2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2026/00017

 

 

 

 

 

 

 

 

 

    2025             12                22                                           192/ШШ2026/00017                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, их наран **** гудамж, *** тоотод оршин суух, Т******* овогт М******* Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, дунд гол, өөрийн байранд байрлах, Д******* х******* ц******* с******* ******* /РД:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч М.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...М.Э******* миний бие "Д******* х******* ц******* с*******” *******-ийн Зуухан цехийн Ашиглалтын инженер албан тушаалд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/61 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн билээ. Тус тушаалд намайг Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1.й-д заасан "Өөрийн албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, эд зүйл болон мөнгө төгрөг нэхэх, авах" ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл бодит байдал дээр миний бие ажилтнуудад дарамт үзүүлж мөнгө, эд хөрөнгө нэхэж авсан үйлдэл хийж байгаагүй тул Гүйцэтгэх захирлын тус тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү...” гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...М.Э******* нь манай компанид Зуухан цехийн ашиглалтын инженер албан тушаалд ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа компанийн хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан болох нь холбогдох баримт, "” *******-ийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тус тус тогтоогдож, нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үндэслэлээр 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/61 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" гүйцэтгэх захирлын тушаалаар хуулийн дагуу ажлаас халсан болно. М.Э******* нь компанид ажиллаж байх хугацаандаа өөрийнх нь удирдлага дор ажилладаг ажилтан болох Г.Б дарамталж, үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, Г.Б олгогдох сарын үр дүнгийн шагналт цалингаас нь үндэслэлгүйгээр хасаж, уг шагналт цалингаас нь нэхэж өөрийн банкны данс руу шилжүүлж авсан асуудлаар ажилтан Г.Б нь ажлаас халагдах өргөдөлдөө дурдаж, энэ талаар компанид мэдэгдсэн. Үүний дагуу Ёс зүйн дүрэмд заасны дагуу "" *******-ийн Ёс зүйн зөвлөл хуралдсан бөгөөд тус хурал дээр М.Э******* нь өөрөө ажилтан Г.Бас түүний шагналт цалингаас өөр лүүгээ шилжүүлж авсан, "...би мөнгө авсан юм аа, гэхдээ уг мөнгийг би өөртөө хувьдаа аваагүй, шинэ жилд зарцуулсан гэж..." хэлсэн, мөн уг хурлаар цугларсан дансны хуулга, бусад нотлох баримтаар нэхэмжлэгч М.Э******* нь өөрийнх нь дор, зуухан цехэд харьяалагдан ажилладаг Г.Бас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж авсан нь нотлогдсон. М.Э*******ий уг асуудал нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын Ёс зүйн дүрэмд зааснаар ёс зүйн зөрчилд тооцогдох бөгөөд уг тохиолдолд шууд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж, хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалттай болно. Иймд нэхэмжлэгч М.Э******* нь компанийн хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж, Ёс зүйн зөрчил гаргасан болох нь холбогдох баримт, " *******-ийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тус тус тогтоогдож, нотлогдсон учраас холбогдох хууль, журамд заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье...” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2022.06.20-ны өдрийн №048 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2022.06.20-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ, 2025.09.16-ны өдрийн №41 дугаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, 2025.07.08-ны өдрийн 1 дугаартай ******* Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2025.06.13-ны өдрийн А/61 дугаар Д******* х******* ц******* с******* төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаал, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, М.Э*******ий бичсэн тайлбар, *******-ийн ёс зүйн зөвлөлийн хурлын дүгнэлт, 2025.05.15-ны өдрийн 25/01 дугаартай *******-ийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, гараар бичсэн өргөдөл,

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д******* х******* ц******* с******* *******-ийн дүрэм, 2022.06.15-ны өдрийн А/112 дугаар Д******* х******* ц******* с******* *******-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн дотоод журам, 2022.01.31-ний өдрийн А/16 дугаартай Д******* х******* ц******* с******* *******-ийн гүйцэтгэх захирлын тушаал, *******-ийн ажилтны ёс зүйн дүрэм зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч М.Э******* нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д******* х******* ц******* с******* *******-д холбогдуулан гаргасан.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Э******* нь Д******* х******* ц******* с******* *******-нд Зуухан цехийн ашиглалтын инженерээр ажиллаж байсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  хөдөлмөрийн гэрээ,  2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 2-5 тал/

 

Д******* х******* ц******* с******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/61 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5,  Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.1.л дэх заалт, Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.13, 6.1.1.й дэх заалт, Д******* х******* ц******* с******* *******-ийн Ёс зүйн дүрмийн 2.2.31 дэх заалт, Ёс зүйн зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хурлын дүгнэлтийг тус тус үндэслэн Компанийн хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь “” *******-ийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт зэргийг тус тус үндэслэн Зуухан цехийн ашиглалтын инженер М******* Э*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг,  2025 оны 6 дугаар сарын 13-ны  өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. /х.х-ийн 18 тал /

 

 Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/61 дугаартай тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1 дугаартай Д******* х******* ц******* с******* *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хуралдааны тэмдэглэл, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэрээр тус тус тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд заасан мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх дүгнэв. /х.х-6-17 тал/

   

Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан талаар байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан Зуухан цехийн ашиглалтын инженерээр ажиллаж байсан талаараа хэн аль нь маргаагүй.

 

Нэхэмжлэгч М.Э******* нь “... ажилтан болох Г.Б нь Зуухан цехийн шинэ жилийн мөнгө гэж миний хувийн дансаар мөнгө шилжүүлсэн, түүнээс мөнгө нэхээгүй, ямар нэгэн байдлаар түүнийг дарамтлаагүй байхад хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Д******* х******* ц******* с*******” ******* нь “ ... М.Э******* өөрийнх нь удирдлагад ажилладаг ажилтан Г.Б дарамталж, түүний олгогдох сарын үр дүнгийн шагналт цалингаас үндэслэлгүйгээр хасаж, уг шагналт цалингаас өөрийн банкны данс руу шилжүүлж авсан. Энэ нь ажилтан Г.Б ажлаас халагдах өргөдөлдөө дурдаж, энэ талаар компанид мэдэгдсэн. М.Э******* ... тайлбартаа "...би мөнгө авсан юм аа, гэхдээ уг мөнгийг би өөртөө хувьдаа аваагүй, шинэ жилд зарцуулсан гэж..." хэлсэн. Энэ нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын Ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчилд тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...”  гэж маргадаг.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д Ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах дуусгавар болгох  гээд “й” дэх заалтад  “Өөрийн албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, эд зүйл  болон мөнгө төгрөг нэхэх,авах” гэж тус тус заасан байна. /х.х-ийн 4 тал/

 

Хэрэгт авагдсан баримтаар Г.Б гэх нэртэй ажилтнаас “... Гансүх овогтой Б миний бие тус с*******ад 2022.06.03-нд Зуухан цехийн засварчнаар анх ажилд орсон. Ажиллах хугацаанд цехийн ашиглалтын инженер М.Э******* нь харилцаа хандлагын хувьд доголдолтой ёс зүйгүй үйлдэл гаргаж дарамт үзүүлдэг байсан.Эдгээрийн жишээ болгон дурдахад ажлын үр дүнгээр үнэлсэн сарын үр дүнгийн цалин хасаж тооцсон байсан... Харин үүний дараа 2024.12.17-ны өдөр ашиглалтын инженер М.Э******* нь утсаар залгаж чиний хасагдсан үр дүнгийн цалин бүтэн, оруулсан шүү гэж хэлээд бүтэн оруулсан мөнгөн дүнг өөрийнхөө хувийн данс руу шилжүүлэхийг шаардсан. Дансаа мессежээр явуулсан уг данс руу нь миний бие тухайн үедээ шилжүүлсэн.Энэ өдөр санамсаргүй тохиолдлын өдөр биш бөгөөд байгууллагын ажилтнууддаа урамшуулал олгосон өдөр байсан...” гэх агуулгатай өргөдөл, Д******* х******* ц******* с*******” *******-ийн Ёс зүйн зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25/01 дугаартай тэмдэглэлд “... М.Э*******: Манай цехийн ажилтан Г.Б гээд гарах гэж байгаа ажилтай байна. Гарах тухай өргөдлийг би бас захиргаанд өгсөн байгаа. Өргөдлийг дээрээс нь эхлээд яръя. Яг үнэнийг хэлэхэд би энэ мөнгийг авсан. Гэхдээ энэ мөнгийг би хувьдаа хэрэглэж өөрийнхөө ахуй амьдрал, архи дарс янз бүрийн асуудалд зарцуулаагүй. Шинэ жилийн үйл ажиллагаанд хэрэглэх гэж авсан...” гэх агуулга тус тус авагдсан байна. / хх-36,44 тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч М.Э******* өөрийн хувийн дансаар Г.Бас 200,000 төгрөг авсан талаар маргадаггүй. Харин уг 200,000 төгрөгийг Зуухан цехийн шинэ жилийн арга хэмжээнд авсан гэж тайлбарлаж, ажил олгогчийн гаргасан 2025.06.13-ны өдрийн А/61 тоот тушаалыг үндэслэлгүй гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан 6.1.1.й-д заасан “... мөнгө төгрөг нэхэх, авах” зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч Зуухан цехийн шинэ жилийн арга хэмжээнд засварчин Г.Бтай адил хэмжээгээр тухайн цехийн бүх ажилтнаас 200,000 төгрөгийн хураамж хураан авсан болохоо нотлоогүй тул Г.Бас үндэслэлгүй мөнгө авсан нь Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох сахилгын шийтгэл ногдуулсан нь ажил олгогчийн А/61 тоот тушаал хуульд нийцсэн байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч М.Э*******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ