| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01071/И |
| Дугаар | 305/ШШ2026/00114 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2026/00114
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Ж газрын нэхэмжлэлтэй
хариуцагч: Г түүнийг төлөөлж захирал Говь-Алтай аймгийн ****** оршин суух Ж овогт А-ийн Н,
хариуцагч: Улаанбаатар хот *********тоотод оршин суух Г овогт Э-ийн Б,
хариуцагч: Улаанбаатар хот ********* тоотод оршин суух Х нар овогт А-н Г,
хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* тоотод оршин суух Гөрөөч овогт М-йн Б- нарт холбогдох
зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний төлбөрт 118,085,409.78 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний төлбөрт 118,085,409.78 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч Г- (убд:0********, РД:********), түүнийг төлөөлж Захирал Ж ургийн овогтой А-ийн Н (РД:Д*******9), Хамтран үүрэг гүйцэтгэгч Г ургийн овогтой Э-ийн Б (РД:Д********1) нар нь Жижиг, дунд үйлдвэрийн газар-аас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2021/А50-9 тоот зээлийн болон 2021/А50/Б-9 тоот барьцааны гэрээ байгуулан 80,000,000 (наян сая) төгрөгийг Арвайн гурил төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд А.Г- (РД:У**********)-ийн өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн ******тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-********, гэрчилгээний ********* дугаар бүхий, 44.52м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; М.Б- (РД:ШД79090411)-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн ********* тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү***********4, гэрчилгээний ********* дугаартай, 75м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2021/А50-9 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тасалбар болгон Г-ноос 118,085,409.78 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнийг задлан харуулбал:
- Үндсэн зээлийн төлбөр 80,000,000 төгрөг
- Зээлийн хүүгийн төлбөрт 11,174,552.30 төгрөг
- Зээлийн алдангийн төлбөрт 26,879,357.48 төгрөг
- Нотариатын зардал 31,500 төгрөг, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г- түүнийг төлөөлж захирал А.Н-, хариуцагч Э.Б, А.Г-, М.Б- нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус хоршоо нь Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 80,000,000 /наян сая/ төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Бид тодорхой шалтгааны улмаас үндсэн зээл болон хүүгийн төлөлтийг цаг тухайд нь эргүүлэн төлж чадаагүй. Иймээс Жижиг, дунд үйлдвэрийн газраас тухайн зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох мөн үндсэн зээл , зээлийн хүүгийн төлбөрийг төлүүлэх нэхэмжлэх ирснийг бид хүлээн зөвшөөрч байна. Бид сүүлийн 2 жил ургац алдсан мөн нэр бүхий компани манай усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлээгүйн улмаас бидний үйл ажиллагаанд хүндрэл учирч санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн. Иймээс алдангийн 26,879,357 төгрөгийг 50% хөнгөлж өгнө үү. Мөн дараах хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй тул бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллана уу. 2026.03.25-ны дотор 30,000,000, 2026.06.25-ны дотор 20,000,000 төгрөг, 2026.11.25-ны дотор 54,645,800 төгрөгийг бүрэн төлж дуусгах болно гэжээ.
4. Нэхэмжлэгч Ж газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй Г-нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.С миний бие оролцож байгаа. Хариуцагч 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЖДҮГ-т ирж уулзсан бөгөөд төлбөр төлөх хуваарийг харилцан тохиролцсон тул хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн төлбөр төлөх хуваарийг зөвшөөрч буй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Жгазрын нэхэмжлэлтэй, А.Н-, Э.Б-, А.Г-, М.Б- нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний төлбөрт 118,085,409.78 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Г- түүнийг төлөөлөгч А.Н-, хариуцагч Э.Б, А.Г-, М.Б- нар нь Ж газраас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Жгазар нь алдангийн 26,879,357 төгрөгөөс 50% буюу 13,439,678.5 төгрөгийг хөнгөлж, нийт 104,645,800 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 30,000,000, 2026 оны 06 дугаар сарын 25-ны дотор 20,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 54,645,800 төгрөгийг бүрэн төлж дуусгахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Ж газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж газар нь хариуцагч Г- түүнийг төлөөлж А.Н-, Э.Б-, А.Г-, М.Б- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Н-, Э.Б-, А.Г-, М.Б- нараас 104,645,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 681,179 төгрөгийн тавин хувь буюу 340,589.5 /гурван зуун дөчин мянга таван зуун наян есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж газрын нэхэмжлэлтэй, А.Н-, Э.Б-, А.Г-, М.Б- нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний төлбөрт 118,085,409.78 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлд нэхэмжлэгч Ж газар нь алдангийн 26,879,357 төгрөгөөс 50% буюу 13,439,678 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь Ж-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч нийт 104,645,800 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 30,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны дотор 20,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 54,645,800 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж газар нь хариуцагч Г- түүнийг төлөөлж А.Н-, Э.Б-, А.Г-, М.Б- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Н-, Э.Б-, А.Г-, М.Б- нараас 104,645,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 681,179 төгрөгийн тавин хувь буюу 340,589.5 /гурван зуун дөчин мянга таван зуун наян есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА