| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0583/Э |
| Дугаар | 593 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 593
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Д.Нямбат,
Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.Бд холбогдох 1808028530747 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, .... тоотод оршин суух хадам эх Бын гэрт “нүүж явахдаа хашаа цэвэрлээгүй явсан” гэх шалтгаанаар эхнэр Эийн төрсөн эгч Ш.Нийн нуруу, хөл рүү галын дэгээ төмөрөөр цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, .... тоотод иргэн Ш.Нийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Ш.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, .... тоотод эх Бынд уулзаад сууж байтал төрсөн дүү Эийн нөхөр В.Б орж ирээд манай хуучин амьдарч байсан буурийг цэвэрлэсэн үү гэж асуусан. Би цэвэрлэсэн гэсэн чинь чи цэвэрлээгүй л байна шүү дээ гэж хэлээд бид хоёр хоорондоо маргаж эхлэх үед В.Б галын дэгээ төмөр барьж байгаад нуруу, хөл рүү цохисон...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 8-9/,
- гэрч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: ... тухайн өдөр В.Б гаднаас орж ирээд хүний хашаанд амьдарч байгаад нүүгээд явсан юм бол бууриа, хашаагаа цэвэрлээд явахгүй яасан юм гэхэд Н цэвэрлэх гэж л байгаа шүү дээ гэж хэлээд тэр 2 хоорондоо муудалцаад хүргэн уурлаад галын дэгээ төмрөөр Нийг 1-2 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 15/,
- шинжээчийн дүгнэлт...Ш.Нийн биед бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн шилбэ, зүүн гуяанд цус хуралт, зүүн өвдөгчт зулгаралт, баруун зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цэг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /х-20 хуудас/,
- шүүгдэгч В.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:...манай хашаанд 8 жил амьдарчихаад сарын өмнө нүүж явахдаа үнс хогоо цэвэрлэхгүй орхиод явчихсан байхаар нь Нт хэлтэл “чи өөрөө цэвэрлэхгүй юу” гээд хоорондоо маргахдаа галын дэгээ төмрөөр түүний нуруу, гуя орчимд 2-3 удаа цохисон...бид 2 хохирлын талаар эвлэрч маргаангүй болсон...гэх мэдүүлэг /х-30-31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч В.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна.
Шүүгдэгч В.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв. Учир нь :
Гэр бүлийн суурь асуудлыг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэдэгт “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа...төрөл, садангийн хүнийг”, мөн Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн тайлбараас үзвэл “ойр дотны хүн гэдэгт мөн хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүн”-ийг тус тус хамааруулсан байх тул шүүгдэгчийн эхнэрийн төрсөн эгч боловч шүүгдэгчийн гэр бүлд хамт амьдардаггүй хохирогч Ш.Нийг шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн буюу ойр дотнын хүн гэж үзэх үндэслэлгүй учраас шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 34.14, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч В.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч В.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР