| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01100/И |
| Дугаар | 305/ШШ2026/00140 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 305/ШШ2026/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **** оршин суух Д.П-н нэхэмжлэлтэй
хариуцагч: **** оршин суух И.М-д холбогдох
барааны үнэ 3,742,800 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.П /цахимаар/, хариуцагч И.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
1.1. Нэхэмжлэгч Д.П нь И.М-д холбогдуулан барааны үнэ 3,742,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Миний бие кофе шоп болон бабл ти зэрэг уух зүйлсийн түүхий эд хэрэгслүүд мөн тоног төхөөрөмжүүд борлуулдаг. И.М нь 2025.07.28-ны өдрийн захиалгаа зээлээр авахыг хүсч 5 хоногийн дотор төлбөрөө төлнө хэмээн амлалт өгч, миний бие 2025.07.28-ны өдөр 19-20 цагийн хооронд 3,742,800 төгрөгийн үнэ бүхий барааг СХД-ийн зорчигч тээврийн төвөөс харилцагчийн хүсэлтийн дагуу **** аймгийн төв явах унаанд дайж явуулсан. Үүний дараа удаа дараа холбогдох гэж хичээсэн ч утсаа аваагүй, зурвас болон чат бичих үед ямар нэгэн хариу өгөөгүй ба холбоо бүрэн тасарсан…” тул барааны үнэ 3,742,800 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.
2. Хариуцагч И.М нь “Д.П-с 2025 оны 05 сараас хойш бабл ти болон кексний материал аваад тохирсон цаг хугацаандаа өгөөд явдаг байсан. Би өөрөө хэд хэдэн удаа очиж авч байсан. Надтай холбогдох утасны дугаар болон фэйсбүүк зэргийг бүгдийг нь мэдэж байгаа. Би дээрээс нь нэмээд машиныхаа гэрчилгээ, иргэний үнэмлэхийнхээ зургийг бүгдийг нь явуулчихсан. Ер нь бол иймэрхүү байдлаар бид 2 өгч аваад явдаг байсан. Сүүлийн бараа буюу яг энэ асуудал үүсээд байгаа бараан дээр бол яах аргагүй авсан нь үнэн. Энэ дээр би өөрөө жоохон асуудал үүсгэчихсэн юм. Манай үеэл эднийхээс бас бараа материал авдаг охин байдаг. Би өөрөө мянгыг авдаг боловч тэр охин дээр нь нэмээд зээлээр гаргаад өгөөч гээд байхаар нь би өөр дээрээ аваад өгчихсөн. Тэр бол яах аргагүй миний буруу. Би хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд үеэл маань надтай тооцоогоо хийхгүй байснаас болоод иймэрхүү асуудал гараад явчихсан. Би ерөнхийдөө хохирлыг бүрэн барагдуулна. Мөнгө байна уу, тэр материалаа авах юм уу яах юм хамаа байхгүй. Би бол бүгдийг нь ямар ч байсан барагдуулна. Материалуудаа авна гэвэл тухайн материалууд нь манай нэг үйлдвэрийн агуулахад бүгд байгаа. Эсхүл мөнгөн хэлбэрээр авна гэвэл өгч болно...” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч Д.П нь “…төлбөр төлнө гэж өөрөө амласан боловч тэрэндээ хүрээгүй. Үүний дараа бараагаа өгөөд үлдсэн мөнгөө төлчихье гэхээр нь би “тэгье, би бараагаа авъя” гээд 4-5 удаа хүлээсэн. Тохирсон цагтаа тохирсон газраа яг байсан. Тэр болгондоо би залгасан түүхүүдээ баримт болгож хавсаргасан байгаа. Би бараагаа хүлээж авахгүй биш авна гэж хэлсэн. Хүнсний бараа учраас маш эрсдэлтэй. Би өөрөө хими технологич мэргэжилтэй хүн. Хүнсний барааг буцаах байлаа гэхэд тэр барааг доголдолтой үед буцаах боломжтой байдаг. Гэтэл би доголдолтой бараа өгөөгүй, бүгд бүрэн очсон. Доголдолгүй бараагаа би буцааж авъя гэсэн үед өөрөө бас авчирч өгөөгүй. Тиймээс би мөнгөн хэлбэрээр гомдлоо барагдуулмаар байна...” гэж мэтгэлцэж байна.
3. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4. Хэрэгт цугласан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.П нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нийт 3,742,800 төгрөгийн үнэ бүхий повдэр (и/з, манго, нэрс, иогурт, шоко, чийз), хурдан боба, жэм (гүзээлзгэнэ, манго, нэрс), пүрий шоко, сироп б/сахар, аяга 500 мл, соруул 19 см зэрэг бүтээгдэхүүнүүдийг хариуцагч И.М-н хүсэлтээр **** аймаг руу унаанд дайж явуулсан үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч И.М нь дээрх бүтээгдэхүүнүүдийг хүлээн авсан болон барааны үнийг төлөөгүй талаар маргаагүй. Харин тухайн бүтээгдэхүүнийг биет байдлаар буцаан өгнө гэж татгалзжээ.
6. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж,
247.2-т “Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Д.П нь хариуцагчийн хүсэлтээр 3,742,800 төгрөгийн бүтээгдэхүүнийг **** аймаг руу унаанд дайж явуулснаар үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш үүссэн хадгалалт, хамгаалалт болон цаашид худалдан борлуулахтай холбоотой эрсдэлийг хариуцагч И.М нь хариуцах үүрэгтэй.
7. Хариуцагч И.М шүүх хуралдаанд “...материалуудаа авна гэвэл тухайн материалууд нь манай нэг үйлдвэрийн агуулахад бүгд байгаа...” гэж тайлбарласныг нэхэмжлэгч Д.П нь “...бараагаа өгөөд үлдсэн мөнгөө төлчихье гэхээр нь би “тэгье, би бараагаа авъя” гээд 4-5 удаа хүлээсэн. Тохирсон цагтаа тохирсон газраа яг байсан. Тэр болгондоо би залгасан түүхүүдээ баримт болгож хавсаргасан байгаа. ...Доголдолгүй бараагаа би буцааж авъя гэсэн үед өөрөө бас авчирч өгөөгүй. Тиймээс би мөнгөн хэлбэрээр гомдлоо барагдуулмаар байна...” гэж татгалзсан.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж,
204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж тус тус заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч И.М нь буцаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хугацаандаа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн “...Доголдолгүй бараагаа би буцааж авъя гэсэн үед өөрөө бас авчирч өгөөгүй. Тиймээс би мөнгөн хэлбэрээр гомдлоо барагдуулмаар байна...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч И.М нь гэрээнээс татгалзах эрхээ алдсан байна.
8. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.М-с барааны үнэ 3,742,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.П-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дуг-аар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.М-с 74,835 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.М-с барааны үнэ 3,742,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.П-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.М-с 74,835 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.П-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА