| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0576/Э |
| Дугаар | 587 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 587
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.Нд холбогдох эрүүгийн 1808027320772 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр М.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Н нь хамтран амьдрагч М.О-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч М.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 05 дугаар 27-ны өдөр нөхөр Н-гийн ажлын газар очсон юм. Тэгтэл ажил дээрээ байхгүй байхаар нь ажлынх нь хамт ажилладаг ахаас асуухад захирлын гэр лүү юм аваачиж өгөх гээд явсан гэж надад хэлсэн. ...Захирлынх нь гэрийн гадаа очсон чинь Н гарч ирэхээр нь би очоод Н-тай хэрүүл маргаан хийгээд зогсож байхад миний толгой руу Н цохиод, татаж газар хүртэл унагаад байсан. Тэгснээ машиндаа суугаад явах гэж байхад ажлынх нь газрын хамт ажилладаг хүүхэн машинд нь хамт суусан юм. ...Н-г явуулахгүй гээд машины жолооч талын цонхноос нь гараараа бариад байж байхад машинаа асаагаад хөдлөөд би хэсэг дагаж гүйж байгаад газарт чирэгдэж унасан. ...Миний толгой руу 2-3 удаа цохиж, машинаараа чирсэн...гэх мэдүүлэг /хх-9-10/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6862 дугаартай:...М.О-ийн биед тархи доргилт, 2 гарын шуу, бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн тохой үений зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учраас болсон гэх цаг хугацаа болох 2018 оны 5 дугаар сарын 27-нд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журам 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-19/
- шинжээч С.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...Дээрх гэмтэл нь машинд чирэгдэж унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Тархи дориглт нь машинд чирэгдэж унах үед эсвэл толгой руугаа цохиулсанаас болж үүсэх боломжтой. Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...гэх мэдүүлэг:.../хх 17-18/,
- шүүгдэгч С.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би захирлынхаа хашаанд машин засаж байгаад гараад ирсэн чинь манай эхнэр О найз С-гийн нөхөртэй зогсож байсан. Тэгээд би эхнэртэйгээ уулзсан чинь хэрүүл хийгээд надтай маргалдаад миний нүүр хүзүүг маажихаар нь би толгой руу нь гараараа цохьсон юм. Тэгээд би явах гээд машиндаа суугаад хөдөлсөн чинь миний машины цонх онгорхой байхад зүүгдсэн. Тэгэхээр нь би зогссон чинь газарт О унасан. Би тэгэхээр нь толиндоо харсан чинь гайгүй босоод ирэхээр нь яваад өгсөн. Ийм л юм болсон....гэх мэдүүлэг /хх-26/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоолож байна.
Иймд шүүгдэгч С.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч хоёр нь 4 жилийн хугацаанд хамт амьдарсан байх ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдсан, хүч хэрэглэсэн хууль бус, зүй бус үйлдэл хийсэн гэж үзэх нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг тухайн хэргийг үйлдэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-59/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, “Авто сервист ажил эрхэлдэг” талаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдох тул түүнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг 2 Сараар тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР