Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/55

 

    И.Э, Н.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

      Прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Я.Батханд, Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, И.Э, Н.Ц нарт холбогдох, 2435001760005 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         - Монгол Улсын иргэн, Г ургийн овогт И-ийн Э,

         - Монгол Улсын иргэн, З ургийн овогт Н-ын Ц,

1. Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч И.Э, Н.Ц нар бүлэглэж, машин механизм  ашиглан Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  хохирогч Ш.А-ийн өмчлөлийн 10 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон байна.

      Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

     2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолоор:

      - шүүгдэгч Г ургийн овогт И-ийн Э, З ургийн овогт Н-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

       - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Ц-ыг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

       - шүүгдэгч И.Э-ыг 02 /хоёр/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota prius 20” загварын, х улсын дугаартай автомашины үнэлгээ болох 5,000,000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 2,500,000 /хоёр таван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

      - шүүгдэгч нарыг энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, И.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

       - шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

     3. Шүүгдэгч Н.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

        Хэрэгт, гэрч Н-ийн: “... манай малын бэлчээрээс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 орчим тооны хонь, ямаа алга болсон. Нөхөр Ш.А малын бэлчээр болон нутагладаг газраар хайгаад олоогүй” гэх мэдүүлэг,

       Хохирогч Ш.А-ийнх тухайн үед өвөлжөөндөө буусан байсан ба тэдний өвөлжөө болон И.Э бид 2 очиж, мал хашсан гэх газар хоёр хоорондоо 30 км зайтай байгаа.

       мөн гэрч Д.Д-ийн “Н.Ц над руу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны 23:17 цагт залгасан байсан” гэх мэдүүлэг, түүний эхнэр Б.Энхбаярын “нөхөр Д.Д над руу 2025 оны 11 дүгээр сарын 09-ний орой ярьсан байсан” гэх мэдүүлгүүд тус тус хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд дурдагдсан байтал шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт хийж хариуцлага хүлээлгэсэн нь миний эрх зүйн байдлыг хүндрүүлж байна. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

        4. Шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхээс мал хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт этгээд тухайн малыг хотноос нь, эсхүл бэлчээрээс нь тууж өөр газар нутагт шилжүүлэх, өөрийн малд нийлүүлэх, малыг хаших зэргээр хууль бус эзэмшлээ тогтоосноор уг гэмт хэргийг төгссөн гэж үзнэ. Энэхүү тохиолдолд шүүгдэгч нар нь хохирогчийн малыг эзэнгүй малын хашаанд хашсанаар уг мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ гэж” дүгнэсэн. Мөн тухайн гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзсэн. Гэтэл хохирогч Ш.А-ийн 10 тооны бог малыг эзэнгүй малын хашаанд хаших үйлдлийг хийхдээ машин механизм ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

        И.Э нь Н.Ц-ын хэлсний дагуу түүний хүргэн дүүгийн мал мөн эсэхийг шалгах зорилгоор Н.Ц-д тусалж явсан байх ба мал хулгайлах санаа зорилго байгаагүй болох нь гэрч Д.Б, Ж.А, Г.Г нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл шүүх  дээрх гэрч нарын мэдүүлэгт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн 10 тооны бог мал И.Э, Н.Ц нарын эзэмшилд хэрхэн шилжиж ирсэн бэ гэдэгт дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

      Гэмт хэрэг хэзээ хэрхэн яаж үйлдэгдсэн болох нь тодорхойгүй, хохирогчийн 10 тооны бог мал И.Э, Н.Ц нарын эзэмшилд хэрхэн  шилжиж ирсэн зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно. И.Э, Н.Ц нарын 10 тооны бог малыг олж авсан газар нь хохирогч Ш.А-ийн гэрээс газарзүйн байрлалын хувьд хир алслагдсан вэ гэдэгт  үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

       Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, И.Э-ын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

        Иймд И.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний 2025/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

      5. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ц, И.Э нар нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ш.А-ийн 10 тооны бог малыг Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг “А”  гэх газраас тууж, тус газрын ойролцоо эзэнгүй малын хашаанд хашиж орхиод орой нь очиж нэг хониных нь хөлийг скочоор боож байгаад цагдаагийн албан хаагчид баригдсан үйл баримт тогтоогдсон.

       Шүүгдэгч нар нь гэмт хэргийг хөнгөвчлөх, биеэр очиж чадахгүй газарт хүрэх зорилгоор тээврийн хэрэгслийг ашигласан. Шүүгдэгч Н.Ц тухайн үед малын им, тамгыг хараад хүргэнийхээ мал биш гэдгийг мэдсэн атлаа гэрч С.Т-д манайхны мал байна гэж хэлээд малыг хашсан үйл баримт  нотлогдон тогтоогдсон. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн 10 тооны бог малыг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал, тэдгээрийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэн үйл баримт тогтоогдоогүй.

      Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

       6. Шүүгдэгч Н.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхээс намайг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний бие хулгай хийгээгүй.

      2024 оны 11 дүгээр сарын 09-нд И.Э-ын гэрт байхад С.Б гэх залуу над руу утсаар яриад “Т сумын нутагт хэдэн тооны мал тасарсан байна” гэж хэлэхээр нь манай хүргэнийх тэр газарт намаржаад улаан даваагаар даваад нүүсэн байсан учир хүргэн Д.Д руу “залгаад хэлэхэд тасарсан малыг та очоод үзчихмээр байна, тэнд нэг ч айл байхгүй, манайх хамгийн сүүлд нүүсэн” гэж хэлсэн. Би И.Э-ыг гуйгаад хамт очиж үзэхэд уулын оройд 10 тооны мал байсан. Хүний малыг эзэнгүй газарт хаяхгүй гээд хашаанд хийсэн асуудал болсон. Иймд миний хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

      7. Шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

         2025 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай яллах дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийг хохирогч Ш.А-ийн 10 тооны малыг бэлчээр дээрээс нь тууж, гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж мал хашсан газарт очиж авсан гэх байдлаар ял сонсгож, яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ тодорхой нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй. Шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа. Шүүх зөрүүтэй дүгнэлтийг хийсэн.

      Мал хулгайлах гэмт хэрэг нь малыг эзэнгүй хашаанд хийснээр гэмт хэрэг төгссөн гэх дүгнэлтийг хийсэн. Дүгнэлтдээ мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд машин механизмыг хүрч болохгүй газраа хурдан очихын тулд гэж тайлбарлан өрөөсгөл дүгнэлтийг хийсэн. Хулгайлагдсан гэх мал шүүгдэгч нарын эзэмшилд хэрхэн яаж шилжсэн талаар дүгнэлт хийх шаардлага байгаа гэж харж байгаа. Хууль ёсны эзэмшилд байсан уу? цаг агаарын нөхцөл байдал тухайн үед салхитай, шуургатай 7-14 метр секунд хүртэл ширүүссэн байдаг. Гэмт хэрэг нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан. Тухайн цаг хугацаанд 7-14 метр секунд хүртэл ширүүссэн гэх цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн албан бичиг байгаа. Хохирогч Ш.А-ийн нутаглаж байсан газраас мал олдсон гэх газар нь 25-30 км зайтай байгаа.

         Мал нь эзнийхээ хууль ёсны эзэмшлээс аль хэдийн гараад явчихсан байсан гэх үндэслэл байна. Бог мал нь 5 хошуу малаас харьцангуй хариулга, арчилгаа шаарддаг, эзнийхээ байнгын хараа хяналтад, эзэн нь байнга хариулж байдаг. Прокурор малын бэлчээрээс нь гэдэг ч, эзэн нь малаа хайж, тэр хавийн эргэн тойрондоо л харсан болохоос өөр газраар хайж яваагүй. Яг хэдний өдөр мал нь алга болсон талаар хохирогч мэдүүлдэггүй.

       Ийм эргэлзээ бүхий нөхцөл байдалд шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Мал хулгайлах гэмт хэргийн субъектив талын шинж санаа зорилго байсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа. Н.Ц хэлэхдээ: “С.Б гэдэг хүн утсаар ярьсан, гэхдээ тухайн газар нь манай хүргэний нутаглаж байсан газар байсан. Гэмт хэрэг гарсан газар нутагт ямар нэгэн айл амьтан байхгүй, бүх айлууд нүүгээд явсан байсан. Манай хүргэн нутаглаж байсан учраас тэдний мал байх магадлалтай” гэдэг байдлаар хүргэн рүүгээ утсаар ярьсан. Үүнийг Д.Б, Ж.А, Г.Г нар мэдүүлдэг. Д.Д нь утсаар ярихдаа согтуу байсан талаараа хэлдэг.

        Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заанаар шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаж өгөх ёстой байтал тусгаж өгөөгүй.

       Хэрэгт, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.2 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримт байхгүй байгаа. Ийм учраас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна” гэв.

       8. Шүүгдэгч И.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ц ах намайг ажил дээрээ байхад ирээд манай хүргэний мал ууланд тасраад үлдчихсэн байна, чи цуг очоод буулгаад өгөөч гээд дагуулж явсан. Улмаар би уулнаас малыг буулгаж ирэхэд манайхны мал биш байна, энэ малыг эзэнгүй хаялтай нь биш гээд хамгаалах үүднээс малыг хашаанд хашсан” гэв.

     9. Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч Н.Ц-ын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Алдагдсан 10 тооны мал нь Нгэх нэртэй газраас алга болсон. Шүүгдэгч нарыг бэлчээрээс хулгайлсан гэж яллаад байгаа. Мал олдсон газар буюу Т сумын 2 дугаар багийн нутаг А гэх газар нь хохирогч Ш.А-ийн өвөлжөөнөөс 30 гаруй километрийн зайтай байсан.

         Хэрэгт авагдсан баримтаар Н.Ц, И.Э, Д.Б, С.Т, Г.Г нар хөзөр тоглож байхад С.Б нь Н.Ц-ын утас руу залгаж, 10 тооны бог мал тасарчихсан байдалтай байна, танайхны мал биш үү гэж хэлсэн талаар гэрч нар мэдүүлсэн байгаа. 30 км зайтай байгаа газраас хохирогчийн 10 тооны малыг хулгайлж, ямар нэгэн байдлаар тууж, ачиж гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

     10. Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй ч Н.Ц-ын гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нар нь хашаатай малаас бариад хөлийг нь боож байгаад цагдаад баригдсан үйлдэлд маргахгүй байгаа. Хамгийн гол нь хохирогчийн 10 тооны  мал хаанаас, хэзээ алга болсон эсхүл хулгайд алдагдсан гэдгийг огт тогтоогоогүй. Хэргийн материалд хохирогч Ш.А 4 удаа мэдүүлэг өгөхдөө малаа яаж алдсанаа мэдээгүй, мал нь тасраад явчихсан юм уу, эсхүл хулгайлаад авчихсан юм уу гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй. Хэт нэг талыг барьж шүүхийн шийтгэх тогтоолд дүгнээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож хорих ял оногдуулсан.

        Яллах дүгнэлтээр 15 нотлох баримтаар хэргийг шүүхэд оруулж ирсэн. Шүүх 15 нотлох баримтыг тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг шийдэх боломжтой, хэргийг зөв зүйлчилсэн гэж үзсэн. Гэтэл тухайн нотлох баримтуудаар мал хулгайлсан болох нь тогтоогдоогүй. Эзэнгүй явж байсан малыг шүүгдэгч нар очиж хашсан. Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 447 дугаартай тайлбарт зааснаар 10 тооны бог мал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ 2 хүний эзэмшилд шилжсэнээр гэмт хэрэг төгссөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн объектив болон субъектив талын шинж нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн хангагдсан гэж үзэж байна.

       Мал хулгайлсан үйл баримтаа тогтоож чадаагүй атлаа алдуул мал олоод цагдаагийн болон захиргааны байгууллагад мэдэгдээгүй гэдгээр ялласан. Дээд шүүхийн тайлбарт заавал мэдэгдэх үүрэг хүлээх зохицуулалт байхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжээд төгссөн. Хашаалснаар төгссөн юм бол машин механизм ашигласан гэж хүндрүүлэх нөхцөл байдал мөн эсэх нь эргэлзээтэй.

       Хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан алдуул малыг завших гэмт хэргийн шинж нөхцөл байдал хангагдаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн, шүүгдэгч Н.Ц, И.Э нарт холбогдох, 2435001760005 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

       2. Шүүгдэгч Н.Ц, И.Э нар бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ш.А-ийн 10 тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болох нь: 

       - хохирогч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манайх Т сумын 2-р багийн нутагт амьдардаг, Н газарт 2024 оны 9 сарын 30-ны үед нүүж буусан байсан. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 тооны бог малаа бэлчээрээс алдсан юм. Ойр орчмын хүмүүсээс сураглаад, эрж хайгаад олоогүй. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Т сум Р баг” гэсэн групп дээр манай алдагдсан олон тооны баг малын зураг явж байсан. Зарын дагуу холбогдож, Т сумын 2 дугаар багийн нутаг “Г” гэх газарт ирж үзэхэд малын хашаан дотор оруулж хашсан байсан 10 тооны бог мал нь манайх мөн байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

        - хохирогч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... тухайн 10 тооны бог малыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Н гэх газраас бэлчээрээс алдсан, эргэн тойрондоо эрж хайгаад олоогүй. Манай бог мал бэлчдэг газраас тухайн 10 тооны бог мал олдсон гэх Т сумын Г гэх газар нь ойролцоогоор 30 км-ийн зайтай. Манайх намар Т сумын 2-р багийн нутаг А гэх газар бууж, 13 хоног намаржсан. 

         Манай 10 тооны бог малыг хуучин намаржиж байсан газраа бэлчиж байхад нь тухайн хүмүүс өдөр нь очиж үзээд эзэнгүй хашаанд оруулж хашиж орхиод, тухайн өдрийн орой нь машинтай очиж, ачиж авах гэж байхдаа цагдаа нарт үйлдэл дээрээ баригдсан байсан. Би уг хүмүүстэй огт уулзаагүй бөгөөд ямар санаатай байсныг нь мэдэхгүй байна. Маргааш нь цагдаа нар миний малыг бүрэн хүлээлгэж өгсөн учраас надад ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36, 38, 40 дүгээр тал/,

         - гэрч Б.Н /хохирогч Ш.А-ийн эхнэр/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр малын бэлчээрээс 10 орчим тооны хонь, ямаа алга болсон. Миний нөхөр Ш.А нь малын бэлчээрээс хайгаад олоогүй. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хадам ах утсаар залгаж “фейсбүүк дээр танай алга болсон бог малын зураг тавьчихсан байна, Т сумын нутаг Г гэх нэртэй газар хашаанд оруулаад хашчихсан байна гэнэ” гэж хэлсэн. Би нөхрийн хамт уг газарт ирэхэд тухайн хашаан дотор манай хонь, ямаа нийлсэн 10 тооны бог мал байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

        - гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр н.А-ийн хамт Т сумын 2 дугаар баг, А гэх газарт шийр /бог/ мал хайж явсан. Мал хайж яваад хуучин малын хашаанд бог мал хашсан ул мөр байсан. Тэгэхээр нь ороод үзэхэд жижиг тасалгааны хэсэгт 10 тооны бог мал хашсан байсан ба хаалга хэсгийг нь гэрийн хананы мод хаягдал мод зэргээр хаасан байсан. Тус 10 тооны бог мал нь 2 хонь, 2 ямаа, 2 хурга, 4 ишиг тус тус байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

        - гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай малд Н.Ц-ын мал байхгүй. Манайд тухайн хүн малаа хадгалуулж, хариулгаж байсан зүйл байхгүй. ... 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой Н.Ц гэх хүн над руу залгасан байсан. Тухайн үед би түүнтэй ярьсан эсэхээ сайн мэдэхгүй байна, учир нь тухайн орой би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байна. Маргааш өглөө нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр утсаа харахад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цаг 17 минутад над руу залгасан байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

        - гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т сумын 2 дугаар баг, А гэх газарт очиж өтөг бууц ачсан. 2 дахь удаагаа ачаад тухайн газраас Улаангом руу явж байхад замд 10 гаруй тооны бог мал таарсан. Тухайн үед 19-20 цаг болж байсан. Би Н.Ц ах руу залгаж Т сумын 2 дугаар баг, А гэх газарт тасархай 10 гаруй бог мал байна гэж хэлсэн. Тухайн үед Н.Ц ах “манай хүргэн А гэх газарт намаржсан тэдний мал байх” гэж хэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 07 цаг болж байхад над руу залгаж тухайн тасарсан бог мал яг хаана байсан талаар асуусан. Би тухайн газрыг зааж өгсөн. Түүнээс хойш дахиж яриагүй. Тухайн үед Д.Д-ийн залуу очиж харах гэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,

         - гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Ш.А нь 10 тооны бог малаа алдсан. Тухайн малаа Н гэх газраар эрж хайгаад олоогүй ба 2024 ны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т сумын зарын нэгдсэн групп дээр зургийн тавьсан байсныг мэдээд Ш.А очиж, малаа авсан талаар сонссон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,

         - гэрч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгэр сарын 10-ны өдөр байх /тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан/ би Улаангом сумын 11 дүгээр цэцэрлэгийн галчийн ажлаас өглөө буух гэж байтал И.Э над руу утсаар ярьж “та таксинд явах уу” гэхээр нь би ажлаасаа бууж байна, таксинд явна гэж хариулахад “та тэгвэл И буюу Н.Ц ахыг замаараа аваад хүрээд ир” гэж ярьсан. Би ажлаасаа 09 цагийн үед буугаад И.Э-ын хэлснээр замаараа Н.Ц-ыг аваад түүний ажил дээр буюу Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэг дээр очсон. И.Э-ыг аваад түүний заасан газар луу бид гурав шууд явсан. Т сумын нутаг дэвсгэр хадлангийн талбайн ар хэсгээр жижиг уулархаг газарт очсон ба тухайн газарт том жижиг нийлсэн 10 орчим бог мал байсан. Тухайн малыг И.Э нь “манайхны мал тасарсан байна, энэ малыг ойролцоо байгаа малын хашаанд шахчихий” гэж хэлээд тухайн малыг бид гурав эзэнгүй малын хашаанд шахаж, хаалга үүдийн бэхэлж орхиод буцаж аймгийн төв орж ирсэн. Дахин тухайн хоёр хүнтэй хамт яваагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,

          - гэрч Б.Ө /Т сумын хэсгийн цагдаа ажилтай байсан/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 19 цагийн үед Т сум 2 дугаар баг Г гэх нэртэй газарт эзэнгүй хашаанд олон тооны бог мал хашсан байна гэх мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгчийн хамтаар явсан юм. Тухайн Т сум 2 дугаар баг Г гэх газарт очиход эзэнгүй хуучин малын байр байсан ба орж үзэхэд жижиг тасалгаанд олон тооны бог мал хашиж, хаалгыг нь модон хана, төмрийн хаягдал зэргээр таглаж хаасан байсан. Хүн ирэх эсэхийг хүлээж байтал 22 цагийн үед жижиг суудлын автомашин ирээд эзэнгүй хуучин малын байрны хажууд зогссон. Би уг газарт яваад очиход 2 хүн ирсэн байсан ба тухайн хүмүүс хашсан байсан олон тооны бог малаас улаан зүсмийн нас гүйцсэн, тарган эх хонины хөлийг скочоор боож байсан юм. Тухайн үед ирсэн 2 хүний нэрийг тодруулахад И.Э, Н.Ц гэх хүмүүс байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар тал/,

          - малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-9 дүгээр тал/,

           - хохирогч Ш.А-ийн малын А дансны хуулбар /1 дэх хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

          - хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...Улаангом сумын хуучин пост, “Т” гэх дэлгүүрийн урдаас координат цэг болон автомашины км-ыг тэглэж, тухайн өвөлжөөнд шууд очих замаар явахад уг өвөлжөөн дээр 25.9 км явж очсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 240-244 дүгээр тал/,

       - шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 265 дугаартай “...2024 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Т суманд 10 тооны бог малын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 760,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 97 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

     3.  Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байна.

      4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

        5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн шүүгдэгч Н.Ц, И.Э нарыг бүлэглэн бусдын 10 тооны бог мал буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэлээ.

        6. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ц, И.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын  гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

    7. Шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Н.Ц нарын давж заалдах шүүхэд гаргасан: “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь алдуул мал завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

       7.1. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ц, И.Э нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоож, тэдгээрийн үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлсон байна.

       7.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад бусдын эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнх нь эзэмшилд шилжсэн гэдгийг мэдсээр байж уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдлаар илэрдэг онцлогтой.

       Мал өөрийн хөлөөр, эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсний дараа, алдуул мал эзэмшилд нь байгаа талаар бусдад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан бол алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

        Тодруулбал, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны байгууллага болон  цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй ба хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өмчлөгч, эзэмшигч нь гарч ирээгүй тохиолдолд өөрийн өмчийн адил захиран зарцуулах эрх үүсдэг бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй захиран зарцуулсан тохиолдол нь Алдуул мал завших гэмт хэрэгт тооцогддог болно.

       7.3. Харин малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр буюу хөлөөр нь туух, ачих зэргээр өөрийн хууль бус эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн үйлдлийг мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилнэ.

    Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд /мэдэгдэхгүйгээр/ аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Мал хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд мал хууль бус эзэмшил, өмчлөлд шилжиж байдаг. 

        7.4. Хэргийн баримтаар, хохирогч Ш.А 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Т сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрээс 10 тооны бог малаа алдсан,

        - шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн С.Б-с Т сум 2 дугаар баг А гэх газарт 10 орчим тооны бог мал бэлчээрлэж байгаа талаар сонсож, улмаар И.Э-тай хамт 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс иргэн С.Т-ын эзэмшлийн “Toyota prius 20” загварын, х улсын дугаартай автомашинаар Т сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, А гэх газарт очиж, уг 10 тооны бог малыг тууж, тус багийн нутаг дэвсгэрт “Г” гэх газарт байрлах малын эзэнгүй хашаанд оруулж хашсан,

       - 2024 оны 11 сарын 11-ний өдөр Увс аймгийн Т сумын хэсгийн төлөөлөгч С.А, хэсгийн цагдаа Б.Ө нар “эзэнгүй хашаанд мал хашсан байна” гэх мэдээллийн дагуу уг мал хашсан гэх газарт очиж, отолт хийж байхад шөнийн 22 цагийн үед Н.Ц, И.Э нар “Toyota ist” загварын, х улсын дугаартай автомашинаар уг малын хашаан дээр ирсэн, улмаар тэд хашаа уруу орж, нэг хонины хөлийг скочоор ороож байхад нь цагдаагийн алба хаагчид орж саатуулсан зэрэг үйл баримтууд тус тус хэрэгт тогтоогдсон байна.

       Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, хохирогч Ш.А-ийн 10 тооны бог мал нь шүүгдэгч нарын эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар шилжсэн гэх үйл баримт, мөн уг 10 тооны бог малыг алдуул мал байсан гэж үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

        Харин шүүгдэгч нар нь тухайн бог малыг эзэмшилдээ хууль бусаар авах санаа зорилгод нэгдэж, өөрсдийн оршин суудаг Улаангом сум /аймгийн төв/-аас тээврийн хэрэгслээр мал бэлчээрлэж байсан газарт очиж, уг 10 тооны бог малыг тууж, эзэнгүй айлын малын хашаанд оруулан хашиж, хаалгыг битүүмжлэн нууцаар, идэвхитэй үйлдлээр өөрийн өмчлөл, эзэмшилд оруулсан нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

     Анхан шатны шүүх шүүгдэгч нарын бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл буюу хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, оролцоо, хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.          

       7.5. Шүүгдэгч Н.Ц-ын: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой С.Б гэх хүн над руу утсаар яриад Увс аймгийн Т сумын 2 дугаар багийн нутаг А гэх газар 10 тооны бог мал байна гэж хэлсэн. Би тухайн үедээ, тэр газар намаржиж байсан хүргэн Д.Д-ийн мал байж магадгүй гэж бодоод Д.Д руу ярьсан. Намайг ярихад Д.Д согтуу байсан бөгөөд “та очоод харчих, би боломжгүй байна” гэж хэлсэн. Би И.Э-ыг гуйгаад хамт очсон. И.Э тухайн малыг ууланд байхад очиж авч ирсэн. Тухайн тасарсан мал нь дандаа төл голдуу мал байсан учраас бид нар адилхан малчин хүмүүс байсан тул малыг хамгаалалтад аваад хашаанд хашсан. Бид нарт хулгай хийх ямар ч санаа зорилго байгаагүй” гэж мэдүүлсэн байх ба С.Б гэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой Н.Ц-той утсаар ярьж, 10 гаруй  тооны бог мал эзэнгүй байгаа талаар хэлсэн гэх гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан байх боловч тухайн мал нь Д.Д-ийнх байсан гэж үзэх нөхцөл хэрэгт тогтоогдоогүй. Түүнчлэн Д.Д нь Н.Ц-той малын талаар утсаар ярьсан, түүнийг мал байгаа газарт очиж өөрийнх нь мал мөн эсэхийг тодруулж өгөх талаар ярьсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.             

         Тухайлбал, гэрч Д.Д 2024 оны 11 сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Манай малд Ц-ын мал байдаггүй, тухайн хүний мал манайд хариулганд байгаагүй, манайх 2024 онд бог малаа хулгайд алдаж байгаагүй, мөн манай бог мал ижлээсээ тасарсан тохиолдол байхгүй. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой Н.Ц гэх хүн миний дугаарт залгасан байсан. Тухайн үед би түүнтэй ярьсан эсэхээ сайн мэдэхгүй байна, учир нь тухайн орой би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир санахгүй байна” гэж,

        - гэрч Б.Э 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Ц гэх хүн нь миний нагац ах юм, тэр 2024 оны 11 сарын 9-10-ны үед надтай холбоо бариагүй. Манайх энэ онд бог мал алдсан тохиолдол байхгүй” гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд Д.Д-ийнх тухайн цаг хугацаанд бог малаа алдаж байгаагүй, мөн Д.Д нь Н.Ц-той бог малын талаар утсаар ярьсан үйл баримт тогтоогдоогүй байна.      

     7.6. Алдуул мал гэж хэн нэгний оролцоогүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр  газар нутагт шилжин байршсан, эсхүл өөр ижил сүрэгт нийлсэн, эзэн тодорхойгүй байгаа нь тухайн шилжин байршсан нутгийн иргэд, малчдад илэрхий болсон, өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй, эзэнгүйдсэн малыг ойлгоно.

         Хохирогч Ш.А болон түүний эхнэр Б.Э нар “10 тооны бог мал нь бэлчээрээс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр алга болсон талаар мэдэж, эрж хайж байсан” талаараа мэдүүлсэн, мал алга болсон хугацаа /2024 оны 11 сарын 04-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл/-д тухайн газар нутгийн цаг агаар тогтуун байсан, хүчтэй салхи шуурга, бороо зэрэг байгалийн үзэгдэл болоогүй талаарх мэргэжлийн байгуулагын тодорхойлолт /хх-ийн 25-р тал/, уг бог мал нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч нарын үйлдлийн үр дүнд тэдгээрийн хууль бус эзэмшилд орсон зэргээс дүгнэхэд алдуул мал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         8. Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц болон шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           9. Шүүгдэгч Н.Ц, И.Э нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 89 /наян ес/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.     

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон, 

ТОГТООХ нь:

        1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц болон шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Ц, И.Э нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 89 /наян ёс/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

       3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

           

 

                                                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                        ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР

                                      ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ