| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2535000500078 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
Б.С, Х.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Э нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.С, Х.Б нарт холбогдох, 2535000500078 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, Х овогт Б-ны С.
- Монгол Улсын иргэн, Т овогт Х-ын Б.
1. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.С, Х.Б нар бүлэглэж, 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн Хсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн 700,000 төгрөгийн үнэ бүхий нэг тооны адууг машин механизм буюу Б.С-ын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоцикл ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Х овогт Б-ны С, Т овогт Х-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Б-д 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэж;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С, Х.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Х.Б нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож;
- шүүгдэгч Б.С, Х.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж;
- хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг дурдаж, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж;
- хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.С, Х.Б нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.С-ын өмчлөлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-150 мотоциклыг хураан авч, улсын орлогод оруулж, энэ ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгч Х.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 7 дугаар сарын 20-ны үед Б-ийн хамт адуу хайж явахдаа С, О гэх залуучуудтай таарсан. Тухайн үед Б.С хашаанд тийрэглэж байсан адууг О, Б 2-т шахаж бугуйлдуулсан. Тэр өдрөөс хойш Б.С, О нартай уулзаагүй.
Гэтэл Б.С намайг хамт адуу хулгайлж, алалцаж махыг нь хуваан авч найрандаа хэрэглэсэн гэж гүтгэж байна. Миний найр 2023 оны 8 сарын 19-ний өдөр болсон. Манай найранд адууны мах хэрэглээгүй гэдгийг найранд ирсэн хүмүүс нотолно. Би хэдий ядарсан амьдралтай айлын хүү ч гэлээ өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж байж хулгайн адууны мах хэрэглэхгүй. Монгол хүний ёс заншилд тийм зүйл байхгүй.
Миний хийгээгүй хэргийг хийсэн гэж худлаа мэдүүлэг өгч байгаад маш их гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-г Б.С-тай бүлэглэн хохирогч Б.Э-ийн нэг тооны хээр зүсмийн гүүг машин механизм ашиглан хулгайлсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч энэ үйл баримт тогтоогдоогүй, Х.Б-г энэ гэмт хэргийг үйлдсэн талаар хэрэгт нэг ч гэрчийн мэдүүлэг авагдаагүй байна.
Шүүгдэгч Х.Б-г гэм буруутайд тооцоход хангалтгүй 3 нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Үүнд:
- Х.Б анх гэрчээр мэдүүлэхдээ энэ хэрэгт ямар ч оролцоогүй, харин бид 4 адуу хайж яваад хохирогч Б.Э-ийн адууг шүүж улмаар бугуйлдсан талаар мэдүүлсэн байдаг. Харин дараагийн мэдүүлэгт Х.Б хийсэн хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн ба энэ мэдүүлгийг авахдаа айлган сүрдүүлж авсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст гомдлоо гаргасан бөгөөд гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар хариу ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 16.3 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, түүнээс гэрчийн мэдүүлэг авахыг хориглоно” гэж заалтыг зөрчсөн байна.
- Гэрч М.А-ийн өгсөн “... Х.Б гэх залуу миний цахим хаягаар видео калл хийж нүүр нүүрээ харж ярихдаа надад хандаж “Тань руу цагдаа ярьж, уулзвал 2023 онд автобусанд адууны мах дайсан гэж хэлээрэй” гэж хувийн чанартай зүйл гуйхад нь би хариуд нь “Хууль журам гэж байдаг юм шүү, яриад байгаа асуудлаа өөрөө учраа ол. Надаас цагдаа нар юм асуувал үнэн учраа хэлнэ гэж хэлэхэд утсаа тасалсан” гэх мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг буруутгадаг.
Шүүгдэгч Х.Б-н хувьд Б.С-тай төрөл садны холбоотой бөгөөд хэрэг шалгагдаж эхлэх үед Б.С-ын үйлдлийг хамгаалах үүднээс өөрийн төрлийн ах болох М.А-тай ярьсан талаар өмгөөлөгч надад хэлж байсан боловч энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлээгүй.
- Шүүгдэгч Б.С яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт Х.Б-тэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн. Үүний шалтгаан нь анх Б.С хохирогчийн нэг тооны гүүг бид нар бугуйлдаж, сүргээс нь салгасан учраас Б.Э-ийн адуу алга болсон. Тиймээс бид нарыг хохирол төлж өг гээд байгаа учраас дөрвүүлээ нийлж төлье гэдэг санааг гаргасан байдаг. Нөгөө гурав нь эхэндээ нийлж төлье гэж байсан ч чадахгүй яваад байсан учраас сүүлд цагдаад гомдол мэдээлэл гаргасны дараа Б.С өөрөө төлсөн байдаг. Үнэхээр Х.Б-тэй хамтарч хулгайлсан бол Х.Б-с хохиролд төлсөн 1 сая төгрөгийн талыг гаргуулах байсан гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр Б.С нь бид нар, бид хоёр гэж хэлээгүй, зөвхөн би хохирлыг тань удахгүй төлж өгнө гэж хэлээд байсан байдаг.
Мөн Б.С энэ хэрэгт сэрдэгдэж шалгагдаж эхэлмэгц Х.Б-г “энэ хэргийг чи даагаад хүлээчих” гэж хэлж байсан гэж Х.Б хэлдэг. Х.Б-г энэ хэргийг хүлээгээгүй, хохирол төлбөр төлөлцөөгүй учраас л түүнд өс санаж хамт үйлдсэн гэж мэдүүлсэн гэж үзэж байгаа.
Харин Б.С энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэдэг нь анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон.
Түүнчлэн Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Х.Б, У.О, И.Б нарын хамт хохирогч Б.Э-ийн адуун дээр очиж хээр зүсмийн нэг тооны гүүг бугуйлдаж, тухайн гууг цулбууртай нь алдаж хөөсөн талаар мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн. Харин миний үйлчлүүлэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр цаламдсан талаар ярьдаг.
Шүүгдэгч Б.С, Х.Б нарын мэдүүлэг зөрүүтэй болох нь харагдаж байгаа боловч хохирогч Б.Э-ийнхүү Э.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт “2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хээр зүсмийн гунжин гүү алга болсон” гэж мэдүүлсэн.
Үүнээс харахад Х.Б болсон явдлын талаар үнэнээр нь мэдүүлсэн, Б.С-ын хувьд худал мэдүүлсэн бөгөөд гэрч Б, Ба нарын мэдүүлгээр ч тэдэнд худал хэлж байсан нь нотлогдон тогтоогддог.
Б.С-ын ээж Ц, аав Ц.Б, төрлийн ах Б.Н нар анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2023 оны 8 сарын эхээр хээр зүсмийн гүү авч ирж аав, ах, эгч нартайгаа нийлж нядалсан гэдэг. Дахин мэдүүлэг өгөхдөө 2023 он гэж андуурсан байна, 2022 онд бид нар адуу нядалсан гэж мэдүүлгээ өөрчилсөн байдаг.
Тухайлбал: Б.С-ын ээж Ц мэдүүлэхдээ “Б.С хээр зүсмийн гүү авч ирсэн. Ямар учиртай адуу вэ гэхэд миний адуу, мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн гэдэг. Дараагийн мэдүүлэгтээ манай адуу байсан мэтээр хариулсан”. Ийм давхцал, ийм андуурал 2-3 хүнд зэрэг тогтоогдох боломжгүй гэж үзэж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Х.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “өмгөөлөгч Г.Алтанлхамын цагаатгуулах байр суурь нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлт хийсэн байна.
Шүүгч юуг няцаасан бэ гэхээр 1 дүгээрт, шүүгдэгч Б.С нь Х.Б-г шууд зааж мэдүүлсэн. Мөн Б.С-ын төрлийн 2 ах болох Л, Ба нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул нотлох баримтаар үнэлж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Гэрч А-д нөлөөлсөн үйл баримт тогтоогдож байгаа нь түүний гэм бурууг давхар нотолно, эрүү шүүлт тулгасан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр Х.Б-г буруутгадаг.
Х.Б-ийн хувьд эхний удаа мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэгт ямар ч холбоо хамааралгүй талаар мэдүүлсэн бол хэд хоногийн дараа гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа зөвшөөрсөн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхдөө дэлгэрэнгүй мэт боловч худлаа мэдүүлгийг өгсөн. Мэдүүлэгтээ, би тухайн адууны махнаас нэг сээр хавирга, нурууны мах авч гэртээ харьсан. Маргааш ээж О надаас энэ ямар учиртай мах вэ гэхэд зараалын мах, би хүнд зарах гэж байгаа юм гэж хэлсэн гэх байдлаар мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ээж О-с нь огт тодруулж асуугаагүй, гэрчийн мэдүүлэг аваагүй. Шүүгдэгчийн сүүлийн мэдүүлэг нь сүрдүүлэгт автаж өгсөн байх магадлалтай мэдүүлэг гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэдэг. Гэрч А мэдүүлэгтээ, Х.Б над руу видео дуудлага хийж залгахдаа нэг адууны мах 2023 онд авсан тухай та хэлээд өгөөч гэдэг, тухайн мэдүүлгээс Х.Б гэмт хэрэгт оролцсон талаар дурдагдаагүй байхад шүүх шийдэрийн үндэслэл болгосон.
Хохирогч нь Б.С-с хохирлоо нэхэж байсан, арга ядаад цагдаад гомдол гаргасан байдаг. Магадгүй Х.Б-тэй хамт хулгайлсан гэж үзэж байвал яагаад Х.Б-с хохирлоо нэхэхгүй байгаа юм.
Хохирол төлөх юм бол цагдаад хандахгүй гэх асуудал яригдсан. Тийм учраас би ганцаараа төлөх гэхээр чадахгүй байна, 4 үүлээ хүний адууг бугуйлдсан учраас гэмт хэрэгт сэжиглэгдэж байна, хуваагаад төлье гэхэд нөгөө 3 хүүхэд нь төлж чадахгүй байсаар цаг хугацаа өнгөрч сүүлд нь төрөл садангаар нь Х.Б-г хамтарч төлье, эсхүл чи даачих гэсэн байдлаар хандсан байдаг.
Х.Б-ийн аав Х гэх хүний мэдүүлгээр шөнө Б.С гэрийнх нь гадна ирээд Х.Б-тэй муудалцаад “ална, гараад ир” гэж орилж байсан нөхцөл байдал тогтоогддог. Ийм эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа учраас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр гомдлыг гаргасан.
Шүүх Б.С-ын “Х.Б-тэй хамт мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэх мэдүүлгийг үнэлсэн атлаа Х.Б-ийн “хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй” гэх мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ. Ба, А нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон тухай шууд заасан бус дамжмал мэдүүлэг байхад шүүхээс няцаалт хийгээгүй.
Б.С-ын хувьд, анх хохирогчид хохирлын мөнгө өгөхөөр явахдаа, би нэг хүний адуу авчихсан, цагдаад шалгагдаад байгаа учраас хохирлыг нь төлөхөөр явж байна гэж Б-т хэлсэн, харин буцаад явж байхдаа, би Х.Б-тэй хамт хулгай хийсэн гэж хэлсэн гэдэг бөгөөд Б.С нь төрөл садны хүндээ яагаад худлаа хэлсэн, эсхүл хэлсэн зүйлээ өөрчилсөн бэ гэх асуудал байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан ч эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал маш их байдаг.
Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Б-ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. 2023 оны 7 сарын 22-ны өдөр адуу хайж яваад Б.С болон өөр 2 залуутай таарч хашааны гадна байсан адууг бугуйлдаж 1 нэг гүү барьж аваад бугуйлаа салгаад тавих гэтэл ганцаараа хүний гүү алга болно гээд Б.С аваад үлдсэн. Түүний дараагаар намайг хамт хулгай хийсэн, найрандаа махыг нь хэрэглэсэн гэж мэдүүлээд байгаа, манай найранд ирсэн хүмүүс адууны мах хэрэглээгүй гэдгийг мэдэж байгаа” гэв.
7. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С, Х.Б нар нь бүлэглэж 2023 оны 7 сард Увс аймгийн Хсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн нэг тооны морийг машин механизм буюу шүүгдэгч Б.С-ын эзэмшлийн мотоциклыг ашиглан хулгайлж, 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Х.Б уг адууг бугуйлдаж бугуйлтайгаа алдсан байдаг. Дараа нь шүүгдэгч Б.С-тай хамт мотоциклоор мал хайж явах үедээ бугуйлдсан цаг хугацаанаас 4-өөс 5 хоногийн дараа айлын адуунд тухайн гүү байхад нь барьж авч эзэнгүй газарт төхөөрч, махыг нь хувааж авсан үйл баримт хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон.
Хулгайн гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Бу-ын ын “бид хэд нийлээд чиний төлсөн мөнгийг чинь өгье өө” гэх мэдүүлэг, гэрч А-ийн “ ...тань руу цагдаа ярьвал 2023 онд автобусанд адууны мах дайсан гэж хэлээрэй гэж Б надад хэлсэн” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан гэрч Ба-ын “Б.С нь Х.Б гэх залуутай хамт явж байгаад уг гүүг барьж аваад эзэнгүй хаваржаанд хийгээд махыг нь хувааж авсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С, Х.Б нар нь дээрх гэмт хэргийг хамтран үйлдсэн нөхцөл байдал хөтөлбөргүй тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
8. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч нар прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгдэгч нар удаа дараа өмгөөлөгчөөс туслалцаа авч байгаа, тэд хэрэгт авагдсан нотлох баримтыг илт үгүйсгэсэн тайлбар гаргадаггүй. Хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан гэрч нарын мэдүүлгээр, 1 тооны мал хулгайлж, махыг нь хувааж авсан талаар нотлогдон тогтоогдсон. Тиймээс анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгч эхнээсээ хэргээ хүлээж мэдүүлгээ өгч, хэргийг хялбаршуулах санаа зорилготой байсан. Хохирогчийн хувьд гомдол саналгүй гэх бичгээ хийж өгөөгүй учраас хялбаршуулж чадаагүй. Прокурорын хэлсэнчлэн, хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, харсан гэрч, баримт нотолгоо олоход хэцүү. Тийм учраас шүүх гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтад үндэслээд сэргээн дүрслэх замаар дүгнэлтээ хийсэн. Миний зүгээс шүүгдэгч нарыг худал, эсхүл үнэн хэлж байна гэж дүгнэх боломж байхгүй. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг учир шударга ёсны зарчмаар харахад миний үйлчлүүлэгчийн хэргийг хөнгөрүүлэх 2 нөхцөл байгаа. Учирсан хохирлыг ганцаараа төлж барагдуулсан, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг тусламж үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзаад давж заалдах шатны шүүхээс ялыг аль болох бууруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Б.С, Х.Б нарт холбогдох, 2535000500078 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Б.С, Х.Б нар бүлэглэж, 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн Хсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн нэг тооны гүүг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 7 дугаар сард манай адуунаас 3 настай, зөв гуяны хонгоны махан дээрээ дөрвөлжин тамгатай хээр зүсмийн гүү алга болсон. Тухайн үед миний хүү Э.Б хайж сураглаж явсан боловч огт сураг гараагүй.
Тэр явдлаас хойш 1 жилийн дараа буюу 2024 оны 7 дугаар сард миний хүү Б надад “манай нөгөө алга болсон гүүг тухайн үед манай сумын Б.С, Ж, О, Б гэх залуучууд Ц, Т гэх газарт адуу бугуйлдаж байхдаа барьсан байна” гэж хэлэхээр нь би 2024 оны 7 дугаар сарын сүүлээр Б.С гэх залуутай утсаар ярьсан юм. Би С-д “Чи миний адууны хохирол хэзээ барагдуулж өгөх гэж байна. Чи хохирол барагдуулж өгөхгүй бол сумын цагдаад хандаж өргөдөл гаргана” гэж хэлсэн. Тэгэхэд С надад хандаж “Ах аа, та цагдаад хандаж хэрэггүй ээ, одоо би гэрлэх гэж байгаа, найр хийсний дараа би таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн боловч хохирол төлж өгөөгүй. Ингээд би 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан ба өргөдөл гаргасан өдрөөс хойш яг өдрийн сайн санахгүй байна, Б.С надтай ирж уулзаад надад хандаж, би танай нэг тооны адууг авсан учир хохирлыг тань барагдуулж өгнө гэж хэлээд эхнэр Х-ийн Хаан банкны х тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлэн, ах намайг уучлаарай гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-35 дахь тал/,
- гэрч И.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бу ах надаас “Миний дөрвөлжин тамгатай хээр гүү үзсэн үү” гэж асуухаар нь 2023 оны 7 дугаар сарын сүүлээр Соко, Одгоо, Бадий, бид дөрөв Б гэх газар байх Ба-ын өвөлжөөн дотор тийрэглэж байсан танай адууг хашаанаас шахаж гаргаад бугуйлдаж байтал Бадий бид хоёрын бугуйл хоёр гүүнд орсон. Тэгээд миний бугуйлыг Соко ах салгаж өгөөд Бадий өөрийнхөө бугуйлыг нэг хээр гүүнд оруулаад алдчихсан. Тэгээд бугуйлаа салгаж авахаар араас нь мотоциклоор хөөгөөд явсан, тэгээд удалгүй өөрийнхөө бугуйлаа авчихсан хүрч ирсэн талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
- гэрч Э.Бу-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 10-ны үеэр би өөрийн ах Б-тай хамт “Э” гэх газарт С-ын гэрт очиж Соко, Б хоёртой уулзсан. Ах бид хоёр Соко, Б хоёртой уулзаад, би Соко /С/ гэх хүнээс “Миний гүүг та нар авсан байна, надад миний гүүг амьдаар нь авч ирж өг” гэж хэлэхэд С “чиний гүүг би хаанаас олж ирэхэв дээ, байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сокод хандаж тэгвэл та нар надад гүүний оронд өөр гүү өг гэж хэлэхэд Соко “Энэ жил зуд болсон тул гүү өгөх боломжгүй, харин бид хэд нийлээд чиний хэлсэн мөнгийг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Мөнгө төгрөгөө өгөхгүй бол цагдаад өгнө шүү” гэж хэлэхэд Соко надад хандаж “Цагдаа энэ тэр гээд яах вэ, эндүүрээ учраа ольё гэж хэлэхээр нь би маргааш гэхэд мөнгө авч ирж өгөөрэй гэж хэлчихээд ах бид хоёр тэднийхээс явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
- гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 14-ний орой миний Хаан банкны х тоот дансанд “Sооко” гэх утгатай 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. Тэгээд удалгүй манай гэрт тэр Соко /С/ гэх залуу өөрөө хүрээд ирсэн. Тэгээд надтай мэнд мэдэлцээд миний нөхөр Б.Э-ийг дуудаад гадна гарч уулзсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
- гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг 44 минутанд Х.Б гэх залуу миний цахим хаягаар vedio call хийж, нүүр нүүрээ харж ярихдаа надад хандаж “Тань руу цагдаа ярьж уулзвал 2023 онд автобусанд адууны мах дайсан гэж хэлээрэй” гэж хувийн чанартай зүйл гуйхад нь би хариуд нь “Хууль гэж юм байдаг шүү. Чи юу яриад байна. Чи яриад байгаа асуудлаа өөрөө учраа ол. Надаас цагдаа нар юм асуувал үнэн учраа хэлнэ” гэж хэлэхэд тэр утсаа тасалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,
- гэрч Б.Ба-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хсуманд гэртээ ирчихсэн байхад С надтай ирж уулзахдаа: “Би нэг хүний гүү барьж аваад хүнд өгчихсөн юм. Адууны эзэн мэдчихээд цагдаад өгчихсөн юм шиг байна. Би адууны эзэнтэй уулзаж хохирлыг нь барагдуулах гэсэн юм. Та надтай хамт яваад хань болоод өгөөч” гэж надаас гуйхад нь би зөвшөөрч Б.Э гэх айлд очиход Б.Э болон эхнэр Х хоёр гэртээ байсан. Э-ийг дуудаж гэрийн гадна уулзахад С “Би танай адууг авсан нь үнэн учир би хохирол барагдуулаад өгий” гэж хэлээд урьд нь уулзаж мөнгө зээлдэж авахаар тохирсон гэх нэг хүн руу утсаар яриад 1,000,000 төгрөг Э гэх хүний эхнэр Хгийн данс руу хийлгэсэн. Надад анх С ярихдаа тухайн адууг ганцаараа барьж аваад хүнд өгөөд явуулчихсан гэж хэлж байсан бөгөөд дахин асуухад “Би тухайн үед танаас эмээгээд танд худлаа ярьсан юм. Яг үнэндээ тухайн Б.Э гэх хүний адууг Х.Б гэх залуутай хамт адуунаас нь барьж аваад эзэнгүй хаваржаан дээр нядлаад махыг нь хувааж авсан” гэж хэлж байсан. Ямар ч байсан хүний адууг нууцаар авчихсан талаар ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
- шүүгдэгч Х.Б-ийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хамт яллагдагчаар өгсөн: “ ..би 2023 оны 7 дугаар сард Х сумын 4 дүгээр багт сумын хэдэн залуучуудын хамт адуу бугуйлдаж байгаад нэг гүүг бугуйлтай алдсан учраас би эргүүлж ирэхээр араас нь мотоциклоор яваад бугуйлаа салгаж авсан боловч гүүг эргүүлж адуунд оруулж чадаагүй. Түүний дараа С бид хоёр дахин адуунд явж байхад тухайн гүү айлын адуунд явж байхаар нь бид хоёр ярилцаад махыг нь хэрэглэхээр болж адууг барьж аваад хээр нядалж махыг нь хувааж авсан. Сүүлд адуу барьж авах үедээ С-ын эзэмшлийн мотоциклтой явсан юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хавтасны 157-р тал/,
- мөн Х.Б-ийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар /өмгөөлөгчийн хамт/ дахин өгсөн: ...мөрдөгчийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцлаа. Мотоциклтой явснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд урьд нь бодит байдлын талаар, мөн мотоциклтой явснаа мэдүүлж хэлсэн тул дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-р тал/,
- шүүгдэгч Б.С-ын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн: “би 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн Х сумын 4 дүгээр баг “Б” гэх газарт хүмүүс адуу барьж байхаар нь хамт барилцаж байх үед тус багийн иргэн Э-ийн адуун дотроос хээр зүсмийн 3 настай гүүг бугуйлдах үед өрөөлж зугтсан. Тэр үед Б араас нь мотоциклээр хөөж бугуйлаа салгаж авсан. Түүнээс 4-5 хоногийн дараа Б бид 2 миний мотоциклээр адуу хайж явахад айлын адуунд хэд хоногийн өмнө бугуйлдаад алдсан хээр гүү байхаар нь бид хоёр барьж аваад хээр нядалж махыг нь хувааж авсан. Дотор арьсыг нь тухайн газарт хаясан” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байна.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.С, Х.Б нарыг бүлэглэж, 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн нэг тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.
7. Шүүхээс шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн үнийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...шүүгдэгч Х.Б-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Х.Б анх гэрчээр мэдүүлэхдээ энэ хэрэгт ямарч оролцоогүй, харин адуу хайж яваад хохирогч Б.Э-ийнадууг бугуйлдсан талаар мэдүүлсэн байдаг. Харин дараагийн мэдүүлэгт Х.Б хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн ба энэ мэдүүлгийг авахдаа айлган сүрдүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчиж мэдүүлэг авсан.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт шалгагдаж эхлэхдээ Х.Б-г “энэ хэргийг чи даагаад хүлээчих” гэж хэлж байсан бөгөөд Х.Б хүлээгээгүй, хохирол төлбөр төлөлцөөгүй учраас Б.С нь өс санаж Х.Б-тэй хамт үйлдсэн гэж мэдүүлсэн гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, энэ хэргийг Б.С ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөн Б.С-ын ээж Ц, аав Ц.Б, төрлийн ах Б.Н нарын гэрчээр өгсөн эхний мэдүүлэгт 2023 оны 8 сарын эхээр хээр зүсмийн гүү авч ирж нядалсан гэж мэдүүлсэн боловч дахин мэдүүлэг өгөхдөө мэдүүлгээ өөрчилж 2023 гэж андуурсан байна, 2022 онд бид нар адуу нядалсан гэж мэдүүлгээ өөрчилсөн бөгөөд ийм давхцал, ийм андуурал 2-3 хүнд зэрэг тогтоогдох боломжгүй гэж үзэж байна. Иймд Х.Б-д холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх,
- шүүгдэгч Х.Б-ийн “..2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б гэх залуутай хамт адуу хайж явахдаа С, О гэх залуучуудтай таарсан ба тухайн үед С хашаанд тийрэглэж байсан адууг Б, О 2-т шахаж бугуйлдуулсан, тэр өдрөөс хойш тэд нартай уулзаагүй. Гэтэл С намайг хамт адуу алалцаж адууны мах хувааж авч найрандаа хэрэглэсэн гэж гүтгэж байна. Миний найран дээр адууны мах хэрэглээгүй. Миний хийгээгүй хэргийг хийсэн гэж худлаа мэдүүлэг өгч байгаа тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
8.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-ээс 2025 оны 2 дугаар сарын 14, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг тус тус авсан байх ба тэрээр 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр: “...тэгээд С надад хандаж, Э гэх хүний хээр гүүг бариад ав гэхээр нь би бугуйл шидээд бариад автал С өөрийнхөө бугуйлаар эрүүг нь боогоод өөрийнхөө том хашаанд оруулчихсан. Маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед С манай гэрт хүрч ирээд нөгөө хээр гүүг тавьчихаад ирье, тэр гүүний эрүү зуурлаа гэж хэлэхээр нь би за гэж хэлээд хамт явсан. Уг гүүг хашаанаас гаргаж тавих гээд хөтлөөд гаргаад иртэл Б.С “надад хүнд өгөх мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд хээр гүүг хаваржааны ар талд байх жалга руу оруулаад модны захад урд хоёр хөлийг тушчихаад зогсоо байдалтай байхад түрийнээсээ модон шар иштэй хутга гаргаж ирээд шууд нугаслаад алчихсан. Тэгээд уг гүүг бид 2 алж дуусаад махыг нь жижиглэж сээр хавс болгож боосон ба гэдэс дотрыг нь хаячихсан. Тэгээд Б.С хашааны амбаар дотроос 2 шуудай гаргаж ирээд надад нэг шуудай өгөөд ууцны мах болон сээр хавирганаас ав гэхээр нь би жижиглэж янзалсан махнаас дөрвөн ширхэг сээр хавирга, нэг хэсэг ууцны мах аваад гэр лүүгээ явсан. Намайг явахад Б.С махаа жижиглээд хоцорсон” гэж мэдүүлсэн нь хэргийн 1-р хавтасны 40, 41-р талд авагджээ.
Шүүгдэгч Х.Б-с өөрийнх нь холбогдож буй тухайн хэргийнх нь талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа гэрчээр мэдүүлэг авсан нь хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнээс гэрчээр мэдүүлэг авахгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглосон хуулийн хориглолтыг зөрчсөн байх тул хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг прокурор яллах талын нотлох баримтаар үнэлээгүй, яллах дүгнэлтэд тусгаагүй, түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо энэхүү мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-т: Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасантай нийцсэн байна.
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Л.Алтанлхам нарын “мөрдөгч нь Х.Б-ээс гэрчийн мэдүүлэг авахдаа түүнийг айлган сүрдүүлж мэдүүлэг авсан” талаархи гомдол нь шүүгдэгч нарт холбогдох энэ хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх ажиллагаанд хамааралгүй тул гомдлын энэ үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй юм. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахын тулд эрүү шүүлт тулгасан гэх гомдлоо холбогдох байгууллагад гаргах, шалгуулах эрх нь нээлттэй болно.
8.2. Шүүгдэгч Б.С-ын эцэг Б.Б эх Б.Ц нар 2025 оны 3 дугаар сарын 8-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2023 оны 8 дугаар сарын дундуур намаржаандаа орчихсон байхад манай хүү Б.С хээр зүсмийн гүү авч ирж, Л, Б нарын хамт нядалж, махыг нь зарсан” гэж мэдүүлсэн, мөн 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “...манайх 2023 онд адуу мал алж зарсан зүйл байхгүй, харин 2022 оны 8 дугаар сарын эхээр өөрийн хоо зүсмийн азаргаа нядалж, махыг зарсан” гэж хэргийн үйл баримт, цаг хугацааны талаар зөрүүтэй мэдүүлсэн байх боловч эдгээр гэрчийг зөрүүтэй, эсхүл худал мэдүүлсэн эсэхийг дахин шалгуулах шаардлагагүй болно.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ын эцэг Б.Б эх Б.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дээрхи 2 удаагийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байх тул шүүх зөрүүтэй нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон гэж үзэхгүй.
8.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах бөгөөд яллагдагч Х.Б нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хамт 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:
- “...би 2023 оны 7 дугаар сард Х сумын 4 дүгээр багт сумын хэдэн залуучуудын хамт адуу бугуйлдаж байгаад нэг гүүг бугуйлтай алдсан учраас би эргүүлж ирэхээр араас нь мотоциклоор яваад бугуйлаа салгаж авсан боловч гүүг эргүүлж адуу /ижил сүрэг/-д нь оруулж чадаагүй. Түүнээс хэд хоногийн дараа С бид хоёр дахин адуунд явж байхад тухайн гүү айлын адуунд нийлсэн явж байхаар нь бид хоёр ярилцаад махыг нь хэрэглэхээр болж адууг барьж, хээр нядалж, махыг нь хувааж авсан. Сүүлд адуу барьж авах үедээ С-ын эзэмшлийн мотоциклтой явсан юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэж,
- мөн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өмгөөлөгчийн хамт яллагдагчаар дахин өгсөн: ...мөрдөгчийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцлаа. Мотоциклтой явснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд урьд нь бодит байдлын талаар, мөн мотоциклтой явснаа мэдүүлж хэлсэн тул дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэж,
- яллагдагч Б.С 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...би 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн Х сумын 4 дүгээр баг “Б” гэх газарт хүмүүс адуу барьж байхаар нь хамт барилцаж байх үед тус багийн иргэн Э-ийн адуун дотроос хээр зүсмийн 3 настай гүүг бугуйлдах үед өрөөлж зугтсан. Тэр үед Б араас нь мотоциклээр хөөж бугуйлаа салгаж авсан боловч гүү нь баригдаагүй. Түүнээс 4-5 хоногийн дараа Б бид 2 миний мотоциклээр адуу хайж явахад айлын адуунд хэд хоногийн өмнө бугуйлдаад алдсан гүү байхаар нь бид хоёр барьж аваад хээр нядалж махыг нь хувааж авсан. Дотор арьсыг тухайн газарт хаясан” гэж,
- шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Э гэх хүний хээр гүүг хулгайлсан нь үнэн. 2023 оны 7 дугаар сарын 25-нд гүүг цаламдаж байхдаа 4-үүлээ байсан нь үнэн. Харин малыг очиж авахдаа Х.Б-тэй явсан” гэж тус тус мэдүүлжээ.
Мөрдөн байцаалтын шатанд Х.Б, Б.С нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал, түүнчлэн яллагдагч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-т заасан үндэслэлүүд тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн, шүүгдэгч Б.С-ын шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг тус тус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
8.4. Хэрэгт шүүгдэгч Х.Б-г гэм буруугүйд тооцох буюу түүний гэм буруутай үйлдлийг үгүйсгэх, эргэлзээ бүхий нөхцөл байдал, үйл баримт тогтоогдохгүй байна.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Шүүгдэгч Б.С, Х.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.С, Х.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ