| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00107/И |
| Дугаар | 305/ШШ2026/00157 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2026/00157
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: **************** оршин суух Д овогт Д-н Э-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: **************** оршин суух Б овогт Б-н М-д холбогдох
2,654,000(хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... Миний бие 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б овогтой М-д 2,500,000 төгрөг зээлүүлсэн. М нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эргүүлж төлөхөөр болсон юм. Гэтэл өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй тул үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 100,000 төгрөг, алданги 54,000 төгрөг, нийт 2,654,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна ... гэжээ.
2. Хариуцагч Б.М-н тайлбарын агуулга ...Б овогтой М би Д овогтой Э-с 2,654,000 төгрөг авсан үнэн болохыг тайлбарлаж, хүлээн зөвшөөрч байна. Уг авсан мөнгөө 2026 оны 03 дугаар сарын 10-ны дотор барагдуулах болно ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Д.Э-н 2,654,000(хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Д.Э-н нэхэмжлэлтэй Б.М-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,414(тавин долоон мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөгөөс 28,707(хорин найман мянга долоон зуун долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,707(хорин найман мянга долоон зуун долоо) төгрөгийг, хариуцагчаас 28,707(хорин найман мянга долоон зуун долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Д.Э-н 2,654,000(хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,414(тавин долоон мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөгөөс 28,707(хорин найман мянга долоон зуун долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,707(хорин найман мянга долоон зуун долоо) төгрөгийг, хариуцагчаас 28,707(хорин найман мянга долоон зуун долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН