Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 601

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            улсын яллагч Х.Анхцэцэг,

            хохирогч З.П, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням /ҮД:0317/,

  шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Алтанцол /ҮД:0289/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох 1708007860078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

Шүүгдэгч Б.Н 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоот гэртээ хадам эх болох С.З, хадам дүү болох З.П нарыг 2 хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Н 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоот гэртээ хадам эх болох С.З, хадам дүү болох З.П нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- хохирогч С.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.Н над руу хоёр хуруугаараа чичээд дайрахад З.П миний урдуур ороод Б.Нийн гарыг авахад Б.Н нөгөө гараараа миний нүүрэнд улаа бутартал цохисон. Б.Нт цохиулаад эргээд хартал З.Пгийн нүүр лүү гараараа нэг удаа цохиж харагдсан. Тэгэхээр нь би охин бэр хоёроо салгах гээд дундуур нь ортол Б.Н надаас зуураад үсдээд бид 3 хэсэг хугацаанд ноцолдсон...Б.Н нүүр рүү цохиж, үсдэж зулгаагаад л ноцолдоод байсан...гэх мэдүүлэг /хх-112-113, 147, 189-190/,

- хохирогч 3.З.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.Н ээж рүү “та нар манай босгоор бүү дав, та нар дандаа гай болдог” гээд хоёр хуруугаараа нүд рүү нь чичээд байхаар нь би ээжийг хаагаад урдуур нь ороод “гай болсондоо яасан юм” гэхэд Б.Н эгч миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Үргэлжлүүлэн үсдэж дарахаар нь би зөрүүлээд түүнийг үсдсэн. Б.Н эгч бид хоёрыг үсдэлцээд тонгойсон байхад манай ээж С.З хажуунаас “тавьцгаа хэл амтай хүмүүс байж эвээр яръя” гэхэд Б.Н эгч намайг тавихаар нь би ч гэсэн түүнийг тавьсан...эргээд харахад Б.Н эгч ээжийг хоёр гараараа үсдээд доош нь дарчихсан хоёр тийш нь сэгсэрч байгаа харагдсан. Тэгэхээр нь би очоод бэр эгчийгээ салгаж авах гээд үсдэж авах гээд татахад Б.Н эгч тавьсан...гаднаас Н, М хоёр ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-110, 185-186/,  

- гэрч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н бид хоёрыг ороход л З З.П нар нь Б.Н эгчтэй үсдэлцсэн. З.Пгийн амнаас цус гарсан харагдсан...гэх мэдүүлэг /хх--23/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9643 тоот:...С.Згийн биед тархи доргилт, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-33/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9644 тоот:...З.Пгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн эгэм, зүүн суга, даланд зулгаралт гэмтэл т огтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-36/

   - шүүгдэгч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай хадам ээж Загдсумъяа бид угаасаа хоорондоо таарамж муутай байсан. 2017 оны 7 дугаар сарын 21-22-ны үед манай гэрээс буюу үүдний өрөөнд нөхрийн цамцанд сүүжний яс ороогоод тавьсан байсан...2017.7.23-ны өглөө нөхөр Бэд сүүжний яс олсон тухайгаа хэлсэн ба түүний дүү З.П удган бөө учир түүнийг ийм зүйл хийсэн байх гэж хэлснээс болоод нөхөртэйгөө муудсан. Намайг тийм зүйл ярихад нөхөр уурлаад хувцсаа аваад гэрээс гараад явсан. Нөхрийг гарч явснаас 3 цаг орчмын дараа хадам ээж, хадам дүү З.П нар гэрт ирээд Бийг дандаа хөөдөг хэн бэ чи, манай гэрээс зулбасагануудаа аваад зайл гээд 2 талаас орилж, хашгираад түүнээс болоод эхлээд З.П бид 2 үсдэлцсэн. Тэгээд хоорондоо зодолдсон. Хадам ээж биднийг салгах гэж байсан охин Г алгадаад авахаар нь би охиноо өмөөрөөд хадам ээжтэйгээ үстэлцэж зууралдсан...хадам ээж, дүү З.П бид нар үстэлцэж байгаад дөнгөж нэгнийгээ тавиад байж байхад манай дүү нар болох Н, М нар орж ирээд биднийг салгаад маргаад зогсож байхад л гаднаас цагдаа нар ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-48-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Б.Нийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

Хохирогч нарын “хэрхэн зодуулсан тухай” удаа дараагийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч нарт учирсан гэмтлийн тухай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн...охиноо өмөөрөөд хадам ээжийг үсдсэн гэх мэдүүлэг зэрэг баримтаар хохирогч нарын мэдүүлгийг худал гэж, мөн хохирогч нар шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг шууд довтолсон гэж тус тус үзэх үндэслэл, баримтгүй байх тул шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй, харин  хохирогч нарын хэлсэн зүй бус үг, зүй бус харьцаа тус гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэв.        

Гэр бүлийн суурь асуудлыг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэдэгт “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа...төрөл, садангийн хүнийг”, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн тайлбараас үзвэл “ойр дотны хүн” гэдэгт мөн гэрлэгсэдтэй хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүн”-ийг тус тус хамааруулсан байх тул шүүгдэгчтэй хамт амьдардаггүй тухайн хохирогч нарыг шүүгдэгчийн гэр бүлийн гишүүд гэж үзэх үндэслэлгүй буюу шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх боломжгүй байна.

Хохирогч 3.З.П хохирол нэхэмжлээгүй, хохирогч С.Зд учирсан хохиролд “Со”-т төлсөн 373.000 төгрөг /хх-129/, толгойн томографи зураг авахуулсны 120.000 төгрөг /хх-130/ нийт 493.000 төгрөгийг хангаж, төлөх хугацааг шүүгдэгчийн орлого олох боломж, хувийн байдлыг харгалзан 7 сараар тогтоов.     

 Харин хохирлын бусад нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангаагүй, засвартай, баталгаажаагүй төдийгүй хохирогчид учирсан тухайн хөнгөн гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл, баримт тодорхой бус, мөн хуулиар өмгөөлөгч авахыг хохирогчид үүрэг болгосон үндэслэлгүй зэрэг үндэслэлээр бусад хохирол, зардлыг тус тус хангах боломжгүй ба хохирогч С.З гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.               

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

            Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн буюу шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгч нь насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, “Х” ХХК-д оёдолчин ажил эрхэлдэг зэрэг хувийн байдалтай байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг 7 сараар тогтоов.       

            Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Шүүгдэгч Б.Нийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Нт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд 493.000 төгрөгийг 7 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгасугай.

 

            7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч С.З гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР