Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2026/00184

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****************** оршин суух Б овогт С-н Н-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: *************** оршин суух, Б овогт Б-н С-т холбогдох,

16,000,0000(арван зургаан сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Н оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч Б.С-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтэй байх тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэлийн шаардлага: 16,000,0000(арван зургаан сая) төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Н миний эзэмшлийн өөрөө буулгагч автомашиныг 45 сая төгрөгөөр худалдсан ба урьдчилгаанд 29 сая төгрөгт үнэлж С-н HS-250 загварын жижиг машиныг 2025 оны 12 дугаар сарын 18-нд талууд өөрийн биеэр автотээврийн газарт очиж шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 16 сая төгрөгийг Б.С нь 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор барагдуулахаар тохирч нотариат хийлгэсэн. Одоо үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байгаа тул шүүхэд хандав гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлага, үндэслэлдээ ...Иргэн Б.С-т өөрийн өөрөө буулгагч автомашиныг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж өгсөн. 7 хоногийн хугацаатай үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч тэр мөнгөө одоо хүртэл төлөхгүй, утас нь холбогдохгүй байна. Эхэндээ төлнө гэж явж байгаад янз бүрийн худлаа шалтаг хэлээд ийм машин зарж байна, тийм машин зарж байна гэж явсаар байгаад сүүлдээ утас нь холбогдохоо байсан. Одоо би 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Иргэний үнэмлэхийн хуулбар/С.Н/

-Нийслэлийн тойргийн нотариатч **************-н гэрчилсэн 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийн 1303 дугаартай Авто машины үлдэгдэл төлбөр төлөх тухай гэрээ /С.Н, Б.С нарын байгуулсан/

-Иргэний үнэмлэхийн лавлагаа/С.Н, Б.Ч/

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

 6. Зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Б.С-с автомашины үнийн үлдэгдэл 16,000,0000(арван зургаан сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

3. Хариуцагч Б.С-т 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хариу тайлбар өгөх хугацаа олгосон боловч тэрээр шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хариуцагч талын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...Иргэн Б.С-т өөрийн өөрөө буулгагч автомашиныг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж өгсөн. 7 хоногийн хугацаатай үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч тэр мөнгөө одоо хүртэл төлөхгүй, утас нь холбогдохгүй байна. Эхэндээ төлнө гэж явж байгаад янз бүрийн худлаа шалтаг хэлээд ийм машин зарж байна, тийм машин зарж байна гэж явсаар байгаад сүүлдээ утас нь холбогдохоо байсан. Одоо би 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа ... гэх агуулгаар тайлбарлав.

- Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

5. Үйл баримтын хувьд С.Н, Б.С нар 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг 09 минутад Нийслэлийн тойргийн нотариатч Д.Энхтуяагаар гэрчлүүлж 1. С.Н-н өмчлөлийн ************** аралтай ************ загвартай өөрөө буулгагч авто машиныг 45 сая төгрөгөөр худалдсан ба урьдчилгаа 29 сая төгрөгт үнэлж Б.С-н гэр бүл болох Б овогтой Б-н өмчлөлийн *********** аралтай HS250h загварын жижиг авто машиныг 2025 оны 12 дугаар сарын 18-нд талууд өөрийн биеэр Авто тээврийн газарт очиж шилжүүлсэн болно,

2. Дээрх авто машиныг өмчлөлийн нэрийг талууд тохиролцож тухайн өдөр шилжүүлсэн ба тус тусын авто машиныг хүлээн авсан болно.

3. үлдэгдэл төлбөр болох 16 сая төгрөгийг Б.С нь өөрийн гэр бүл Б.Б-н нэрийн өмнөөс төлбөрийг хариуцан 2025 оны 12 дугаар сарын 28-ны дотор худалдагч тал болох С.Н-н ХААН Банкны ************** тоот дансанд шилжүүлэхээр талууд тохиролцов.

4. Дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5% -иар алданги тооцох болно.

5. Дээрх гэрээг талууд үл маргах журмаар шийдвэрлэх болно... гэх агуулгатай бүртгэлийн ***** дугаартай автомашины үлдэгдэл төлбөр төлөх тухай гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

6. Хууль зүйн хувьд талуудын хооронд үүссэн дээрх харилцаанд эрх зүйн дүгнэлт хийхэд автомашин худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

7. Нэхэмжлэгч болон хариуцагч нар ... нэхэмжлэгч *********** арлын дугаартай, ********** загвартай өөрөө буулгагч авто машиныг 45 сая төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 29 сая төгрөгт HS250h загварын жижиг авто машиныг шилжүүлэн авч, хариуцагч нь үлдэгдэл төлбөр болох 16 сая төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны дотор нэхэмжлэгчийн ХААН Банкны ************* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нь ************** арлын дугаартай, ************ загвартай өөрөө буулгагч авто машиныг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй байна.

8. Зохигчид автомашины үлдэгдэл төлбөр 16,000,000 2025 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулсан бөгөөд үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцсон тул хариуцагчаас худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөрт 16,000,000(арван зургаан сая) төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан.

Хариуцагчид 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, 14 хоногийн дотор буюу 2026 оны 01 дүгээр сарын 22-ны дотор хариу тайлбараа ирүүлэх үүргийг тайлбарлаж өгчээ.

Гэвч хариуцагч нь дээрх хугацаанд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Иймд хариуцагч Б.С-с автомашины үнийн үлдэгдэл төлбөр 16,000,000(арван зургаан сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэлээ.

11. Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ... Энэ машин хотод өдрийн 800,000 төгрөгийн түрээсээр явдаг байсан. Зарснаас хойших олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх мөн 16,000,000 төгрөг дээр нотариат хийхдээ өдрийн 0,5 хувийн алданги тооцогдохоор хийсэн байгаа. Тэрийгээ бас нэхэмжилнэ гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгч С.Н-д 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус эрх үүрэг танилцуулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй боловч бичгээр гаргаж, нэмэгдүүлсэн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаж, хариуцагчийн тоогоор хувилж ирүүлэх шаардлагыг хангах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээ, үүссэн харилцааны улмаас хохирол бий болсон, олох ёстой байсан орлогоо олж чадаагүй гэж үзвэл жичдээ дахин нэхэмжлэл гаргах боломжтой тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950(хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 237,950(хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.С-с тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт 16,000,000(арван зургаан сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Над олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950(хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 237,950(хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч С.Н-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.ҮЙТҮМЭН