| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2429000000140 |
| Дугаар | 2025/ДШМ/54 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/54
2025 оны 11 сарын 05 өдөр Дугаар 2025/ДШМ/54 Даланзадгад сум
Б.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахим/,
Шүүгдэгч Б.******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.*******т холбогдох 2429000000140 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Дэмчогийн хийдийн амралтын газарт Д.*******тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодож, олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,
Шүүгдэгч Далай гүний онход овогт Болдбаатарын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 10 /арав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 10 /арав/-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 155 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нь хохирол төлбөрт баримтаар 31,884,958 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирол төлбөрт 35,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нь сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл 22,816,298 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж болон бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хууль, журамд зааснаар шинжилгээ хийж тогтоогоогүй гэж үзсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Хэдийгээр шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1-д “шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.
Өөрөөр хэлбэл ямар байдлаар хэрхэн дүгнэлт гаргах, хэрэв хохирогч нас барсан тохиолдолд дүгнэлт гаргах эсэхийг журмаар зохицуулахаар шийдвэрлэсэн,
Үүний дагуу Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” батлагдаж, уг журмын 2,5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасан. Тэгэхээр дээрх журмын заалтаас харахад хохирогч нас барсан тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг дүгнэлт гаргуулахгүйгээр Иргэний хуульд заасны дагуу гаргуулахаар байна. Мөн УДШ-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэн аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж зааж өгсөн.
Тиймээс анхан шатны шүүх Иргэний хууль болон Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” зэргийг хэрэглэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн Шүүх шинжилгээний тухай хуулийг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохиролд 99 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх Б.*******т холбогдох эрүүгийн 2429000000140 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэхээр байна. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
-Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр тодорхой. Хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоон амь насыг нь хохироож, үхэлд хүргэх зорилгоор өөрийн харгис хэрцгий үйлдлээ ухамсарлаж, өрөө хүсэж санаатайгаар үйлдсэн үйлдэл нь “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэргийн шинжтэй байна.
“Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт амь хохирогчид зөвхөн олон тооны шарх учруулсан байхыг ойлгохгүй, гэмт этгээд хохирогчийг шаналгаж, тарчилган зовоож үүсгэсэн олон тооны шарх гэмтлийн улмаас зовж зүдрэх байдал үүсгэж байгаа өөрийнхөө харгис хэрцгий үйлдлийнхээ үр дагаврыг урьдчилан харж, үхэлд хүргэх зорилгоор хүсэж санаатайгаар, нэг биш удаа дахин дахин шарх гэмтэл үүсгэж үйлдсэн хүсэл зоригийн илэрхийллийг давхар харгалзан үзэх ёстой. Энэ нөхцөл байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад хэргийн зүйлчлэлийг ямар ч үндэслэлгүйгээр өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Улсын дээд шүүхийн тайлбартайгаа зөрчилдөж байна.
Ер нь хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох буюу энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно гэж Улсын дээд шүүхийн тайлбарт заасан байдаг.
2 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******гаас гаргасан хохирлыг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан нь үндэслэлгүй, шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д “... гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж хуульчилсан. Хохирогч ямар нэгэн эд хөрөнгийн хохирол нэхэмжлээгүй, харин гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасныг баримталж шийдвэрлэх байсан гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж дүгнэхээр байна.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах...” , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасан.
Гэтэл гэмт хэрэг гарсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож, гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байхад шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 99.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “ шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно “ гэж хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журам” болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож дүгнэлт гаргуулаагүй. Хуульд заасны дагуу мөрдөгч, прокурор өөрийн санаачилгаар энэ дүгнэлтийг гаргуулах байсан. Энэ ажиллагаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлох, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тогтооход зайлгүй хийх ажиллагаа бөгөөд энэ ажиллагааг орхигдуулж мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй гэж үзэж байна.
Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “ Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үрж/үлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно “ гэж заасан.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зааж зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 -д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдсөнөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлтэй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 99.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.
Гэмт этгээдийн онц харгис хэрцгий гэм буруутай үйлдлээс болж амь хохирогчийн ар гэр бүл сэтгэл санааны маш их хямралд орж шаналж, сэтгэл санаа, бие эрүүл мэндээрээ нөхөж баршгүй маш их хохирол амсаж үлдсэн, шаналж , буруутай хүмүүс нь хохирлоо бүрэн төлөхгүй нэхүүлэх, хэргийн материалтай танилцах, цагдаа шүүхэд дуудагдах бүрд дотнын хүнийхээ амь насаа алдсан бодит байдлыг мартаж чадахгүй сэтгэл санаа нь улам үймэрч сэтгэл санааны хямралд орж ,маш их харамсаж сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжилснийг шүүх хууль буруу хэрэглэн тайлбарлаж хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй байна.Оршуулгын зардалд хэдэн төгрөг төлснөөр хүний амь нас сэргэж босохгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг чухам яагаад хэлэлцэхгүй орхих болсон шалтгаан үндэслэлээ тодорхой заагаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн , өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болно гэж дүгнэхээр байна .
Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гарсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 ” шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 “ дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдэд хамаарсан гэж дүгнэхээр байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 98 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:
Гомдлын гол үндэслэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нь өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлоо гаргуулахаар 99,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүхээс хохирогч нь сэтгэл санаанд учирсан хохирлоо сэтгэцийн дүгнэлт гаргуулаагүй учраас хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж үзээд хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн гэмт хэргийн хохирогч нь өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлоо сэтгэцийн дүгнэлт гаргуулж байж гаргуулахаар заасан байдаг. Үүний дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүдийн хамтарсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах тухай журам гарсан байдаг. Тухайн журмын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 5 дахь хэсэгт заасны дагуу арилгана гэж заасан.
Шүүхээс дүгнэлт гаргаад хохирлын зэрэглэлийг тогтоолгоод хор уршгаа нэхэмжлэх ёстой гэж үзэж байгаа бол тухайн гэмт хэргийн хор уршгийн асуудал бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотолсон байх ёстой гэж хуульчилсан. Тэгэхээр хор уршгийн асуудал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарна гэж үзэж байна.
Тэгэхээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогч нь нас барсан бол гэр бүлийн гишүүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр авах гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байх үндэслэл үүсээд байна. Энэ хуулийн заалт ямар тохиолдолд хэрэгжих юм, ямар тохиолдолд энэ хуулийн заалтыг хэрэглэх нь тодорхойгүй. Энэ заалт ямар ч хэрэглэх үндэслэл байхгүй. Амьгүй, бэлгэдлийн чанартай заалт болж хувираад байгаа. Тэгэхээр заавал дүгнэлт гаргах ёстой юу гэдэг нь үндэслэлгүй байна.
Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмаараа хохирогч нас барсан бол дүгнэлт гаргахгүйгээр Иргэний хуулийн 511.4-д зааснаар шийднэ гээд заагаад өгчихсөн. Мөн Улсын дээд шүүхээс баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалынхаа 3.3-т хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүхээс тогтоож өгнө гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр заавал дүгнэлт гаргах асуудал бол хохирогч нас бараагүй, бусад гэмт хэргийн хохирогч нарт хамааралтай асуудлууд байна.
Анхан шатны шүүх буруу ойлгож, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээд, хэрэглэх ёстой байсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэхгүйгээр сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:
Хавтаст хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэм буруугийн асуудлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээний дүгнэлтүүд бүрэн гүйцэд гараагүй. Хэргийн бодит байдал нэг талаасаа бүрэн гүйцэд тогтоогдсон юм шиг харагдаж байгаа боловч шинжилгээний дүгнэлтээ гаргуулахгүйгээр авсан нь эргээд яллагдагчаар татсан тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар бусдын амь насыг онц харгис, хэрцгийгээр хөнөөсөн гэх зүйл заалт нь өөрчлөгдөж, шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хөнгөрүүлж шийдвэрлээд байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж байна.
Шүүгдэгч Б.*******ын мэдүүлэгт намайг мөргөчихөөр нь би цохисон, зодсон гэдэг байдалтай мэдүүлэг явдаг. Д.******* мөргөсөн байлаа ч гэсэн тэр олон удаагийн харгис үйлдлээр амь насыг нь хохироох хэмжээний эрх Б.*******т үүсэхгүй. Б.*******ын өмсөж явсан хар пүүзийг шүүх шинжилгээнд дүгнэлт гаргуулахаар өгөхөд цус илэрсэн байдаг. Уг цусны шинжилгээг харьцуулах гэхээр талийгаачийн цусны дээжийг ирүүлээгүйгээс болоод харьцуулан шинжилж болсонгүй гэх дүгнэлт байдаг. Гэтэл энэ шинжилгээний дүгнэлтийг ДНХ-ээр гаргах боломжтой. Б.*******ын пүүзэнд наалдсан цусны толбо хэнийх вэ гэдгийг тогтоох ёстой байсан. Энэ дүгнэлтийг эцэслэн гаргуулаагүй учраас хөлөөрөө өшиглөсөн юм уу, үгүй юм уу гэдэг ойлголт тодорхойгүй үлдсэн учраас хөнгөрүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэгэхээр шинжилгээний дүгнэлтийг бүрэн гаргуулах шаардлагатай байна.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолд н.Баярхүүгийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 116 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлаад оруулсан байдаг. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 04 гэдэг дугаартай дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу дахин шинжилгээ хийхдээ аль нь хүнд гэмтэлд орох юм, аль нь хөнгөн зэргийн гэмтэлд орох юм гэдгийг ялгасан. Мөн тухайн гэмтлүүд нь юунаас үүсэж болох вэ гэдгийг шинжээчийн дүгнэлтэд заасан байдаг. Энэ нь гараар цохих, хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой гэсэн заалтууд нэмж орсон гэж харж байгаа. Гэтэл энэ дүгнэлтийг яагаад шүүхийн тогтоол дээр оруулж шинжлэн судлаагүй юм бол гэж гайхаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирол, хор уршгийг бүрэн тогтоосон байхыг хуульчилсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусах хүртэл хугацаанд нэг ч удаа иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй явсны улмаас хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд болон прокурор, шүүхийн шатанд өөрийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Энэ эрхээ эдэлж чадаагүй. Ийм эрх байдгийг мэдээгүй явсан. Мөрдөгч энэ хүмүүст энэ эрхийг нь эдлэх эрх зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөөгүй. Уг баримтыг үйлдээгүй гэж үзэж байгаа.
Талийгаач Д.*******гийн өнчин үлдсэн 13 настай П.******* гээд охин байгаа. Охиныг хоёр настай байхад нь ээж нь орхиод явчихсан. 11 жил ээжтэйгээ уулзаагүй. Тэгэхээр энэ хүүхдийн эцэг нь хүний гарт амь үрэгдчихээр үндсэндээ өнчрөөд үлдэж байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт бага насны хүүхэд бүтэн өнчирч үлдсэн бол насанд хүрсэн хүний нэгэн адилаар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож, 2 дахин нэмэгдүүлж олгох хуулийн заалттай. Үүнийг яагаад шалгахгүй өнгөрсөн бэ гэдэг асуудлууд байна.
Нэгдүгээр хавтасны 39 дүгээр талд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд албан бичигт Э.******* прокурорын нэр дээр та нар хуульд заасан журмын дагуу энэ ажиллагааг явуулна уу гээд албан бичиг ирчхээд байхад энэ ажиллагаа хийгдээгүй.
Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд 07 дугаар сарын 03-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.*******ын биед үзлэг хийхэд хамар бага зэрэг хөндүүрлэж байна. Гарын сарвууны ар хэсэг зөөлөн эдийн няцралтай. 2.7.5-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй гээд фото зургуудаар баталгаажуулсан байдаг. Тэгэхээр Б.*******ын биед тухайн үед ноцтой гэмтэл учраагүй байна.
Хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан н.Пүрэв-Очирын мэдүүлгийг онцолж үзээсэй гэж хүсэж байна. Учир нь энэ хүн хөндлөнгийн гэрч байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялыг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр ямар ч тайлбар хэлэхгүйгээр зөвхөн оршуулгын зардлыг төлсөн байна. Урьд нь сайн залуу байсан байна гэсэн үндэслэлүүдийг бичээд хуулийн зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлүүдийг буруу хэрэглэсэн. Хуулийг буруу тайлбарласан. Мөн зодож, цохиж байх үедээ хөлөөрөө өшиглөж байсан болох нь тогтоох боломжтой байсан. Хохирогчийн ам, чих, хамраас нь цус гарсан гэдэг талаар задлан шинжилгээний дүгнэлт ч байдаг.
Тэгэхээр хэргийн үйл баримтыг бүрэн бодитой тогтоохгүйгээр хууль зүйн үнэн бодитой дүгнэлт хийхгүйгээр хэргийн бодит байдлаас зөрүүтэйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг зөрчиж хохирол учруулсан байна. Иргэний журмаар шүүхийн шийдвэрээс тусад нь нэхэмжлэх шийдвэр гаргаад байгаа нь буруу. Хууль зөрчиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн учирсан хохирлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхийг хуульд заасан. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг тайлбарлахгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоохгүйгээр энэ хэрэгт оруулж байгаа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын эрхийг зөрчсөн. Б.*******ын ял шийтгэлийн хувьд маш хүнд гэмт хэрэг үйлдээд хөнгөн ял авч байгаа. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаараа шинжээч томилж дүгнэлт гаргуулж байгаад ар гэрт учирсан, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхийн шийдвэрээр гаргуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Миний хувьд хэргийг хянаад онц, харгис, хэрцгий буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингэж шилжүүлэхдээ миний хувьд хохирогчид олон тооны хохирлыг буюу олон тооны гэмтэл учруулж, зовлон, шаналалд хүргэж талийгаачийн амь насыг хохироосон гэж үзсэн. Энэ хэргийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаар оролцсон хүний хувьд, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож байгаа хүний хувьд хохирогчийн талын гаргаж байгаа саналыг нь дэмжин оролцож байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг энэ хэрэг дээр хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Иргэний нэхэмжлэгчээр томилдог талаар би мэдээгүй. Надад хэлж өгсөн хүн байхгүй. Тийм учраас өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэтгэл санааны хохирол аваагүй явж байгаа. Хүүгийн маань 12 настай охин бид хоёртой хамт амьдардаг. Би охиныхоо хууль ёсны асран хамгаалагчаар нь тогтоогдсон. Хүүхдийн сэтгэл санааны хохирол тал дээр огт яригдаагүй анхан шатны шүүх хурал өнгөрсөн учир би маш их гомдолтой байна. Яагаад вэ гэхээр прокурорын гаргасан яллах дүгнэлтийг ямар ч үндэслэлгүйгээр өөрчилсөн. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болсон хэрэг дээр 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүх хурал зарлагдсан. Тухайн хурал дээр би босоод гомдолтой байна гэсэн боловч миний гомдолтой холбоотой огт авч ярилцаагүй, хэлэлцээгүй. Тэгээд энэ хүүхдийн талаар ярьсан боловч хүүхдийн талаар ямар нэгэн шийдвэрт хүрээгүй. Зүгээр л ял хөнгөрүүлээд өнгөрсөн. Тийм л шүүх хурал болсон учир анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгнө үү гэж та бүхнээс хүсэж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.*******г мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байсан. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралд яагаад ирж чадаагүй вэ гэхээр 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цус харвачихсан. Тэгээд бид хоёр эмнэлэгт хэвтэж байсан. Надад иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор хүсэлт гаргах талаар хэн ч хэлээгүй. Би тэрийг мэдэхгүй. Тэгээд л өнгөрсөн. Сэтгэл санааны хохирол гэж надад өгөөгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, саналдаа:
Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд зүйлчлэлийг хөнгөрүүлж эрүүгийн хариуцлагыг оногдуулсан нь зөв зүйтэй, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл анги нь 8-аас 15 жилийн хорих ялтай байдаг. Миний үйлчлүүлэгч 10 жилийн хорих ялыг авсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу онц, харгис, хэрцгий аргаар гэдгийг Улсын Дээд шүүх 2017, 2018, 2021 онуудад тайлбарласан байдаг. Хуульч бид бүгдээрээ мэдэж байгаа. Олон тооны гэмтэл учруулсныг биш. Харин хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөж, шаналгаж, тарчлаан зовоож, санаатай үйлдсэн байхыг ойлгоно гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тухайн субъект өөрийн сонгосон аргынхаа харгис, хэрцгий шинжийг ухамсарлаад үр дагаврыг нь урьдчилан хараад, хүсэж санаатайгаар үйлдэхийг хэлээд байгаа юм.
Амь хохирогчийн найз охин н.Урангоо гэдэг эмэгтэй Улаанбаатар хотоос ирснээр амралтын газар очих асуудал болдог. Амралтын газар очоод хөзөр тоглож, ууж иддэг. Энэ нөхцөл байдал даамжраад амь хохирогч найз охин н.Урангоогоо манай үйлчлүүлэгч Б.*******тай хардсаны улмаас хаяагаа хадарч болохгүй шүү гэдэг ганцхан үг хэлээд мөргөж унагадаг. Энэ нь тухайн зодооны эхлэл буюу үйл явдал эхэлдэг. Үүнийг гэрчүүд мэдүүлдэг. Хөндлөнгийн буюу амралтын газрын хүмүүс хүртэл мэдүүлдэг. Маш богинохон хугацаанд энэ үйл явдал гарсан. Мөн шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчийг үхэлд хүргэх болсон гэмтэл нь гавал тархины битүү гэмтлийн улмаас байдаг. Тухайн нөхцөл байдал, газар, орон зайн хувьд хад, чулуу ихтэй газар байдаг. Б.*******ын хувьд ч гэсэн хамраас нь цус гарчихсан нөхцөл байдлууд фото зургаар харагддаг. Дөнгөж инээгээд авхуулсан зураг нь хүртэл хэрэгт авагдсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 27-оос 32 талд нэг нь өнгөрөхийн өмнө нөгөөдөх нь энэ асуудалд оролцохынхоо өмнө инээгээд авхуулсан фото зураг нь байдаг. Энэ фото зургууд, шинжээчийн дүгнэлтээс харьцуулан үзэхэд Б.******* нь ямар нэгэн харгис, хэрцгий бодол тээгээгүй. Энэ хүнийг санаатайгаар алах, тарчлаан зовоох гэдэг асуудал огт байхгүй. Цохилтын улмаас амь хохирогчийн нүүрэнд нь хөнгөн гэмтлүүд гарсан. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт дээр тодорхой байгаа. Би өөрөө хүсэлт гаргаж байж шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан.
Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэх, хөнгөрүүлэх байр суурийг Улсын Дээд шүүхийн тайлбарыг үндэслэн тухайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэдэг агуулгаар илэрхийлж оролцоод анхан шатны шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ зүйлчлэлийг тохирсон гэж үзэж байгаа тул хэргийн үйл баримтад тулгуурлан хэвээр үлдээж өгнө үү гэдэг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.
Дараагийн дугаарт хохирол төлбөрийн асуудал, сэтгэцэд учирсан хор уршгийн тухай асуудал яригдаж байна. Хуульч бид нар хуулийн дагуу асуудалд хандах ёстой. Хэн аль нь өмгөөлөгч авсан байсан. Би 07 дугаар сарын 02-ны өдрөөс оролцсон. Н.Энхтөр өмгөөлөгч 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш оролцсон. Бүгдээрээ л хуульч, өмгөөлөгчтэй байсан. Хуульч бид нар хуулийг биелүүлж, үйлчлүүлэгчдээ хуулийг маш зөв талаас нь хуулийн агуулгаар нь тайлбарлаж ойлгуулах ёстой. Шүүх амь хохирогчийн талд хохирол төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээснийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг өндөр гарна. Үрээ алдсан эцэг, эхийн өөдөөс энэ тухай ярихад чанга байна. Энэ бүхнийг тооцож ярихад яагаад шинжээчийн дүгнэлтийг гаргах ёстой вэ? Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагаад өгчихсөн. Энэ төрлийн гэмт хэрэгт заавал сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой гээд заагаад өгчихсөн.
Тавдугаар зэрэглэл нь 46-аас 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу үүнийг хэдээр тогтоох юм бэ? яаж тогтоох юм бэ? гэдэг асуудлыг шинжээчийн дүгнэлтээр зайлшгүй тогтоох ёстой. Үүнийг өмгөөлөгч нэмж орж ирсэн учраас тайлбарлаж байгаа байх гэж бодож байна. Дахин нэмж хэлэхэд бид нар ч гэсэн өөрсдөө нөхцөл байдлыг өөр дээрээ жишээ татаад үзэхэд нэг залуу нь цохиулаад зугтах ёстой байсан. Бодит байдал дээр энэ залуучууд тэгдэггүй. Дээрээс нь архи уучихсан байдаг. Бүгдээрээ өөд өөдөөсөө асдаг. Энэ бол маш буруу. Уул нь зугтаагаад явах ёстой. Магадгүй хажууд нь хүн байсан бол салгах ёстой. Гэтэл хоёулаа улангасаад дайрчихсан.
Биеийн байцаалт дээр Б.*******ыг аавтайгаа, дүүтэйгээ, ээжтэйгээ амьдардаг гэсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдэж байсан санагдана. Залруулж хэлэхэд Б.******* нь аавгүй, хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ амьдардаг. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Өмгөөлөгч миний зорилго юу байсан бэ гэхээр хүний амийг төлбөр мөнгөөр хэмжиж болохгүйгээс хойш ямар нэгэн аргаар мөнгө босгох арга бодсоноор ах, дүү нараас нь 20 000 000, 15 000 000 төгрөг гээд ний 35 000 000 төгрөгийг анхан шатны шүүх хурал дээр төлж барагдуулсан. Цаашдаа ч гэсэн сэтгэцэд учирсан хохирлыг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг төлөх талаар Б.******* мэдэж байгаа. Үүнийг би үйлчлүүлэгчдээ ойлгуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлж байгаагаар талийгаачийн 13 настай охин ээж ч үгүй, аав ч үгүй өнчрөөд үлдэж байгаа нь үнэхээр хэцүү байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр амь хохирогчоор овоглосон 4 хүүхдийн гэрчилгээний хуулбарыг авчирдаг. Тэгэхээр үүнийг хэн дээр нь гаргах вэ гэдэг асуудал нь нотлох баримтын хэмжээнд шийдэгдэх ёстой. Энэ хүүхдүүд хаанаа байгаа юм бэ? хэн дээрээ байгаа юм бэ? тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэн нь авдаг юм бэ? энэ бүхнийг эрүүгийн шүүх гүйцэтгэх боломжгүй. Мөн дээрээс нь банк бус санхүүгийн байгууллагаас 22 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийн асуудал яригддаг. Энэ зээлийг авсан шалтгаан нь приус 30 маркийн машин байдаг. Тэгэхээр энэ машин өнөөдөр хаана байгаа юм бэ? энэ машинаар тэр зээлийн төлбөрийг барагдуулаад үлдэх нь хэдэн төгрөг юм бэ? энэ бүхэн чинь тодорхойгүй байсан. Тэгэхээр үүнийг анхан шатны шүүх шийдвэрлэх боломжгүй. Нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэх ёстой. Бид нар амаараа ярьсан зүйлээ нотлох ёстой. Энэ агуулгаараа анхан шатны шүүх шийтгэх тогтоолоороо жичдээ нэхэмжилнэ гэж гарсан. Энэ бүхнийг би үйлчлүүлэгчдээ ойлгуулсан. Манай үйлчлүүлэгчийн хувьд хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа.
Дараагийн дугаарт шинжээчийн дүгнэлт дээр дахиад нэг зүйлийг хэлэхэд хуулиас давсан дүрэм, журам, аргачлал гэж байхгүй. Улсын дээд шүүх аргачлалаа гаргасан. Хамтарсан сайдын тушаал байгаа. Гэхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт гаргуулна гээд заачихсан байхад үүнийг анхан шатны шүүх барьж аваад тэд гэж шийдэх боломжгүй байсан. Үүнийг ойлгоосой гэж хүсэж байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсье гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж байгаа зүйл байхгүй. Хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.*******ыг үйлдлийг онц хэрцгийгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.*******т 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нь сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл 22,816,298 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж болон бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, өмгөөлөгч Г.Энхтүвшин “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулгаар, өмгөөлөгч Н.Энхтөр “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохиролд 99,000,000 төгрөг гаргуулан олгож” шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулгаар тус тус давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг шинжилгээний байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх ба амь хохирогчийн хамтран амьдрагчид сэтгэл санааны хохирол шаардах эрхийг хуулиар олгосон байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох эсэх ажиллагааг хийгээгүй буюу мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ”Намайг энэ хэрэг дээр хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Иргэний нэхэмжлэгчээр томилдог талаар би мэдээгүй. Надад хэлж өгсөн хүн байхгүй. Тийм учраас өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэтгэл санааны хохирол нэхэмжилж аваагүй явж байгаа.” гэх гомдол үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотлон тогтооно гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байх тул оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.”
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага... Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, 40.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ: энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх; 40.2.3.хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэснээс дүгнэхэд тусгай мэдлэг, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор хуульчилжээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журамд зааснаар шинжилгээ хийж тогтоох ажиллагааг мөрдөгчөөр хийлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлын хэр хэмжээг эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамаарах тул цаашид мөрдөгч прокурор хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байх нь зүйтэй.
Дээрх хууль болон холбогдох журмыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлснээс хойш даруй ....жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд цаашид энэхүү ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийлгүйгээр орхигдуулж, улмаар шүүхийн шатанд шийдвэрлүүлэхээр хэргийг шилжүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэх санал дүгнэлт гаргаж буй нь хуульд нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч болон прокурор хуулийн дагуу хэрэгжүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож, нотолбол зохих байдлыг хуульд заасны дагуу нотолсны дараа хэргийг прокуророос шүүхэд шилжүүлж байх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Би тайлбартаа ганц охины талаар ярьсан. Дахиад цаана нь 3 хүүхэд байгаа. Тэр 3 хүүхэд нь ээжтэйгээ амьдардаг. Нэг хүүхдийг нь би өөрөө асран хамгаалдаг. Яагаад гэхээр манай хүү над дээр байгаа охиныхоо ээжтэй амьдарч байхдаа 2 хүүхэдтэй болоод том охиноо ээж нь орхиод бага хүүхдээ аваад явчихсан. Тэрнээс хойш дахиж амьдрал зохиогоод дахиад 2 хүүхэдтэй болсон. Тэр 2 хүүхдийн төрсний гэрчилгээг нотариатаар батлуулаад авчирч чадаагүй. Тэгээд би өөрөө асран хамгаалагчаар тогтоогдсон нэг хүүхдийнхээ тухай ярьсан. Нийтдээ 4 хүүхэд байгаа. Тэгээд над дээр байгаа охины дүү нь тэжээгчээ алдсаны тэтгэмж аваагүй. Би охиндоо авсан. Сүүлд суусан эхнэр нь 2 хүүхдэдээ авсан байгаа. Ингээд 3 хүүхэд сард 198 500 төгрөг улсаас авдаг.” гэсэн тайлбарыг гаргасан ба дээрх байдлыг мөрдөн шалгах ажиллагааны үед шалгаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих эрхтэй этгээд байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй, дээрх этгээдүүдээс хуульд заасан эрхээ эдлэх эсэх талаар тодруулах ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байна.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн “Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэх гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР