Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2026/00112

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: **** оршин суух Ж.Т-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 4,733,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Н ББСБ” ХХК нь Ж.Т-тэй 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г бичгээр байгуулан 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,145,000 төгрөгийг 5.9%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2025 оны 04 дүгээр сарын 12- ны өдөр 2,605,000 төгрөгийг 5.9%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 150,000 төгрөгийг 4.9%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн. Ж.Т нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөө удаа дараа хожимдуулдаг байсан бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэдэг ч одоог хүртэл төлөөгүй тул бид зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно” гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г бичгээр байгуулж, “Numur” зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 4,733,404 төгрөгийг хариуцагч Ж.Т-с гаргуулж өгнө үү гэжээ.

2.1. Хариуцагч Ж.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Т миний бие нь “Н” ББСБ-аас 4,733,404 төгрөг зээлдэн авсан нь үнэн болно. Зээл авсны дараа хөлөө бэртээж /хугарсан/ хөдөлмөрийн чадвар алдаж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг удаашруулж хугацаа хэтрүүлсэн. Миний бие одоо хэвийнээр ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч талтай хэлэлцэн тохирч 2026 оны 02 сараас /сар бүрийн 10-20-ны дотор/ эхлэн 8 сарын хугацаанд 591,675 төгрөг төлөхөөр боллоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д миний бие нь Ж.Т-тэй хугацаа тохирч 8 сарын хугацаанд зээлээ хуваан төлөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,733,404 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Зохигчид зээлийн гэрээний үүрэгт 4,733,404 төгрөгийг 2026 оны 02 сараас эхлэн /сар бүрийн 10-20-ны дотор/ 8 сарын хугацаанд сар бүр 591,675 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

3. Н ББСБ ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/01696 дугаартай итгэмжлэлээр Ж.Т-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн эдлэх бүх л эрхийг эдэлж, үүргийг хүлээж, … эвлэрэх…эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-д олгожээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 90,685 төгрөгийн 45,342.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 45,342.5 төгрөгийг, хариуцагч Ж.Т-с 45,342.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,733,404 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид зээлийн гэрээний үүрэг 4,733,404 төгрөгийг 2026 оны 02 сараас эхлэн /сар бүрийн 10-20-ны дотор/ 8 сарын хугацаанд сар бүр 591,675 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 90,685 төгрөгийн 45,342.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 45,342.5 төгрөгийг, хариуцагч Ж.Т-с 45,342.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА