Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0343

 

 2018 оны 6 сарын 13 өдөр             Дугаар 221/МА2018/0343                  Улаанбаатар хот

Б.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Г.Х, Р.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Д-н нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х-ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч Б.Д-н өмгөөлөгч би эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Үүнд:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Тухайлбал:

Гуравдагч этгээд Г.Х 2016.10.07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/740 дугаартай захирамжаар 300 м.кв газар эзэмшдэг байснаа гэнэт газрын хэмжээ нь 2017.04.14-ны өдрийн А/221 дугаартай захирамжаар 700 м.кв болж ихэссэн талаар шүүхийн шийдвэртээ ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.

Гуравдагч этгээд Р.Т нь өөрийн эзэмшил газар дотроо урьд нь Б.Д-н орц, гарц болгон ашиглаж байсан газраас 20 м.кв газрыг ямар ч зөвшөөрөлгүй хашаалаад авсан, илүү газар байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Хариуцагчийн энэ илүү газрыг орц, гарц болгон Б.Д-д өгье, эвлэрье гэсэн санал дүгнэлтийн талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг зөрчиж байна.

Нэхэмжлэгч Б.Д-ийг дээгүүрээ уул өөд Г.Х-ын гурав дахь газрыг гатлан ногоон байшингийн хажуугаар орц гарцаа гарга гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийг зөрчиж байна. Иргэн Б.Д эмнэлгийн тусламж авах, галын аюул учирвал очих аврах тусламж үзүүлэх зам гарц, орцгүй болно. Машин тэрэг очих ямар ч боломжгүй. Гамшиг, байгалийн аюулт үзэгдэл, үер ус, гамшиг, осол гарсан үед тэнд оршин сууж байгаа Б.Д болон түүний гэр бүлийг аврах ямар ч боломж нөхцөлгүй болгосон шүүхийн шийдвэр гаргасан.

Гуравдагч этгээд Г.Х төрөөс тодорхой хугацаагаар, болзолтойгоор эзэмшиж болно гээд зөвшөөрөл өгсөн газрыг нэхэмжлэгч Б.Д, гуравдагч этгээд Р.Т нарт өөрийн өмч гэж хэлээд олон сая төгрөгөөр худалдаад ашиг хонжоо хийгээд сүүлдээ худалдан авагч нараа хооронд нь хэрэлдүүлж маргалдуулаад байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна. Дүүргийн газрын албаны мэргэжилтэн Д.А тэргүүтэй хүмүүс Б.Д-н 2017.06.20-ны өдөр бичсэн өргөдөл гомдлын дагуу ирж Р.Т-ийн орц гарц хааж барьсан хашааг буулгасан. Тэр үед Г.Х тэдэнтэй “та нарын дээр Нийслэлийн газрын алба гэж байдаг юм. Газрын наймаа арилжаанд саад болж байна” гэж маргаан үүсгэж уурлаж дайрч байсан. Тэр үед Г.Х-ын 300 м.кв хэмжээтэй газар эзэмших хугацаа нь дууссан байсан. Харин Р.Т “ийм юм бол манайх наймаа буцна, мөнгөө буцааж авна, болилоо” гэж Г.Х руу уурлахад Г.Х “би бүгдийг зохицуулна Чингэлтэйн газрын алба миний атганд байдаг” хэлж байсан. Одоо бодоход 300 м.кв газраа 700 м.кв болгоод шинээр захирамж гаргуулаад аваад ирж байгаа нь хууль бус захирамж гаргуулсан гэдгийг нотолж байгаа бас нэг үндэслэл болно.

Газрын албанаас гуравдагч этгээд Р.Т-ийн орц, гарц хааж барьсан хашааг барьсан байхад Р.Т нь 2017.06.22-ны өдөр буцааж барьсан байсан. Асуухад Газрын албаны дарга н.М “буцааж барьж болно” гэсэн зөвшөөрлийг өгсөн гэхээр нь н.М даргатай очиж уулзахад “Р.Т нар намайг цагдаад өгчхөөд байна, одоохондоо буцаагаад барьчихдаг, цагдаагийн асуудал дуусахаар мэргэжилтэн Д.А явуулаад дахин буулгуулчихна” гэж хэлсэн. Дарга н.М ямар нэгэн хүч нөлөөнд автагдсан байсан.

Нэхэмжлэгч Б.Д 2016.08.24-ны өдөр 26-ны өдөр 2 өргөдөл Чингэлтэй дүүргийн газрын албанд өгсөн байхад 26-ны өдөр өгсөн өргөдлийг газрын алба бүртгэж аваагүй, та өргөдөл өгөөгүй гээд байгаа. Б.Д өргөдөл өгөхөд том цагаан журнал дээр гараар бичиж бүртгэж аваад гарын үсэг зуруулж байсан, тэр журналыг нотлох баримтаар гаргуулъя гэсэн хүсэлтийг шүүхэд өгөхөд хүсэлтийг хангасан атлаа нотлох баримтыг авалгүй шууд шүүх хуралдааныг явуулсан. 24-ны өдөр өгсөн өргөдлийн талаарх баримтыг шүүх хуралдаан дээр буюу 3 сарын дараа авчирч өгсөн.

2016.08.26-ны өдөр утга адил өргөдлийг Б.Д Нийслэлийн газрын албанд өгөхөд “бүтэц зохион байгуулалтын асуудал албан газар дээр явагдаж байна, таны өргөдлийг түүний дараа шийдэж өгье гэсэн хариуг өгсөн. Нийслэлийн газрын албаны иргэний өргөдлийг эцэслэн шийдвэрлээгуй байхад шүүх хуралдааныг шууд явуулсан.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Дутуу бүрдүүлсэн 300 м.кв газар эзэмшдэг байсан талаарх баримт, ногоон байшингийн хажуугаар орц гарцаа гарга гэсэн шийдвэр, эзэмших эрхтэй газрыг худалдаж болно гэсэн баримт, Г.Х-ын 300 м.кв хэмжээтэй газрын эзэмших хугацаа хэзээ дууссан талаарх баримт, Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргыг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн өргөдөл гомдол, шалгасан баримт, Чингэлтэй дүүргийн Газрын албаны иргэн Б.Д-н 2016.08.26-ны өдөр өгсөн өргөдлийг бүртгэж авсан журнал, Нийслэлийн газрын албанаас иргэн Б.Д-н өгсөн өргөдлийн талаар гаргасан шийдвэр зэрэг нотлох баримтыг гаргуулж байж шүүх хуралдааныг дахин хийж үндэслэлтэй шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзнэ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар захирамжаар иргэн Г.Х-д 300 м.кв газрын эзэмшүүлж, 2016 оны А/740 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжаар иргэн Г.Хын эзэмшлийн 300 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 700 м.кв болгон эзэмшүүлжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээд Г.Х нь /түүний эцэг Б.Г/ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/221 дүгээр захирамжаар 700 м.кв газар эзэмшихээс өмнө уг газрыг эзэмших эрхтэй байсан мэтээр дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, “гуравдагч этгээдийн бодитойгоор эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмшүүлснийг буруутгах боломжгүй” гэж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасантай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Д-ийн орц, гарцыг хаан хашаа барьсан байсныг авч орц, гарцыг нээж газрын зөрчлийг арилгаж байсан байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар нь өмнө нь Б.Г-ийн эзэмшлийн 1400 м.кв хэмжээтэй 1 том хашаатай байсан учир гуравдагч этгээдийн газар дээгүүр орц, гарцаа шийдэж байсан талаар гуравдагч этгээд Г.Х “зэргэлдээ аав, ээж минь амьдарч байсан учир дундуураа хашаа бариагүй манай газар дээгүүр явж гэртээ ордог байсан” гэж тайлбарлажээ. Гэтэл шүүх “Б.Д-н газар эзэмших эрх үүсэхээс өмнө түүний нэгж талбар бүхий газрын орц, гарцны асуудлыг ертөнцийн зүгээр баруун хойд талаас орж гарахаар төлөвлөсөн” гэж нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарцыг энэ хэсэгт төлөвлөсөн мэтээр дүгнэсэн нь буруу, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Шүүхээс хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан зураг зэргээр нэхэмжлэгчийн газар луу орох хойд талын орц, гарц нь захиргааны байгууллагын гаргасан төлөвлөлт гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, 2017 онд Г.Х иргэн Р.Т-т өөрийн эзэмшлийн газраа шилжүүлж, Р.Т дундын хашаагаа битүүлж барих хүртэл нэхэмжлэгч Б.Д түүний газраар дамжин өнгөрч байсан болох нь гэрчийн болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрын байршил нь бусдад эзэмшүүлж болох, зэргэлдээ орших бусад иргэдийн газар эзэмших эрхийг зөрчих эсэхийг шалгаж тодруулах үүрэгтэй. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь иргэний газар эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах, орц, гарцыг шийдвэрлэж өгөх үүрэгтэй. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжаар иргэн Г.Х-ын эзэмшлийн 300 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 700 м.кв болгон эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Г.Д-н газрын орц, гарцыг хаасан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/221 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ