| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2026/00058/И |
| Дугаар | 305/ШШ2026/00116 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 305/ШШ2026/00116
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: **** оршин суух **** овгийн Д.Б-н нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1964 оны 10 сарын 18-ны өдөр төрсөн. Одоо 62 настай. Би **** сумын дунд сургуулийг 1973-1981 онд төгсөж 1981-1982 онд **** аймгийн **** сумын Хөдөө аж ахуйн трактор комбайны машин засварчин мэргэжлээр төгссөн. 1983 оны 06 сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж **** дугаар ангид алба хааж 1986 оны 08 сарын 17-ны өдөр Цэргийн албанаас халагдаж ирээд ***** сумын ***** нэгдэлд аж ахуйн болон барилгын туслах хашаа хороо барих ажилд 1989-1990 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1989-1990 оны баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр, нотлох баримтууд алга болсон тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **** аймгийн *** сумын **** нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ажилласан жил тогтоолгохоор шүүхэд хандсан болно. Уг хугацааны баримтууд олдохгүй байгаа учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.Б-н нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Д.Б-н “...Миний бие ажилласан жил тогтоолгохоор шүүхэд хандсан болно. Уг хугацааны баримтууд олдохгүй байгаа учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна …” гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Б-н нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА