Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 305/ШШ2026/00074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ю.Б-н нэхэмжлэлтэй

хариуцагч: **** аймгийн **** сумын ЕБС-д холбогдох

гуравдагч этгээд: Б.Ч

**** аймгийн **** сумын ЕБС-н захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат /цахимаар/, гуравдагч этгээд Б.Ч, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. **** аймгийн **** сумын ЕБС-н захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Ю.Б нь ****аймгийн **** сумын ЕБС-д 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б/18 дугаар захирлын тушаалаар нягтлан бодогчийн ажилд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлын байран дээр бусдад зодуулж, дарамтлуулсаны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2024 оны 10 дугаар сарын 28-нд Сургуулийн захиргаанд 1 жилийн хугацаатай чөлөө авах өргөдлийг бичгээр илэрхийлж, сургуулийн захирал Ц.Г нь тус өргөдөлтэй танилцаж, өргөдөл дээр цохолт хийж, өөрийнхөө ажилыг хүлээлцүүлж өгсөн. Сургуулийн захирал нь чөлөө олгосон шийдвэрийг гаргачихна гэхээр нь би албан ёсоор өргөдлөө гаргаж, ажлаа хүлээлгэж өгчихөөд яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байсан тул явсан.

 


Миний хувьд чөлөө авсан тул Хөдөлмөрийн хуульд зааснаар ажпын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж ойлгон эрүүл мэндийн байдал сайжирсан тул чөлөөний хугацаа дуусахаас өмнө 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буцаад ажилдаа орохыг хүсэж Сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан. Тус өргөдлийг Сургуулийн захиргаа хүлээн аваад 30 хоногийн хугацаагаар сунган хариуг шийдвэрлэж өгнө гэсэн боловч эргээд ямар нэгэн хариу өгөөгүй учир дахин 2025.09.22-ны өдөр ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасан боловч хариу өгөхгүй байхаар нь 10 сарын 22-нд би бичиг хэргийн ажилтан М-тэй утсаар яриад бичлэг хийж авсан. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн биеэр очиж захиралтай уулзахад бичиг хэргийн ажилтан Б.М-с хариу ав гэсэн. Тус өдрөө бичиг хэргийн ажилтантай уулзахад надад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар Ю.Б-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай агуулга бүхий тушаалыг танилцуулж гардуулж өгсөн. Гэтэл миний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагаар 1 жилийн хугацаатай чөлөө хүссэн байхад ажлаас бүр мөсөн халсан тушаал гаргасныг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичиг хэргийн ажилтан Б.М-с мэдсэн. Мөн 2024.10.31-ний өдрийн Б/33 дугаар тушаал гаргасан нь үнэн эсэхийг шалгахаар шилэн дансыг үзэхэд тус тушаал орсон байсан түүнийг надад гардуулж өгсөн тушаалтай харьцуулж үзэхэд 2 өөр агуулагатай, бичвэрийн зөрүүтэй тушаалууд байсан. Ерөнхийдөө 2 өөр тушаал байсан. Шилэн данс дээр өөрийн өргөдлийг үндэслэж ажлаас чөлөөлж байна, бичиг хэргийн ажилтан М-с тушаал авахад ийм, ийм сахилгын шийтгэл гэсэн утгатай хоёр өөр тушаал гаргаж өгсөн. 2 тушаал нь 2 өөр хувилбартай байсан. Тэгээд аль нь зөв гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би шилэн дансных нь зөв юм болов уу. Ажилтан миний хувьд 1 жилийн чөлөө авах тухай өргөдлийг ажил олгогчид албан ёсоор бичгээр гаргаж, ажил хүлээлцүүлсэн боловч намайг эмчилгээнд явсны ард 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хоёр өөр байдлаар гаргаж, тус ажлаас чөлөөлсөн шийдвэр тушаал гаргасан талаараа надад танилцуулахгүйгээр 1 жилийн дараа танилцуулж, миний Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд ****аймгийн **** сумын ЕБС-н захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай, 2 өөр агуулга бүхий тушаалыг хүчингүй болгож, Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү.

 

Хариуцагч талаас эхний ээлжид хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар тайлбарлаж байна. Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсвэл цахим хэлбэрээр гаргаж ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй гээд дурдчихсан байгаа юм. Хэрэв ажилтан тухайн шийдвэр хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж байгаа. Сая ажил олгогч талаас хүлээлгэж өгсөн мэтээр тайлбарыг бол хэлдэг. 2024 оны 10 сарын 31-ний огноотой тушаалыг 10 сарын 29-нд хүлээлгэж өгсөн гэдэг асуудлыг гэрчээр нотлуулах гэж орж ирдэг. Гэрчээр нотлуулна гэдэг нь тухайн гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт өөрөө зөрчилдөөнтэй ийм нөхцөл байдал гаргаж байгаа. Тэгэхээр энэ гэрчийн мэдүүлгийг өнөөдөр шууд нотлох баримт гэж үзэх үндэслэл бол байхгүй. Ингээд үзэхээр ажил олгогч өөрөө Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлсөн гэдэг тушаалыг гардуулж өгсөн үйл баримтаа тэргүүн ээлжид нотлох үүрэгтэй, ажилтан нотлох биш ажил олгогч нотлох үүрэгтэй. Шийдвэрийг гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсэн тохиолдол ерөөсөө байхгүй. Энэ тушаалыг 2025 оны 10 сарын 31-ний өдөр хүлээж авсан болох нь тушаалаа гардуулж өгөв гээд эсрэгээрээ бичиг хэргийн ажилтан тушаал дээр өөрийнхөө бичвэртэй гарын үсэгтэй гардуулж өгсөн талаар бичдэг. Тэгэхээр энэ дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуульд тухайн тушаалыг гардаж авснаас хойш дээд шатны байгууллага буюу Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй л гэсэн юм яриад байна л даа. Манай аймаг дээр комисс байхгүй, байхгүй тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалттай. Гардуулсан гэдэг үйл баримтаа өнөөдөр ямар тушаал, хэзээ, ямар зөрчил гаргасан юм, ямар тушаал үйлдэж байгаа энэ үйл баримтаа бичгээр гардуулсан болон нотолсон нөхцөл байдал 1 дүгээрт байхгүй байна. Дараагийн дугаарт тушаалын хууль зүйн үндэслэл рүү орохоос өөр аргагүй. 2 агуулга бүхий тушаал гаргасан. Яагаад 2 тушаал гаргаснаа тайлбарлаж хэлэхгүй байгаа. Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9 гэсэн ганцхан заалтыг барьсан. 78.1.9 дэх заалт нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгоно гэсэн заалтыг бариад дотоод журмын тэдийн тэд гээд баримталчихсан байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж 78.1.9-өөр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 80 дугаар зүйлийг заавал баримтлах ёстой. Хууль хэрэглээний хувьд 80 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэлүүд гэж байгаа. Гэтэл тушаалыг нь харахаар 80 дугаар зүйлийн олон үндэслэлээс аль нь байгаа юм. Сахилгын ноцтой зөрчил гаргаад байгаа юм уу, давтан зөрчил гаргаад байгаа юм уу? Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа юм, ямар үндэслэлээр энэ хүний хөдөлмөрлөх эрхийг халдах, зөрчих үндэслэл болоод байгаа юм гэдэг үйл баримт нь тодорхой болгох ёстой. Үндэслэлийг нь харахаар нягтлан бодогч Ю.Б нь эд хөрөнгийн тооллогын хангалтгүй зохион байгуулж, багш ажилчдын цалинг буруу тооцоолж, дутсан, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллага тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зөрчлүүд гаргасан тул гээд энэ үг хэллэг нэг бүрчлэн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн Б/16 тоот сахилгын шийтгэл оногдуулсан тушаал дээр байгаа. Түрүүн тайлбарлахдаа наадах дээр чинь хуулийн заалтаа оруулахдаа аудитын хязгаарлалттай дүгнэлтээс оруулсан гэж байгаа. Тийм дүгнэлт ерөөсөө байхгүй шүү дээ. Аудитын хязгаарлалттай дүгнэлтийг баримтлаад гэсэн зүйл заалт энэ тушаал дээр чинь юу ч байхгүй. Тэгэхээр 80.1.4 дэх хэсгийг барьсан мэтээр тайлбар хэлээд шүүхэд нотлох баримт бүрдүүлэх гэж араас нь хөөцөлдөөд байдаг. 9 хоног тасалсан гэдгээр тушаалынхаа мэдэгдэх хуудсыг хүргүүлчихсэн юм шиг өөрөө захирал нь гарын үсэг зураад нөхөөд хийчихсэн. Тушаалынх нь үндэслэл болохоор ажлын хариуцлагагүй, санхүүгийн ямар нэгэн байдлаар алдаа дутагдал үүрэг биелүүлээгүй гэдэг ийм агуулгатай юм шиг мөртлөө ажил тасалсан гээд энэ ажил тасалсан дээр тайлбар хэлэхгүй гээд байх юм. Нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл давхардуулж оногдуулахгүй гээд байдаг, 2024 он 04 сарын 15-ны өдөр Б/16 тоот тушаалын агуулга 2024 оны 10 сарын 31-ний өдрийн нэг тушаалын Б/33 тушаалын нэг тушаалынх нь агуулга дээр яг тэр нэг өгүүлбэр байгаа юм. Сүүлдээ чөлөө олгосон тушаал гаргаагүй нь өнөөдөр ажилтны буруу мэтээр тайлбарлаж байна. Тухайн цаг хугацаанд ер нь даргатайгаа ч үл ойлголцол үүсгэсэн. Дарга нь хууль бус зүйлийг нягтлан бодогчоос шаардсан байна, тэр санхүүжилт, мөнгийг нь өг гэхэд энэ хүн өгөхгүй гэсэн. Үүний хооронд сүүлдээ гуравдагч этгээдтэй зодоон болоод хэрүүл маргаан болсон. Энэ хүн нэг жилийн чөлөө өгөөч ээ гэсэн болохоос биш намайг ажлаас чөлөөлж өгөөч ээ гэсэн өргөдөл өгөөгүй, байхгүй. Тэр чөлөөг яагаад шийдээгүй юм гэвэл ажил олгогч доор нь цохолт хийгээд би шийдэж өгнө өө, за явж бай гэсэн байна шүү дээ. Тэгвэл яагаад 2025 оны 04 сарын 01-нд ажилдаа орно гээд өргөдөл өгөөд байхад яагаад 30 хоногоор сунгаад байгаа юм. Хэрвээ 04 сар, 09 сард ажлаас чөлөөлчихсөн бол уучлаарай, чамайг ажлаас чөлөөлсөн, өөр хүн томилчихсон шүү дээ гэдэг асуудал хэлээд явуулчих бүрэн боломжтой байсан. Нөгөө гаргаж ирж байгаа аудитынх нь дүгнэлт, огноонуудыг нь харахаар дандаа 2024 оны 04 сарын 15-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө гаргаад байсан зөрчилтэй холбоотой баримтууд байгаа. 2024 оны 02 сард арга хэмжээ ав гээд Боловсролын газраас нь бичиг тоот ирүүлээд 15-ны дотор арга хэмжээ ав гэж ирүүлэхээр тэрнийх нь дагуу л арга хэмжээ авчихсан. Тэр сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрчихсөн, ерөөсөө гомдол гаргаагүй. Тиймээ, би тухайн үед бол сахилгын зөрчил гаргасан байна гээд хүлээн зөвшөөрөөд 3 сарын хугацаагаар 20%-ийн цалингаа хасуулаад явчихсан. Гэтэл дахиад л тэр зөрчил дээр нь миний эрхийн асуудал гээд ажлаас чөлөөлөхгүй бол болохгүй нь гэсэн ийм ашиг сонирхлын зөрчил яваад байдаг. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 80 дугаар зүйлийг баримтлаагүй байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй, дээрээс нь ажил олгогчид тушаалаа хүлээлгэж өгсөн үйл баримтыг ажил олгогч тэргүүн ээлжид нотлох үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас хуульд заасан үндэслэл, журмаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн Ю.Б-н эрхийг сэргээж, 2024 оны 10 сарын 31-ний Б/33 дугаартай 2 төрлийн тушаалыг хоёуланг нь хүчингүйд тооцож ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн дүгнэлтээ дэмжиж байна гэв

 

3. Хариуцагч талын татгалзал, тайлбар: Нягтлан бодогч Ю.Б-г “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх” Б/33 дугаар тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 31 өдөр гаргасан. Ю.Б нь 2024 онд эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулсан, багш ажилчдын цалин буруу бодож, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан. Мөн өөрөө би ажлаа өгмөөр хийж чадахгүй байна гээд өөрийн хүсэлтээ өгөөд ажлаас гарсан. Иймд Ю.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч Б-н хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг маргаан бүхий тушаалыг би мэдээгүй байсан, ажлаас чөлөөлснийг мэдээгүй гэдэг зүйл яриад байгаа. Гэхдээ өөрийнх нь тайлбар дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. 1 дүгээрт Б-н хувьд сургуулийн нягтлан байсан. Нягтлан хүн өнөөдөр жилийн чөлөө авахад яадаг юм, чөлөө авсан тушаал гардаг. Тэгвэл Б өнөөдрийн байдлаар гардаж аваагүй, тушаал гараагүй гэдгийг дээд сургууль төгссөн, нягтлан хийж байсан хүний хувьд мэдэж байгаа. Тушаал гарч байж энэ хүн чөлөө авах ёстой. Түүнээс биш ажил хүлээлцэж өгөх, өргөдөл өгсөн тохиолдолд 30 хоногийн дотор шийдвэр гаргаад гаргахгүй тохиолдолд ажлаа хаяад явж болдог. Тэгээд энэ хүн эрүүл мэндийн шалтгаантай гэдэг зүйлийг нэхэмжлэл дээр дурдсан байгаа юм. Зодуулсан гэж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ хэрэг дотор Б гэдэг хүн эрүүл мэндээ ийм байдлаар зодуулаад гээд цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гарсан зүйл байхгүй. Зодуулсан л гээд байгаа юм. Хаана ямар эмнэлэгт, хаана очиж эмчилгээ хийлгэчихэв. Энэ зүйл байхгүй. Чөлөө авсан тушаал гаргуулахын тулд ажилтан ажил олгогч хоёр тохиролцоод ажил олгогч зөвшөөрсөн тохиолдолд тушаал гаргана шүү дээ. Түүнээс зөвшөөрөөгүй тохиолдолд Б-н хувьд ажлаа жилээр орхиод явж болохгүй. Өөрөө жил яваад ирсэн, тушаал гараагүй гэдэг дээр маргаан байхгүй байна. Б-н хувьд эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй, нийгмийн даатгал зогсчихсон байгаа. Энэ нөхцөл байдлыг өөрөө нягтлан хийж байсан хүн мэдэх байх. Ажлаас чөлөө авсан бол байгууллагаас эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөгдөх ёстой. Эмнэлэгт үзүүлсэн бол даатгал төлөгдөөгүй байна гээд үзүүлэх боломж байхгүй.2 дугаарт нь Б төрийн үйлчилгээний албан тушаалтан учраас Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөнө. Тушаалыг танилцуулсан гэх гэрчийн мэдүүлэг, ажил хүлээлцүүлж өгч байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсвэл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс сум, дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд 10 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан. Уг комисс болон 3 талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд иргэний шүүхэд хандахаар зохицуулсан. Энэ хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл мэдээд танилцагдсанаас хойш жилийн хугацаа өнгөрсөн байна. Ингээд жилийн дараа иргэний шүүхэд хандаад явсан, хугацаа хэтэрсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар Б-д хүндэтгэн үзэх шалтгаан, гал ус, үер усны ч юм уу, бэртэж гэмтээд явж чадахгүй, бичиж чадахгүй байдалд орсон гэдэг нөхцөл байдлууд бол байхгүй байгаа. 1 дэх үндэслэл нь хугацаа хэтэрчихсэн байна. 2 дахь үндэслэл нь энэ тушаал дээр заагдсан Б-н хөдөлмөрийн гэрээ авагдсан, хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдэг ойлголтод 2 удаа тасалсан ойлголт хамаарна гээд Хөдөлмөрийн гэрээний 5 дээр заагаад өгчихсөн байгаа. Ирцийн бүртгэл хэрэгт авагдсан. Ирцийн бүртгэлээр 8-9 хоног ажлаа таслаад явсан. Энэ нь ноцтой зөрчилд тооцохоор шууд ажил олгогчийн эрх хэмжээний асуудал байгаа. 3 дахь үндэслэл нь мөн тухайн сургууль Төрийн Аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт 2 жил дараалан авсан баримтыг хүргүүлсэн. Төрийн Аудитын хязгаарлалттай дүгнэлт авсантай холбогдуулаад Төрийн Аудитын тухай хуулиараа хөдөлмөрийн харилцаа үйлчилдэггүй. Энд Төрийн аудитын тухай хууль өөрөө үйлчилж явдаг. Хариуцлага хүлээлгэх үндэслэл буюу Төрийн аудитын тухай хуулийн 42.1 дээр энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь мэдүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болно мөн Төрийн аудитын тухай хуулийн 42.4 дээр энэ хуулийн 42.1 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй гээд заагаад өгчихсөн. Төрийн аудитын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу хугацаа буюу илрүүлсэн хугацаа, мэдсэн хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран Төрийн аудитын тухай хуулиараа хариуцлага хүлээлгэхээр байгаа. Энэ нь 3 дахь үндэслэл нь болж байгаа юм. Ийм учраас Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байна гэв.

 

4. Гуравдагч этгээдээс гаргасан тайлбар, нотлох баримт байхгүй.

 

5. Нэхэмжлэгч иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-****аймаг **** сумын ЕБС-н захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар “Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх тухай” тушаал /эх хувь/,

-****аймаг **** сумын ЕБС-н захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар “Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хуулбар хувь/,

-**** аймаг **** сумын ЕБС-н захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар “Ю.Б-ыг ажилд томилох тухай” тушаал /хуулбар хувь/,

-Ю.Б-ын **** сумын ЕБС-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /эх хувь/,

-Ю.Б-ын **** сумын ЕБС-тай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ 2022.02.23 өдөр /эх хувь/,

-Ю.Б-ын 2024.10.28 өдөр **** сумын ЕБС-н захиргаанд гаргасан өргөдөл /хуулбар хувь/,

-Ю.Б-ын 2025.04.01 өдөр **** сумын ЕБС-н захиргаанд гаргасан өргөдөл /хуулбар хувь/,

-Ю.Б-ын 2025.09.22 өдөр **** сумын ЕБС-н захиргаанд гаргасан өргөдөл /хуулбар хувь/,

-**** сумын ЕБС-н захирал Ц.Г-н өргөдөл хянах хугацааг сунгасан тухай мэдэгдэл /хуулбар хувь/,

-Ю.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

 

6. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:

-**** аймаг **** сумын ЕБС-н захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар “Ю.Б-ыг ажилд томилох тухай” тушаал /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/,

-**** аймаг **** сумын ЕБС-н захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар “Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх тухай” тушаал / нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/,

-**** аймаг **** сумын ЕБС-н захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар “Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хуулбар хувь/,

-****аймаг **** сумын ЕБСийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал /хуулбар хувь/,

-2024.04.15-ны өдрийн Зөрчил бүртгэх хуудас /хуулбар хувь/,

-**** сумын ЕБСийн 2024.10.29 өдрийн Ю.Б, Б.Ч нарын ажил хүлээлцэх акт, тэмдэглэл /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/,

-**** сумын ЕБСийн 2024.10.29 өдрийн Ю.Б-ын Б.Ч-д ажил хүлээлцсэн акт, эд хөрөнгийн бүртгэл / нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/,

-**** сумын ЕБСийн Цагийн бүртгэл 2024 оны 10 сар / нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/,

-**** сумын ЕБСийн Тушаалын бүртгэл-Б 2024 он /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /,

-**** сумын ЕБСийн Өргөдөл гомдлын бүртгэл 2024 он /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /,

-2024.10.15-ны өдрийн мэдэгдэх хуудас /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /,

-**** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар “Хязгаарлалттай дүгнэлт” /эх хувь/,

-Мөн Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар “Хязгаарлалттай дүгнэлт” /эх хувь/,

-**** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаар албан бичиг /хуулбар хувь/,

-**** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар албан бичиг /хуулбар хувь/,

-**** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 173 дугаар албан бичиг /хуулбар хувь/,

-**** сумын ЕБСийн Хөдөлмөрийн дотоод журам /эх хувь/.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч **** аймгийн **** сумын ЕБСд холбогдуулан **** аймгийн **** сумын ЕБСийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь “...Нягтлан бодогч Ю.Б-ыг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх” Б/33 дугаар тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 31 өдөр гаргасан. Б нь 2024 онд эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулсан, багш ажилчдын цалин буруу бодож, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан. Мөн өөрөө би ажлаа өгмөөр хийж чадахгүй байна гээд өөрийн хүсэлтээ өгөөд ажлаас гарсан. Иймд Ю.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү...” гэж татгалзжээ.

4. Үйл баримтын хувьд: Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч **** аймгийн **** сумын ЕБС-д 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан, 2024 оны 10 сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар ажлаас халагдсан ба энэ хугацаанд эмчилгээ хийлгэх гэх шалтгаанаар нэг жилийн чөлөөний хүсэлтийг 2024 оны 10 сарын 28-нд гаргасан, 2024 оны 10 сарын 29-нд ажлаа хүлээлгэн өгсөн, 2025 оны 4 сарын 01-нээс ажилдаа орох хүсэлтийг гаргаж байсан, 2025 оны 9 сарын 22-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг дахин гаргасан, 2025 оны 10 сарын 30-ны өдөр ажил олгогчтой ажилдаа орох талаар уулзсан, тухайн өдөр 2024 оны 10 сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай ажлаас халах тушаалыг бичиг хэргийн ажилтан Б.М нь ажилтан Ю.Б-д гардуулан өгсөн болох нь **** аймаг **** сумын ЕБСийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар “Ю.Б-ыг ажилд томилох тухай” тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон зохигчдын тайлбар, гэрч Б.М-ийн тайлбар, чөлөө авах хүсэлтүүд /хх-ийн 14, 15, 16 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь үндэслэлээ “...Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлын байран дээр бусдад зодуулж, дарамтлуулсаны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2024 оны 10 дугаар сарын 28-нд Сургуулийн захиргаанд 1 жилийн хугацаатай чөлөө авах өргөдлийг бичгээр илэрхийлж, сургуулийн захирал нь чөлөө олгосон шийдвэрийг гаргачихна гэхээр нь би албан ёсоор өргөдлөө гаргаж, ажлаа хүлээлгэж өгчихөөд яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байсан тул явсан.

 


Миний хувьд чөлөө авсан тул Хөдөлмөрийн хуульд зааснаар ажпын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж ойлгон эрүүл мэндийн байдал сайжирсан тул чөлөөний хугацаа дуусахаас өмнө 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буцаад ажилдаа орохыг хүсэж Сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан. Тус өргөдлийг Сургуулийн захиргаа хүлээн аваад 30 хоногийн хугацаагаар сунган хариуг шийдвэрлэж өгнө гэсэн боловч эргээд ямар нэгэн хариу өгөөгүй учир дахин 2025.09.22-ны өдөр ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасан боловч хариу өгөхгүй байхаар нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн биеэр очиж захиралтай уулзахад бичиг хэргийн ажилтан Б.М-с хариу ав гэсэн. Тус өдрөө бичиг хэргийн ажилтантай уулзахад надад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай агуулга бүхий тушаалыг танилцуулж гардуулж өгсөн. Гэтэл миний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагаар 1 жилийн хугацаатай чөлөө хүссэн байхад ажлаас бүр мөсөн халсан тушаал гаргасныг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичиг хэргийн ажилтан Б.М-с мэдсэн. Ажилтан миний хувьд 1 жилийн чөлөө авах тухай өргөдлийг ажил олгогчид албан ёсоор бичгээр гаргаж, ажил хүлээлцүүлсэн боловч намайг эмчилгээнд явсны ард 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хоёр өөр байдлаар гаргаж, тус ажлаас чөлөөлсөн шийдвэр тушаал гаргасан талаараа надад танилцуулахгүйгээр 1 жилийн дараа танилцуулж, миний Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна…” гэж мэтгэлцжээ.

 

6. Хариуцагч татгалзлын үндэслэлээ 1-рт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, 2-рт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 хоног ажил тасалсан, 3-рт 2 жил дараалан аудитын хязгаарлалттай дүгнэлт авсантай холбогдуулаад хариуцлага тооцох үндэслэлтэй байсан гэж тайлбарлан маргажээ.

7. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд **** аймгийн **** сумын ЕБС нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар Ю.Б-ыг нягтлан бодогчоор томилсноор зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

Дээрх зохицуулалтаар ажилтанд сонгож хэрэгжүүлэх боломжийг олгосноос  Ю.Б нь шүүхэд гомдол нэхэмжлэлээ гаргасан байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч Ю.Б нь **** аймаг **** сумын ЕБСийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар “Ю.Б-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн гэж тайлбарлаж, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

10. Талууд дээрх байдлаар харилцан зөрүүтэй үндэслэлээр маргаж байгаа тул шүүх нотлох баримт, тогтоогдож байгаа нөхцөл байдал зэргийг харьцуулан дүгнэж хэргийг шийдвэрлэнэ.

11. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ю.Б нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр **** сумын ЕБСийн захиргаанд “...2024 оны 10 сарын 16-нд ажлын байран дээрээ бусдад зодуулж, дарамтлуулсан учраас эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд 2024.11.01-нээс эхлэн 1 жилийн олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан, уг хүсэлтэд “танилцав С/з” гэж гарын үсэг зурсан байгаа, 2025 оны 4 сарын 01-ний өдөр гаргасан ажилдаа орох хүсэлтэд мөн “танилцав С/з” гээд гарын үсэг зурсан, 2025 оны 9 сарын 22-ны хүсэлтэд мөн “танилцав с/з” гээд гарын үсэг зурсан, эдгээр өргөдөлд бичгээр хариу өгөөгүй болох нь тус сургуулийн 2025 оны өргөдөл гомдлын бүртгэл зэрэг байдлуудаар, нэхэмжлэгчийн чөлөө хүсэж болон ажилд орох хүсэлтүүдийг гаргаж байсан гэсэн тайлбараар нотлогдож байна.

**** сумын ЕБС-ын 2024 оны Тушаалын бүртгэл-Б-д 2024 оны 10 дугаар сарын 28 өдөр болон түүнээс хойш Ю.Б-ын чөлөөний хүсэлтийг шийдвэрлэсэн тушаал бүртгэгдээгүй, харин “сар өдөр 2024.10.31 дугаар Б/33, товч утга “Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх”, хуудасны тоо 2, биелэлтийн тэмдэглэл огноо 2024 оны 10 сарын 31 өдрийн Б/33 дугаартай тушаалыг Ю.Б-д танилцуулав” гэх бичилт хийгдсэн боловч Ю.Б-р гарын үсэг зуруулаагүй байгаа байдал болон гарын үсэг байхгүй байгааг тайлбарласан тусгай тэмдэглэл, бусад нотлох баримтгүй байгаа нь уг бичилт нь Ю.Б-г тухайн тушаалтай танилцсан, ажлаас халагдсанаа мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэдгийг хангалттай нотлохгүй байх тул ажилтныг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь чөлөө хүссэн өргөдөлд амаар шийдвэрлэнэ гэх хариуг өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд шийдвэрийг бичгээр гараагүй гэдэгтэй хариуцагч тал маргаагүй.

Нэхэмжлэгч Ю.Б нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр чөлөө хүссэн өргөдөл өгсөн тул 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөхдөө түүний чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлэж, ажлыг нь хүлээлцэж байна гэж ойлгосныг буруутгах боломжгүй юм.

 Гэрч тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан гэх боловч хэрэгт цугласан нотлох баримтаар Ю.Б-д дээрх тушаалыг мэдэгдсэн, гардуулсан болох нь тогтоогддоггүй, нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн **** аймаг **** сумын ЕБСийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалд “2025 оны 10 сарын 30-нд ирж тушаалаа авсан. Тушаал өгсөн Б.М” гэх бичилт хийгдсэн байх бөгөөд тушаалыг хэзээ авсан, гардуулж өгсөн эсэх талаар гэрч Б.М-с дахин тодруулахад “...2025 оны 10 сарын 30-нд Ю.Б тушаалаа хуулбарлаж авъя гэж ирсэн. Тушаалыг би өмнө нь өөрөө танилцуулсан,  өгсөн гэж яриагүй...” гэж зөрүүтэй мэдүүлж байгаагаас үнэлэх боломжгүй.  

Мөн түүнийг ажлаас чөлөөлсөн 2024.10.31 өдрийн Б/33 дугаар тушаалыг түүнд мэдэгдээгүй, харин 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний ажлыг хүлээлцсэн гэж тайлбарласан нь **** сумын ЕБСийн 2024.10.29 өдрийн Ю.Б, Б.Ч нарын ажил хүлээлцэх акт, тэмдэглэл, мөн сургуулийн 2024.10.29 өдрийн Ю.Б-ын Б.Ч-д ажил хүлээлцсэн акт, эд хөрөнгийн бүртгэл зэрэг баримтуудаар Ю.Б нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил хүлээлцсэн болох нь тогтоогдож байгаа зэрэг бусад нотлох баримт, хэргийн учир зүйн нөхцөл байдлуудаар тогтоогдож байна.

12. Ажлаас халагдсан тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд: Хэрэгт ажлаас чөлөөлөх тухай 2024 оны 10 сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай хоёр тушаал авагдсан байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар түүнд өгсөн гэх хавтаст хэргийн 37-д байгаа тушаалын тушаах хэсэг нь хоёр заалттай, нэг дэх заалтаар чөлөөлөхдөө ямар нэг хуулийн зүйл заалт, үндэслэл дурдаагүй байна. Хоёр дахь буюу гэрчийн мэдүүлж байгаагаар засварлаж гаргасан гэх хавтаст хэргийн 4 дүгээрт байгаа тушаалын тушаах хэсгийн ажлаас чөлөөлсөн нэг дэх заалтад ...эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулж, багш ажилчдын цалинг буруу тооцоолж дутсан, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зөрчлүүд гаргасан тул... гэх үндэслэлийг заажээ.

13. Гэрч Б.М нь шүүх хуралдаанд “...Ю.Б-ыг ажлаас чөлөөлсөн Б/33 дугаартай тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр **** сумын сургууль дотор ажлын өрөөнд нь танилцуулсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 29-нд хүлээлгэж өгсөн. ...Нягтлан цалин мөнгө бодогдоно, ...Ю.Б өөрөө би ажилтай. Ажлаа хүлээлгээд өгчихөөд түрүүлээд явъя гээд байсан учраас 29-нд ажил хүлээлцэхдээ 31-ний өдрийн тушаалаа гаргаад танилцуулсан. ...Нэг тушаал дээр нь цөөхөн үгтэй бичсэн байгаад дараа нь засаад гаргасан. Эд хөрөнгийн бүртгэл гэсэн утгатайг нь зассан...” гэж мэдүүлгээр хоёр дахь тушаалыг сүүлд нь засварлаж гаргасан нь тогтоогдож байна.

14. Энэ хэргийн хувьд хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 80.1-д үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэсэн нь энэ зүйлд зааснаас өөр үндэслэлээр цуцлахгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна.

15. Дээрх тушаалуудад ямар нэг хуулийн үндэслэл заагаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан алин болох нь тодорхойгүй байна.

16. Засагдаж гарсан гэх тушаалд дурдсан төрлийн алдаа зөрчлийг ажлаас шууд халах зөрчилд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд буюу гэрээний 4.2 дугаар зүйлд заагаагүй байна.

17. Мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр чөлөөлсөн гэвэл 2024 оны 2 дугаар сард гаргасан зөрчилд 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тушаалаар  шийтгэл ноогдуулснаас хойш 9 хоног ажил тасалсан гэх зэрэг ямар нэг зөрчлийг давтан гаргасан талаарх үйл баримт, нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаагаас давтан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ зөрчилд шийтгэл оногдуулснаас хойш буюу зөрчил гаргасныг мэдсэнээс хойш 2024 оны 10 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь зөрчилд шийтгэл оногдуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-т заасан “сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

18. Хөдөлмөрийн маргаанд ажил олгогч өөрийн гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй болохыг нотлох үүрэгтэй.

**** сумын сургуулийн захиргаа нь ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, эсхүл давтан зөрчил гаргасан гэх байдлаа ажилтны сонсголыг сонсох, хэлэлцэх зэрэг байдлаар баримтжуулан хуульд заасан журмыг хэрэгжүүлж тогтоогоогүй, урьдчилж тогтоосон болохоо шүүхэд нотлоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасан Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” юм.

19. Хэрэгт Ю.Б-ыг ажлаас чөлөөлсөн нэг огноо дугаартай 2 өөр тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд 2 тушаалд бичигдсэн хуулийн үндэслэлүүд адил буюу Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.2 дахь заалт, өөрийн гаргасан өргөдлийг тус тус үндэслэсэн байна.

Харин Ю.Б-д 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардуулсан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалд ажлаас чөлөөлсөн шалтгааныг “1. Нягтлан бодогч Ю.Б нь эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулж, багш ажилчдын цалинг буруу тооцоолж дутсан, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зөрчлүүд гаргасан тул 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

20. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгохоор заасан.

20.1. “Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт  ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.

20.2. Гэтэл Ю.Б нь хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргаагүй, харин 1 жилийн чөлөө олгохыг хүссэн байхад өөрийн гаргасан өргөдлийг тус тус үндэслэн гэдэг агуулгаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, ажилтны хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

20.3. Тодруулбал, Ю.Б-н эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулж, багш ажилчдын цалинг буруу тооцоолж санхүүжилт дутсан, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй хоцроосон зөрчилд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын 20%-иар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан атал 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлөхдөө мөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй.

21. Иймд нэхэмжлэгч Ю.Б-г Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, байгууллагын дотоод журмын 15.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ю.Б-г **** аймгийн **** сумын ЕБСийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

22. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу Ю.Б-н ажилд орохоор өргөдөл өгсөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 199 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 23,165,192 төгрөгийг **** аймгийн **** сумын ЕБС-иас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ю.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 23. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.2-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Ю.Б-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн цалингийн жагсаалтаас 2024 оны 08, 09, 10 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт ажлын хоногийн тоонд хувааж ажилтны нэг өдрийг дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч Ю.Б-ын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин буюу 2024 оны 08, 09, 10 дугаар сарын цалингаас тооцож үзэхэд 2,485,990+2,590,122+2,606,842=7,682,954 төгрөг байх бөгөөд үүнээс 1 өдрийн дундаж цалинг тооцоход 116,408 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх нийт ажлын 199 өдрөөр тооцож үзвэл Ю.Бт олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээ нийт олговор 23,165,192 төгрөг байна.

24. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” үндсэн үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч ****аймгийн **** сумын ЕБСд даалгах нь зүйтэй.

25. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 23,165,192 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 273,776 төгрөг, нийт 343,976 төгрөгийг хариуцагч **** аймгийн **** сумын ЕБСиас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан **** овгийн Ю.Б-г **** аймгийн **** сумын ЕБСийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар **** овгийн Ю.Б-н ажилгүй байсан 199 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 23,165,192 төгрөгийг **** аймгийн **** сумын ЕБСиас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ю.Б-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Ю.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг **** аймгийн **** сумын ЕБСд үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 23,165,192 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 273,776 төгрөг, нийт 343,976 төгрөгийг хариуцагч **** аймгийн **** сумын ЕБСиас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА