засварлах, мөн өвөлдөө хүйтэн энэ нь эмнэлгийн шаардлага хангахгүй байгаа тул дахин засварлах шаардлагатай ажлын тоо хэмжээний хүснэгт, иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зургууд, 2022.05.02-ны өдрийн №22/13 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, үйлчилгээний талбай хүлээлцсэн акт, Сэвэн стар цогцолборын оффис, худалдаа, үйлчилгээний талбайн захиалагч, худалдан авагч болон гүйцэтгэгч талуудын хоорондын харилцааг зохицуулсан харилцан тохиролцсон хэлцэл, мэдэгдэх хуудас, Сворд отис ХХК-ийн албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2025.11.17-ны өдрийн 18/602 дугаар албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2025.11.17-ны өдрийн 18/601 дугаар албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2025.11.17-ны өдрийн 18/600 дугаар албан бичиг, мэдэгдэх хуудас,

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дүрс бичлэг авагдсан флашинд үзлэг хийсэн тэмдэглэл,  хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Э ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус хэрэгт авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Хариуцагч Б.Б*******д холбогдуулан 55,251,763 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Э.Г******* шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2023 оны 8 дугаар сард Б.Б*******тэй шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллахаар тохиролцон хариуцагчаас дотор засал хийгдээгүй ажлын байрыг гаргах, нэхэмжлэгч талаас үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон ажлын байранд үйл ажиллагаа явуулах шаардлагад нийцсэн засвар үйлчилгээ, тавилга зэргээр тохижуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гарган хөрөнгө оруулж хамтран ажиллаж ашиг орлогоо 50, 50 хувиар хуваахаар амаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн

 

Нэхэмжлэгч Э.Г******* нь 2023 оны 8 дугаар сард хариуцагч Б.Б*******тэй шүдний эмнэлэг байгуулахаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, хариуцагч Б.Б******* эмнэлгийн үйл ажиллагаа явуулах байрыг гаргах, нэхэмжлэгч Э.Г******* эмнэлгийн үйл ажиллагаа явуулах байранд стандартад нийцсэн засвар хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгаар тохижуулах үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Харин Э.Г******* Монгол улсад мөрдөгдөж байгаа клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS6679:2017, эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартад тус тус нийцээгүй засварын ажил хийсэн, стандартад нийцээгүй ажлын доголдлыг нэхэмжлэгч арилгаагүй, мөн ашиг хуваарилах хэмжээ дээр тохиролцоогүй тул цаашид хамтран ажиллах боломжгүй болж, гэрээ цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй  гэж хариуцагч Б.Б******* маргадаг.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно”, 42.1.-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.8.-т ” Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж тус тус зааснаас үзвэл Хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болох ба талууд хооронд байгуулсан гэрээний харилцаан Хамтран ажиллах гэрээний шинжид нийцжээ.

Нэхэмжлэгч Э.Г******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... хариуцагч Б.Б*******ээс дотор засал хийгдээгүй ажлын байрыг гаргах, нэхэмжлэгч талаас үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон ажлын байранд үйл ажиллагаа явуулах шаардлагад нийцсэн засвар үйлчилгээ, тавилга зэргээр тохижуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гарган хөрөнгө оруулж хамтран ажиллаж ашиг орлогоо 50, 50 хувиар хуваахаар амаар гэрээ байгуулсан ...” гэж,

            Хариуцагч Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...100 хувь итгэж аман хэлцэл хийсэн. Б.Б******* үйл ажиллагаа явуулах ажлын байр болох үйлчилгээний талбайг гаргах, Э.Г******* нь тухайн барилгад явуулах шүдний эмнэлэг буюу клиникийн үйл ажиллагааны стандартад нийцсэн барилгын засвар үйлчилгээг хийж, шинэ тоног төхөөрөмжөөр ханган, шүдний эмнэлэг зөвшөөрлийг гаргаж шүдний эмнэлгийг үйл ажиллагаа явагдаж эхлэхэд олсон ашгийг Б.Б******* нь 60 хувь, Э.Г******* нь 40 хувийг хуваан авахаар харилцан тохиролцсон...” гэжээ.

 

            Дээрх тохиролцооноос дүгнэвэл хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Б.Б******* эмнэлгийн үйл ажиллагаа явуулах байрыг гаргах үүрэг, нэхэмжлэгч Э.Г******* эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартад нийцсэн засвар хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгаар тохижуулах, шүдний эмнэлэг эрхлэх тусгай зөвшөөрлийг гаргуулах  үүрэг тус тус хүлээсэн ба уг хүлээсэн үүргээр талууд хамтран ажиллах гэрээний дагуу оруулах хураамжийн хэмжээ тодорхойлогдохоор байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Г******* гэрээний дагуу эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартад нийцсэн засвар хийх, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгаар тохижуулах, шүдний эмнэлэг эрхлэх тусгай зөвшөөрлийг гаргуулах хэлбэрээр хураамж, хариуцагч Б.Б******* эмнэлгийн үйл ажиллагаа явуулах байр гаргах хэлбэрээр хураамж тус тус төлөхөөр тохиролцсон байна.

 

            Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1.-т “Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно”, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-т “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж тус тус заажээ.

 

            Зохигчид гэрээний хугацааг харилцан тохиролцоогүй боловч талуудын хооронд үүсэж буй харилцаанаас дүгнэвэл шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор байгуулж байх тул хамтын зорилго биелэгдсэнээр гэрээ дуусах учраас  урт хугацааны шинжтэй гэрээнд хамаарна гэж шүүх дүгнэж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221-т зааснаар талууд гэрээг цуцлах эрхтэй байна.

 

            Гэрээний талууд шүдний эмнэлэг байгуулах зорилгоор амаар хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Г******* эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартад нийцсэн засварын ажил хийх үүрэгтэй боловч гүйцэтгэсэн засварын ажил нь Монгол улсад мөрдөгдөж байгаа клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS6679:2017, эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартад тус тус нийцээгүйгээс нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/19416 дугаартай захирамжаар томилогдсон шинжээч “...   

4.а. Хан уул дүүргийн 11-р хороо Севенстар хотхонд байрлах 66 м2 үйлчилгээний талбайд Э.Г*******ийн гүйцэтгэсэн дотоод заслын ажлын үр дүн Монгол улсад мөрдөгдөж байгаа клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS6673:2017 стандарт, эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандарт, Заслын ажил БНбД 31-10-05-уудыг тус тус хангахгүй байна.

4.б. Үйлчилгээний талбайд гүйцэтгэсэн шалны ажил нь шалны халаалтыг хэвийн дамжуулах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь ажлын зураггүй, ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ байхгүй, инженерийн хяналтгүй хийгдсэн, гүйцэтгэлийн зураг, ил далд ажлын акт бусад холбогдох техникийн бичиг баримт байхгүй тул шалгаж тогтоох боломжгүй.

4.в. Э.Г*******ийн гүйцэтгэсэн дотоод заслын ажлын нийт үнэлгээг тодорхойлох боломжгүй. Учир нь Заслын ажил БНбД 31-10-05 норм дүрэм нь Монгол улсад барилгын дотор болон гадна заслын ажлыг гүйцэтгэх, хүлээн авах дүрэм бөгөөд аливаа ажлыг тус дүрэмд заасан зураг төсөл, техник шийдэл орц норм, технологиор чанартай гүйцэтгэсэн нь бодит үзлэг-хэмжилт техникийн баримт бичгээр нотлогдож байгаа тохиолдолд ажлын тоо хэмжээ нэр төрөл, төсөвт өртгийн шифрлэгдсэн ажлын үндэслэлээр гүйцэтгэлийн өртгийн тооцоо гардаг. Ийм шаардлага хангасан ажил байхгүй.

4.г. Гүйцэтгэсэн засварын ажил үйлчилгээ нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартад нийцэхгүй байна...” гэх дүгнэлтийг шүүхэд ирүүлснээс дүгнэвэл нэхэмжлэгч Э.Г******* эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартад нийцсэн засварын ажил гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн засвар ажлын зураггүй, ажил гүйцэтгэх төсөв байхгүй, инженерийн хяналтгүй, гүйцэтгэлийн зураг, ил далд ажлын акт бусад холбогдох техникийн бичиг баримт байхгүйгээс Заслын ажил БНбД 31-10-05 дүрэмд нийцээгүйн заслын ажлын  техник шийдэл орц норм, технологи, чанарын гүйцэтгэл, төсөвт өртгийн тоо хэмжээ зэргийг шинжээч дүгнэх боломжгүй ажлыг гүйцэтгэснээс нэхэмжлэгч эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартад нийцсэн засварын ажил хийх үүргээ биелүүлсэн гэж шүүх үзэх үндэслэлгүй байна. /2 х.х-ийн 189-185 хуудас/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 205.4.-т Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй:, 205.4.1-т “гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон ...”, 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.1.-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус  заасан бөгөөд нэхэмжлэгч Э.Г******* шүдний эмнэлэг байгуулахаар анхнаасаа хариуцагч Б.Б*******тэй хамтран ажиллахаар тохиролцсон. Иймээс эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрүүл ахуйн шаардлага стандартад нийцсэн засварын ажлыг зохих ёсоор, шударгаар нэхэмжлэгч Э.Г******* өөрөө гүйцэтгэх үүрэгтэй, гэвч уг үүргээ нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй, шилжүүлсэн ажил доголдолтойн улмаас гэрээ цуцлагдсан байх тул  хариуцагч Б.Б*******ээс стандартад нийцээгүй засварын ажил гүйцэтгэхэд гарсан зардал буюу хохирол шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч Б.Б*******д холбогдох 55,251,763 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205.4.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б*******д холбогдох 55,251,763 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,209 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Ц.ОЮУНБИЛЭГ