| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00963/И |
| Дугаар | 305/ШШ2026/00135 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2026/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын ЗД-н нэхэмжлэлтэй
хариуцагч: **** оршин суух **** овгийн Н.Н-д холбогдох
**** улсын дугаартай, 936 дугуйт ковш тракторыг буцаан авах тухай үндсэн нэхэмжлэлтэй
ковш тээвэрлэсэн зардал, засварлах явцад эрүүл мэндээрээ хохирсонтой холбогдуулан гарсан эмчилгээ сувилгааны зардал нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Н.Н, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, гэрч Б.Б, Д.Т, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: **** улсын дугаартай, 936 дугуйт ковш тракторыг буцаан авах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Тус сум нь 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тендер зарлан ковш худалдаж авсан бөгөөд 2014 оноос хойш жил бүр хогийн цэгийг түрж, хумьж ажиллуулж байсан. 2019 онд хогийн цэгийг түрж байх үеэр ковшийн мотор эвдэрч, тухайн үед корона вирус гарч хил гааль хаагдсан. Мөн засварлах төсөв, санхүүгийн боломжгүй байсан тул нярав Р.Т-н хашаанд хадгалсан. 2022 онд тухайн үеийн сумын Засаг дарга Б.Б ковшийг засварлуулж ашиглалтад оруулах зорилгоор аймаг руу ачуулсан байна. Гэвч ачилт хийсэн том оврын тээврийн хэрэгслийн жолооч Н (утас: ****) нь манай байгууллагатай холбогдон ковшийг буцаан өгөхөөс татгалзаж, нэмэлтээр 7500000 (долоон сая таван зуун мянга)-н төгрөг төлөхийг шаардсан байна. Иймд дээрх асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулж, манай байгууллагын өмч болох ковшийг буцаан авах арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул холбогдох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. 2023 оны эхээр манай сумын ковшийг авч явсан байдаг. Би өмнө нь сумын Засаг даргын албыг 2021 оны 10 сар хүртэл хашиж байсан. 2019 оны 12 сард энэ ковшоор ажил хийж гүйцэтгэж байх явцад эвдэрсэн. Бид нар ковшийг засварлахын тулд моторыг нь заавал Хятадаас авах шаардлагатай байсан боловч тухайн үед дэлхий нийтээр корона цар тахлын өвчин тархсан байсан нөхцөл байдлаас шалтгаалаад засаж чадаагүй. Ингээд би 2021 оны 10 сард ажлаас гарчихаад 2024 оны 02 сарын 08-нд буцаад ажилдаа томилогдсон. Энэ үед хил гааль нь чөлөөтэй нээгдсэн байсан учраас тухайн ковшийг янзлахаар хайсан боловч огт байхгүй байсан. Манай ажилтнууд, нярав, нягтлангууд огт мэдэхгүй байсан. Энэ ковшийг нь манайх зөвхөн хогоо түрэх ажлаас өөр ажилд зарцуулдаггүй, элэгдэл маш багатай. Хамгийн гол нь мотор л эвдэрсэн байсан. Тэгээд асууж сураглахаар мэдэж байгаа хүн огт байгаагүй, бичиг баримтыг нь хүртэл авч явсан байсан. Бичиг баримт нь хувь хүний нэр дээр байгаа. Засварлаж болно. Гэхдээ бичиг баримт нь яагаад байхгүй байгаа талаар лавлахад Б.Б дарга авч явсан байсан. Тэгээд би эрж сурсаар байгаад 2023 онд актлах шийдвэр гаргаж байгаа гэсэн. Яагаад, хэн зөвшөөрсөн юм гэхэд сумаас зөвшөөрсөн хүмүүс огт байхгүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “Орон нутгийн өмч хөрөнгийг захиран зохицуулах журам” дээр 3 удаа өөрчлөгдсөн байгаа юм. Эхний журам дээр тухайн техник тээврийн хэрэгслийг 10-аас илүү жил эзэмшиж ашиглаж байсан хүн давуу байдлаар өөртөө шилжүүлж акталж болно гэсэн заалт байгаа. Тэр нь сүүлийн 2 журам дээр хасагдаад зөвхөн тухайн тээврийн хэрэгслийг сэлбэг хэрэгслээр болон өмчийг өөр байгууллагад шилжүүлж болох замаар л актлах ёстой байсан. Тийм учраас бид нар энийг эрж хайгаад болохгүй болохоор нь хуулийн байгууллагад хандсан. Н.Н гэдэг хүнтэй бол нэг л удаа холбогдсон. Тэгээд холбогдоод асуухад “би энийг тээвэрлэх явцдаа гэмтсэн. Та нар миний гарсан зардлыг төлөх юм бол би буцааж өгөх боломжтой” гэсэн. Та бүгд ч гэсэн мэдэж байгаа. Төсвийн байгууллага бол тухайн жилийнхээ урд оныхоо төсвийнхөө төсөөллөөр дараа ондоо санхүүжиж байдаг учраас тийм зардлыг бид нар нэмж тавих боломж байхгүй. Тухайн ковшоор юу хийдэг юм гэхээр манайх зөвхөн хогийн толгой болон тохижилтын ажлыг л хийдэг. Тэр бол жилд маш бага цагаар хийх боломжтой ажил. Тэгээд энэ ажлыг бид нар жилд 8 орчим сая төгрөгийн түрээс төлж хүнээр хийлгэж байгаа учраас ковшоо засуулчих юм бол бага зардлаар үр дүнтэйгээр ажил гүйцэтгэгдэх боломжтой гэсэн үүднээс тухайн ковшийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
3. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Энэ ковшийг би яагаад засварлах гэж нааш нь тээвэрлэж ирсэн бэ гэвэл тухайн үед тэр Засаг дарга байсан Б.Б гэж залуу надтай ирж уулзсан. Намайг их судалсан байсан. Ковшоор ингэж мэргэшсэн засварлах чадвартай хүн гэж намайг судлаад надтай уулзаад “та энийг засаж янзалж өгөөч” гэж 2022 онд надад санал тавьж байсан. Тухайн үед би **** сумын Соёлын төвийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр очиж ажиллаж байхад Засаг дарга нь надтай уулзаад “ашгүй та хүрээд ирсэн байна. Та янзалж өгөөч” гэхээр нь “зав зай муутай. Би энд ажил төрөл хийж байгаа” гэж хэлсэн. Өвөл нь дахин дахин над руу яриад байсан л даа. “Танаас өөр ерөөсөө энийг нэг янзлах хүн алга байна” гээд өвөл над руу холбогдонгуут би нэг унааны зав гаргаад тэгээд 2023 оны 02 сарын 14-нд очиж кранаар тээвэрлэж ачиж ирсэн. Тээвэрлэхээсээ өмнө Засаг даргатай нь яриад “би ингээд очлоо шүү” гэхэд “танд тээврийн хөлсийг чинь өгөх мөнгө одоогоор шийдэгдээгүй байна. Та өөрөө ачиж аваачаад янзалж байгаарай” гэсэн. Би тэр ковшийг тээвэрлэж авчирч байж л яг юу нь эвдэрсэн байна гэдгийг тогтоохгүй бол тэнд очоод тэр өвлийн хүйтэн нөхцөлд сум дээр олон хонох ямар ч боломж байхгүй байсан тул тээвэрлэж авчраад сайн үзэж байж яг ямар, ямар сэлбэг хэрэгтэй болохыг тогтооно гэж гэсний үндсэн дээр би өөрөөсөө тээврийн хөлс, түлш хийгээд кранаар нааш нь тээвэрлэж ирээд өөрийнхөө хашаанд завсарлах санаатай явсан. Өвөл хүйтэн байсан учраас кран өглөө асахгүй байх гээд шөнийн 2 цагийн орчимд буулгах явцдаа би краны нэг талын 2-ыг нь оосорлосон байсан. Тэр чинь кран дээр ачсан учраас бараг 4, 5 метр өндөр болчихсон. Миний ковш бол араар нь тойроод явчихдаг хүндрүүлэгчтэй байдаг. Гэтэл тэр ачиж ирсэн ковшийг би өмнө харж үзээгүй байсан учраас араар нь алхах гэтэл хойд тал нь онгорхой нүхтэй төмөр байсан. Тэр хэсгээр тойрч гарах үндэслэл байхгүй байсан учраас би копут дээгүүр нь давж гарах гэтэл копут нь ямар ч боолтгүй сул, савлагаатай байсан юм билээ. Тэгээд краны нөгөө талын 2 дэгээг оосорлохын копут дээр нь гарах гэж байгаад савлагаатай байсныг нь мэдэхгүй учраас хөл алдаж газар унаад тархиндаа маш хүнд гэмтэл авсан. Гавал яс дух хэсэгтээ цөмрөөд тэрнээс хойш би ухаан алдаад бараг 2, 3 сар эмнэлгээр явсан. Харин ачтай сайн эмч нарын буянд өдий зэрэгтэй ингээд хөл дээрээ алхаж байгаадаа би эмч нартаа их талархдаг. Тэгээд би “эрүүл мэндээрээ ингээд хохирчихлоо, та нар миний хохирлыг барагдуулж өгөөч” гээд өмнөх Засаг даргатай нь холбогдсон. Би сэлбэгийнх нь үнийг судалсан чинь анх тохирсон үнээсээ бүр давчихсан байсан. Тэгээд нэгдүгээрт ах нь эрүүл мэндээрээ хохирчихлоо. Хоёрдугаарт ковшийн засвар нь чи бид хоёрын ярьж тохирсноос давчихсан юм байна. Наадахыг чинь засварлах ямар ч боломжгүй юм байна шүү” гэсэн. Тэгэхэд Засаг дарга нь “тэгвэл 1 унаа тааруулж байгаад авахыг бодъё. Та гэмтэж бэртчихдэг ёстой маш их харамсалтай юм боллоо” гээд надтай 2, 3 холбогдсон байх. Би тэгээд “ямар ч байсан ахынхаа тээврийн зардлыг өгчих. Дээр нь миний эрүүл мэндийн зардлыг яах вэ? Би чамаас бүрэн бүтэн нэхэмжлэхгүй. 7, 8 сая төгрөг өгчихгүй юу” гэж хэлсэн. Удаа ч үгүй Б.Б нь Засаг даргын ажлаа өгчихсөн юм билээ. Тэгээд одоо болтол тэр ковш нь шанага нь салчихсан, арын боолт нь байхгүй яг л анх ачиж ирсэн тэр хэвээрээ манай хашаанд байж байгаа. Дараа нь Авлигатай тэмцэх газраас намайг энэ ковшийн асуудлаар гэрчээр дуудаж байцаахаар дуудсан л даа. Би тэр байцаагчид нь “манай хашаанд хэвээрээ байж байгаа” гэж хэлсэн. Байцаагч нь өөрөө очиж үзэж танилцаад тэр **** сумаас бас 1, 2 хүн ирсэн. Нэг нь лав нярав нь гэж байсан. Би тэр хүмүүсийг нь танихгүй. Тэгээд 2 хүн үзэж харчихаад “энэ яг манай ковш хэвээрээ байна. Шанага нь салчихсан байсан. Ар талынх нь нэг яндангийнх нь төмөр утас нь хүртэл хэвээрээ байна” гэдгийг өөрсдөө нүдээрээ ирж харж үзчихээд явсан. Авлигатай тэмцэх газрын байцаагч нь болохоор “та нар хоорондоо зохицох асуудал байна” гэсэн. Дараа нь **** сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэсэн байх. Нэг хүн надтай утсаар холбогдоод “ковшоо авъя” гээд хэлэхээр нь би “та нар миний эрүүл мэндийн хохирол, тээврийн хөлсийг барагдуулсан цагт буцааж өгөхөд ямар ч татгалзах шалтгаан байхгүй” гэдгээ хэлсэн. Би татгалзах шалтгаан байхгүй гэдгээ удаа дараа уламжилж байгаа. Тэгэхэд дахин дахин намайг эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны хохиролд оруулаад шүүх цагдаагаар явуулаад байдаг нь ямар учиртай юм. Би ерөөсөө энийг ойлгохгүй байгаа. Иймд миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэх байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ковш тээвэрлэсэн зардал, засварлах явцад эрүүл мэндээрээ хохирсонтой холбогдуулан гарсан эмчилгээ сувилгааны зардал нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 2023 оны 02 сарын 14-ний өдөр тухайн үеийн **** сумын Засаг дарга байсан Б-н хүсэлтээр тус сумын эвдрэлтэй байсан ковшийг засварлаж ашиглалтанд оруулах зорилгоор өөрийн зардлаар тэвштэй кран хөлслөн аймгийн төвд авчраад өөрийн хашаанд буулгах явцдаа краны дэгээ оосорлож өгөх гээд ковшны арын кабин дээрээс халтирч хөл алдан өндрөөс газар унан тархиндаа хүнд гэмтэл авч яаралтай тусламжаар эмнэлэгт очин гавал тархины хүнд хагалгаанд орсон билээ. Улмаар биеэ бага зэрэг сайжирсны дараа дээрхи ковшийг засварлах гэтэл сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдээд тохиролцсон засварын үнээс хэт өндөр туссан тул дээрхи учрыг засаг дарга Б-д уламжлахад унааны эв тааруулаад буцааж авъя гэж хэлсэн билээ. Тус эвдэрхий ковш одоо хүртэл манай хашаанд ачиж ирээд буулгасан хэвээр байгаа бөгөөд жич **** сумын Засаг даргын тамгын газрын дарга, нярвын хамт очиж үзээд хэвээр байгааг баталсан болно. Мөн 2025 оны хавар АТГ-аас намайг дуудан байцаагч нь тус эвдэрхий ковшийг үзэж танилцаад та нар хоорондоо тохиролцох асуудал гээд дээрхи ковш ашиглалтаас гарч актлагдсан болохыг надад мэдэгдсэн болно. Миний бие тус эвдэрхий ковшийг буцааж өгөхийг өмнөх Засаг даргад хэд хэдэн удаа уламжилж байсан билээ. АТГ-ын шийдвэр гарсны дараа тус сумын Тамгын газрын даргад миний өөрийн тээвэрлэж ирсэн зардал, эрүүл мэндийн зардлыг төлөөд ковшоо аваарай гэж хэлсэн болно. Учир начраа гарган хэлсээр байтал тус сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс намайг АТГ, шүүх цагдаад дуудуулан сэтгэл санааны гүн хямралд оруулж байгаа болно. Гавал тархины хүнд хагалгааны улмаас толгой эргэж 2024 оны 09-р сарын 27-ны өдөр өндрөөс унаж эгэмний хугарал оноштойгоор хагалгаанд орж эгэм ясандаа ялтас тавьж хадуулсан болно. Жич: эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай баримтыг хавсаргасан болно. Тус сумын Тамгын газрын зүгээс намайг удаа дараа чирэгдүүлж байгаа тул миний эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг 100% барагдуулаад эвдэрхий ковшоо авахыг тус сумын Засаг даргын Тамгын газарт уламжилж байна. Иймд Н.Н миний эрүүл мэнд, эд хөрөнгө сэтгэл санааны хохирол болох тээвэрлэсэн краны зардал 2,000,000, эхний хагалгааны эм тариа 1,500,000, УБ хот зардал 1,000,000, эмчилгээний дэр 600,000, 2023.04.24-нд хагалгаанд орж тархиндаа ялтас тавиулсан эм тариа эмчилгээний зардал 1,000,000, 2025.01 сард УБ хотод толгойны компьютер томографи 450,000, тархины цахилгаан бичлэг 350,000, УБ хот руу машинаар явсан зардал 1,000,000, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол ороод бүгд 18,000,000 төгрөгийг **** сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн ашиглалтаас хасаж акталсан ковшийг иргэн надаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.
6. Сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар: *** сумын ЗДТГ-т холбогдуулж гаргасан Н.Н-н сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Н.Н нь тухайн үеийн сумын Засаг дарга Б.Б-тэй тохиролцож ковшийг засварлахаар өөрийн зардлаар тээвэрлэсэн гэх асуудлыг мэдэхгүй. Төрийн байгууллага, албан тушаалтан эрхийн акт, гэрээгүйгээр хэн нэг этгээдээр төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, засварлуулах боломжгүй. Манай сумын Засаг даргын Тамгын газар, Санхүү төрийн санд ковш эвдэрсэн, засварлуулна гэх гэрээ, хэлцэл байхгүй. Н.Н нь 2023 оны 02-р сар, 2024 оны 09 дүгээр сард гэмтэж бэртсэн нь **** сумын Засаг даргын Тамгын газрын мэдэх асуудал биш. Үнэхээр ковш засварлах гэж байгаад гэмтсэн үү, өөр бусад байдлаар гэмтсэн үү гэдгийг мэдэхгүй. Иргэн Н.Н болон **** сумын Засаг даргын Тамгын газрын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, энэ хүн өөрийнхөө аюулгүй ажиллагааг хангах, гэмтэж бэртэхгүй байх зэрэг асуудал нь бидний мэдэх зүйл биш. Сум өөрийн хөрөнгөө авья гэхээр шалтаг, шалтгаан гаргаж өгөхгүй байх арга гэж харж байна. 2023 оны эхэнд гэмтсэн гэж байгаа боловч хөрөнгөө авья гэхээр эрүүл мэндээр хохирсон гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зэвшөөрөхгүй. Говь-Алтай аймгийн засварчид өөрсдөө бензин шатахуунаа хийгээд хүнд механизм тээвэрлээд засварладаг жишиг өнөөдөр байхгүй. Говь-Алтайд битгий хэл монголд байхгүй. Харин орон нутгийн хөрөнгөө авъя гэхээр ашиглалтаас хасч акталсан хөрөнгийг чинь өгөхгүй гэж байгаа нь Н.Н болон Б.Б нарын завших, гувчуулах санаа зорилготой байсныг илтгэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түүний хууль бус эзэмшлээс **** сумын Засаг даргын Тамгын газрын ковшийг гаргуулж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Тээврийн хэрэгслийн 2021 оны бүртгэл /***** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн/,
-Ковш байгаа гэх хашааны фото зургууд, Google map-аас татсан зураг,
-***** арлын дугаартай ***** улсын дугаартай SHANDONG lg938 моделийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
-Ковшийн фото зургууд,
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого-**** сум ИТХ-2022 он / **** аймгийн **** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн/.
8. Хариуцагчаас иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-**** аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023.02.15-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, 2023.03.06-ны өдрийн өвчний түүх
-Н.Н-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар,
-Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023.03.16, 2024.03.14-ний өдрийн шийдвэрүүд /хуулбар/,
-Н.Н-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт,
-**** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоол, хавсралт /**** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулбар үнэн/,
-**** аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 593 дугаар албан бичиг /**** аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн/,
-**** аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаар албан бичиг,
-Цагдаагийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл,
-А ХХК-ийн 2023.02.17, 2023.03.11-ний өдрийн зарлагын баримт,
-А эмийн сангийн 2023.02.23-ны өдрийн зарлагын баримт,
-М эмийн сангийн 2023.02.24, 2023.03.15-ны өдрийн зарлагын баримт,
-Х ХХК эмийн сангийн 2023.03.03-ны өдрийн зарлагын баримт,
-А э/с 2023.03.16-ны өдрийн зарлагын баримт,
-Б, О эмийн сангийн ebarimt-ууд,
-Н.Н-н **** банкны депозит дансны хуулга гэх баримтууд,
-Д.Т-н **** банкны депозит дансны хуулга,
-Ю ХХК-ийн 2023.02.14 өдрийн зарлагын баримт,
-Гэрэл зургууд.
9. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-**** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2/05 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн **** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 52, 53, 54 дүгээр тогтоолууд болон тэдгээрийн хавсралтууд, /**** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулбар үнэн/,
-**** аймгийн Прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ц-1/273 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн гэрч Р.Т, Б.Б, Н.Н, Г.Б, П.Э нарын мэдүүлэг, **** аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоол, /**** аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архив хуулбар үнэн/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч **** аймгийн **** сумын Засаг дарга нь Н.Н-д холбогдуулан **** улсын дугаартай, 936 дугуйт ковш тракторыг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ …2019 оны 12 сард энэ ковшоор ажил хийж гүйцэтгэж байх явцад эвдэрсэн. Бид нар ковшийг засварлахын тулд моторыг нь заавал Хятадаас авах шаардлагатай байсан боловч тухайн үед дэлхий нийтээр корона цар тахлын өвчин тархсан байсан нөхцөл байдлаас шалтгаалаад засаж чадаагүй. Ингээд би 2021 оны 10 сард ажлаас гарчихаад 2024 оны 02 сарын 08-нд буцаад ажилдаа томилогдсон. Энэ үед хил гааль нь чөлөөтэй нээгдсэн байсан учраас тухайн ковшийг янзлахаар хайсан боловч огт байхгүй байсан. Манай ажилтнууд, нярав, нягтлангууд огт мэдэхгүй байсан. Энэ ковшийг нь манайх зөвхөн хогоо түрэх ажлаас өөр ажилд зарцуулдаггүй, элэгдэл маш багатай. Хамгийн гол нь мотор л эвдэрсэн байсан. Тэгээд асууж сураглахаар мэдэж байгаа хүн огт байгаагүй, бичиг баримтыг нь хүртэл авч явсан байсан. Тийм учраас бид нар энийг эрж хайгаад болохгүй болохоор нь хуулийн байгууллагад хандсан. Н.Н гэдэг хүнтэй бол нэг л удаа холбогдсон. Тэгээд холбогдоод асуухад “би энийг тээвэрлэх явцдаа гэмтсэн. Та нар миний гарсан зардлыг төлөх юм бол би буцааж өгөх боломжтой” гэсэн. Төсвийн байгууллага бол тухайн жилийнхээ урд оныхоо төсвийнхөө төсөөллөөр дараа ондоо санхүүжиж байдаг учраас тийм зардлыг бид нар нэмж тавих боломж байхгүй. Тухайн ковшийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан… гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч Н.Н нь …эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол болон тээвэрлэсэн краны зардал 2,000,000, эхний хагалгааны эм тариа 1,500,000, УБ хот зардал 1,000,000, эмчилгээний дэр 600,000, 2023.04.24-нд хагалгаанд орж тархиндаа ялтас тавиулсан эм тариа эмчилгээний зардал 1,000,000, 2025.01 сард УБ хотод толгойны компьютер томографи 450,000, тархины цахилгаан бичлэг 350,000, УБ хот руу машинаар явсан зардал 1,000,000, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол ороод бүгд 18,000,000 төгрөгийг **** сумын Засаг даргын тамгын газраас гаргаж өгсөн тохиолдолд ковш тракторыг буцаан өгнө...” гэж татгалзжээ.
5. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад **** аймгийн **** сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй **** улсын дугаартай ковш тракторыг 2023 онд Н.Н нь засварлах зорилгоор тухайн үед тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Б-тэй харилцан тохиролцож **** аймгийн **** сумд байрлах өөрийн хашаанд тээвэрлэн авчирсан үйл баримт тогтоогдож байна.
Маргаан бүхий дээрх ковш трактор нь одоо болтол хариуцагч Н.Н-ын хашаанд байгаа болохыг зохигчид хүлээн зөвшөөрч маргаагүй.
Харин тухайн ковш тракторыг хариуцагч Н.Н нь өөрт учирсан эрүүл мэндийн болон тээвэрлэлтийн зардлыг төлүүлсний дараа буцаан өгнө гэсэн нь маргааны зүйл болжээ.
6. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч ковш тракторыг Н.Н нь аймгийн төвд тээвэрлэж ирсний дараа эвдрэл гэмтлийг тогтоож, холбогдох сэлбэг хэрэгслийг олж засварлахаар буюу ажил гүйцэтгэгч өөрөө зардлыг гаргаж үр дүнд хүрэх, гүйцэтгүүлэгч хөлсийг төлөх хэлцэл хийгдсэн болох нь тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Б.Б-н “…Би 2021 оны 11 дүгээр сарын 22-оос 2024 оны 02 дугаар сарын 08-ыг хүртэл **** сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. **** сумд миний санахаар 2016 оноос хойш ажиллаагүй ковш өөрөө явагч механизм байсан. Энэ механизм ажиллахгүй болчихсон байсан. Тэгээд энийг ажиллуулъя, ажиллагаанд оруулж **** сумын хогийн толгойн хогийг түрье гэдэг байдлаар тухайн ковшийг засаж янзлах шаардлагатай болсон. **** сумд энэ ковшийг янзлах байтугай мэдэх хүн байхгүй. Тэгээд би өөрөө Улаанбаатар хот руу ярьсан боловч яг засчих засварчин хайгаад олдоогүй. Хоёрдугаарт хол байсан. Дараа нь **** аймагт ковшийг засаж янзлах боломжтой хүн байна уу гээд өөрөө хүн амьтнаас асууж сурагласны эцэст энэ Н.Н гэдэг хүнийг мэдэж авсан. Тэгээд би өөрөө 2022 оны 4, 5 сард орчимд олж очиж “тантай танилцах гэсэн юм. Та өөрөө ковш барьдаг хүн юм байна. **** сумд нэг эвдэрчихсэн ковш байгаа. Надад хэлсэн мэдээллээр блок нь задраад явах боломжгүй болчихсон гэсэн. Энийг засаж янзлаад ашиглалтад оруулах бодолтой байна. Та янзлаад өгөх боломж байна уу” гэж анх уулзсан. Тэгээд уулзангуут энэ хүн маань “би ковшийг чинь харахгүй бол мэдэхгүй. Яаж янзлах юм, юу хийх юм гэдгийг нь мэдэхгүй байна. Би одоо ажил ихтэй. Нэг явдлын далимаар **** орвол очиж үзье” гээд бид 2 яриад утсаа солилцоод явсан. Эргэж холбогдож байгаад 2022 оны 07, 08 сарын үед **** сумд шинэ соёлын төвийн барилга баригдсан. Энэ барилга дээр Н.Н ах очиж ковшоор ажил хийсэн юм билээ. Тэгээд над дээр орж ирээд “ах нь ирчихсэн. Ковшийг чинь ямар ч байсан үзье” гэсэн. Тухайн үед ковш нярвын хашаанд байсан тул нярав руу яриад очиж үзээд “ковшийг чинь үзлээ. Үнэхээр **** сумд танай ковшийг янзлах боломжгүй. Хэрвээ чи надаар янзлуулна гэвэл би энийг авч яваад очиж л янзална” гэсэн. Тэгээд бид 2 янзлуулахын тулд аймаг руу ачъя гэдэг байдлаар ярилцаад явсан. Тэрнээс хойш дахиад 1-2 сарын дараа утсаар холбогдоод Н.Н ах ажил ихтэй гэсээр сүүлд он гараад 2023 оны цагаан сарын өмнөхөн 02 дугаар сарын 13-нд над руу холбогдсон. Тэгээд “ах нь ерөнхийдөө ажил төрөл гайгүй болсон. Танай ковшийг чинь янзлуулна гэх юм бол одоо очиж үзээд наашаа авах арга хэмжээ авъя. Яаж авах вэ” гэхээр “та энийг авахаар бол яаж авах юм бэ” гэхэд “ачиж л ирнэ үү гэхээс биш хөлөөрөө ирэх боломжгүй. Тэгээд ачихын тулд кран хэрэгтэй” гэсэн. Тэгээд “*** сумд энийг өргөөд тавих кран, ачаад явах машин байхгүй учраас та өөрөө машин тэргээ зохицуулаад ирэх боломж байна уу” гэсэн. Тэгээд 02 дугаар сарын 14-нд үдээс өмнө л байсан байх. Над руу холбогдоод “би ковшийг чинь ачих кран аймгаас аваад гарлаа. Очиж үзээд ачуулна гэвэл ачуулъя” гэхээр нь би “тэгвэл та ямар ч байсан ачаад аваад яв. Дүүд нь яг үнэнийг хэлэхэд төсөв дээр ковшийг засах мөнгө алга. Танд тээврийн зардал өгөх боломж ч алга. Та нэгэнт гарах гэж байгаа бол эхний ээлжид та өөрийнхөө зардлаар **** оруулж үзээд яг хэдэн төгрөгийн сэлбэг хэрэгсэл шаардлагатай байна, юу юуг нь засаж янзлахаар байна вэ гэдгээ надад тооцоог нь гаргаад өгөх юм бол би төсөв дээр 03 сарын хурал дээр нэмэлт тодотголоор оруулаад мөнгийг нь тавиад шийдвэрлүүлье гэж ярьсан..” гэх мэдүүлэг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Н.Н нь ковш тракторыг *** сумд тээвэрлэн авчирсан боловч сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдсэн, тохиролцсон засварын үнээс хэт өндөр зардал шаардлагатай болсон талаар Засаг дарга Б.Б-д мэдэгдсэн, тухайн ковш тракторт ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй, анх ачиж ирсэн хэвээрээ байгаа талаар тайлбарлаж байгаа буюу гэрээг тохирсон хөлсөнд багтааж өөрийн зардлаар засварлах боломжгүй болсноо хэлсэн гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд Н.Н нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон буюу ажил гүйцэтгэх зардал өссөний улмаас тохиролцсон ажлаа гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч **** аймгийн **** сумын Засаг дарга нь ажил гүйцэтгэхээр шилжүүлсэн хөрөнгө буюу ковш тракторыг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн ковшийн чанар байдал, иж бүрдлийн талаар тодорхойлоогүй, ачуулсан ковшийг буцаан гаргуулна гэж шаардаж байх тул ковшийг байгаа биет байдлаар нь буцаан олгуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
7. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Н.Н нь:
-тээвэрлэсэн краны зардал 2,000,000 төгрөг,
-эхний хагалгааны эм тариа 1,500,000 төгрөг,
-Улаанбаатар хот зардал 1,000,000 төгрөг,
-эмчилгээний дэр 600,000 төгрөг,
-2023.04.24-нд хагалгаанд орж тархиндаа ялтас тавиулсан эм тариа эмчилгээний зардал 1,000,000 төгрөг,
-2025.01 сард УБ хотод толгойны компьютер томографи 450,000 төгрөг,
-тархины цахилгаан бичлэг 350,000 төгрөг,
-УБ хот руу машинаар явсан зардал 1,000,000 төгрөг,
-эрүүл мэнд сэтгэл санааны хохирол ороод бүгд 18,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаарддаг.
8. Хариуцагч Н.Н нь ковш тракторыг засварлах зорилгоор **** аймгийн **** сумаас аймгийн төв буюу **** сум руу тээвэрлэсэн байх тул ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор талуудын хооронд мөн Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Талуудын хооронд холимог гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
9. Тээвэрлэж ирсэн гэх краны зардал 2,000,000 төгрөгийг хариуцагч Н.Н нь **** сумаас ирэхэд *** шатахуун түгээх станцаас 385,000 төгрөгийн дизель түлш, өөрийн гараашид байсан савтай түлшнээс 120 литр хийж ирсэн. Дараа нь краны жолооч Б-д тээврийн хөлс болгон нийт 1,200,000 төгрөгийг увуулж цувуулж төлснөөс 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарладаг.
9.1 Гэвч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Н.Н-н **** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтыг хайчилж, наасан, тухайн баримт хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй, эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, тухайн ажлын хөлс, шатахууны зардлыг ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ковшийг зөөвөрлөхөд зарцуулсан зардал гэдэг нь хэрэгт цугларсан, хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.
9.2 Тодруулбал тээвэрлэлтийн гэрээний шинжтэй харилцаа үүсэж, хөлс төлөхөөр тохирсон байдалтай байгаа боловч яг хэдэн төгрөгөөр хөлсийг тохирсон, тээвэрлэгч бусдын тээврийн хэрэгсэлд хэдэн төгрөг төлсөн зэрэг байдал нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүх хийсвэрээр таамаглан тогтоох боломжгүй юм.
9.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.
Хариуцагч Н.Н нь тээвэрлэлтийн хөлсөнд 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хуульд заасан арга хэрэгслээр тухайн шаардлагаа нотолж чадаагүй тул тээвэрлэлтийн хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10. Хариуцагч Н.Н нь эрүүл мэндэд болон сэтгэл санаанд учирсан хохирол гэх агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...аймгийн төвд авчраад өөрийн хашаанд буулгах явцдаа краны дэгээ оосорлож өгөх гээд ковшны арын кабин дээрээс халтирч хөл алдан өндрөөс газар унан тархиндаа хүнд гэмтэл авч яаралтай тусламжаар эмнэлэгт очин гавал тархины хүнд хагалгаанд орсон. …Гавал тархины хүнд хагалгааны улмаас толгой эргэж 2024 оны 09-р сарын 27-ны өдөр өндрөөс унаж эгэмний хугарал оноштойгоор хагалгаанд орж эгэм ясандаа ялтас тавьж хадуулсан…” эдгээр эмчилгээний зардлыг гаргуулна гэж тайлбарладаг.
10.1 Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн **** аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023.02.15-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, 2023.03.06-ны өдрийн өвчний түүх, Н.Н-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон гэрч Д.Т-н “...Ковшийг буулгах гэж байгаад 2023 оны 02 дугаар сарын 14-ний шөнө гэмтээд 15-ны өдрөө хагалгаанд орсон. Унаад ухаан алдчихсан байсан юм чинь газар дээрээс нь хөдөлгөөгүй шууд дуудлага дуудсан...” гэх мэдүүлэг,
гэрч Г.Б-н “...Крантай машин дээр ачаад **** багт Н.Н-ын хашаанд буулгасан. Н.Н ах бид хоёр байсан. Тэгээд эхнэр нь бас байсан. Тэрийг ачиж ирээд орой болчихсон байсан учраас кран царцахаас өмнө буулгая гээд оосорлох гээд дээшээ авирч байгаад моторын дээд талын таг нь сул байсныг мэдэлгүй халтирч унасан. Кран дээр ачсан ковшийг оосорлох гэж байгаад газарт унасан. Шууд эмнэлэг явсан. Би өөрөө өргөлцөж 103-т хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,
хариуцагч Н.Н-ын “...Өвөл хүйтэн байсан учраас кран өглөө асахгүй байх гээд шөнийн 2 цагийн орчимд буулгах явцдаа би краны нэг талын 2-ыг нь оосорлосон байсан .Тэр чинь кран дээр ачсан учраас бараг 4, 5 метр өндөр болчихсон. Миний ковш бол араар нь тойроод явчихдаг хүндрүүлэгчтэй байдаг. Гэтэл тэр ачиж ирсэн ковшийг би өмнө харж үзээгүй байсан учраас араар нь алхах гэтэл хойд тал нь онгорхой нүхтэй төмөр байсан. Тэр хэсгээр тойрч гарах үндэслэл байхгүй байсан учраас би копут дээгүүр нь давж гарах гэтэл копут нь ямар ч боолтгүй сул, савлагаатай байсан юм билээ. Тэгээд краны нөгөө талын 2 дэгээг оосорлохын копут дээр нь гарах гэж байгаад савлагаатай байсныг нь мэдэхгүй учраас хөл алдаж газар унаад тархиндаа маш хүнд гэмтэл авсан. Гавал яс дух хэсэгтээ цөмрөөд тэрнээс хойш би ухаан алдаад бараг 2, 3 сар эмнэлгээр явсан...” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар хариуцагч нь гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогддог.
Дээрх үйл баримттай талууд маргаагүй.
10.2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гарсан сөрөг шаардлага, эсхүл гэм хор учруулсны улмаас үүдэлтэй сөрөг шаардлага гаргаж байгаа алин болох нь тодорхойгүй байна.
Сөрөг нэхэмжлэл гэдэг нь хууль зүйн хувьд гэрээний нөгөө талын үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбогдон гарч байгаа нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох шинж чанартай шаардлагыг ойлгоно.
Гэвч дээрх хариуцагч Н.Н-н биед учирсан гэмтэл нь нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчил буюу буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй, энэ төрлийн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээ болон тээвэрлэлтийн гэрээний үүрэгтэй хамааралгүй юм.
10.3. Нөгөө талаар гэм хорын хохирол учруулсны улмаас гаргасан шаардлага гэж үзэх юм бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-т “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..” гэж заасан.
Гэм хорын эрх зүйд нэг талаас гэм хор учруулагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй, нөгөө талаас тодорхой хохирол бий болсон, тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ковшийг нэхэмжлэгчийн зүгээс бүрэн хүлээлгэн өгсөн, хариуцагч нь тухайн ковшийг **** аймгийн төвд авчирч буулгах явцдаа унаж бэртэх үед нэхэмжлэгч байгаагүй, түүний ямар нэгэн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс болж хариуцагчид гэмтэл учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй байна.
Хариуцагч Н.Н-н тайлбарлаж буйгаар ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхээр тээвэрлэх явцад техникээс унаж гэмтсэн гэх үйл баримт тогтоогдох боловч түүний биед учирсан гэмтэл нь нэхэмжлэгчийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Н.Н-с **** улсын дугаартай, 936 дугуйт ковш тракторыг биет байдлаар гаргуулан **** аймгийн **** сумын ЗДТГ-т олгож, **** аймгийн **** сумын ЗДТГ-с ковш тээвэрлэсэн краны зардал 2,000,000 төгрөг, эхний хагалгааны эм тариа 1,500,000 төгрөг, Улаанбаатар хот зардал 1,000,000 төгрөг, эмчилгээний дэр 600,000 төгрөг, 2023.04.24-нд хагалгаанд орж тархиндаа ялтас тавиулсан эм тариа эмчилгээний зардал 1,000,000 төгрөг, 2025.01 сард УБ хотод толгойны компьютер томографи 450,000 төгрөг, тархины цахилгаан бичлэг 350,000 төгрөг, УБ хот руу машинаар явсан зардал 1,000,000 төгрөг, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол ороод нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Н-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Н.Н-с гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Н.Н-с **** улсын дугаартай, 936 дугуйт ковш тракторыг биет байдлаар гаргуулан ***** аймгийн **** сумын ЗДТг-т олгож, **** аймгийн **** сумын ЗДГТ-с ковш тээвэрлэсэн краны зардал 2,000,000 төгрөг, эхний хагалгааны эм тариа 1,500,000 төгрөг, Улаанбаатар хот зардал 1,000,000 төгрөг, эмчилгээний дэр 600,000 төгрөг, 2023.04.24-нд хагалгаанд орж тархиндаа ялтас тавиулсан эм тариа эмчилгээний зардал 1,000,000 төгрөг, 2025.01 сард УБ хотод толгойны компьютер томографи 450,000 төгрөг, тархины цахилгаан бичлэг 350,000 төгрөг, УБ хот руу машинаар явсан зардал 1,000,000 төгрөг, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол ороод нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Н-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Н.Н-с гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА