| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2535000000155 |
| Дугаар | 2025/ДШМ/57 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/57
Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2535000000155 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч ургийн овогт Г-ийн Б.
1. Холбогдсон хэргийн талаар: Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Увс аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө согтуугаар “Toyota ist” загварын, Х улсын дугаартай автомашиныг жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Ч ургийн овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримлан шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар 17 /арван долоо/ хоногоор тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Г.Б-д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч миний хувьд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учраагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, гэмшиж, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.
Би ээжийн хамтаар Увс аймгийн Х сумын 3 дугаар багт оршин суудаг. Ээж А-ийн эрүүл мэндийн байдал тааруу, байнгын эмчийн хяналтад байдаг, элэгний хатуурал оноштой, цаашид элэг солиулах заалттай, эмчийн хяналтад эмчилгээтэй байгаа.
Миний хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, группэд байдаг. Миний хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 6 сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие төрөлхийн хөл муутай, ээжийн хамт амьдардаг, ээж маань бие муутай. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.
6. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дараах тайлбар, дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч Г.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн байдал, урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж дүгнэн хорих ял оногдуулсан.
Шүүгдэгчийн зүгээс хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гаргсан гэж үзэж байгаа тул 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Өмнө нь эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нотлогдон тогтоогдсон.
Миний хувьд хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Шүүгдэгч анхнаасаа хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа, хүлээх хариуцлагын хувьд хувийн байдлыг харгалзаж үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн агуулгатай санал, хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж байсан.
Анхан шатны шүүхээс түүнд нийгмээс тусгаарлаж буюу хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн хувьд, үйлчлүүлэгчийнхээ гаргасан зөрчил болон эрүүгийн хэрэгт нь удаа дараа эрх зүйн туслалцаа үзүүлэн оролцож байгаа.
Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлын талаар тайлбар хийхийг хүсч байна. Г.Б ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ах нь хөдөө мал маллаж, ээж дүү хоёрынхоо амьжиргааг залгуулдаг.
Ээж нь өндөр настай, элэгний өвчтэй, элэг солиулах шаардлагатай боловч санхүүгийн боломжгүй учраас элэг солиулж чадахгүй байгаа. Ээж нь надад ярихдаа, “надад амьд явах ганцхан шалтгаан нь миний хүү Б Төрөлхийн тулгуур эрхтний бэрхшээлтэй. Би хөл дээрээ босож чадахгүй байсан хүүгээ жил бүр рашаан сувилал, эмчилгээнд авч явсаар байж хөл дээр нь босгосон, миний хүү хөгжлийн бэрхшээлтэй учраас эмэгтэй хүн тоодоггүй, гэр бүл болоогүй. Би өөрийн амьжиргааны хэдэн малаа зарж, тэтгэврийн хэдэн төгрөгөө цуглуулж байж, машин авч өгсөн. Гэтэл найз нар нь машиныг нь ашиглахаар дагуулж яваад пиво авч өгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна” гэж ярьж байсан.
Өмнөх зөрчлийн хувьд оюутан найз нь Улаанбаатар хот руу явахад гаргаж өгч явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авагдсан байсан.
Миний үйлчлүүлэгч нийгмээс тусгаарлагдаад хорих ял эдлэхэд биеийн эрүүл мэндийн хувьд үнэхээр хүндрэлтэй. Төрөлхийн тулгуур эрхтний эмгэгтэй учраас биеэ авч явах чадвар маш сул. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хоригдох хугацаанд миний бие очиж уулзах бүрт уйлдаг, хамт хоригдож байгаа хүмүүстэйгээ чөлөөтэй харилцаж, ярилцаж чадахгүй. Цагдан хорих байрны хянагч нар хүртэл ярьж байсан, өөрийгөө бусдад бүрэн илэрхийлж чаддаггүй, ганцаараа чимээгүй суугаад байдаг гэж хэлж байсан. Энэ байдлаар цаашид энэ хорих ялыг эдлэхэд хүндрэлтэй гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн хувьд, үйлчлүүлэгчээ дахиж ийм алдаа гаргахгүй гэдэгт итгэж байгаа, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэдгээ маш сайн ухамсарласан гэдгээ өөрөө ч надад илэрхийлж байгаа, миний хувьд ч мөн адил итгэж байгаа. Сэтгэл санаа нь маш хүнд байдалтай байгаа учраас шүүх хуралдаанд өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан бүх төрлийн ял шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Б-ын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2535000000155 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Увс аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota ist” загварын, Хулсын дугаартай автомашин жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,
- автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/,
- 2025 оны 06 сарын 20-ны 02 цаг 45 минутад шүүгдэгч Г.Б-ын согтуурсан эсэхийг драгер багажаар шалгахад 0.73%-ийн согтолт илэрсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13, 15 дугаар тал/,
- 2025 оны 06 сарын 20-ны 02 цаг 50 минутад Г.Б-ыг ар гэрийн хүнд нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-р тал/,
- шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2024 оны 12 сарын 16-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар хассан тухай Цагдаагийн Ерөнхий Газрын 2025 оны 7 сарын 01-ний өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл гэх баримт /хх-ийн 17-р тал/,
- гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 6 дугаар сарын 19-ний орой 11 цагийн үед сумын төвийн хойд талд байдаг голын арын дэнж дээр Г.Б-тай уулзсан. Тухайн үед Г.Б өөрийнхөө “Toyota ist” загварын, Хулсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд бид Б бид 3 дэлгүүр орж, пиво аваад сумын төвийн ард байх “Г” гол дээр очиж пиво ууцгаасан. Сумын төвөөс гарч яваад гудамжинд Б.Х-тэй таарсан бөгөөд бид гуравтай хамт Б.Х автомашинд суугаад явсан. Бид 4 пиво ууж дуусаад шөнө 02 цаг өнгөрч байхад сумын төв рүү орж явтал сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгасан. Тухайн үед Г.Б өөрийнхөө “Toyota ist” загварын, Х улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
- гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Г” гол орохоор явж байгаад Г.Б-тай таарсан. Б.А бид хоёр Г.Б-ын автомашинд суугаад сумын төв орсон. Сумын төв ороод ченж Т-ийн дэлгүүрээс Г.Б 2 пиво авсан. Тэндээс хөдлөөд сумын төвийн ард байх “Г” гол дээр очиж дэлгүүрээс авсан 2 пивоо ууцгаасан. Шөнө 02 цаг өнгөрч байх үед буцаад сумын төв рүү орсон. Сумын төв рүү орох замд сумын хэсгийн төлөөлөгч зогсоон шалгаж, Г.Б-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна гэж хэлээд цагдаагийн хэсгийн байранд авч ирж, үлээлгэж шалгасан. Г.Б өөрөө машинаа жолоодоод явж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Б-ын автомашинд суугаад хамт гол орцгоосон. Гол дээр очоод 2 пиво хувааж уучхаад буцаад сумын төв рүү орж явтал сумын хэсгийн төлөөлөгч зогсоож шалгасан. Г.Б-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар цагдаагийн хэсгийн байранд аваачиж үлээлгэж шалгасан. Тухайн үед Г.Б машинаа жолоодож явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
- шүүгдэгч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчимд Б.А, Б.Б нартай уулзсан. Тухайн үед би өөрийн 36-33УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд бид 3 дэлгүүр орж, 2.4 литрийн савтай 2 ширхэг пиво авч, сумын төвийн ойролцоо байдаг голын дэргэд очиж уусан. Пивоо ууж дуусахад цаг нэлээн орой болсон байсан тул сумын төв рүү буюу гэр, гэр рүүгээ явах гээд бүгд миний автомашинд суугаад сумын төв орж явтал замд хэсгийн төлөөлөгч таарч намайг зогсоосон. Тэгээд “ танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гэж хэлээд намайг цагдаагийн хэсэг дээр дагуулж ирсэн. Согтуурал шалгах багажаар миний согтуурлыг шалгахад 0.73%-ын согтолтой гарсныг надад харуулж, намайг ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
- Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай, Г.Б-д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 54-57 дугаар тал/,
- Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02/1487 дугаартай, ялтан Г.Б-ын ялын тооцоо гэх албан бичиг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
3.1. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д: “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан ба Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг хуульчилж, мөн зүйлийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т: согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан зөрчил буюу жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцохоор 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тогтоосон, тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинээр нэмж хуульчилсан.
3.2. Хэрэгт авагдсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 832 дугаар шийтгэвэр, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Г.Б-ын 2024 оны 9 сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоолох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,
- мөн дээрх шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 4 сарын 29-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б-д Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор заасан бөгөөд тэрээр уг нэмэгдэл ялаа эдэлж байх үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 20-ны шөнө дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сар хорих ялаар шийтгэж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг жил хоёр сар арван долоо хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг дөрвөн жил хоёр сар арван долоо хоногоор тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.Б нь шүүхээс хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд: “Миний бие хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, би эхийн хамт 2-лаа амьдардаг, эх А нь элэгний хатуурал оноштой, хавагнаж ус хурсан байдалтай, эмчийн хяналтад байдаг, элэг солиулах хагалгаа хийлгэх заалттай. Миний эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзаж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
4.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.
4.2. Шүүгдэгч Г.Б нь төрөлхийн тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу хөлийн хатангиршил өвчний улмаас 4 наснаас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож байсан, халамжийн тэтгэвэр авдаг, эхийн асран хамгаалалтад байж рашаан сувилал, эмчилгээнд байнга хамрагддаг болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Увс аймаг, Х сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 30 дугаар тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн эрүүл мэнд, ар гэрийн амьдрал байдлын талаар өгсөн гэрч Ц.А, Ц.Ам нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Анхан шатны шүүхээс ял шийтгэхдээ, шүүгдэгч Г.Б өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдэж, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг эдэлж дуусаагүй байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон талаар дүгнэсэн нь үндэслэлтэй боловч шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал буюу эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, түүнд зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчихгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлэн оногдуулсан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
4.3. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух Увс аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэх талаар дурдсан гэсэн нэмэлт заалт тус тус оруулах үндэслэлтэй байна.
5. Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэхдээ хуулийг буруу хэрэглэж, алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
5.1. Шүүгдэгч Г.Б нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,800,000 төгрөгөөр торгох ялыг эдэлж дууссан болох нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 7 сарын сарын 23-ны өдрийн 02/1487 дугаар албан бичгээр нотлогдож байна.
Харин дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлджээ.
5.2. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үйлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр нэмж нэгтгэхдээ, нэмэгдэл ял эдэлсэн хугацааг өмнөх шийтгэх тогтоол гарсан өдөр /2025 оны 5 сарын 30/-өөс эхлэн сүүлчийн шийтгэх тогтоол гарах өдөр хүртэлх хугацаагаар буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тооцож, эдлээгүй үлдсэн эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 17 /арван долоо/ хоногоор тогтоосон нь хуульд нийцээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт, эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл журмыг, мөн бүлгийн 183 дугаар зүйлд эрх хасах ял эдлэх хугацааг тоолох журмыг тус тус тусгайлан зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 183.2-т: “Ялтан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохгүй” гэж заажээ.
Дээрх хуульд заасан эрх хасах нэмэгдэл ял эдлэх хугацаа тоолох журмаар бол шүүгдэгч Г.Б-ын сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын эдэлсэн хугацаа зогссон гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан шүүхийн хориглолтыг зөрчсөн өдрөөр түүний эрх хасах ял эдэлсэн хугацаа тоолохыг зогсоох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Б нь өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас /2025 оны 5 сарын 30-ны өдрөөс 2025 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл/ нийт 21 хоногийн ял эдэлж, эдлээгүй 1 жил 5 сар 9 хоногийн ял үлдсэн байх тул сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, нийт ялын хугацааг 4 жил 5 сар 9 хоногоор тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
5.3. Анхан шатны шүүх шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан боловч, өмнөх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэхдээ дээрх хуульд заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн болно.
6. Шүүгдэгч Г.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 50 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдсон 6 хоног, нийт 56 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 4 сар, 4 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
7. Шүүгдэгч Г.Б-д шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул шүүх хуралдааны танхимаас суллах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй” гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын: “эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 17 / арван долоо/ хоног” гэснийг “эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 5 /тав/ сар 9 /ес/ хоног” гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын: “4 /дөрөв/ жил 2 / хоёр/ сар 17 /арван долоо/ хоног” гэснийг “4 / дөрөв/ жил, 5 /тав/ сар, 9 /ес/ хоног” гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын: “... хорих ял эдэлж дууссан үеэс” гэснийг “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс” гэж тус тус өөрчилж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг хүчингүй болгож,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух Увс аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Б зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг зөрчвөл ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 50 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдсон 6 хоног, нийт 56 /тавин зургаа/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, түүний биеэр эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 4 /дөрөв/ сар, 4 /дөрөв/ хоногоор тогтоосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН