Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/38

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                                       Н.Өнөрбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                          *******   

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч                                          ******* *******

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч                Б.Билгүүн

                                                                                                            Д.Буянзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         А.Ховороо нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Б.Билгүүн, Д.Буянзаяа нарын гаргасан давж заалдах гомдлоор “******* ******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн 2121003040434 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч хуулийн этгээд 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаартай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу, Б.Доржийн гудамжны тоот хаягт байрлах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монгол Улсын хуулийн этгээдэд бүртгэлтэй “******* ******* *******” Хязгаарлагдмал хариуцлагатай компани.

2. Шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто замын чиглэл батлах тухай” 307 дугаар тушаал, Авто замын хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 379 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”, Монгол Улсын Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага MNS6278:2011 стандартад заасныг тус тус зөрчиж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр тус компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас Халхгол сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа зам бүхий олон салаа зам бий болгох замаар хөрсний доройтол бий болгож, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, 2 дугаар хавсралт “Аюултай хог хаягдлын жагсаалт”, Аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалд заасныг тус тус зөрчиж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн хашаанд хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох нефтийн хаягдлыг асгасны улмаас 2800м2 буюу 0,28 га хэмжээ бүхий газарт хөрс бохирдож, байгаль орчинд 5,485,752 төгрөгийн хохирол учруулж аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаясан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. Нийслэлийн прокурорын газраас “******* ******* *******” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Шүүгдэгч “******* ******* *******” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаагаа явуулахдаа олон салаа зам бий болгон газар, газрын хөрсөнд хөрсний доройтол, агаар мандалд орчны бохирдолт үүсгэж, ургамлын зүйлийг устгаж экологийн тогтолцоог алдагдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150,000 /нэг зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “******* ******* *******” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 50,000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 150,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 50,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 200,000 /хоёр зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д оногдуулсан аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тус тус зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК-аас байгаль орчинд учруулсан хохиролд 1,234,742,126 /нэг тэрбум хоёр зуун гучин дөрвөн сая долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, “******* дачин тамсаг” ХХК-ийн хоорондын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гурван талт хэлцэлээр ... замыг ашиглалтанд орсноос хойш нөхөн сэргээлт хийхээр тохиролцсон байхад гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

... Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 377 дугаар тогтоол, Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/67 дугаар “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” зэргийг дүгнэвэл авто зам барихад шаардлагатай түүхий эд, орцын зөвшөөрөл 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан, зам барих гэрээ нь гэнэт болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл буюу ковид цар тахлын нөлөөлөлд орсон болох нь тухайн баримтуудаар нотлогдоно.

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд авто зам барих үүргээ хэрэгжүүлэхээр хохирол учруулсан гэж үзэж хэрэгт авагдсан авто зам барих үеийн нөхцөл байдал, түүнтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтууд нь дан ганц хөрөнгө оруулагч компаниас шалтгаалсан мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Мөн Дорнод Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага нь гэм бурууг нотолсон шууд нотлох баримт болохгүй бөгөөд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх тухай журам”-ын 5.2-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараагийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилган авто замаар тээвэрлэлт хийхийг зөвшөөрөн, газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагаа тасалдалгүйгээр одоог хүртэл үргэлжилсэн.

Газрын тосны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-д ... зааснаар газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэх бөгөөд төрийн захиргааны байгууллагаас баталсан замын төрөл стандартын дагуу тээвэрлэлтийг явуулах нарийвчилсан хуулийн зохицуулалттай.

Хэрэгт авагдсан гэрч *******ын мэдүүлэг болон Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 379 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-аас үзвэл ... газрын тосны бүтээгдэхүүний тусгай зориулалтын авто зам буюу хатуу хучилттай авто замаар тээвэрлэх хууль эрх зүйн орчин 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс бий болсон.

Шүүхийн шийдвэр, яллах дүгнэлтэд Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто замын чиглэл батлах” тухай тушаалыг зөрчиж тээвэрлэлт хийсэн гэх боловч тусгай зориулалтын авто зам, барилга байгууламж барих, ашиглах журмын 3.1-д ... зааснаар Зам, тээврийн яам нь холбогдох ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийн хүрээнд замын асуудлыг шийдвэрлэх ёстой.

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлд заасан 1-д … заасны дагуу тус гэмт хэрэг нь Амьтан, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн устгасан буюу гэмт хэрэг үйлдэгчийн үйл ажиллагаа нь хууль, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншлын хэм хэмжээний хүрээнд зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа байх шаардлагатай. ... Гэтэл “******* дачин тамсаг” ХХК-ний үйл ажиллагаа холбогдох тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдсан учир дээрх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа гэх гэмт хэргийн гол шинж үгүйсгэгдэнэ.

Мөн гэмт хэргийн шинжид газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, бусад хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан гэж тодорхойлсон байх боловч тус үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. ... Гэмт хэргийн шинж агуулсан үйлдлийн эцсийн хор уршиг нь байгалийн тэнцэлийг алдагдуулах буюу тодорхой нэр төрлийн ургамал, амьтан, хөрс, ус зэрэг амьд организмийг байгальд дахин нөхөн сэргээгдэх боломжгүй болгох, мөхөлд хүргэх үр дагавараар тодорхойлогдоно.

Гэтэл авто зам барих, ашиглалтанд оруулахтай холбоотой хууль захиргааны хэм хэмжээний акт, тусгай зохицуулалт, мэргэжлийн олон талын оролцогч бүхий үйл ажиллагааг байгалийн гамшиг, мөхөл бий болгосон мэтээр дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Шүүгдэгч хуулийн этгээдийг авто зам хариуцагч байгууллага мэтээр тодорхойлон түүнийг хуульд заасан үүргийг хүлээх ёстой гэж үзсэн нь Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн зохицуулалттай зөрчилдсөн, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн гэх боловч тус зүйл нь ... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн гэх боловч ... зэргээр Зөрчлийн тухай хуулиар зохицуулсан.

Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийг зөрчсөн гэх боловч хэрэгт Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-д ... заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар эрх бүхий этгээд, Засаг даргын шийдвэр байхгүй байхад газар эзэмшигчийн үүргийг хүлээлгэн хэргийг дүгнэсэн зэрэг нь хууль хоорондын уялдаа холбоо, зөрчил ба гэмт хэргийн шинжээс ялгагдах онцлог, зөрчил, давхцал зэрэгт хууль хэрэглээний үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1-д … Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

... Хэрэгт авагдсан баримтуудаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, явцад үүссэн нефтийн бохирдолоор бохирлогдсон шороог дахин боловсруулах, цэвэршүүлэх, түүнээс газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг салган авах зорилгоор “*******” компанийн хашаанд цуглуулах ажлыг хийж байсан болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинж нь химийн аюултай болон хорт бодисыг дахин боловсруулах, ашиглах зорилгогүйгээр байгаль орчинд шууд хохирол учруулах шинжтэй үйлдэл байдаг бол хэргийн маргаан бүхий зүйл болох тостой шороонд агуулагдаж байгаа аюултай химийн бодисыг салгах, ялгах зорилгоор цуглуулсанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэхгүй.

Харин Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар тухайн бодисийг буюу шороонд агуулагдаж буй нефтийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, салгах зорилгоор хадгалах, цуглуулахдаа биомембран хальс дэвсэх, тус бодис нь хөрсөнд тунах, асгарах аюулаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаагүйн улмаас химийн аюултай бодисыг хадгалах журам зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буянзаяа давж заалдах гомдолдоо: “… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль тогтоомж, салбар хоорондын харилцааг ялгаж салгаагүй гэмт хэргийн шинжийг үнэлж дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн тул дараах хууль зүйн үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хэргийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд

1.1 Олон салаа замын талаарх хуулийг буруу хэрэглэж, дүгнэлт бодит байдалд нийцээгүй талаар

... Шүүх дүгнэлт хийхдээ “******* ******* *******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн 24.9 дүгээр зүйлд заасан байгалийн тэнцэл алдагдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шинжлэн судлуулах нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг авч хэлэлцээгүй болно.

Өмгөөлөх талаас гэмт хэргийн шинжгүй цагаатгах талын нотлох баримтыг хуралдааны туршид судлуулж шинээр нотлох баримтуудыг гарган өгч өмгөөллийн дүгнэлтдээ тусгасан.

... “******* ******* *******” ХХК нь газрын тос тээвэрлэлтийг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлдэг бөгөөд тус гүйцэтгэгч нь гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд тогтоосон чиглэл маршрутаар гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэрээ юм.

... Гэрээнд гүйцэтгэгч компанийн тээвэрлэх даац болон байгаль орчинд үзүүлэх нөлөө аюулгүй байдлыг хангаж ажиллахыг гүйцэтгэгчид үүрэг болгосон. Гэтэл шүүхээс захиалагчийг 8-20 салаа бүхий зам үүсгэж экологийн тэнцэл алдагдуулсан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс санаатай гэмт хэргийн шинжийг хангаж нотлогдон тогтоогдож байна...” гэж итгэл үнэмшил дүүрэн ял оноосон.

... Иргэний эрх зүйн харилцаа хэлцэл, гэрээ, захиргааны эрх зүйн харилцаа Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Зам барих талууд, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Аймаг, сумдын Засаг дарга нар оролцсон гомдол гаргасан болон хохирол нэхэмжилсэн байдлаас авч үзвэл эдгээр харилцаанаас үүссэн хэлцэл гэрээний үр дагавар гэж авч үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйл 2. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан хууль ёсны зарчим байдаг.  ... Шүүх гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа явуулахдаа олон салаа зам бий болгон газар, газрын хөрсөнд хөрсний доройтол, агаар мандалд орчны бохирдол үүсгэж, ургамлын зүйлийг устгаж экологийн тогтолцоог алдагдуулсан... гэж уг гэмт хэргийн гол шинж болох зөвшөөрөлгүйгээр, бусад хэлбэрээр гэдгийг нотлон тогтоохгүйгээр ялыг төсөөтэй байдлаар тайлбарлан оноосон гэж үзэж байна.

Гэрэл зургийн ерөнхий үзүүлэлтээс харахад газрын тос тээвэрлэх эрх бүхий туслан гүйцэтгэгчээр гэрээлж тээвэрлэдэг болохыг хавтас хэргийн материалд авагдсан гэрээ болон тээвэрлэгч компани, жолоочийн үүрэг хариуцлагыг тодорхой тусгасныг үзэхэд зөвшөөрлийн үндсэн дээр тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа болох нь нотлогдож байна.

Бусад хэлбэрээр “...өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас...” гэтэл цугларсан хавтас хэргийн материалд тээвэрлэлтийг гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч, тээврийн хэрэгслийн жолооч уг замаар явсан байхад өөрөө тээвэрлэсэн мэтээр дүгнэж авч үзсэн. Иргэний хуулийн 380 дугаар зүйлд Тээвэрлэлтийн гэрээний журам хуулиар тогтоосон болно. Энэхүү дүгнэлтээр шүүх нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж үг болон утгын ойлголтыг төсөөтэй авч үзэж эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байна.

... Өөрөөр хэлбэл замын ажил хэлцэл, гэрээ санхүүжилт цар тахлаас шалтгаалж удааширсан байх боловч шүүгдэгч компани жил бүр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж нөхөн сэргээлтийг хийсэн байдаг. Уг ургамлуудад сөрөг нөлөө үзүүлэх боловч устаж алга болсон зүйлгүй бүрэн нөхөн сэргээсэн талаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэх хуудас, ажил хийгдэж байх үеийн фото зургийн үзүүлэлтүүдээс харж болно.

Онцлон авч үзвэл: Тээвэрлэлт гүйцэтгэх зам орчим айл оршин суудаггүй бэлчээрийн газар биш болно. Хэрэв айл, мал, амьтан гэх бол хохирсон айл болон малыг тоон утгаар хавтас хэргийн материалд авагдаагүй байна. Тухайн газар нь Уг компанийн ашиглалтын талбай бүхий газар юм. Мөн зам нь баригдаж ашиглалтад орсон болно.

Шүүхээс 2015 оноос 2021 оны хооронд үргэлжилсэн үйлдэлтэй гэх бөгөөд нарийвчилсан хуулиудыг хэргийн үйл баримт болон тайлбараар үйлдэл үгүйсгэгдэнэ.

Авто замын тухай хууль - 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байх бөгөөд уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхлэсэн байна. Уг хуулийн нэмэлт өөрчлөлт болон хэрэгжиж эхэлсэн цаг хугацааны асуудлыг ялган салгаж шинжээчид хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг үндэслэж гаргах боловч БОАЖ сайдын үнэлгээ хийх аргачлалаар хохирлын хэмжээг тогтоосон байх бөгөөд гэрчийн мэдүүлэг нь хууль болон нотолбол зохих эх сурвалжийг бүрэн дүүрэн хангаагүй байна.

Гурван талт хэлцэл - Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, “******* дачин тамсаг” ХХК хоорондын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “... Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайгаас Баянхошуу хилийн боомт чиглэлийн 58,5 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсоноос хойш 1 жилийн хугацаанд газрын тосны тээвэрлэлтээс үүссэн олон салаа замыг бүрэн нөхөн сэргээсэн байна гэж тохиролцсон байна.

Шударга ёсны зарчимд нийцэх байдлаас авч үзвэл уг гурван талын оролцогчид гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудал тэгш шударгаар яригдах боловч хэлцэлд оролцогч замыг барих хөрөнгийг гаргасан хуулийн этгээдийг шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

... Товчхондоо 13 хавтас хэргийн материалын цугларсан баримт цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлээгүй шүүгдэгчийг буруутгах нотлох баримтыг цуглуулсан байна. Өөрөөр хэлбэл ... өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд зөвлөн туслаад олон салаа зам үүсгэхгүй байхад биечлэн оролцох 1 ухамсарт үйлдлийг сумдын Засаг дарга, төрийн байгууллага, албан хаагчдаас олж харсангүй. Ухамсарт гэдэгт төрийн байгууллага, албан хаагчид замын тэмдэг, тэмдэглэгээ, тууз, санамж зөвлөмж, төсвөөс хэчнээн төгрөг гаргасан баримт авагдаагүй байгаагаар нотлогдож байна.

... Захиалагч тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулснаар зам барих ажил замыг барьж байгаа компанид шилжих бөгөөд захиалагчид эцэслэн хүлээлгэж өгч ашиглалтад оруулснаар 1 жилийн дотор бүрэн нөхөн сэргээхийг хүлээн зөвшөөрсөн гурван талт хэлцэл байгаа болно.

... Дээрх бүгдээс авч үзвэл талуудын хооронд хууль тогтоомжид нийцүүлэн хэлцэл, гэрээ байгуулагдсан байх бөгөөд ... шүүгдэгчийн холбогдсон хэргийн гэмт үйлдэл санаа зорилго агуулаагүй, хэлцэл, гэрээний ердийн тогтсон заншил болох ажил үүргээ хэрэгжүүлэх явцад үүссэн асуудал нь гэмт хэрэгт холбогдох үндэслэл болохгүй юм.

1.2. Тостой шороо цуглуулсан гэх “*******” ХХК-ийн хашаанд хаясан гэх үйл явдал хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд

... Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.

“******* ******* *******” ХХК-ийн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг талбай бөгөөд “*******” ХХК нь гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч хашаалан тостой шороог цуглуулж цэвэршүүлж хүлээлгэн өгдөг компани болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

... Хуулийн этгээдийн хооронд байгуулсан хэлцэл, гэрээний үндсэн дээр талуудын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой асуудал нь гэмт хэргийн хэлбэрийн шинжээр илрэн гарсан байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүх хууль хэрэглээ гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байгааг харгалзан үзэлгүйгээр гэмт хэрэгт тооцсон нь үндэслэлгүй юм.

“*******” ХХК-ийн захирал *******, түүний ажилтан нарын гэрчийн мэдүүлэлт үндэслэсэн байх бөгөөд Тостой шороог буулгах зөвшөөрөл олгосон зөвшөөрлийн баримт, шинжлэн судлагдсан баримт, гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй байгааг авч үзээгүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Аюултай хог хаягдлын жагсаалтын 05 тостой шороо гэх жагсаалт байхгүй байна. ... Хашаанд учирсан хохирлын асуудал нь мөн талуудын хооронд үүссэн гэрээний үр дагавар учир гэмт хэргийн шинжгүй байна. Тодруулбал хашаагаар хязгаар тогтоох уу эсхүл “******* дачин тамсаг” ХХК-ийн олборлолтын талбайн ашиглах эрхээр тогтоох уу гэдэгт хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан байна. Газар ашиглах эрх, эзэмших эрхийн ялгааг гаргаагүй байж “*******” ХХК-ийн хашаанд болсон асуудлыг дүгнэж гэм буруутайд тооцсон хууль хэрэглээний ноцтой алдаа гарсан.  

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд

Шүүх “...нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул...” гэж дүгнэсэн.

... Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай тухай, Байгаль орчны тухай хууль, Газрын тухай хууль зөрчсөн гэж үзэх боловч хуулийн зүйл, заалтуудыг тодорхой үндэслэл бүхий баримт, дүгнэлтээр нотлох баримтаар тогтоож бэхжүүлээгүй. Монгол Улсын Засгийн газрын 379 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, барих ашиглах” журам зөрчигдөөгүй, Авто замын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн цаг хугацаанаас буюу 2018 оноос санхүүжилт шийдэгдэж замын зураг, төсөв батлагдаж Гурван талт хэлцэл байгуулагдсан байх бөгөөд гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүссэн байхыг харгалзан үзээгүй байна.

... Шинжээч болон гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тавихад оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн тогтооно.” гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шинжээч нарын дүгнэлт эргэлзээтэй бөгөөд бүрэн гүйцэт гараагүй, шалгаж байгаа хэргийн материалын хувьд буруутай этгээдийг зааж, нэрлэж чадаагүй бөгөөд ерөнхий байдлаар дүгнэлт гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл. “Гэмт хэргийн улмаас ... хохирогч гэнэ.” гэж заасан байхад хохирлын дүгнэлтэд 8-20 салаа зам бүхий айл, хүн, мал гэх боловч хохирогчийг тогтоогүй, Байгаль орчинд учирсан хохирол гээд нөхөн төл гэх шийдвэр нь уг хуулийн заалттай тохирохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 заасан заалт хавтас хэргийн хүрээнд нотлогдон тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдлыг авч үзвэл Зам тээврийн яамнаас тогтоосон чиглэлээр тээвэрлэлт явагдаж байсан байх бөгөөд тэвээрлэгч туслан гүйцэтгэгч компани бөгөөд тусгай төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нар ажиллаж байсан үйл баримт нотлогдог. Тостой шороог буулгах цуглуулах явц мөн л тогтоосон гэрээлэгч компаний хашаанд ажилтан гүйцэтгэсэн байна. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тус тус зүйлчлэлд тохироогүй. Үйл явдал өрнөлийг харахаар хүний хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс бий болсон үр дагавар гэж үзэж байна. Гэвч хуулийн этгээдийг санаатайгаар гэж шүүх гэм буруугийн хэлбэрийг буруу дүгнэлтийг хийсэн атлаа хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй гэж зүйлчилсэн байгаагаас гэмт хэргийн санаа, зорилго хэргийн нөхцөл байдал уялдахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл 2 дахь зүйл, заалтыг үндэслэн анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн хийгээгүй, гэмт хэргийн шинжгүй гэдгээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ярих гээд байгаа хамгийн гол зүйл бол энэ зам барихтай холбоотой, замын гэрээтэй холбоотой асуудал дээр ... ямар ямар ургамлууд үүний нөлөөлөлд автах юм бэ? Хэдий хэмжээтэй нөлөөлөл, хохирол учрахыг тооцоолоод зам барьснаас болоод ийм ийм сөрөг нөлөөллүүд гарч байна. Энэ сөрөг нөлөөллийн улмаас ийм хохирол учирсан байна гэж тооцоолсон нөхцөл байдал хэрэгтэй. ...Байгаль орчны тухай, байгаль орчны нөлөөллийн тухай бүх дүгнэлтүүд нь гарчихсан нөхцөл байдал байна. ... Олон харилцааг хольж хутгаж, хуулийн зохицуулалтын цуглуулга болгож яллах дүгнэлт үйлдэж тэрийг нь шүүх нэг ч дүгнэлт хийлгүйгээр хуулбарлаж авсан мэт ингэж шийдвэрлэж байгаа нөхцөл байдал эргээд хор уршиг үр дагавартай. Энэ нөхцөл байдлыг та бүхэн шийдэж, олон эрх зүйн харилцаанууд дээр дүгнэлт хэлж өгнө үү гэж та бүхнээс хүсэж байна.

... Дараагийн нэг асуудал нь яллах дүгнэлтийн агуулга нь зам барих үүргээ биелүүлээгүйгээс асуудал үүссэн гэсэн байгаа. ... Салаа зам гарч байгаа юм байна гэхдээ замаа барьчхаад нөхөн сэргээхийг даалгахаар гэрээндээ тусгасан. Дараа нь зам барьж дуусаад 98 хувийн нөхөн сэргээлт хийсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

Хоёрдугаарт нь тостой шорооны асуудал байна. ... Газар эзэмшлийн хувьд хууль ёсны эзэмшил байна. Петро Тест гэдэг ХХК-ийн эзэмшлийн талбай нь ашиглалтын талбайтай давхцаж байгаа буюу хууль бус эзэмшил болж байна. Бид нар өөрсдийн эзэмшлийн тайлбай дээр Петро тест барилга байгууламж бариад, үүнийг цуглуулсан юм аа гэж гайхаад байсан чинь үйлчлүүлэгч талаас яагаад өөрсдийн гэж яриад байсан бэ гэхээр ашиглалтын талбай нь бөөндөө хамаарсан. ...  Өөрөөр хэлбэл өөрсдийн талбай дээрээ цуглуулсан асуудал. ... Зөвшөөрөл дээр ярьвал гарын үсэг зураад авч байгаа. ... Хамгийн гол асуудал нь 2018 оноос хойш эрх зүйн орчин нь бүрдсэн. Эрх зүйн орчин үүсээд гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилт давагдашгүй хүчин зүйлд хамаарчээ. Дараа нь ийм зүйл болжээ гэдэг асуудал байна. 

Гуравдугаарт нь тээврийн хэрэгсэл ярьж байгаа бол тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэм хортой асуудал дээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь хариуцна. ... Үүнд туслан гүйцэтгэгчид хариуцлага оногдуулах эрх зүйн харилцаа нь байна. Энэ бүх эрх зүйн харилцааг ялгаж салгаж өгнө үү.

... Байгалийн тэнцэл алдагдуулах 24.9-ийн зүйлчлэл нь хуучин 2002 оны хуульд орохдоо үхэлд хүргэх гэдэг үг байсан. Бид нар тэгж ойлгож хэрэглэдэг байсан. Үхэлд хүргэсэн тохиолдолд гэмт хэрэг гэж үздэг байсан. Бид нар энэ хуулийн үг, үсгийн өөрчлөлтийг биш гол нь энэ чинь нийгэмд аюултай гэдэг агуулгыг яагаад энэ хуульд тусгасан юм бэ? ... Үүнд шүүгч та бүхэн оновчтой дүгнэлт гаргаж өгнө үү. Хууль хэрэглээний чухал ач холбогдолтой зүйл байна гэдгийг та бүхэн харж үзээсэй гэж хүсэж байна. 

2017 оны хуулиас өмнө гэмт хэргийг үйлдсэн үйлдэл, гэмт хэргийн оролцоог тогтоогоод байдаг. 2002 оны хууль руу орох асуудал үүснэ. ... 2015 оны эрүүгийн хуулийн 24.9 дүгээр зүйлд тухайн төрлийн үйл ажиллагаанд хамаарч байна уу, үгүй юу үүнд эрх зүйн дүгнэлт өгөх ёстой асуудал. ... Зөвшөөрөлгүйгээр гэмтээх гэдэг үг байна. ... Гэмтээсэн нөхцөл дээр хордуулсан гэдэг асуудал яригдаж байна. ... Зөвшөөрөлгүйгээр гэмтээх гэдэг ойлголтод иргэний эрх зүйтэй холбоотой, зам барих, зам барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой дүйцүүлж авч үзэж байна. Энийг л төсөөтэй хэрэглээ гэж үзээд байгаа юм. ...Олон салаа харилцаануудыг энэтэй төсөөтэй байдлаар хэрэглээд байгаа нь хууль тогтоомжийн хамгийн том зөрчил байна. Прокурор хэлэхдээ хүний талбай дээр хаясан байна. Яаж ч шалгасан хүний талбай байна гэж байна. Бүхэл бүтэн ашиглалтын талбай дээр хашаалагдсан талбай байна. Анхнаасаа энэ талбайн өмчлөх, ашиглах хууль бус. ... Хоёрдугаарт тостой шорооноос шороог нь ялгаад тосыг нь гаргачих юм бол энэ нь өөрөө нефтийн бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүн хуваах гэрээний өртөг ногдох тос болж байна. Зохицуулалт нь ийм байна. ... Хаях гэдэг ойлголт биш үйлдвэрлэлийн процесс байна. Тэр тосыг ялгаж аваад экспортод гаргах асуудал байна. ... Хэрвээ гэмт хэрэг гэж үзвэл хохирогч талаас гол зөвшөөрлийг нь өгөөд байна. Замаар явуулах уу, үгүй юу гэдгийг Засаг дарга шийднэ. Энэ  зөвшөөрөл өгөөд байгаа нь гэмт хэргийн шинж мөн үү. Хэрвээ гэмт хэрэг гэж үзвэл зөвшөөрөл өгөөд байгаа хүмүүс нь бүгд холбогдож орж ирнэ. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. 

... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объектыг зөрчлийн хуулиар болон эрүүгийн хуулиар хамгаалж байна. Ноцтой үр дагаврын асуудал байна. Энэ хэргийн кэйс дээр зөрчлийн тухай хуулийн зарим зохицуулалт, хамгаалалтын хэрэглээ дээр давхцаж байна. Гэмт хэрэг болохын тулд өөрөөр авч үзэх ёстой. Тэгвэл шинжээчийн дүгнэлт нь тостой шороон дээр, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах дээр ч гэсэн дүгнэлтийн аргачлал нэг байна. Байгалийн тэнцвэр алдагдуулсан дүгнэлтийг хийхдээ шинжээчийн бүтэн материал байсан. Тэрийг харгалзаж үзээгүй. ...  Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд энэ тээвэрлэлтийн асуудлыг юу гэж зохицуулсан байна, тэгээд ажил нь яаж байгаа гэх зэрэг дээр харилцан дүгнэлт хийж, хууль тогтоомжийн уялдаа холбоог харгалзан үзэж өгнө үү. 

... Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буянзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ 8-20 салаа зам үүсгэсэн этгээдийг нь тусгайлан шинжээчийн дүгнэлт юм уу бусад зүйлээр тодорхойлж гаргаж өгөх хэрэгтэй. Хавтаст хэрэг дээр байгаа гэрээнүүдийг нь аваад туслан гүйцэтгэгч компаниудыг нь оруулаад тээвэрлэгчийг нь оруулсан байдаг. ... Туслан гүйцэтгэгч компани өөрсдийнхөө аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу жолоочийг шуурхай арга хэмжээ авах үүргийг нь өгөөд явуулдаг. ... Тэгэхээр захиалагч бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг туслан гүйцэтгэгч компани нь өөрөө хариуцна гэдгийг туслан гүйцэтгэгч компанийнхаа гэрээн дээр заагаад тодорхойлоод өгсөн байдаг. ... Үйл ажиллагаа нь хууль ёсны зөвшөөрөлтөйгээр үйл ажиллагаа явуулсан учраас энэ нь өөрөө гэмт хэрэг болохгүй юм. Хийж байгаа үйлдэл нь бас гэм буруугүй байгаа.

... Петро чайна дачин тамсаг ХХК-ийн зүгээс зөвшөөрөлтэй үйл ажиллагааны дагуу явуулсан, үүссэн хохирлыг нөхөн сэргээгээд, үйл ажиллагаа хэвийн болгоод явж байгаа ямар ч нийгэмд аюултай шинжийг хангаагүй байгаа. ... Зам барьж байгаа процесс нь нийгэмд аюултай үйлдэл биш. Харин ч шинээр олгогдож байгаа хууль тогтоомж, зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн дагуу зам барилга баригдаад, хүлээлгээд 1 жилийн дотор нөхөн сэргээх үйл явцыг хийсэн байна. Замын гэрээн дээр тодорхой заасан байгаа. ... Зөрчлөөс үүсэх үр дагаврыг бол Зөрчлийн тухай хуулиараа шийдээд явна. Мөн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаанаас үүссэн үү гэдгийг бүрэн дүүрэн гаргаагүй байна. Эргэлзээ үүсэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зүйлчлэлийг баримтлах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заавал эрх авсан шинжээч нар эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргадаг. ... Шинжлэх ухаан технологийн их сургуулийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийн мэргэжлийн доктор, профессор, газрын тосны үйлдвэрт ажиллаж байсан этгээдүүдээс томилогдоогүй байна. ... Манай компани тостой шороог нэг цэгт төвлөрүүлж байгаа үйлдэл нь эзгүй хаяж байгаа үйлдэл бол огт биш. Харин нэг цэгт төвлөрүүлж улмаар хөрөнгө мөнгө, технологийн шийдлээр цэвэршүүлэх үйл явцын өмнөх үе шат гэж ойлгох хэрэгтэй.

... Прокурор дурдахдаа 2015 онд маршрут баталсан. Зам барихаар санамж байгуулсан гэж байна. Талуудын хооронд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулагддаг. ... Гол ач холбогдол нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үү. Ялангуяа зам барих асуудал дээр 3 талт хэлцэл, гэрээний үндсэн дээр өөрсдөө захиалагч тал нь хөрөнгөө гаргаад, захиалагч тал өөрөө тусгай зөвшөөрөлтэй зам барих этгээд биш учраас гүйцэтгэгч буюу Их монгол барилга гэдэг компаниар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэсэн. ... Шинжээчийн дүгнэлт, тэр санамж, тэр шаардлагууд дээр нэг бүрчлэн хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

... Прокурорын зүгээс уул уурхайн зам тусдаа гэж байна. Монгол Улс нь өөрөө уул уурхайн барьсан зам дээр иргэн, аж ахуйн нэгж, тухайн хилийн боомтоор гарч байгаа бүх этгээдүүд явдаг гэсэн үг. Энд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, Зам тээврийн тухай хууль нэг мөр үйлчилж байхад уул уурхай дээр тусд нь сайдын тушаал гаргаад, санамж өгөөд, нэг тушаал гарсан тэр маршрутаар явна гэж байгаа юм. ... Хууль нэг мөр үйлчилнэ. Тэрнээс биш уул уурхайн тусгай зориулалтын техник хэрэгсэл хүнд даацын тээврийн хэрэгсэл явдаг гэсэн байдлаар ялгаж болохгүй.

... Иргэн, хуулийн этгээдийн хоорондын асуудал буюу тээвэрлэлтийн асуудал яваад байна. Гэрээ нь өөрөө гэмт хэрэг байх юм бол гэрээгээр халхавчилж нуун дарагдуулсан байна. Субьектив шинжийн асуудлыг ярих ёстой байх.  ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

9. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний санаж байгаагаар бол Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн арга хэмжээ урьд нь авагдаж байгаагүй. Өмгөөлөгчийн хэлж байгаатай адилхан хатуу хучилттай замын эрх зүйн зохицуулалт нь 2018 оноос бий болсон. Монгол Улсад газрын тосны хайгуулалт, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг салбар нь хөгжөөд удаагүй. Ялангуяа орд ашиглалтын газрын тосны дээд боловсруулалт нь хамгийн анх Петро чайна дачин тамсаг ХХК-д нээгдсэн. ...Тостой шорооны асуудлыг бол анхан шатны шүүхийн шийдвэрээр манай компанийг буруутгасан байгаа. Үүнд ойлголтын зөрүү байгааг тайлбарлах нь зүйтэй байна. Тостой шороо гэсэн нэр томъёо тогтоосон байдаг. Үүнийг хог хаягдалд ангилсан байдаг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ашиглаж байгаа туршлагыг харвал тостой шороо гэж ойлгохоос илүү шороонд байдаг тос гэж ойлгодог. Үүнийг дараагийн шатанд ялгаж салгаж ашиглах, хог хаягдал биш баялаг гэсэн өнцгөөс харж байгаа. Энэ нь бол өөрөөр үнэлэгдэх үнэлгээтэй. Энэ нь Монгол Улсад хөгжөөгүй, хууль эрх зүйн орчин бүрэн дүүрэн төгөлдөр болоогүйтэй бас хамааралтай байх. ... Хортой хог хаягдал гэсэн өнцгөөс тайлбарлаж байгаа нь салбарыг зохицуулсан норм стандарт байхгүй байна. Одоогийн байдлаар бол тостой шороог шийдэх 3 технологи байдаг. Халаах, угаах, био бактерийн аргыг ашиглах гэсэн 3 арга байдаг. Үүнийг хилийн чанадад бол арай өөр өнцгөөс хардаг.” гэв. 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... авто зам барих асуудал нь 3 талт хэлэлцээрээр хийгдэж байгаа. Энэ нь гэрээний асуудал байж болно. Гэхдээ Монгол Улсын Зам тээврийн сайдын 2015 оны “Авто замын чиглэл батлах тухай” тушаал байгаа. Замаар тээвэр хийж байх хугацаанд эхлэл төгсгөл нь энэ байна, замын өргөнийг бас сайдын тушаалаар тодорхой зааж өгсөн байдаг. ... 8-20 салаа зам гарсан гэдэг асуудал нь тухайн компанийн хүнд даацын машинууд нь зөөлөн хөрстэй, эмзэг бүрхэвчтэй газраар олон удаагийн тээвэр хийхээр байгаль орчинд сөргөөр нөлөөлж, маш их хэмжээний тоосжилт буюу ургамлын ургалтад сөрөг нөлөө, хохирол үзүүлсэн гэж үзэж байна. Байгаль орчны зүгээс баталсан замын дагуу тээвэрлээгүйн улмаас олон салаа зам гаргаж, байгаль орчинд хохирол учруулсан.

Хоёр дахь асуудал нь аюултай хог хаягдлыг хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах эдгээрийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гэрээгээр гүйцэтгэж байсан. ... Гэвч тос болсон шороог цуглуулах, дахин боловсруулах буюу саармагжуулах явцдаа зориулалтын байгууламж дотор асгаагүй халиулж асгасан учраас тухайн газрын хөрсөнд шингэсэн асуудал байна. ... Шинжээч нь холбогдох хууль, стандарт, үнэлгээний хуулийн дагуу хөрсөнд олон салаа зам гаргасан, байгаль экологид хохирол учруулсныг тогтоосон байдаг. Мөн адил зориулалтын байгууламж гээд байгаа нь тостой шороог түр хадгалахдаа биомембарам бүхий зориулалтын газарт хадгалах ёстой байсныг илүү газар хальснаас болж газрын хөрсөнд нэвчсэн байна гэдэг дүгнэлт гарсан байдаг. Байгаль экологид учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гаргасан.” гэв. 

11. Прокурор Н.Өнөрбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгч хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

... Үйл явдлыг өмгөөлөгч нар цаг хугацааг тасдаад өөрсдөдөө ашигтай байдлаар зарим зүйлийг тайлбарлаж ярьж байна. Байгалийн тэнцэл алдагдуулж байгаа хэрэг дээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Зам, тээврийн сайд чиглэл маршрутыг тогтоож, үүрэгжүүлсэн заалтаар тушаал гаргасан байдаг. Улмаар 2017 оны 01 дүгээр сараас эхлэн тухайн Петро чайна дачин тамсаг ХХК-тай, Ашигт малтмал газрын тосны газраас гэрээ хийж, санамж бичиг байгуулаад хилийн боомтын чиглэлийн замд 60 км авто замыг барьж байгуулах шаардлагатай талаар хэлцэлд орсон. 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тухайн нутгийн иргэд, удирдлагуудаас гомдол ирээд Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тухайн замыг ашиглахыг зогсоосон. Зөрчлийн тухай хуулиар маш олон удаа шийтгэл оногдуулсан. Мөн дээрээс нь зөрчлийг арилгуулах, үр дагаврыг арилгуулах акт, шаардлага гэх мэт 2017 онд энэ үйл явц өрнөсөн.

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээг талууд нь Ашигт малтмалын газар, Дорнод аймгийн Засаг дарга, Петро чайна дачин тамсаг ХХК нар нь 3 талт хэлэлцээр байгуулсан байдаг. Тус 3 талт хэлэлцээрээр 2019 онд замыг барих шаардлагатай байна гэж дахин эрх зүйн баримт бичиг үйлдсэн. 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас 377 дугаар тогтоол гаргасан байдаг. Тус тогтоолд тухайн замын маршрутыг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхээр гэдэг байдлаар гаргасан. Петро чайна дачин тамсаг ХХК-ний авто зам барихтай холбоотой үүрэгжүүлсэн санамж бичиг, 3 талт хэлэлцээр, зөрчлийг арилгуулах, зөрчлийн шийтгэл, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрх бүх л эрхүүдийг олгосон. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлээд бүх л мэргэжлийн хяналтын байгууллага, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар нь хууль хяналтын байгууллагад хандаж эхэлснээр тухайн шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар хэрэгт авагдсан баримтуудаар экологийн тогтолцоо алдагдах, байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзсэн.

... Авто замыг олон улсын, улсын чанартай, тусгай зориулалтын гэж 3 ангилдаг. Тусгай зориулалтын авто зам нь зөвхөн хүнд даацын машин механизм, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа замыг хэлнэ. Тусгай зориулалтын авто замыг холбогдох журмын дагуу уул уурхайн бүтээгдэхүүн олборлож байгаа компаниудад тавигдаж байгаа шаардлагын хүрээнд энэ асуудал явагдаж байгаа. Тусгай зориулалтын авто зам дээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулах асуудал нь хуульд заасан, бусад тавигдах шаардлага гэж үзэж болно. Иймд олон талт олон удаагийн хэлцэл, мөн төрийн захиргааны байгууллагуудын олон удаагийн шаардлага, бусад бүх л тавьж байгаа мэдэгдэл шаардлагыг үл хайхарч зөвхөн компанийн эрх ашгийн төлөө хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж тухайн ард иргэдийн амьдрах орчин, тухайн орчны тоосжилт, ургамал, байгалийн орчинд хохирол учирсан байна гэж үзэж байна.

... Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар мэргэжлийн байгууллага гэдэг нэр томьёо нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага нь уул, уурхай бусад байгаль орчны хэргүүд дээр шинжилгээ гарган шийдвэрлэж байгаа. Хууль журмын дагуу шинжээч томилох, дүгнэлт гаргаж явсан байна. Иймд үүнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

... Хоёр дахь асуудал буюу аюултай хог хаягдлын хувьд түр хадгалах, зориулалтын газар нь түр хадгалаад цаашид Байгаль орчны газраас эрх бүхий зөвшөөрөл авсан устгах, тээвэрлэх, хадгалах эрх бүхий байгууллагад эрх шилжүүлснээр үүрэг нь дуусгавар болно. ... Өмгөөлөгч нь хэлэхдээ ******* ХХК-ийн эзэмшлийн талбай Петро чайна дачин тамсаг ХХК-ийн ашиглалтын талбайтай давхацсан гэж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглодог. Зөвхөн ашиглалтын талбай нь гэрээний үндсэн дээр олгогдож байгаа. ... Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан байна. Дараа нь ямар нэгэн асуудал үүсэхэд энэ нь Петро Тест ХХК-ийн талбай байна гэж үзэхээс өөр аргагүй. Эдгээр нөхцөл байдлыг шалгаж тогтоосноор Петро чайна дачин тамсаг ХХК нь зориулалтын бус газар хог хаягдлаа хаясан байна гэж үзсэн. Үүнд хэргийн газрын үзлэг, бусад мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, холбогдох гэрч, мөн Петро Тест ХХК-ийн захирал, харуулын ажилтан зэрэг хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогддог. Үүнийг үндэслэж шүүхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, оролцогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч хуулийн этгээдийн  гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.

4. Шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулахдаа Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто замын чиглэл батлах тухай” 307 дугаар тушаал, Авто замын тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 379 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”, Монгол Улсын Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага MNS6278:2011 стандартын холбогдох заалтуудыг тус тус зөрчиж Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа бүхий олон салаа зам бий болгосноор хөрсний доройтол үүсгэж, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгалийн тэнцэл алдагдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн болох нь,

мөн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 116 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”, Аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалд заасныг тус тус зөрчиж, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн хашаанд хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох нефтийн хаягдлыг асгасны улмаас 2800м2 буюу 0,28 га хэмжээ бүхий газарт хөрс бохирдож, байгаль орчинд 5,485,752 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч хуулийн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгалийн тэнцэл алдагдуулсан гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг тус тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах журмаар “... шүүгдэгч хуулийн этгээд нь эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэргийг үйлдээгүй ... байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байхад гэм буруутайд тооцсон, ... мөн газрын тостой шороогоо дахин боловсруулж, цэвэршүүлэн авахын тулд өөрийн ашиглалтын газар дээр түр асгасан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй байхад гэм буруутайд тооцсон ... нь тус тус хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ... тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

6.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт баталгаажуулсан Монгол Улсын иргэний үндсэн эрхийн нэг бол “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрх бөгөөд энэ эрхийг зөрчихгүй байх, урьдчилан сэргийлэх эрх зүйн хамгаалалтыг Эрүүгийн хууль болон бусад хуульд хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлд заасан “Байгалийн тэнцэл алдагдуулах” гэмт хэрэг гэдэгт байгаль орчин, түүний нөөц баялагийг ашиглаж олборлохдоо аливаа амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг байгалийн зохицолдолгоо жамаараа урган цэцэглэх, өсөн үржих, нөхөн сэргэх явцыг алдагдуулж, зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, бусад хэлбэрээр зүй бусаар харьцсан экологийн тогтолцоог алдагдуулсан санаатай үйлдлийг ойлгохоор заасан.

Мөн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан “Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях” гэмт хэргийн ойлголт нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар, эсхүл төвлөрсөн хог хаягдлын цэгт хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлээр илэрдэг ба эдгээр үйлдэл тус бүр бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болдог бөгөөд “Зориулалтын бус газар хаясан” гэдгийг Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан стандартыг зөрчсөн, энгийн хог хаягдлын цэгт хаясан, химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн хаягдлыг хоргүй болон аюулгүй болгон зайлуулаагүй байхыг ойлгоно.

Түүнчлэн “Аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг ойлгох бөгөөд Аюултай хог хаягдал үүсгэгч болон аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч хуульд заасны дагуу бүртгүүлж, бүртгэлийн дугаар авсан байхыг хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Аюултай хог хаягдал”-ын жагсаалтын 05.01-д “Газрын тосны боловсруулалтын хаягдал буюу асгарсан тостой хөрс шороо”-г оруулсан байхаас гадна Монгол Улсын Засгийн газрын мөн өдрийн 116 дугаар тогтоолын нэгдүгээр  хавсралтын “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ын 2.3-д “Аюултай хог хаягдал үүсгэгч нь Хог хаягдлын тухай хуульд зааснаас гадна өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлаа устгах тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах, өөрийн үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлаа устгах болон дахин боловсруулах боломжгүй тохиолдолд аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, экспортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад  шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Дээрх хуулиуд болон дүрэм журмуудад тус тус зааснаас үзвэл шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх, олборлох, тээвэрлэх, боловсруулах, экспорт импортын үйл ажиллагаагаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө явуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журамд нийцүүлэн явуулах үүрэгтэй.

Гэвч шүүгдэгч хуулийн этгээдийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулахдаа хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм журам, стандартад заасныг зөрчиж, 8-20 салаа бүхий олон салаа зам бий болгон хөрсний доройтол үүсгэж, тухайн газарт хээрийн бүсийн ургамал буюу олон наст, хүмүүнсэг ургамал ургахгүй болж, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулсан үйлдэл, түүнчлэн “*******” ХХК-ийн биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа нь сунгагдаагүй, үйл ажиллагаа нь дуусгавар болсон, газрын тосоор бохирлогдсон хөрсийг цэвэршүүлэхгүй байгааг мэдсээр байж тухайн компанийн хашаанд аюултай хог хаягдал буюу газрын тостой хөрс шороог 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээр зөөвөрлөн асгаж байсны улмаас хөрс бохирдож, байгаль орчинд хохирол хор уршиг учруулсан үйлдэл нь тус бүрдээ Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд дээрх үйлдлийн улмаас олон нийтийн  аюулгүй байдал, ашиг сонирхол хөндөгдөж, хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирснаараа гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба дээрх шинжээрээ зөрчлөөс ялгагдана.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, “******* дачин тамсаг” ХХК-ийн хоорондын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гурван талт хэлэлцээрээр талууд тухайн замыг ашиглалтанд орсноос хойш нөхөн сэргээлт хийхээр тохиролцсон, ... талуудын хооронд хууль тогтоомжид нийцүүлэн иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн хэлцэл, гэрээ байгуулагдсан байхад гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн,  ... ******* ХХК нь манай компанийн ашиглалтын газар дээр давхцуулан газар эзэмшиж байгаа нь уг компанийг хууль бусаар газар эзэмшдэг болохыг баталж байна. ...” гэж мэтгэлцдэг.

Гэвч дээрх гурван талт хэлэлцээрийн “... Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайгаас Баянхошуу хилийн боомт чиглэлийн 58 км хатуу хучилттай автозам ашиглалтанд орсноос хойш 1 жилийн хугацаанд газрын тосны тээвэрлэлтээс үүссэн олон салаа замыг бүрэн нөхөн сэргээсэн байна...” гэх агуулгаас үзвэл олон салаа зам гаргасан газрын нөхөн сэргээлт хийх хугацааг хатуу хучилттай зам ашиглалтанд орсноос хойш хийх талаар тохирсон байх ба дээрх хэлэлцээрт зааснаар шүүгдэгч хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх, улмаар иргэний болон захиргааны эрх зүйн гэрээтэй холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний шүүх хуралдаанд гаргасан Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “ ... ******* ХХК-ийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эзэмшдэг 15000 м2 газар нь ******* ******* ******* ХХК-ийн ашиглалтын лицензийн 65000 га газартай давхцалтай байна” гэх 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/496 тоот албан бичиг нь ******* ХХК-ийг хууль бус газар эзэмшдэг болохыг тогтоосон албан ёсны баримт /шинжээчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр гэх мэт/ гэж үзэхгүй бөгөөд уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

7. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150 000 000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “******* ******* *******” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 50 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 200 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200 000 000 төгрөгөөр тогтоон, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгчид оногдуулсан аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр байгаль орчинд учруулсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т тус тус заасантай нийцсэн байна.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, Д.Буянзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

АРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД                                                                     С.ГАНЧИМЭГ

                                                                                                   Г.УРТНАСАН