| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0579/Э |
| Дугаар | 589 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 589
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч Б.У, Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У, Б.Р нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808029660766 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М дэлгүүр ХХК-ийн салбар ТНТ махны цехэд иргэн Б.Ртэй “эхнэр Таа өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Р нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүр ХХК-ийн салбар ТНТ махны цехэд иргэн Б.Утай “манай эхнэр Тыг доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учуурлсан гэх тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүр ХХК-ийн салбар ТНТ махны цехэд иргэн Б.Ртэй “эхнэр Таа өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч С.Ргийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн салбар ТНТ-ын махны цехэд манай эхнэр Т ахлах менежерээр ажиллаад хоёр жил болж байгаа юм. Тэр ажлын байранд манай эхнэртэй нийлээд 3 хүн байдаг. ...Б.У гэдэг залуу нь эхнэрийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжлоод байдаг гэж ярьж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэрийг доромжилсон байсан. Би маргааш нь очиж Б.Утай уулзаад “чи манай эхнэрийн юу өмсөх чамд хамаагүй” гээд хэлсэн чинь “тэгээд чи яах юм” гээд өөдөөс маргалдсан. Би түүнтэй барьцалдаж автал толгойгоороо цээж мөр хэсэгт мөргөсөн. Тэгэхээр нь толгойг нь доошоо дартал дээшээ өндийхдөө толгойгоороо нүүр лүү нь мөргөөд авсан. Харуулууд бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-11-13/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 7668 дугаартай...Б.Ргийн биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, дээд үүдэн баруун 2 дугаар шүд хөдөлгөөн орсон, баруун дээд доод зовхинд цус хуралт, өвчүүний голд цэгчэн хэмжээтэй шарх, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-27/
- гэрч Л.Тын мөрдөн байцаалтад өгсөн:...Тухайн өдөр манай нөхөр Б.Р намайг ажил дээр хүргэж өгсөн. Өчигдрийн болсон асуудлыг нөхөртөө хэлсэн. Би нөхрийгөө цахилгаан жин өчигдөр унгаачихсан яаж ажлуулдагийг нөгөө ажилтанд заагаад өгөөч гэж хэлээд ажил дээрээ авч ирсэн юм. Тэгээд ажил дээрээ иртэл Б.У ирчихсэн байсан. Би ажлын байраа онгойлгох гээд түрүүлээд алхаж ард нөхөр Б.Р, Б.Утай маргалдаж хоорондоо цээж толгойгоороо мөргөлдөж эхэлсэн хамгаалагч залуу ирж салгасан...гэх мэдүүлэг /хх-20-21/
- шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед ажлаа хийж байгаад махны килограми хиллэдэг цахилгаан хилийг санаандгүй унагаачихсан чинь ахлах Т эвдчихлээ гээд аашилсан. Тэгэхээр нь би зүгээрээ эвдрээгүй байна гээд хэлсэн чинь би толгойгоороо наадахыг чинь хариуцдаг юм. Чи ер нь дандаа миний бөгсыг ухаж явдаг биз дээ салбарын дарга Чойнямд намайг ховолсон байсан гээд намайг бөгс ухдаг гээд байсан. Түүнээс болж нөхөр Б.Р нь намайг алгадах үед би түүнийг бариад авсан чинь ам орчимд тохойгоороо нэг удаа тохойлдсон. Зууралдаад надаас салахгүй цээж толгойгоороо мөргөөд байхаар нь би зөрүүлээд мөргөлдсөн хамгаалагч ах хараад бид хоёрыг салгасан.../хх-37-38/,
Шүүгдэгч Б.Р нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүр ХХК-ийн салбар ТНТ махны цехэд иргэн Б.Утай “манай эхнэр Тыг доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09:00 цагийн үед ажил болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн салбар ТНТ-ын махны цехэд мах савлагчаар ажиллаж байтал ахлах Т нөхөр Б.Ргийн хамт ирсэн. Тэгсэн нөхөр нь “чи манай эхнэрийн өөдөөс их хэл ам хийдэг гэсэн гэлүү, манай эхнэр юугаа өмсөх, юугаа идэж уух чамд ер нь ямар хамаатай юм” гэж хэлээд намайг шууд алгадсан. ...Түүнээс болж нөхөр Б.Р нь намайг алгадах үед би түүнийг бариад авсан чинь ам орчимд тохойгоороо нэг удаа тохойлдсон зууралдаад надаас салахгүй цээжээрээ мөргөөд байхаар нь би зөрүүлээд мөргөлдсөн хамгаалагч ах хараад бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-6-8/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 7579 дугаартай “...Б.Уын биед доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-26/
- гэрч И.Мын мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн өглөө нөхөр Б.У ажилдаа явсан. Орой 20 цагийн үед нөхөр гэртээ ирчихсэн уруул ам нь хавдчихсан байдалтай байхаар нь асуусан чинь Б.У ахлах Тын нөхөр орж ирээд эхнэрээ өмөөрөөд намайг цохиод мөргөсөн гэж хэлсэн. Яагаад гэсэн чинь өчигдөр ажил дээрээ махны хил унагааснаас болж ахлах Т загнаад байхаар нь эвдрээгүй байхад гээд хэлснээс болж Т ахлах нь уурласан байсан. Түүнээс болж маргааш нь нөхрийгөө ажил дээрээ авчирч маргаан үүсгэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-18-19/,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65, 66/
- шүүгдэгч Б.Ргийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн өглөө эхнэр Тын хамт түүний ажилладаг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн салбар болох “ТНТ”-ын махны цехэд очсон юм. Тэнд манай эхнэртэй нийлээд 3 хүн байдаг. Эхнэр доороо Б.У, Д гэдэг хоёр залууг хариуцан ажилладаг юм. Тэгтэл Б.У гэдэг залуу нь манай эхнэрийн тавьсан шаардлагыг үл тоон эсэргүүцэж хэл амаар доромжлоод байна гэж эхнэр надад урьд нь ярьж байсан юм. Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэрийг хэл амаар доромжилсон байсан. Би тэгээд тухайн өдөр Б.У гэдэг залуутай уулзаад чи манай эхнэрийг хэл амаар доромжилсон байна, миний эхнэрийн юу өмсөх чамд хамаагүй шүү гээд хэлсэн чинь тэгээд чи яах юм гээд өөдөөс уурласан. Би түүнийг бариад автал толгойгоороо цээж мөр хэсэгт мөргөсөн. Тэгэхээр нь би толгойг нь доошоо дартал дээшээ өндийхдөө толгойгоороо нүүр лүү нь мөргөөд бид хоорондоо мөргөлдөж муудалцсан....гэх мэдүүлэг /хх-44-46/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.У, Б.Р нарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй гэх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-37-38, 44-46, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасны дагуу прокурор шүүгдэгч нарт тус бүр 455 нэгж буюу 455.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох тул тэдэнд прокурорын саналын дагуу торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У, Б.Р нарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Б.Р нарт тус бүр 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У, Б.Р нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР