Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 141

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: Л.Солонго

       Хохирогч: Т.Э

       Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл

       Шүүгдэгч: Ц.Э  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

       Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяд овгийн Ц.Э т холбогдох 1828000000024 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Өмнөговь аймгийн ............................ оршин суух хаягтай боловч одоогоор эхнэр, 3 хүүхдийн хамтаар Өмнөговь аймгийн сум, .................................оршин суух, ял шийтгэлгүй, Баяд овгийн Ц.Э , регистрийн дугаар ....................,

 

                                                           Тодорхойлох нь:

        Шүүгдэгч Ц.Э  нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн Т.Э гийн 1 тооны хар хязаалан байдсан гүүг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       Шүүгдэгч Ц.Э ыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Ц.Э  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: сумын багийн нутаг гэдэг газраас адууг нь авсан нь үнэн. Өчигдөр мөнгийг нь барагдуулаад 650.000 төгрөг өгсөн байгаа. Хар зүстэй адуу байсан. Адууг авахдаа Ө.Б гээд манай хамаатны дүү нартай хамт авсан. Махаа Өмнөговь аймгийн дэлгүүрт өгсөн. 87 килограмм болсон. 200 гаруй мянган төгрөг болсон. Мөнгийг нь би авсан.

        Хохирогч Т.Э  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 20-ны үед адуугаа услаад гаргасан. Айлын хүнс аваад, өөрийн хүнсийг авч байх хугацаанд азаргатай адуу алга байна гээд байсан. 12 сарын 02-ны үед А  гээд хүн танай Х  азарга Э ын ахын хойд дээр байж байна гэсэн. Очиход нэг зүсмийн адуу байхгүй байсан. Тэгээд түүнээс хойш асуугаад сураглаад байсан. Халтар азаргыг нь анх мөн байх гэж бодож сэжиглээд байсан юм. Тэгсэн чинь халтар азарганаас өмнө буюу 25-нд авсан байсан. Хэсгийн төлөөлөгчтэй 12 сарын 17-ны өдөр амаар уулзаж ярилцсан. Э ыг сэжиглэж байна шалгаад өгөөч гэж хэлсэн. 2018 оны 01 сард нүүрэлдүүлж байцаасан. Хэд хэдэн хүн сэжиглэж байгаад энэ хүнээс мэдүүлэг авч эхэлсэн. Сүүлд нь төлөөлөгч Э  авах нь авсан юм байна гэж хэлсэн. Сүхбаатарын гаралтай адуу байсан. Уг нь тэр гүүний анхны төл нь гарах гэж байсан. 2 сая төгрөгөөр хохирол гаргуулж авъя гэсэн чинь төлөөлөгч арай ахдана гэсэн. Төлөөлөгч дараа нь утасдаад оронд нь ижилхэн байдас өгье гэж байна гэсэн. Би тааруу адуугаар яах вэ? Мөнгөний хэрэг байна гэсэн. Дараа нь Э  утасдаад аймаг руу хэрэг шилжлээ. Эхний ээлжинд 100.000 төгрөг өгье гээд утасдсан. Би 1.300.000 төгрөг бүгдийг нь авна гэсэн. Одоо нэг адууны үнэ нэхэж байгаа. Адуугаа 1.000.000 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа. Өчигдөр 650.000 төгрөг шилжүүлсэн. Дээр нь 4 ямаа авахаар тохиролцсон.

          Хохирогч Т.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх сумын 3-р багийн нутаг Дөрөлж гэх газарт өвөлжиж байгаа юм. Манайх Х  халзан азаргатай 12 тооны адуутай юм. 2017 оны 11 сарын 22-ны өдөр адуугаа өөрийн өвөлжөө “Дөрөлж” гэх газрын уснаас услаад гаргасан юм. Тэгээд аймаг яваад хүнс хоол гэж яваад адуугаа үзэж чадахгүй явж байгаад 2017 оны 12 сарын 01-ны өдөр би адуугаа сумын 3-р багийн малчин “Нөмөр” гэх газарт нутаглаж байгааын гэрийн ар хуудсанд байхад нь Х  азаргатай адуугаа нүд үзэхэд 11 болсон байсан. Тэгээд адуугаа гэрийн худгаас ирж услаад талруу гаргачихаад ойр хавийн айлууд хүнс хоол юу авч байна гэж өөрийн биеэр нэлээд сураглаж хэдэн өдөр явсан юм. Тэгж яваад 2017.12.08-ны өдөр Э ыг адуу төхөөрч байгаа сургаар сураглаж явахад Э  халтар азарга төхөөрч тал махыг нь аймагруу борлуулж тал махыг нь дүү А даа өгсөн гэж сонссон мөн тэрний өмнө Э ын төхөөрсөн адууг сонсоход 2017 оны 11 сарны 25-ны өдөр адуу төхөөрөөд махыг нь өөрийнхөө машинд ачаад сум орж Д  гэдэг хүнд тал махыг нь зарсан талыг нь Б  гэдэг хүнд өгсөн байсныг нь сонссон юм. Тэгээд нэг хэсэг чимээгүй адуугаа хайж байгаад сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Гомдолтой байна. Би адуугаа 1.300.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилмээр байна /хх-ийн 4-р хуудас/ ...Анх тэр сумын цагдаа дээр шалгагдаж байхдаа Э  манай хар хязаалан байдсан гүүг авсан гэдгээ хүлээчихлээ, хохирлыг чинь барагдуулъя ижил насны хээлтэй байдас хавар унагалахаар өгье гэж байсан. Тэгсэн дараа нь аймгийн цагдаа дээр байна. Хохирол мөнгөө яаж барагдуулах вэ гээд дараа нь ярьж байсан. Тэгсэн аймагт очсоныхоо дараахан эхний ээлжинд 100.000 төгрөг өгье. Гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгчих гэж ярьж байсан. Тэгэхээр нь юу гэж дээ бүтнээр нь авна гэж хэлсэн. Дараа нь ахиад ярихдаа 1.000.000 төгрөгийг бэлэн өгье, үлдэгдэл 300.000 төгрөгөнд нь бага мал оролцуулаад өгье гэж ярьж байсан. ...2018 оны 04  сарын дундуур хөдөө гэрт нь очиж уулзахад суман дээр шийдсэн бол хохирол мөнгийг чинь мөнгөөр нь юмуу эсвэл адууг адуугаар төлье гэж бодож байсан. Тэгсэн аймаг руу хэрэг шилжүүлсэн. Одоо шийддэг журмаар нь яваад шийдүүлнээ, би аваагүй гэж ярьж байна лээ. /хх-ийн 73-р хуудас/

                Гэрч А.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 09-нд тэр Э  гэдэг хүн намайг аймаг явах гэж байна гээд хүнээс дуулсан юм билээ. 12 сарын 09-ний өдөр надруу утсаар ярихдаа аймаг явах гэж байгаа юмуу гэж асуусан. Тэгэхээр нь би маргааш аймаг явна гэсэн чинь би тэгвэл цуг явъя миний машин арьс шир даахгүй, хамт явъя гэхээр нь маргааш нь буюу 12 сарын 10-ны үдээс хойш тэр Э  гэдэг айлд очиж адууны мах, адууны шир, хонь ямааны арьс зэргийг ачаад аймаг явсан. ...Адууны мах адууны шир, хонь ямааны арьс зэргийг ачсан. Хар өнгийн шир, богинохон дэлтэй л харагдсан. ...Адууны тал мах гэж харсан. Бусдаар бүтэн адуу байсан бол багавтар адуу гэж харахаар ногоон өнгийн шуудайнд хийсэн байсан. Аймагт очсоны маргааш нь тухайн үед утсаа буруу авалцаад би хөдөө гэр рүү нь ярьж байж утсыг нь олж дугаараар нь холбогдоод арьс ширээ ачаад явж байна гэсэн чинь худалдааны төвд явж байна гээд, очиж уулзаад арьс ширээ Ивээл дэлгүүрийн ард байдаг ченжид өгсөн. Миний буусан айл  баруун сайханд байдаг. Тийшээ очоод адууны махыг нь өгсөн. Тухайн үед машин дуудсан юм шиг байсан. Удалгүй приүс-20 маркийн машинтай залуу адууны махыг ачаад аваад явсан. Тэгээд Э  бид 2 17 цагийн үед сумруугаа буцсан. ...Анх хөдөөнөөс ачихдаа хөл хөлөөр нь ачаад байсан. Адууны ширийг зүүн илүү гэрээсээ ачсан /хх-ийн 14-р хуудас/

                Гэрч А.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Он сар өдрийг нь сайн санахгүй байна. 12 сарын эхээр санагдаж байна. Ямар ч байсан хар өнгийн адууны шир, хонь ямааны арьс нэхий авчирч өгсөн /хх-ийн 15-р хуудас/

                Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 сарын сүүлээр манайх одоо байгаа бууцандаа буусан. Тэгээд 11 сарын 10-ны үед хүүхдийн хичээл орсон. Тэгээд аймагруу хүүхэд бид хоёрыг хүргэж өгсөн. 12 сарын 03-нд буцаад хөдөө гэрлүүгээ хүнс хоолоо авах гэж очиж байгаад 12 сарын 10-нд байх аймагруу хүнс хоолоо аваад нөхөр Э  отроор явж байгаа манай хавьд байсан айлын хүнийг гуйгаад машинтай нь аймагт ирсэн. Адууны шир, адууны тал мах хонь ямааны арьс зэргийг ачиж ирсэн. Би бараг 11 сард байгаагүй болохоор сайн мэдэхгүй байсан бөгөөд өөрийнхөө л гэж бодож байсан. Тэр махыг нь машины эзэнд үлдсэн мөнгөндөө өгсөн. Ширийг нь******* гэдэг хүнд 22.000 төгрөгөөр өгсөн.******* гэдэг хүнийг сайн танина. Тэдний хоршоонд байдаг юм. Дандаа ноос ноолуураа өгдөг . 2018 оны 01 сарын 02-нд аймагт дэлгүүрт адууны махаа 70-80-аад кг болсон. Э  л өгсөн. 300.000 гаруй төгрөг болсон /хх-ийн 17-р хуудас/

                Гэрч Э.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 12 сарын 10-ны үед адууны тал мах авчирч өгснийг өөрийн төрсөн дүүгээ прусс машинтай явуулж авахуулсан. Баруун сайхны хаягийг нь санахгүй байна. Цэнхэр өнгийн пургон машинаас буулгаж өгсөн гэсэн /хх-ийн 19-р хуудас/

                Гэрч Ж.Ж  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2018 оны 01 сарын 02-ны өдөр үдээс хойш адууны тал мах гээд нэлээн тарган, зөөлхөн өөх ихтэй хаа гуя, хүзүү нуруу өвчүүний тал зэрэг  мах авчирч өгсөн. Тухайн үед талыг нь хүнсэндээ хэрэглэсэн. Идчихсэн гэж ярьж байсан. ...Нэг килограммыг нь 3700 төгрөгөөр бодож 83 кг болсныг 307000 төгрөгөөр авсан /хх-ийн 21-р хуудас/

                Гэрч Б.Ө  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би  2017 оны 11 сарын 26-ны өдөр хөдөөнөөс бензин авах гээд сумын төвд ирээд явж байгаад манай ээжийн төрсөн дуүгийн хүүхэд Б гийн гэрт очсон юм. Тэгсэн Б , Э  ахынхаас адуун хүнс авах гэж байгаа юм. Та хамт яваад өг гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би өөрийн мотоциклиороо явсан. Б  эхнэр хүүхдээ аваад өөрийн мотоциклиор явсан юм. Э  ахын гэрт очоод адуун хүнсээ барьж хоноод, маргааш өглөө нь буюу 2017 оны 11 сарын 27-ны өдөр адуугаа гаргаад Э ын машинд адууны махыг нь ачиж сумын төвд ирээд адууны махны талыг нь Д  гэдэг хүнд өгөөд, тал махыг нь Б  гэртээ буулгаад, арьсыг нь Б  зарсан юм. Ирэх замд Б гийн мотоциклийн дугуй хагарсан байсан. Түүнийг нь нөхөж өгөөд сумруу явуулсан. Э  ах түүний хүүхэд бид гурав шөнө Э  ахын гэрт очиж хоноод маргааш нь би гэртээ очсон. Өнжмөл дэлтэй хязаалан насны халтар зүстэй эр адуу байсан юм. Тамгыг нь ажиглаагүй юм байна /хх-ийн 23-р хуудас/ ...Бид нарын төхөөрсөн адуу 4 нас хүрч байгаа хязаалангаас соёолон л болж байгаа гэхээр эр үрээ байсан. Э  ахын машинаар адуугаа ачаад Б  Э  ах бид 3 үдээс хойш 15-16 цагийн үед суман дээр ирсэн. Тухайн үед Төрийн банк хаагаагүй байсан. Би данснаасаа мөнгө авсан. Б  тал махыг нь гэртээ буулгаад тал махыг нь Д  эгчид зарчихаад Э  ах Б  Х оо бид нар 19 цагийн үед хөдөө гэрлүүгээ явцгаасан. Замдаа Б гийн мотоциклийн дугуй хагарсан байсныг дугуй тавьж өгөөд бид хоёр цаашаа явсан. Б  Х оо тэр хоёр сумруу буцсан. Э ынх 20 гаруй адуутай байсан. Ц.Э  ах, Б , Б гийн эхнэр Х оо хүүхдүүд нь бас байсан. Ц.Э  ахын хүүхэд адуу тууж ирсэн. Тэгээд хүнсний адуугаа барьж хоносон /хх-ийн 74-р хуудас/

                Гэрч С.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 12 сарын 26-ны өдөр эхнэр хүүхдээ аваад манай ээжийн эгчийн хүүхэд болох*******ын хамтаар Э  ахаас адуу авах гээд явсан. Тэгээд хөдөө гэрт нь очиход Э  ах бага хүүтэйгээ хамт байсан. Э  ах намайг очсоны дараа адуугаа хүүгээрээ хураалгаж ирүүлээд нэг хар халтар морь барьж уяад маргааш нь өглөө нь буюу 2017 оны 12 сарын 27-ны өдөр бид 3 адуугаа төхөөрч дуусаад би адууны махаа Э  ахын машинд ачиж суманд ирээд тал махыг нь буулгаж аваад талыг нь манай ажлын газрын Д  эгчид зарсан юм. Би адууны арьсыг нь сумын хоршоонд өгөөд мөнгөөр нь бензин хийж өгсөн. Э  ах Д гээс мөнгөө аваад тэгээд бид хоёр мөн манай эхнэр хамт яваад эхнэр бид хоёр мотоциклио аваад эргээд шөнө ирсэн юм. Дараа нь 2017 оны12 сарын 08-ны өдөр Э  ахын том хүү Д ын хамтаар Э  ахынд очиход Э  ах бага малын хүнс хийж байсан. 15-16 цагийн үед өөрийн адуунаас халтар азаргаа хөгширсөн гээд хүнсэнд авсан юм. Би адуун хүнсээ авахад нь туслалцаад тал махыг нь хүргэн ах А бат aвсан. Тэгээд адууны тал махыг нь А бат ахын машинд ачаад би мотоциклио машин дээр нь ачаад А бат ахын гэрт ирж хоноод маргааш нь сумын төвд ирсэн юм. Э  ахтай хамт өөр адуун хүнс хийлцээгүй. Хар халтар эр адуу байсан. Нар, саран тамгатай Э  ахын адуу байсан юм. Э ынх 30 гаруй адуу байгаа байх. Сайн мэдэхгүй байна. ...Э  ах надад сүүлд хэлэхдээ 2017 оны 11 сарын 20-ны орчимд 1 адуу Э  ахад өгсөн гэсэн. Дараагаар нь миний төхөөрөлцсөн 2 адууг авсан гэсэн. Дараа нь 2018 оны 01 сарын эхээр бас нэг адуу авсан гэсэн тэрийг нь сайн мэдээгүй /хх-ийн 24-р хуудас/

                Гэрч М.А бат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 20-ны өдөр Э  ахынд Э  ахтай очиж авцаандаа хээр морь аваад төхөөрөөд Э  ахтай хувааж авсан дараа 2017 оны 12 сарын 08-ны өдөр Э  ахынд очиж Халтар азарга төхөөрч тал махыг нь би авсан талыг нь өөрөө авсан юм. Хээр адууны арьсыг нь би өөрөө авсан.../хх-ийн 26-р хуудас/

                Гэрч Ц.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 20-ны өдөр Э  ахынд Э  ах болон би нөхөртэйгөө хамт Э  ахын машинаар очиж хээр адууг төхөөрч аваад махыг нь Э  ахынхтай манайх хувааж авсан юм. Тэгээд мөн 2017 оны 12 сарын 08-ны өдөр Э  ах азарга төхөөрсөн, түүний тал махыг нь бас манайх авсан юм. Э  ах өөр хэзээ адуу төхөөрсөн талаар мэдээгүй. Манайх Э  ахынхаас авцаатай байсан. Түүндээ авсан. Э г адуугаа алдсан талаар 2017 оны 12 сарын 05-06-ны үед л мэдсэн юм /хх-ийн 27-р хуудас/

                Гэрч М.Х зул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 26-ны өдөр манай нөхрийн ах******* өөрийн ява мотоцикльтой нөхөр бид хоёр өөрийн мотоцикльтой мөн манай хүүхэд явсан юм. Тэгээд Э  ахын хөдөө гэрт очоод адуугаа барьж уячихаад сумаас авч очсон 2 шил архиа тэр гурав уучихаад унтсан. Тэгээд өглөө нь босоод адуугаа төхөөрч хүнсээ хийчихээд Э  ахын машинаар сумруу авч ирсэн. Сумруу явахдаа би Э  ахын машинд суугаад нөхөр мотоциклио унаад явсан. Тэгээд явж байхад манай мотоциклийн дугуй хагараад замдаа үлдээгээд нөхөр машинд суугаад ирсэн. Сумын төв дээр ирээд адууны тал махыг нь нөхрийн ажлын эгч Д  авсан. Тал махыг нь гэртээ буулгаж авсан. Адууны арьсыг нь сумын хоршоонд өгсөн. Тэгээд буцаад хамт яваад нөхөр бид хоёр мотоцикль дээрээ бууж үлдээд буцаад гэртээ ирсэн юм. Манай адуу нар, саран тамгатай хар өнгийн эр адуу байсан. Би гэдсийг нь арилгасан юм. …Нэг адууны толгой харагдсан өөр толгой харагдаагүй. Дараа нь нөхөр бид хоёрыг очиход 1 азарга хүнсэнд гаргасан байсан. Өөр мэдээгүй. Манайх 700.000 төгрөгөөр адуу авсан. Тал мөнгийг нь Д  өгсөн. Манайх тал мөнгийг нь 12 сард манай нөхөр цалингийн зээл хийгээд өгсөн /хх-ийн 28-р хуудас/

Гэрч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл авсан арьс, түүхий эдийг аймагруу ачуулчихаад нэлээд хэд хоногийн дараагаар байх 2017 оны 12 сарын 10-ны орчимд байх гэж санаж байна. Гэртээ байж байхад Э  ах ирээд манайх нэг адуугаа алдчихлаа гэж ирээд танай авсан арьсан дотор чинь манай алдсан адууны арьс байна уу үзье гэж үзээд нэг хар, хээр гэх юм уу нэг арьсыг энэ дөхүү юм байна гээд авч яваад гэсгээж үзье гээд авч яваад хэсэг байж байгаад нөгөө арьсаа тамга нь биш байна гээд аваад ирсэн тэгээд өгчихөөд яваад өгсөн юм. Б гийн авчирч өгсөн арьсыг ачаад явуулчихсан байсан учир байгаагүй. Том адууны арьс байсан учир их насны морь байсан байж магадгүй. Өнгө нь хар, хээр, халтар байсан. Дэлийг нь дотор нь хийгээд хөлдөөсөн байсан учир дэлийг нь хараагүй /хх-ийн 29-р хуудас/

                Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 08-ны өдөр ах Э ынд очиж Э  ахын хадам ээжийн гэх хар, халтар азаргыг нухсан тэгэхэд нь туслаж хамт хүн хийлцсэн юм тэгээд хүнсээ хийгээд махны талыг нь А бат гэдэг манай хүргэнд өрөндөө өгсөн. Тал махыг нь аймаг руу зарна гэж байсан тэгээд эхнэр бид хоёр гэртээ очсон юм. Өөр хамт адуун хүнс хийсэн зүйл байхгүй /хх-ийн 30-р хуудас/

                Гэрч М.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 08-ны өдөр гэртээ байж байхад нөхөр Э-А гийн ах Э  дуудаад хүнс хийх гэсэн юм гэхээр нь нөхөр бид хоёр очсон юм. Тэгсэн манай ээж Мишигийн хөгшин азаргыг хүнсэнд төхөөрөх гэж байсан. Тэгээд хүнсийг нь элбэлцэж гаргаад би гэдэс дотрыг нь арилгаад нөхөр бид 2 явсан. Тэр азарганы махны тал махыг нь А бат авсан. Талыг нь аймагруу авч явна гэж байсан. Өөр хүн хамт хүнс хийгээгүй /хх-ийн 31-р хуудас/

                Гэрч Т.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 08-ны өдөр Халтар азарга төхөөрсөн. Тэгэхэд нь би хамт төхөөрөлцсөн юм /хх-ийн 32-р хуудас/

                Гэрч Д.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ..Э гийн адуу, манай мал нэг уснаас уудаг болохоор байнга таардаг. Өнгөрсөн намар 11 сарын эхэн үеэр үхэр эрээд уулаар явж байхад тэр хар зүстэй хязаалан гүү нь байж байгаа харагдсан. Хар зүстэй адуу бараг л байхгүй. Байвал ганц морь, тэр хязаалан гүүнээс өөр тийм зүстэй адуу байхгүй санагдаж байна /хх-ийн 71-р хуудас/

                Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Саран тосгууртай хөндлөн гохон тамгатай, адууныхаа зөв талын ташаан дээр тамгалдаг. Ер нь бол Э гийнх гурван азаргатай адуутай. Хээр азаргатай, Х  халзан азаргатай бүдүүн азарга адуутай, нэг азаргатай адуу нь гэхэд 10 гаруй адуутай. ...Э гээр адуугаа уяулдаг байсан. Нэг усанд ус уудаг. Тэр хар зүсмийн ташаан дээрээ саран тосгууртай хэвтээ гохон тамгатай байдсан гүү байсан. Ер нь хар зүсмийн адуу бараг байхгүй. Ганц байсан нь тэр алга болсон хээлтэй хязаалан гүү байсан. 2017 оны сүүлээр алга болчихсон гээд явж байсан /хх-ийн 72-р хуудас/

                Гэрч Э.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 сарын 15-ны өдөр байсан байх. Сумын хэсгийн төлөөлөгч хөдөө ажлаар яваад ирье гээд тэгээд хоёулаа сумаас баруун тийш багийн нутаг руу хөдөө айлруу явсан. Сумаас баруун тийш 50 гаруй км Ноён сумын айлыг сурж явсаар байгаад Б  гэдэг айлынд очсон. Төлөөлөгч тэднийхээс эрэн сурвалжилж байгаа хүн гээд тэр айлын хүргэн гэх нэг залууг аваад машиндаа суулгаад тэр залууг авсан айлаас нааш бас нэг хөдөөний айлаар ороод, Баяндалай сумын Э ынх гэдэг айлаар орж тэднийд цай уучихаад төлөөлөгч тэр айлын эзэн Э  гэдэг хүнийг гэрээс нь дагуулаад гарсан. Тэр хоёр Э ын гэрийн урдуур юм эрээд яваад байгаа харагдсан. Тэгсэн машинд явсан залуу бид хоёрыг дуудаад тэдний гэрээс урдхан байгаа жалганы тэнд төлөөлөгч бас айлын эзэн Э  хоёр зогсож байсан. Тэгсэн чинь төлөөлөгч та хоёр нааш ир, ирээд харж бай гээд төлөөлөгч Э т хандан та энэ жалганд Э гийнхээс хулгайлсан адууг яг хаана төхөөрсөн юм бэ? гэж асууж байсан. Тэр Э  гэдэг хүн энэ жалганд гээд жалгаа заагаад, бас төхөөрсөн адууны толгой чинь хаана байна вэ гэхэд энд гээд хоёр гурван адууны толгойны нэгийг заагаад байсан. ...төлөөлөгч л Э ыг та Э гийн хар хязаалан байдсан гүүг яах гэж хулгайлсан юм бэ? Хаана төхөөрсөн юм бэ? гэж асууж байсан. Тэгсэн энэ жалганд төхөөрсөн гээд зааж байсан /хх-ийн 80-р хуудас/

                Гэрч Т.Э г Ц.Э тай мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт: 2018 оны 01 сарын 20-ны үед танай хар хязаалан байдсан гүүг хулгайлснаа хүлээсэн. Адилхан насны байдсан гүү өгье гэж манай гэрийн утсаар эхнэр лүү ярьсан байсан. Тэгээд орой нь надтай Э  ахиад утсаар яриад тантай тэгж ярих гэж байсан юм гэж байсан. ...88274878 дугаарын утсаар 2 удаа ярьсан. 1.300.000 төгрөг өгчих гэсэн чинь за гээд тэгээд чимээгүй болсон. суман дээр шийдсэн бол таны адууг төлж өгөх байсан. Тэгсэн аймаг руу шилжсэн. Би аваагүй. Шийдүүлдэг журмаар нь шийдвэрлүүлнэ гэж ярьж байсан /хх-ийн 82-р хуудас/

Шүүгдэгч Ц.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 20-ны өдөр манай гэрт А бат, Э  гэх хоёр хүн ирж манай адуунаас 1 адуу төхөөрч аваад явсан юм. Тэгээд 2017 оны 11 сарын 27-ны өдөр өөрийн адуунаас халтар үрээг Б  гэдэг хүнд зарсан. Тэр адууг төхөөрөхөд  Ө, Б  бид гурав байсан юм. Арьсыг нь сумын хоршоонд тушаасан. 2017 оны 12 сарын 08-ны өдөр хадам ээж Мишигийн хөгшин халтар азаргыг гэрийн гадаа өөрийн дүү Энх-А ,*******,******* бид нар төхөөрөөд тал махыг нь хөдөө А батад өгөөд үлдсэн тал махыг нь Гурвантэс сумаас манай тэнд отроор явж байгаа цэнхэр өнгийн Фургон машинтай М  гэх хүнийг гуйж 2017 оны 12 сарын 10-ны өдөр аймагт авч ирээд Э  гэдэг хүнд өгсөн. Ирсэн өдрөө арьс ширээ тушааж чадаагүй учраас маргааш нь 15 ямааны арьс, 2 хонины нэхий, халтар азарганы арьс зэргийг******* гэдэг ченжид тушаасан. Тэгээд хөдөө гэрлүүгээ буцсан юм. 2018 оны 1 дүгээр capын 01 –ний өдөр******* гэдэг хүнээс сартай зээрд морь аваад төхөөрөөд тал махыг нь өөрөө идэхээр бэлдээд 2018 оны 01 сарын 02-ны өдөр тал махыг нь эхнэр бид хоёр ачаад аймагт авч ирээд дэлгүүрт мах зарсан. Арьсыг******* дэлгүүрийн зүүн хойд талын контейнерт байх ченжид зарсан юм. Түүнээс хойш мал махны наймаа хийгээгүй. 2018 оны 1 дүгээр cap 14-ний өдөр сумын хэсгийн төлөөлөгч******* утсаар дуудсан юм. Би хүний мотоцикль гуйж яваад сумын төвд очоод хэсгийн төлөөлөгчтэй уулзахад хэсгийн төлөөлөгч надаас та Э  гэдэг хүний адууг та авсан уу гэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг сууж байгаад би тэр адууг чинь би төлчихөе, тэр алга болсон адуу нь босоод ирэхвий дээ гэж хэлсэн. Тэгээд гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө би 2017 оны 12 сарын 25-ны өдөр Г  ахын гэрт морьтой очиход Г ах эзгүй байсан. Доошоо явж байхад адуу байсан. Тэр адуу Э гийн адуу гэж мэдээгүй. Хаданд шахаж байгаад хар байдсан гүү барьж аваад гэртээ авч ирээд уяж хоноод маргааш өглөө нь ганцаараа төхөөрсөн. Тэгээд махыг нь 2017 оны 12 сарын 10-ны өдөр М  гэдэг цэнхэр өнгийн фургон машинтай хүнийг гуйж аймагт ирээд махны талыг нь Э  гэдэг хүнд өгөөд тал махыг нь дэлгүүрт зарсан гэж хэлсэн юм. Тэгээд арьсыг нь М гэдэг хүнд өгсөн гэж хэлсэн. Мөн хар байдсан гүү зөв талын ташаандаа гохон тамгатай байсан гэж хэлсэн юм. Энэ бүгдийг худлаа ярьсан юм. ...Э гийнх гохон тамгатай. Хүнсэнд авсан халтар азарга зөв талын гуян дээрээ сэрээ тамгатай,*******гаас сартай зээрд морь шаантнаас дээх нь хэлтэй чоончин тамгатай, Э , А бат нарт өгдөг адуу бор хээр морь, зөв талын гуян дээрээ нар саран тамгатай, Б д өгсөн халтар үрээ зөв талын гуян дээрээ нар саран тамгатай байсан /хх-ийн 48-р хуудас/ ...Намайг 4 адуу зарах үед Т.Э гийн адуу хулгайд алдагдсан байсан. Тэгээд тэр намайг адуу хулгайлсан байна гээд байгаа юм. Үнэндээ би тэр адууг нь хулгайлж аваагүй /хх-ийн 90-р хуудас/

                Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/

                Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-77-р хуудас/

                Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-57-р хуудас/

                “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: 4 настай хязаалан байдсан гүү 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн зэрэг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э  нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн Т.Э гийн 1 тооны хар хязаалан байдсан гүүг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э  шүүх хуралдаанд: ...“Булган сумын багийн нутаг гэдэг газраас адууг нь авсан нь үнэн. Өчигдөр мөнгийг нь барагдуулаад 650.000 төгрөг өгсөн байгаа. Дээрээс нь 4 ямаа өгч байгаа. Хар зүстэй адуу байсан. Адууг авахдаа Ө.Б гээд манай хамаатны дүү нартай хамт авсан. Махаа Өмнөговь аймгийн дэлгүүрт өгсөн. 87 килограмм болсон. 200 гаруй мянган төгрөг болсон. Мөнгийг нь би авсан” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа нь хохирогч Т.Э гийн:  “2017 оны 11 сарын 20-ны үед адуугаа услаад гаргасан. Айлын хүнс аваад, өөрийн хүнсийг авч байх хугацаанд азаргатай адуу алга байна гээд байсан. 12 сарын 02-ны үед А  гээд хүн танай Х  азарга Э ын ахын хойд дээр байж байна гэсэн. Очиход хар халтар зүсмийн адуу байхгүй байсан. Тэгээд түүнээс хойш асуугаад сураглаад байсан. Халтар азаргыг нь анх мөн байх гэж бодож сэжиглээд байсан юм. Тэгсэн чинь халтар азарганаас өмнө буюу 25-нд авсан байсан. Хэсгийн төлөөлөгчтэй 12 сарын 17-ны өдөр амаар уулзаж ярилцсан. Э ыг сэжиглэж байна шалгаад өгөөч гэж хэлсэн. ... Одоо нэг адууны үнэ нэхэж байгаа. Адуугаа 1.000.000 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа. Өчигдөр 650.000 төгрөг шилжүүлсэн. Дээр нь 4 ямаа авахаар тохиролцсон” гэсэн мэдүүлэг болон гэрч Э.*******ийн: “...төлөөлөгч Ц.Э т хандан та энэ жалганд Э гийнхээс хулгайлсан адууг яг хаана төхөөрсөн юм бэ? гэж асууж байсан. Тэр Э  гэдэг хүн энэ жалганд гээд жалгаа заагаад, бас төхөөрсөн адууны толгой чинь хаана байна вэ гэхэд энд гээд хоёр гурван адууны толгойны нэгийг заагаад байсан. ...Төлөөлөгч л Э ыг та Э гийн хар хязаалан байдсан гүүг яах гэж хулгайлсан юм бэ? Хаана төхөөрсөн юм бэ? гэж асууж байсан. Тэгсэн энэ жалганд төхөөрсөн гээд зааж байсан /хх-ийн 80-р хуудас/ гэсэн мэдүүлэг болон дээр дурдсан нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

            Хохирогч Т.Э  өөрийн өмчлөлийн байдсан гүүг 1000.000 төгрөгөөр үнэлж шүүгдэгчээс нэхэмжилж байх бөгөөд “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр “4 настай хязаалан байдсан гүү 600.000 төгрөг” /хх-ийн 42-р хуудас/ гэж үнэлгээ тогтоожээ.

          Шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нэг сая төгрөг байхаар тооцож, 650.000 төгрөг бэлнээр өгч, нэмж 4 ямаа өгсөн болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүх хохирогч болон шүүгдэгч нарын харилцан тохиролцсон үнэлгээгээр хохирлыг тооцож, шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэн, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.  

         Шүүгдэгч Ц.Э ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг арилгасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Ц.Э ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.  

         Шүүгдэгч Ц.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Баяд овгийн Ц.Э ыг бусдын мал /1 толгой хязаалан байдсан гүү/ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Э ыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д  зааснаар шүүгдэгч Ц.Э  нь хохирогч Т.Э д 650.000 төгрөг болон 4 ямаа, нийт 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Ц.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА