Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00436

 

М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05490 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалтай,

         М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,

         “Жамъян Пайтан” ХХК-д холбогдох      

          Газрын төлбөрт төлсөн 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа, Б.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасамбуу, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа нарын гаргасан тайлбарт: “Жамъян Пайтан” ХХК нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 2010 оны 3 дугаар сараас хойш эзэмшиж байна. Нэхэмжлэгчийн талийгаач хадам аав Д.Амарсайхан нь “Жамъян Пайтан” ХХК-ийн нэр дээрх уг газрыг өөртөө шилжүүлж ав гэж нэхэмжлэгч М.Бямбасүрэнд хэлсэн тул тэрээр хадам аавынхаа найз гэх Э.Содномжамцаас уг газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг авч Нийслэлийн өмчийн харилцааны газарт очсон байдаг. Тэгэхэд албаны мэргэжилтэн нь нэхэмжлэгч М.Бямбасүрэнд газар эзэмших эрхийг шилжүүлэхийн тулд төлбөр тооцоогүй байх ёстой, энэ компани дуудлага худалдааны анхны үнэд 16 400 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг “Жамъян Пайтан” ХХК-ийн өмнөөс Нийслэлийн харилцааны газрын дансанд төлсөн. Энэхүү болсон үйл явдлын талаар талууд маргаагүйгээс гадна энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Төлбөр төлсөн баримт, бусад бүх бичиг баримтаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгсөн боловч “Жамъян Пайтан” ХХК нь газраа шилжүүлж өгөхөөр тохироогүй гэсэн гомдлыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргаснаар тэдний газрыг шилжүүлж авах боломжгүй болсон. Нэхэмжлэгч өөрийн компанийн нэрийн өмнөөс “Жамъян Пайтан” ХХК-ийг шүүхэд өгч газрыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэл гаргасан ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2566 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Жамъян Пайтан” ХХК-иас тус компанийн нэр дээр нэхэмжлэгч М.Бямбасүрэнгийн төлсөн дээрх 22 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.” гэжээ.

   Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасамбуугийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь “Жамъян Пайтан” ХХК-ийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж Хан-Уул дүүрэгт байрлах газрыг өөртөө авах гэж оролдсон. Үүнийг бид 2015 оны 7 дугаар сард мэдээд цагдаагийн газарт хандаж хууль бусаар газар авах гэсэн үйлдлийг нь зогсоосон. Нэхэмжлэгч хуурамч бичиг баримт үйлдсэн байсан учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.Бямбасүрэн нь “...энэ бичиг баримтыг би хийгээгүй, энэ бичиг баримтыг миний аав өгсөн” гэсэн үндэслэлгүй зүйлийг ярьсаар байгаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Хадам аав нь нас барсан байсан тул бид нас барсан хүний нэрийг гаргаад яахав гээд энэ хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг нь орхисон юм. Ингээд нэхэмжлэгч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын эзэмшигч болохыг тогтоолгох гэсэн боловч шүүх түүнийг шаардах эрхгүй, уг маргаан бүхий газар нь “Жамъян Пайтан” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийнх мөн байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь уг газрын маргаанаас болж бидэнд маш их хэмжээний хохирол учруулснаас гадна тэрээр 22 000 000 төгрөгийг “Жамъян Пайтан” ХХК-д төлөөгүй, манай компанийн данс руу уг мөнгө нь орж ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05490 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан хариуцагч “Жамъян Пайтан” ХХК-иас 22 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бямбасүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Жамъян Пайтан” ХХК-иас 267 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бямбасүрэнд олгож шийдвэрлэжээ. 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон "Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: 1. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 "Энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн'' бол гэснийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хүчингүй болгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн байгууллага, хувь хүний нууцтай холбоотой. Өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан байдаг. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлээр нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргаагүй. Энэхүү ажиллагаа нь зохигчдын хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа мөн бөгөөд зохигчдоос хүсэлт гаргаагүй учир шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулаагүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хүсэлт гаргаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулаагүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн нь шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дараах дүгнэлтүүдийг хийсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40,2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгч ямар газрын төлбөрт дээрх мөнгийг төлсөн болон уг төлбөрийг төлснөөр хариуцагч өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдсөн эсэх нь тодорхойгүй. 2015 онд газрын дуудлага худалдааны төлбөрийг төлсөн нь уг газарт хамааралтай эсэх, хариуцагч уг газрын төлбөрт хэзээ хэдэн төгрөг төлсөн зэрэг үйл баримт тодорхой байх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны газрын төлбөрийн нэхэмжлэхээр хариуцагч “Жамъян Пайтан" ХХК нь газрын төлбөрт 2011 онд 20.000.000 төгрөг төлсөн талаар бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч газрын төлбөрт төлсөн мөнгө нь хариуцагчийн дээрх газрын төлбөрт тооцогдсон эсэх үйл баримт тодорхой бус байгаагаас давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх туп шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлтүүд дараах үйл баримт, нотлох баримт болон зохигчдын тайлбараар үгүйсгэгдэнэ. Үүнд: Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь хариуцагчийн өмнөөс тус компанийн эзэмшлийн газрын төлбөрт 5.600.000 төгрөг, газрын дуудлага худалдааны анхны үнэ 16.400.000 төгрөгийг төлсөн үйл баримттай хариуцагч маргадаггүй. Хариуцагч харин ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү тус мөнгө "манай компанийн данс руу уг мөнгө нь орж ирээгүй" тул бид 22.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч дээр дурдсан төлбөрийг хавтаст хэргийн 8 дугаар хуудаст байх Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 06/125 дугаартай нэхэмжлэхийн дагуу "Жамъяан Пайтан” ХХК-ийн нэрийн өмнөөс төлсөн. Газрын төлбөрийг төлснөөр газар эзэмших эрх хүчин төгөлдөр хадгалагдах нөхцөл бүрддэг. Хариуцагч “Жамъяан Пайтан” ХХК Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50000 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг бөгөөд үүнээс өөр газрыг эзэмших эрхтэй тухай нотлох баримт байхгүй, өөр газрыг эзэмших эрх тус компанид байхгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалт, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал тариалах зориулалт болон давуу эрхээр эзэмшүүлэхээс бусад тохиолдолд газар эзэмших эрхийг дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлдэг. Хариуцагч “Жамъяан Пайтан" ХХК 50000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд энэ газрыг эзэмших эрхийг дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олж авдаг. 2010 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга хариуцагч "Жамъяан Пайтан" ХХК-ийн хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрх олгосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамж гаргаж хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх авсан иргэн, хуулийн этгээдүүдээс дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Эдгээр захирамжийн дагуу “Жамъяан Пайтан" ХХК- ийн эзэмшиж буй цорын ганц газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 16.400.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02566 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 16.400.000 төгрөг, 5.600.000 төгрөгийг газрын төлбөрт тус тус хариуцагч “Жамъяан Пайтан" ХХК-ийн нэрийн өмнөөс Нийслэлийн өмчийн харилцааны газарт төлжээ. Нэхэмжлэгч нийт 22.000.000 төгрөгийг хариуцагчийн нэрийн өмнөөс төлсөн асуудлаар хариуцагч нар маргаагүй ..." гэж дүгнэсэн байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн зохицуулалтад хамаарагдана 3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохигчдын мэтгэлцээний үндсэн дээр явагддаг. Хариуцагч татгалзлаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч татгалзал, хариу тайлбараа нотлох баримтаар нотлоогүй нь анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн 371 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна. 

         Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь хариуцагч “Жамьян пайтан” ХХК-д холбогдуулан хариуцагчийн эзэмшлийн газрын төлбөрт төлсөн 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...уг газрыг хууль бусаар авах зорилгоор 22.000.000 төгрөгийг төлсөн, манай компанийн данс руу орж ирээгүй” гэж маргажээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8041/0325 дугаар бүхий 50000 м.кв газар “Жамьян пайтан” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байдаг бөгөөд нэхэмжлэгч М.Бямбасүрэн уг газрын төлбөрт  22.000.000 төгрөгийг холбогдох байгууллагад төлсөн үйл баримтын талаарх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 22-ны өдрийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх-ийн 5-13/.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь “Жамьян пайтан” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8041/0325 дугаар бүхий 50000 м.кв газрын төлбөрт төлсөн 22.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв, гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ”Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хариуцагчийн газрын төлбөрт нэхэмжлэгч 22.000.000 төгрөгийг холбогдох байгууллагад төлсөн үйл баримт шүүхийн  шийдвэрээр тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.

         Хариуцагч нь нэхэмжлэгчийг 22 000 000 төгрөгийг газрын төлбөрт төлөөгүй гэж маргаагүй, харин тухайн мөнгө өөрийнх нь дансанд орж ирээгүй гэж тайлбар хийснийг нэхэмжлэгч үгйүсгэж 2015 оны 06 сарын 29-ний өдөр газрын төлбөр болон дуудлага худалдааны үнэ гэж нийт 22 000 000 төгрөгийг хариуцагчийн нэрээр төлсөн гэж төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна          

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуульд заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэхтэй холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцсэн тул хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

         Давж заалдах шатны шүүх хэргийн 6 дахь талд авагдсан нэхэмжлэхэд газрын нийт үнэ 52 800 000 төгрөг гэж, 2011 онд 20 000 000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газар төлсөн тухай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг буруу гэж үзнэ. Энэ баримтаас үзвэл газрын нийт үнэ 52 800 000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч 2015 онд 22 000 000 төгрөг төлсөн гэж шаардсан байхад 2011 онд төлөгдсөн 20 000 000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлага болон талуудын мэтгэлцээнд хамааралгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.950 /хоёр зуун жаран долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                   ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН