Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2026/00173

 
 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: ******************* үйл ажиллагаа явуулдаг ************ ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: ******************* оршин суух Д-н Н-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,399,736(нэг сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Д.Н нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цахимаар 3013742 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Д.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цахимаар 690,000 төгрөгийн дүнтэй, 3 сарын хугацаатай, 4,9 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь ************** дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү ************ гэрээний үүргээ биелүүлсэн боловч Д.Н Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 3013742 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,399,736 төгрөгийг Д.Н-с гаргуулж өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч Д.Н-н тайлбарын агуулга ... Миний бие Д.Н нь ********* банк санхүүгээс 690,000 төгрөгийн зээл авсан. Эргэн төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын дүн 1,399,736 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 4 сарын хугацаанд бүрэн төлж дуусган ямар нэгэн хохиролгүй болгож, төлбөрийг барагдуулна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 1,399,736(нэг сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ************ ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Д.Н-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,346(гучин долоон мянга гурван зуун дөчин зургаа) төгрөгөөс 18,673(арван найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,673(арван найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг, хариуцагчаас 18,673(арван найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 1,399,736(нэг сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,346(гучин долоон мянга гурван зуун дөчин зургаа) төгрөгөөс 18,673(арван найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,673(арван найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг, хариуцагчаас 18,673(арван найман мянга зургаан зуун далан гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН