Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01590

 

 

 

 

 

 

 

 

                                         Ч.Огийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01348 дугаар шийдвэртэй, Ч.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Дд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 58 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Охин Ч.Эрдэнэзулын найз залуу байсан н.Төрболд гэх лам залуу надад “манай хамаатны эгч Г.Дд үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалаад 25 000 000 төгрөг хүүтэй зээлүүлээч” гэсэн. Би Г.Дгийн гэрт нь очиж үл хөдлөх эд хөрөнгийнх нь бичиг баримтыг шалгаж үзсэн. Тухайн үед Г.Д надад “... өөрийнх нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Цог дээд сургуулийн байр дуудлага худалдаанд орох гэж байгаа, 3 өөр хүн худалдаж авах гэж байна, дуудлага худалдаанд орвол миний үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж зарагдах гээд байна мөнгө зээлүүлээч гэж гуйсан. Хэрэв та мөнгө зээлчихвэл би дуудлага худалдаанаас хөрөнгөө чөлөөлж аваад дараа нь ямар ч асуудалгүй мөнгийг чинь найдвартай буцааж өгнө гэсэн. Ингээд би Г.Дд итгэж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги нэмж төлөхөөр тохиролцож, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Гэрээ хийхдээ Г.Д үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг надад хадгалуулсан боловч хэсэг хугацааны дараа хэрэг болоод байна гээд буцаагаад авсан. Гэвч Г.Д зээлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөг буцааж өгөлгүй, янз бүрийн шалтаг хэлсээр өнөөдрийг хүрч байна. Иймд Г.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 58 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Харицагчийн тайлбарт: Би өөрийн өмч болох Хан-Уул дүүрэгт байрлах сургуулийн зориулалттай байрныхаа үл хөдлөх болон газрын татвараа төлөх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Огээс 25 000 000 төгрөгийг хүү тооцохгүйгээр 10 000 000 төгрөг нэмж өгөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулж дансаар 25 000 000 төгрөгийг авсан. Барилгаа газартай нь зарахаар хүмүүстэй тохиролцсон байсан. Гэтэл газрын гэрчилгээ шинээр авч байж зарагдах нөхцөл үүссэн тул одоо болтол барилга зарагдаагүй байна. Анх нэхэмжлэгчтэй амаар тохирохдоо барилгыг газартай нь зарсаны дараа мөнгийг өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч хэлсэндээ хүрээгүйд гомдолтой байна. Анхны гэрээг нэхэмжлэгч өөрийн танил хамт сургууль төгссөн гэх нотариатаар баталгаажуулан авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Бид Хан-Уул дүүргийн танихгүй нотариат дээр очиж гэрээнд өөрчлөлт оруулах гэхэд хууль зөрчих учраас баталгаажуулахгүй гэсэн. Баянзүрх дүүргийн нэхэмжлэгчийн танил нотариатаар дараагийн хүчин төгөлдөр бус гэрээг хийлгэсэн. Гэрээнд 5 000 000 төгрөг нэмж 40 000 000 төгрөг болгон өгөх заалт оруулахаар нэхэмжлэгчтэй тохирч нотариат дээр очсон боловч гэрээг үндсээр нь өөрчлөн шинэ гэрээн дээр надаар гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дгээс 49 000 000 /дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 /есөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 447 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 402 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж Ч.О, Г.Д нар гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй.

Бид 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 000 000 төгрөгийн хүүтэй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Г.Дтэй харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг дахин сунгасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зээлийн гэрээгээр хүү шаардаж байгаа бол хожим нөхөж бичгээр байгуулах боломжгүй, хожим байгуулсан гэрээг сунгасан гэж үзэхээр байна. Иймд шүүх бичгээр тохирсон хугацаанд зээлийн хүүг бодож, зээлдэгчийн үүргийн хэмжээг тооцох үндэслэлтэй байна. Анхны байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн төлбөрийг тооцож үзвэл 25 000 000 төгрөг хүү 10 000 000 төгрөг алданги 21 000 000 төгрөг /1 өдрийн алданги 175 000*240 нийт 42 000 000/ 56 000 000 төгрөг болно.

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 14 хоногийн хүү 650 000 төгрөг+ 1 542 500 төгрөг /алданги 128 250*90=11 542 500 төгрөг/ 12 192 500 төгрөг төлөхөөр байна. Дээрх гэрээнүүдээс зээлдэгчийн төлөх төлбөрийг нэгтгэн тооцвол үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 10 650 000 төгрөг, алданги 17 825 000 төгрөг нийт 53 475 000 төгрөг байна.

            Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийн 50 хувийг багасгалаа гэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс алдангийн хэмжээг илт их байна гэж маргаагүй сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Гэвч шүүх өөрийн санаачлагаараа алдангийн хэмжээ илт их байна хэмээн багасгасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1348 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 4 475 000 төгрөг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58.0 сая төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 25.0 сая төгрөг хүү тооцохгүйгээр 10.0 сая төгрөг нэмж өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 25.0 сая төгрөгийг бэлэн бус дансаар авсан. Шүүх анхны гэрээ, түүний дагуу зээлэн авсан 25.0 сая төгрөгт ач холбогдол өгч зөв үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Сүүлд хийсэн зээлийн гэрээг үнэн зөв гэж үзэж хүү, алданги тооцон 49.0 сая төгрөг гаргуулахаар болсон нь үндэслэл муутай гэж үзэж байна. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 25.0 сая төгрөгийг хүү тооцохгүйгээр зээлэн 10.0 сая төгрөгийг нэмж өгөхөөр тохиролцсон гэрээг хүчин төгөлдөрт тооцож 35.0 сая төгрөг гаргуулах гэх өөрчлөлтийг шийдвэрийн 1 дэх заалтад оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Г.Дд холбогдуулан үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 15 000 000 төгрөг, алданги 18 000 000 төгрөг, нийт 58 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

          Хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 07, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч дээрх 2 гэрээний үүргийг нэгтгэн нийт 58 000 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт буруу байна.

    Нэхэмжлэгч нь эхний гэрээний үүргийг шаардах эрхтэй. Хариуцагч Г.Д 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ч.Огээс 3 сарын хугацаатай 25 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгийн хүүтэй зээлдэн авч, гэрээнд заасан хугацаанд зээлийг, хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдэгч алданги төлөхөөр тохиролцсон байна. Зээлдүүлэгч нь зээлдэгчид 25 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, талууд хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх тул  нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй. /хх7, 24/

2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөг хариуцагч төлөхөөр байх боловч талуудын тохиролцсон хүүгийн хэмжээ хэт өндөр байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгаж 5 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Хариуцагч нь үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 10 000 000 төгрөг, алдангид 5 000 000 төгрөг нийт 40 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлөх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр биш болно.   

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй. Уг гэрээгээр талууд мөнгө харилцан өгч авалцаагүй, өмнөх гэрээний хугацааг сунгасан байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дууссан байхад уг гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар сунгасан нь Иргэний хуулийн 72 дугаар сарын 72.7 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 Талууд өмнөх гэрээний хугацааг сунгах хүсэл зоригтой байсан бол Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусах үед энэ талаар тохиролцох ёстой байжээ.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “49 000 000” гэснийг “40 000 000” гэж, 2 дахь заалтын “402 950” гэснийг “357 950” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                 А.МӨНХЗУЛ