| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 183/2018/02050/И |
| Дугаар | 210/МА2019/00139 |
| Огноо | 2019-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2019/00139
| 2019 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2019/00139 |
Ххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/02584 дугаар шийдвэртэй, Ххххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *****-д холбогдох 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдаж, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,
2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ххххххх ХХК иргэн **** -тэй 2014 оны 04 сарын 23-ны өдөр №02/24 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь Хан Уул дүүрэг Буянт ухаа хороолол, тоот хаягт байрлах 79.5 мкв талбайтай орон сууцыг захиалагч талд 2016 оны 07 сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1 750 000 төгрөг бөгөөд нийт үнэ 139 125 000 төгрөг болно. Захиалагч нь нийт үнэ 139 125 000 төгрөгөөс 23 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2014 оны 04 сарын 23-ны өдөр №02/24 тоот гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг үндэслэн 2016 оны 10 сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 23 000 000 төгрөгийг уг гэрээний нэмэлт өөрчлөлт албан ёсоор баталгаажсан өдрөөс хойш шаардсан хугацаанд барилгын бараа, материалаар төлөхөөр тохиролцсон. ******нь үүргээ биелүүлээгүй тул 23 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч 23 000 000 төгрөгийг 0000 УНХ улсын дугаартай Мицибуши кантер маркын машиныг өгснөөр төлбөр барагдуулсан мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж байх тул 2016 оны 9 сарын 20-ны өдөр Ххххххх ХХК болон М.Д-ийн нөхөр Ххххххнарын хооронд байгуулагдсан автомашин худалдаж, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Энэ гэрээг хийх болсон шалтгаан нь хариуцагч ******ХААН банкнаас 8 хувийн зээл авах зорилгоор урьдчилгаа төлбөрт 23 000 000 төгрөгийг тус компанид машинаа зарж, төлсөн байдлаар баримт бүрдүүлэхээр хийсэн гэрээ бөгөөд уг машиныг худалдаж авсан зүйл байхгүй. Харин 2016 оны 10 сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээгээр 23 000 000 төгрөгийг төлж дуусах хүртэл уг машины бичиг баримтыг компанийн захирал Ж.Цэвээндоржийн нэр дээр шилжүүлж, барьцаа болгож авсныг буруугаар тайлбарлаж, уг мөнгийг төлсөн мэтээр өөрсөндөө ашигтай байдал үүсгэж байна гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарт: ******тус компанитай орон сууц захиалгаар бариулах гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, гэрээний 2.2-т барилгыг 2015 оны 3-р улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгнө гэсэн боловч үүргээ биелүүлээгүй хугацаа их алдсан, ингээд 2016 оны 10 дугаар сард хүлээлгэж өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ххххх нөхөр хххххх тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж 57-69 УНХ улсын дугаартай Мицубиши Кантер маркийн ачааны автомашиныг үлдэгдэл 23 000 000 төгрөгт тооцон тус компанийн захирал ххххх нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, автомашиныг авч явсан. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тооцоо дууссан тул бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж тус компани 23 000 000 төгрөг хүлээж авсан баримт үйлдэж байрны үлдэгдэл төлбөр дууссан болно. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээний тухайд тус компанийн зүгээс өөр газарт үзүүлэх гэрээ хэрэгтэй, ийм учраас гарын үсэг байхад болно гэсэн тул гарын үсгээ зурсан. Нэмэлт өөрчлөлт хийсэн гэрээ байсан бол хуулийн дагуу нотариатаар батлуулж бүртгүүлэх ёстой байсан. Компани үлдэгдэл төлбөртэй байсан автомашиныг хүлээн авч өөрсдийн нэр дээр шилжүүлэн авч явснаас олон сарын дараа 2018 оны 03 дугаар асрын 19-ний өдөр 23 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг 8 000 000 төгрөгөөр тооцон худалдан болно гэсэн мэдэгдэл өгсөн ба өөрийн эзэмшлийн автомашинд үнэлгээ хийлгэж луйвардах гэсэн арга хэрэглэж нэхэмжлэл гаргасан байна. Бидний зүгээс Хаан банктай ипотекийн 8 хувийн зээл авч тус компанитай байрны бүх төлбөрийг төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ХхххххххХХК 2016 оны 09 сарын 20-ны өдөр миний нөхөр ххххх байрны үлдэгдэл төлбөрт тооцон 0000 УНХ улсын дугаартай Мицибуши кантер маркын ачааны зориулалттай автомашиныг худалдан авахаар тохиролцож Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан тус компанийн гүйцэтгэх захирал хххххх өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Энэ өдрөө Ж.Цэвээндоржийн Хаан банкны 5128009560 тоот данснаас машины төлбөр гэж 23 000 000 төгрөг ******миний Хаан банк дахь 50ххххх тоот дансанд шилжүүлсэн болно. Автомашины мөнгийг 2016 ны өдөр 01214 тоот бэлэн мөнгөний орлогын баримтаар ХхххххххХХК-д байрны үлдэгдэл төлбөр төлөв гэж орлого тушаасан ба орлогын баримт дээр тус компанийн гүйцэтгэх захирал нягтлан бодогч, кассын нярав нар гарын үсгээ зурцгааж санхүүгийн тамгаа дарсан болно. Байрны үлдэгдэл төлбөргүй болж ипотекийн зээлд хамрагдсан үед буюу 2016 оны 10 дугаар сарын 13-нд тус компанийн гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх нар уулзах хэрэг байна гээд бидэнд дотоод хэрэгцээнд хуурамч гэрээ хэрэгтэй болоод байна. Та байрны төлбөрийн үлдэгдэл байхгүй ч тус болж нэмэлт гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэсэн ба миний бие хуулийн нарийн мэдлэггүй дээр нь тус болох санаатай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн нэг хуудас цаасан дээр гарын үсэг зурсан. Гэтэл энэ компани хуурамч гэрээгээ гарган надаас гэрээгээр тохиролцож төлж дууссан мөнгийг нэхэмжилж байгаад туйлын гайхаж байна. Иймд 2016 оны 10 сарын 13-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт тухай гэрээг Иргэний хуулийн 59-р зүйлийн дагуу хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: Ххххххх ХХК болон иргэн ******нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрйин 02/24 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ бүр 2014 оны 08 дугаар сарын 07, 2015 оны 04 дүгээр сарын 20, 2015 оны 09 дүгээр сарын 21, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд хийгдэж байсан. Гэрээнд нэмэлт оруулах бүрд хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. Энэ нь ******уг гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээний үүргээ үүсэх үр дагаварыг бүрэн ойлгож түүнийг хүлээн зөвшөөрч хийгдсэн гэрээ юм. ******Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай этгээд бөгөөд монгол хэл, бичиг үсэг мэддэг, уншиж ойлгох, хүсэл зоригоо илэрхийлэх боловсролтой иргэн. Уг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж буй нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг агуулаагүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Должинсүрэнгээс 23 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ххххххх ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ххххххх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545 900 төгрөгийг, хариуцагч ххххх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххх улсын тэмдэгтийн хураамжид 272 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ххххххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудад бүрэн бодитой дүгнэлт өгөөгүй. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ нь уг маргаантай төлбөрт автомашинаа тооцож өгсөн, нэхэмжлэгч талын захирал, нягтлан бодогч, нярав нар бүгд гарын үсгээ зурж, санхүүгийн тамгаа дарснаар төлбөр дууссан болохыг баталж, орлогын баримт үйлдсэн зэрэг хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байхад хожим нь буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хууран мэхэлж хийсэн гэрээ, санхүүгийн баримтууд, гэрчээр асуугдсан нягтлан бодогчийн мэдүүлэгт тулгуурлан хэт нэг талыг барьсан нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд дээрх үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ххххххх ХХК хариуцагч *****-д холбогдуулан 2016 оны 9 сарын 20-ны өдөр байгуулагдсан автомашин худалдаж, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******эс зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Талуудын хоорондын маргаан хэргийн 6 дугаар тал дахь орон сууц захиалгаар бариулах гэрээнээс үүсэлтэй байх бөгөөд энэ гэрээ 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдаж нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг 0 тоот хаягт байрлах 79.5 мкв талбайтай орон сууцыг 2016 оны 07 дугаар сард хүлээлгэн өгөх, хариуцагч нь орон сууцны үнэ 139 125 000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг 2016 оны 8 сарын 02-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн, хариуцагч орон сууцны үнийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу 42 655 000 төгрөгийг хэсэгчлэн, 72 300 000 төгрөгийг Хаан банкнаас 8 хувийн хүүтэй зээл авч төлсөн нь орон сууц хүлээлгэн өгсөн болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, ХААН банкны №00000 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 75. 115-116/
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдаж, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй гэж үзснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Зохигчид төлбөрийн үлдэгдэл 23 000 000 төгрөг төлөгдсөн эсэх талаар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг ХААН банкнаас зээлээр авахын тулд автомашин худалдаж, худалдан авах гэрээ байгуулж, 23 000 000 төгрөгийг ххх-ээс хххх-д, ххххх-оос *****-д шилжүүлсэн гүйлгээ, ******23 000 000 төгрөг компанид тушаасан баримтыг үйлдсэн, бодитоор хийгдээгүй гэж тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.
Хэрэгт 2016 оны 9 сарын 20-ны өдрийн ххххх, ххххх нарын 0000 УНХ улсын дугаартай Мицубиши кантер маркийн ачааны зориулалттай автомашиныг Хххххх23 000 000 төгрөгөөр ххххх худалдах, ххххх төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн автомашин худалдаж, худалдан авах гэрээ байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ гэрээний талууд болох хххх, хххххх нар оролцоогүй, тэдгээрийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт хэргийн оролцогчдоос гаргаагүй тул шүүх өөр гэрээний талуудын харилцан шаардлага гаргах эрхэд нөлөөлөхгүйгээр зөвхөн орон сууц худалдах, худалдан авах гэрээний талуудад хамааралтай гэрээний үүргийг шийдвэрлэжээ.
Шүүхээс хэргийн 73, 74, 9, 118 дугаар талд авагдсан зохигчид хоорондоо хийсэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн гаргасан орон сууцны үнэ төлсөн жагсаалт, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, гэрч ххххх мэдүүлэгт хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Тодруулбал, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад хариуцагч ******нь 95 300 000 төгрөгийн өртэй байгааг харилцан батлаж, энэхүү төлбөрийн 72 300 000 төгрөгийг нь ордер гарсан хойно /банкны шийдвэр гарсан/, 23 000 000 төгрөгийн төлбөрийн тооцоог гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд дуусгахаар тохиролцсон байхын зэрэгцээ ххххх үйлдсэн төлбөр төлөгдөх жагсаалтад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 42 655 000 төгрөгийн төлбөр төлөгдсөн, үлдэгдэл төлбөрийг 95 300 000 гэж тооцоолсон байна.
2016 оны 10 сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэхэмжлэгч ******төлбөрийн үлдэгдэл 23 000 000 төгрөгийг шаардсан хугацаанд барилгын бараа, материалаар төлөх ..., орон сууцны үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд барьцаа болгон захиалагчийн эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэгдсэн 0000 УНХ улсын дугаартай Митсубиши кантер маркийн 3.5 тн даацтай тээврийн хэрэгслийг шилжүүлэх уг автомашиныг орон сууцны төлбөртөө оруулан тооцох санал гаргахгүй байх .., гэрээний төлбөрт тооцох төлбөрийн хэрэгсэл болгохгүй байхаар тохиролцжээ. Тэрээр гэрч ххххх ххххх, нь тухайн үед 95 300 000 төгрөгийн өртэй байсан, орлогын эх үүсвэр 72 3000 000 төгрөгийн зээлийг хангаж байна гээд 23 000 000 төгрөгийн баримтыг гаргуулж авсан, нэг жилийн хугацаанд үлдэгдлээ төлөхөөр тохирч автомашин барьцаалсан, автомашинаа зарж чадахгүй бол барилгын материал нийлүүлэхээр гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн байна.
Хэргийн 78, 83, 184 дугаар тал дахь гүйлгээний утга нь байрны урьдчилгаа Должинсүрэн гэж бичигдэн 23 000 000 төгрөг ххххх ХААН банкны дансанд 2016 оны 9 сарын 20-ны өдөр 16 цаг 29 минутад орж ирснийг энэ өдрийн 16 цаг 31 минутад машины төлбөр гэж хариуцагч хххххх өөрийнх нь өгсөн 500000 тоот дансанд буцаан шилжүүлсэн баримтаас хариуцагч нь автомашины үнийг биш, өөрийн шилжүүлсэн мөнгөн дүнг буцаагаад авсан гэж үзэхээр байх ба дээрх үйл баримтаар хариуцагчийн ххххххх Хаан банкны 500000 тоот данснаас машины төлбөр гэж 23 000 000 төгрөг ******миний Хаан банк дахь 5000000 тоот дансанд шилжүүлсэн болно. Автомашины мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 01214 тоот бэлэн мөнгөний орлогын баримтаар ХхххххххХХК-д байрны үлдэгдэл төлбөр төлөв гэж орлого тушаасан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Шүүх дээрх баримтууд болон зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн эхний шаардлагыг хангаж, 2 дахь шаардлагыг тээврийн хэрэгсэл худалдаж, худалдан авах гэрээ зохигчдын хооронд байгуулагдаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Хариуцагч 2016 оны сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хууран мэхэлж хийсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй байх тул талуудаас ирүүлсэн баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн шүүх хэрэгт авагдсан баримтуудад бүрэн бодитой дүгнэлт өгөөгүй, 23 000 000 төгрөгийн төлбөрт автомашинаа тооцож өгсөн, төлбөр төлж барагдуулсан тухайн компанийн орлогын баримт байхад сүүлд хууран мэхэлж хийгдсэн гэрээ, санхүүгийн баримт, гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэх гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/02584 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
А.МӨНХЗУЛ