2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/10809

 

 

 

 

 

 

 

 

 

    2025             12                16                                           192/ШШ2025/10809                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, **** байр, *** тоотод оршин суух Б******* овогт Л******* Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Их Монгол Улсын гудамж, Ривер гарден хотхон ***** тоотод байрлах Т******* д******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

74,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У*******, Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэгч Л.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Хариуцагч Т******* д******* ХХК надтай 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалах гэрээ байгуулж, метр квадратын үнэ 5,150,000 төгрөгөөр 96.8 м.кв 4 өрөө байр 498,500,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусган, Улсын комисст хүлээлгэх өгөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ зөрчиж, орон сууцны барилгыг 2023 оны 6 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр **** байр **** тоот орон Сууц захиалгын гэрээг дүгнэсэн акт үйлдэн бидэнд хүлээлгэн өгч орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг нийт 162 хоногоор хэтрүүлсэн. Бидний хооронд байгуулагдсан "Орон сууц захиалгын гэрээ"-ний 6.2-т захиалагч нь орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн хувиар алданги төлөхөөр тохиролцсон байсан. Хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн хоногийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход алдангийн нийт хэмжээ 20,169,000 төгрөг болж байгаа. Улсын бүртгэлийн Ү- дугаартай гэрчилгээ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарахад манай орон сууцны метр квадрат 96.8 биш 91.6-р бичигдэж гарсан. Түүнчлэн бид байрандаа орсны дараа Э****** ХХК хэмжилт хийлгэхэд Монгол Улсын MNS 6058:2009 Стандартын дагуу нийт ашиглалтын талбай 86.26 метр квадрат байгаа болох нь тогтоогдсон. Дээрх мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн хэмжилтээр хариуцагч нь гэрээнд зааснаас 10.54 метр квадрат дутуу талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгч нийт 54,281,000 төгрөгийг илүү авсан болох нь тогтоогдсон. Дээр дурдсан үндэслэлүүдээр орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсний алдангид 20,169,000 төгрөг, талбайн зөрүүд илүү төлсөн 54,281,000 төгрөг, нийт 74,450,000 төгрөгийг Т******* д******* ХХК-иас гаргуулах шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т******* д******* ХХК нь нэхэмжлэгчтэй 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр VC274101401 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь гэрээний 1.2-т заасан орон сууцыг нэхэмжлэгч Л.Э*******ад хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний 2.1-д заасан үнийг төлөхөөр тохиролцсон. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул талуудын хооронд байгуулагдсан VC274101401 дугаартай гэрээний 3.3-т "Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсны дараа Захиалагчтай төлбөр, алданги, торгууль болон бусад төлбөрийн тооцоо дууссан тухай өөрийн санхүүгийн төлбөрийн тодорхойлолтын баримтыг үндэслэн орон сууцыг Захиалагчид актаар хүлээлгэн өгнө" гэсний дагуу талууд 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр "Орон сууц захиалгын №274101401 тоот гэрээ дүгнэсэн акт" үйлдсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Т******* д******* ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 162 хоногоор гэрээний хугацаа хэтрүүлсэн тул алдангид 20,169,000 төгрөг, мөн байрны улсын бүртгэлийн Ү-206112791 дугаартай гэрчилгээ гарахад орон сууцны талбай 96.8 биш 91.6 м.кв гэж бичигдэж гарсан, Э******* ХХК-иар хэмжилт хийлгэхэд 86.26 м.кв гэж 10.54 м.кв зөрүү гарсны төлбөрт 54,281,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна... нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал:

1. Талуудын хооронд байгуулсан VC274101401 дугаартай гэрээний 3.1-д зааснаар 2022 оны 3 дугаар улиралд багтааж барьж ашиглалтад оруулахаар байсан тохиролцсон бөгөөд Т******* д******* ХХК нь тухайн барилгыг ашиглалтад хугацаандаа оруулахаар бүхий л нөөц боломжоороо ажиллаж байсан хэдий ч биднээс үл шалтгаалах буюу дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу ковидын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаагаа хязгаарлагдмал явуулж байсан мөн хил, гаалийн хаалт зэрэг хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор хугацаа хэтэрсэн байдаг. Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-т "Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон сууцыг хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн чадахгүйд хүрвэл бодит нөхцөл байдлыг харгалзан Талууд гэрээний үүрэг биелүүлэх хугацааг өөрчилж болно. Давагдашгүй хүчин зүйл гэдэгт байгалийн гамшиг, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, халдварт өвчин дэгдэлт ба түүнтэй холбоотой олон нийтийн хөл хорио болон бусад хязгаарлалт, төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэр, экспорт, импортын хориг болон хууль тогтоомжид заасан онцгой нөхцөлийг хамруулна" гэж заасан байдаг бөгөөд гэрээний хугацааг үндэслэлгүйгээр хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Тус байрны улсын бүртгэлийн Ү-206112791 дугаартай гэрчилгээ гарахад орон сууцны талбай 91.6 м.кв гарсан тухайд, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2.5-д нийт талбайн хэмжээ 96.8 м.кв, 1.2.6-д цэвэр талбайн хэмжээ 91.6 м.кв гэж заасан байдаг бөгөөд гэрээний 1.4-т заасны дагуу орон сууцны талбайг цэвэр талбайн хэмжээгээр тооцож гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлдэг тул нийт талбай 91.6 м.кв-аар улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Э******* ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Vega City хотхоны *** байрны **** тоот орон сууцанд хийсэн хэмжилтийн дүгнэлтийн 8 дахь зургийг "Лоож" гэж итгэлцүүр 0.5 хэрэглэн 9.31 м.кв-ийг 4.65 м.кв гэжээ. Гэтэл энэ талбай нь Лоож биш Верандын хэсэг юм. Учир нь "Вега сити" орон сууцны барилга нь барилгын зураг төсөл, ажлын зургаар верандтай баригдахаар заагдсан болох нь гэрээний хавсралтаар нотлогдох тул ийнхүү 0.5 хувиар тооцож хэмжилт хийсэн нь үндэслэлгүй юм. Тодруулбал, орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартад зааснаар "Лоож гэж барилгын гадна ханаас илүү гараагүй гурван талдаа ханатай, хучилттай ил тасалгааг, Веранд гэж барилгын үндсэн дээвэрт багтсан буюу барилгад залган барьсан дээвэртэй, хоёр болон гурван талыг нь шиллэсэн халаалтгүй тасалгааг" гэж мөн лоожийг хэмжихдээ 0.5 гэсэн итгэлцүүр хэрэглэнэ, верандыг ямар нэгэн итгэлцүүр ашиглахгүйгээр байгаагаар нь тооцно гэж заажээ. Гэтэл тус Эй-Ди интернэйшнл ХХК нь сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцох холбогдох стандартуудыг зөрчиж буюу верандыг лоож гэж тооцон хэмжилт хийж, буруу тооцоолол гаргасан байх тул нэхэмжлэгчийн талбайн зөрүүд илүү төлсөн 54,281,000 төгрөгийг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд, Л.Э*******ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.09.08-ны өдрийн №VC274101401 дугаар Орон сууц захиалгын гэрээ, Э******** ХХК-ийн хэмжилтийн зураг, Л.Э*******ын гаргасан өргөдөл, email-р харилцсан зурвас, 2023.06.11-ний өдрийн Орон сууц захиалгын №VC274101401 тоот гэрээ дүгнэсэн акт, фото зургууд,

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2023.06.11-ний өдрийн Орон сууц захиалгын №VC274101401 тоот гэрээ дүгнэсэн акт,

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Л.Э******* нь 74,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т******* д******* ХХК-д холбогдуулан гаргасан.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Л.Э******* болон хариуцагч Т******* д******* ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр  №VC274101401 дугаартай Орон сууц Захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Т******* д******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Вега сити цогцолбор хотхоны орон сууцны барилгын  101 дүгээр байрны 401 тоотод байрлах, нийт талбайн хэмжээ 96.8 м.кв, цэвэр талбайн хэмжээ 91,6 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2022 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч Л.Э******* нийт 498,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Талуудын хооронд байгуулсан эрх зүйн харилцаа худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

 Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хариуцагчид төлсөн, мөн түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олгогдсон талаар талууд маргаагүй, хэрэгт авагдсан баримтаар уг үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Эй-Ди интернэшнл ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хэмжилтийн зургийг үндэслэн орон сууцны талбай 86.26 м.кв буюу гэрээнд зааснаас 10.54 м.кв дутуу, гэрээнд зааснаар орон сууцыг барьж гүйцэтгэн 2022 оны 3 дугаар улиралд буюу 2022.09.30-ны дотор багтаан хариуцагч хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул үүрэг зөрчснөөс үүсэх алданги 20,169,000 гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тус тус тодорхойлсон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд орон сууцны талбайн хэмжээг 90.95 м.кв гэж дүгнэжээ./х.х-ийн 116 тал/

 

Уг дүгнэлтэд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Орон сууцны талбай тодорхойлох MNS6058:2009 стандартыг баримталсан ба тус орон сууцны 10 өрөө, тасалгаа тус бүрээр талбайн хэмжээг гаргаж (талбай 1-9.88, талбай 2-23.34, талбай 3- 2.23, талбай 4-11.25, талбай 5- 4.5, талбай 6- 4.0, талбай 7-1.519, талбай 8-10.166, талбай 9-2.56, талбай 10-21.50) нийт 90.945 м.кв талбайн хэмжээ гэж тодорхойлжээ. /х.х-ийн 115 тал/

 

Гэрээний 1.2-т ... нийт талбайн хэмжээ 96.8 м.кв, цэвэр талбайн хэмжээ 91.6 м.кв гэж, мөн талбайн хэмжээг барилгын план зурагт 96.8 м.кв талбайтай гэж тус тус тэмдэглэсэн байна. /х.х-ийн 6, 8 талын ар/

 

Хариуцагч Т******* д******* ХХК нь  гэрээгээр талууд цэвэр талбайн хэмжээ 91.6 м.кв гэж харилцан тохиролцож, гэрээний төлбөрийг бүхэл дүнгээр тооцон 498,500,000 төгрөгөөр байгуулсан, гэрээгээр тохиролцсон талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, түүнчлэн гэрээнд хүлцэх алдаа тохиролцсон тул гэрээнд тохирсон талбайг хүлээлгэн өгсөн, Ковид болон Орос-Украйны дайны нөхцөл байдлаас  барилгын материал тасалдсан тул давагдашгүй хүчин зүйлийн үнэлгээ хийлгэж МХАҮТ-иас “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн” гэрчилгээ олгогдсон тул алданги зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

 Худалдагч Т******* д******* ХХК нь аж ахуйн үйл ажиллагааг байнга эрхэлж, ашиг олоход чиглэсэн мэргэшсэн аж ахуй эрхлэгч байгаа бол худалдан авагч Л.Э******* нь хувийн зорилгоор нэг удаагийн шинжтэй гэрээ байгуулсан, аж ахуй эрхлэгч бус иргэн байна. Энэ тохиолдолд худалдагч нь худалдаж байгаа орон сууцны талбайн хэмжээний талаар үнэн зөв мэдээллээр худалдан авагчийг хангах үүрэгтэй бөгөөд Т******* д******* ХХК-ийг уг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй.

 

Т******* д******* ХХК нь гэрээнийн 1.3-д Орон сууцны талбай тодорхойлох MNS6058:2009 стандартыг тодорхой тусгасан боловч, ямар үндэслэл, тооцоогоор орон сууцны талбайн хэмжээг нийт талбайн хэмжээ 96.8 м.кв, цэвэр талбайн хэмжээ 91.6 м.кв гэж тодорхойлсон нь гэрээнд тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч MNS6058:2009 стандартын дагуу 96.8 м.кв  талбайтай орон сууц худалдан авч, төлбөр төлсөн гэх тайлбарыг шүүх буруутгах үндэслэлгүй. Учир нь барилгын план зурагт талбайн хэмжээ 96.8 м.кв гэж авагдсан байх тул талуудын хооронд MNS6058:2009 стандартын дагуу 96.8 м.кв  талбайтай орон сууц худалдахаар тохиролцсон байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс 5.86 м.кв /96.8-90.94/-аар бага буюу гэрээний зүйл биет байдлын доголдолтой гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний зүйл нь гэрээгээр тогтоосон тоо хэмжээнд хүрээгүй тул мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэхгүй болно.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө”, 254 дүгээр зүйлийн 254.6-т “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч Л.Э******* нь маргаан бүхий орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өмчлөлдөө авсан болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч шүүхэд 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан, шаардах эрхийн хугацааг хэтрүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т “Орон сууцны талбайн хэмжээ нь Барилга угсралтын ажлын явцад холбогдох норм дүрэм, стандартын дагуу тооцогдсон "хүлцэх алдаа"-наас хамаарч бодит байдал дээр энэхүү гэрээний 1.2-ын 6-д заасан хэмжээнээс 1.8 хувиар их, эсхүл бага байж болох бөгөөд үүнийг Талууд “хүлцэх алдаа" гэж хүлээн зөвшөөрч аливаа хэлбэрээр маргахгүй” гэж тохиролцсон байх тул гэрээний дагуу хүлцэх алдаа 1,64 м.кв / 96.8м.кв*1,8% /  талбайн хэмжээг хасаж үлдэх  4.12 м.кв /5.86-1.64/  5,149,793 төгрөг /498,500,000:96.8/-өөр тооцож,  нийт 21,424,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, дутуу шилжүүлсэн талбайн зөрүүг мөнгөн төлбөрөөр гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Зохигчид 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр  гэрээ байгуулсан ба дэлхий дахинд 2019 оны 11 сард Ковид цар тахал гарсан нь нийтэд илэрхий үйл баримт, гэрээ байгуулах үед Ковидын нөхцөл байдал үүсээд 1 жил 10 сар өнгөрсөн байсан тул гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох боломжтой, МХАҮТ-иас олгосон “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн” гэрчилгээг дангаар үндэслэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болсон гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн Орос-Украйны дайны нөхцөл байдлаас болж барилгыг барихтай холбоотой барилгын бараа материал худалдан авах бараа цаг хугацаандаа ирээгүй гэх хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байна.

Гэрээний 3.1-т “ Гүйцэтгэгч нь орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж дүрэм, стандартад нийцүүлэн 2022 оны 3-р улиралд багтаан барьж Улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ” , 6.2-т “ Гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 90 дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.025 хувьтай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө...”  гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр гэрээг дүгнэж, орон сууцыг ашиглалтанд оруулж, нэхэмжлэгч Л.Э*******ад шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 49 тал/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаар гэрээний дагуу хариуцагчаас нийт 191 хоног /2023.01.01-2023.06.11 хүртэл/-ийн алдангид нийт 23,505,892 төгрөг /498,500,000-6,230,000(хөнгөлөлт)=492,270,000*0,025= 123,067(1 хоногт) / -ийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд дээрхийг нэгтгэн талбайн зөрүү төлбөрт 21,424,000 төгрөг, алданги 23,505,892 төгрөг нийт 44,929,892 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,520,107 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т******* д******* ХХК-иас 44,929,892 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,520,107 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т******* д******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 382,599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн  52.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан шинжээчийн зардал 1,650,000 төгрөг нэхэмжлэгчээс, мөн 1,650,000 төгрөг хариуцагчаас тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ