| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01076/И |
| Дугаар | 305/ШШ2026/00113 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2026/00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **** оршин суух **** овгийн П.И-н нэхэмжлэлтэй
цэргийн алба хаасан байдал болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгч П.И нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд *** дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг болон 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын ****нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: П.И миний бие 1963 оны 08 дугаар сарын 01-ний өдөр **** сумд төрсөн. Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** сум *** багт амьдардаг. Миний бие **** сумдаа 8-р ангиа төгсөөд, 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ****аймгийн ****-т комбинатад суралцаж байгаад, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдаж байсан. Намайг цэргийн алба хаахад тухайн үед миний нэрийг П.Э гэж буруу бичсэн байгаагаас болж өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох болсон юм. Миний бие цэргийн албанаас халагдаж ирээд 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс **** аймгийн **** сумын ****нэгдэлд тракторчнаар ажилд орж байсан. Ажилд орсон тушаал архиваас гаргуулсан байгаа. 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэгдэл хоршоо болж өөрчлөгдөн “****” хоршоонд үргэлжлүүлэн тракторчнаар ажиллаж байгаад 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хоршоо хувьд гараад ажлаасаа гарч байсан юм. Тухайн үеийн баримтуудыг архиваас шүүхэд миний ажилд орсон тушаал, 1989, 1990 оны цалингийн баримтууд гарч ирсэн байгаа. **** хоршоонд ажиллаж байсан баримтууд байхгүй байгаа юм. Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрийг нээхдээ миний нэрийг “Э” гэж буруу бичсэн байгаа тул тракторчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд П.И намайг 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд **** дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоож, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тус аймгийн **** сумын ****нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 693 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,
-мөн архивын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 709 дугаар тодорхойлолт,
-**** аймгийн **** сумын ****нэгдлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал,
-Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08/2918 дугаар лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны **** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
-П.Э-н ****дугаар төрөгсдийн гэрчилгээ,
-П.Э-н тракторч машинчийн үнэмлэх,
-П.Э-н *****дугаар тракторч машинчийн үнэмлэхийн анхааруулах талон,
-П.Э-н **** дугаар Хөдөлмөрийн дэвтэр,
-П.Э-н **** дугаар Цэргийн батлах.
4. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Н.Б-г гэрчээр асуусан тэмдэглэл.
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-**** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15/878 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн П.И-ийн Төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1, ХААТР-13, ХААТР-21, ИУБ-31, Хаягийн хуудас №7 маягтууд,
-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаар албан бичиг, хавсралт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч П.И нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд **** дугаар ангид цэргийн алба хаасан байдлыг болон 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын ****нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. П.И нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд **** дугаар ангид цэргийн алба хаасан болох нь:
-Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08/2918 дугаар “П.Э нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, **** дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэх лавлагаа,
-П.Э-д Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олгосон **** дугаар Цэргийн батлахад “Төв аймгийн Цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. 1982 он 6 сар 22 өдөр, НАХЯ-ны 1985 оны 06 сарын 12 өдрийн тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Төв аймагт явуулав, Цэргийн тангарагийг 1982 оны 8-р сарын 28-ны өдөр **** ангид өргөв” гэх бичилт хийгдэж тамга тэмдэг дарагдсан,
-П.Э-д 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн **** дахь Хөдөө аж ахуйн сургуулийн комбинатаас олгосон **** дугаар Хөдөлмөрийн дэвтэрт “1982 оны 02 сарын 22 өдөр Цэргийн албанд тэнцсэн учир цэрэгт татав, 1985 оны 06 сарын 12-ны өдөр хугацаа дууссан учир цэргийн албанаас халав” гэх бичилт хийгдэж тамга тэмдэг дарагдсанаар тогтоогдож байна.
4. П.И нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын ****нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан болох нь:
-***** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 693 дугаар “Тус аймгийн **** сумын ****нэгдлийн Захиргаа аж ахуйд жолоочоор ажиллаж байсан И-н 1989 оны 09-10, 12 дугаар сар, 1990 оны 03-04, 07-08, 10-12 дугаар сард” авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,
-мөн архивын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 709 дугаар “Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад **** сумын ****нэгдлийн 1993 оны цалингийн баримт шилжиж ирээгүй, мөн 1991-1992 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд байхгүй тул П.И-д холбогдох лавлагааг олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт,
-**** аймгийн **** сумын ****нэгдлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар “1986 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн тракторчин Б.Б-г ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тракторчнаар П.И-г томилон ажиллуулсугай” гэх тушаал,
-П.Э-д 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн **** дахь Хөдөө аж ахуйн сургуулийн комбинатаас олгосон **** дугаар Хөдөлмөрийн дэвтэрт “1986 оны 04 сарын 01 өдөр ****нэгдэлд тракторчнаар авч ажиллуулав. ГХ нэгдлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 тоот тушаалаар” гэх бичилт хийгдэж тамга тэмдэг дарагдсан,
-**** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15/878 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн ХААТР-1 БНМАУ-ын Хүн амын регистрийн картанд “**** аймаг **** сум, П.И мэргэжил тракторист, ажилладаг ****нэгдэл ажилд орсон он 1985, эрхэлдэг ажил тракторын жолооч, цэргийн алба хаасан” гэж 1987 оны 11 сарын 14 өдөр бүртгэсэн,
-Гэрч Н.Б-н “...Би 1986-1994 он хүртэл ****нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. П.И 1986 оноос хойш ****нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. 1994 онд нэгдэл тараад **** хоршоо болсон. Тэр хүртэл хамт ажиллаж байгаад хоршоо тарахад бид нар трактороо хувьдаа аваад гарсан. Би И гэдэг нэрээр нь мэддэг. Өөр нэр байдаг эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
-П.Э-ийн тракторч машинчийн үнэмлэх,
-П.Э-ийн **** дугаар тракторч машинчийн үнэмлэхийн анхааруулах талон зэргээр тогтоогдож байна.
5. П.И-ийн цэргийн алба хаасан байдал болон ажилласан жилийг тогтоолгохоор нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх нотлох баримтуудад нэхэмжлэгчийн нэрийг Э, Э, И, И зэргээр зөрүүтэй тэмдэглэсэн боловч эдгээр баримтуудад бичигдсэн эцгийн нэр П гэж зөрүүгүй бичигдсэн байх бөгөөд **** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаар албан бичигт П, Д.Д нарын ам бүлд 1963 онд төрсөн И-с өөр Э, Э, И гэх нэртэй хүүхэд бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн **** аймгийн **** сумын ****нэгдлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар тушаалд П.И гэж бичигдсэн П.Э-д 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн **** дахь Хөдөө аж ахуйн сургуулийн комбинатаас олгосон **** дугаар Хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 04 сарын 01 өдөр ****нэгдэлд тракторчнаар авч ажиллуулав. ГХ нэгдлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 тоот тушаалаар гэж бичигдсэн тушаалын огноо дугаар нь тохирч байна.
Иймд дээрх тушаал, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, лавлагаануудад бичигдсэн Э, Э нь нэхэмжлэгч П.И мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6. Иймд **** овгийн П.И-г 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд **** дугаар ангид цэргийн алба хаасныг болон 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын ****нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар зэрэг байдлууд тогтоогдоогүй, мөн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл болон бусад нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч П.И-ийн цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.
5. Харин 1991 оны 01 дүгэээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь П.Э-н **** дугаар Хөдөлмөрийн дэвтэрт “1993 оны 05 сарын 15 өдөр Ургац хоршоонд шилжүүлэв, ГХ компанийн захирлын 1993 оны 05 сарын 21-ний өдрийн 17-р тушаалаар” гэх бичилт хийгдсэн боловч ****нэгдэл нь хэзээ компани болсон, нэгдлээс компани руу П.И-ийг шилжүүлэн томилсон болох нь тогтоогдохгүй, мөн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн архивын лавлагаанд П.И-д ****нэгдлээс 1990 оны 12 сард цалин олгосон, түүнээс хойших цалингийн баримт байхгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **** овгийн П.И-г 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд 0130 дугаар ангид цэргийн алба хаасныг болон 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн **** сумын ****нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгэээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох тухай шаадлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА