Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2026/00026

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *********т оршин суух Т овгийн С-н Д-нын нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч С.Д-н нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С овогтой Д-н миний бие 1971 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. Би 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав ээжийн хамт мал маллах болсон. Аав маань Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант бригадад мал маллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Би өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэтэл 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал малын А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багт аав ээжийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-02/7855, 03-02/7856, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03-08/7464 дугаар лавлагаанууд,

-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн С.Д-нын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн CVL2582000001002231 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 642, 463 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч С-н Д-н нь 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4.1. С-н Д-н нь 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багт аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 642 дугаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар зарлигаар Тайшир сумын харьяат Б-йн Р-г алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай/БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов/. Б-ийн Р хүүхдүүдэд: 1. Ч 14 настай сурагч, 2. Ба 12 настай сурагч, 3. М 9 настай сурагч, 4.Б 5 настай, 5. Д-н 1 настай гэж бүртгэгджээ гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

- мөн архивын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 463 дугаар Тус аймгийн Тайшир сумын Рашаант багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ц-н С-н мал маллаж байсан хугацаа /1992-1995 он/ хүртэл гээд тухайн оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-02/7855 дугаар 1989 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Тайшир сум, Ц С тэргүүлэгч өөрөө 61 настай, эрэгтэй, Банзрагч Рагчаа эхнэр, 54 настай, эмэгтэй, С-н Б охин 20 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн лавлагаа,

- мөн архивын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-02/7856 дугаар Манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Говь-Алтай аймгийн Тайшир сумын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтыг шүүж үзэхэд С-н Д-нод холбогдох баримт байхгүй байна гэх лавлагаа,

Мөн архивын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03-08/7464 дугаар 2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант, С-н Д-н тэргүүлэгч өөрөө 1971 оны 5 сард төрсөн, 28 настай эрэгтэй, Г-ийн М эхнэр 1974 оны 9 сард төрсөн 25 настай эмэгтэй, Д-нын Д хүү 1991 оны 12 сард төрсөн 8 настай эрэгтэй, Д-нын Б хүү 1997 оны 12 сард төрсөн 2 настай эрэгтэй гэж бүртгэгдсэн лавлагаа,

- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн С-н Д-н БХЯ-ны сайдын 1989 оны 09 сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1989 оны 10 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991 оны 09 сарын 04-ний өдрийн 369 дүгээр тушаалаар 1991 оны 09 сарын 07-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэх хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн CVL2582000001002231 дугаартай Тугчин овгийн С-н Д-н 1971 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрснийг 1971 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын 50 дугаарт бүртгэсэн гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн С-н Д-н, Гончигийн Мөнгөнтуул нарын 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 65 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Мөн газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Ц-йн Ц, С-н Б нарын 1994 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

5. Иймд Т овгийн С-н Д-ныг 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овгийн С-н Д-ныг 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багт мал маллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА