Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/54

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “Ч.Ч-ийг 3 /гурав/ жил хорих ял гэснийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял, Г.О-ыг  2 /хоёр/  жил 6 /зургаа/ сар хорих ял гэснийг хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял, У.Б-ийг 2 /хоёр/ жил хорих ял гэснийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял” гэж,

            - шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ч, Г.О, У.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай” гэж тус тус өөрчлөн,

            - шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: шүүгдэгч Ч.Ч, Г.О, У.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ч, Г.О, У.Б болон өмгөөлөгч Я.Батханд нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Ч, Г.О, У.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон хасаж, шүүгдэгч Ч.Ч-ийн эдлэх торгох торгох ялын хэмжээг 28,530,000 /хорин найман сая таван зуун гучин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.О-ын эдлэх торгох  ялын хэмжээг 23,530,000 /хорин гурван сая таван зуун гучин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч У.Б-ийн эдлэх торгох ялын хэмжээг 18,530,000 /арван найман сая таван зуун гучин мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ч, Г.О, У.Б нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

           

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН