| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0280/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал /тээвэр/ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0032 50216 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ж.Энхжаргал /тээвэр/, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Баднаанямбуу, хохирогч П.Б, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, иргэний нэхэмжлэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, иргэний хариуцагч Э.С, шинжээч Б.Б нарыг оролцуулан нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Түргэний голын гүүрний хойд замд Тоёота Карина маркийн 87-52 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас А.Э-ийн жолоодож явсан Хьюндай Аванте маркийн 23-19 УБЛ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч П.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн, жолооч А.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, мөн А.Э-д шууд зардлын дүнгээр 1971000, нийт 2476500 төгрөгийн хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-ын өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би 2014 онд жолооч болсон. 2016 онд зөрчил гаргаж жолооны эрхээ хасуулсан. Би яаралтай ажлаар явж байсан. Миний хажууд сууж байсан ах нэг удаа хурдаа хас гэж хэлсэн. Би 90 км.цагийн хурдтай явж байгаад 80-70 км.цагийн хурд хүртэл багасгасан. Тэгэхэд урдаас Тоёота машин гэнэт гараад ирсэн. Хурдаа хэтрүүлсэн миний буруу. Би хохирлыг боломжийн хүрээнд бага, багаар төлж байгаа. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу төлж барагдуулна. Хохирогчоос уучлал гуйсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохирол төлбөрийг боломжоороо ойрын хугацаанд төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б-ын өгсөн:
“...Би зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Одоогийн байдлаар 2 таягтай явж байна. Мөр мултарсан болохоор миний баруун гар хөдлөхгүй байгаа. Томографийн шинжилгээ хийлгэх гэсэн боловч биедээ төмөртэй байгаа учир хийлгэх боломжгүй гэсэн. Би шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан. Би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Би жолооч ажилтай, сард 542.000 төгрөгийн цалинтай юм. 2018 оны 04 сарын 15-ны өдрөөс хойш ажилгүй байгаа. Эмч нарын зөвлөгөөнөөр ороход 6 сараас 12 сарын хугацаанд ажилдаа орох боломжгүй гэсэн. Цаашид гар, мөрөндөө бариа засал, эм тариа хийлгэж энгийн явцаар эдгэрнэ гэсэн. Иймээс би нийт 9 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар Төв аймгийн Гэмтлийн эмнэлгийн хяналтад байгаа. Би гэмтлийн эмнэлгээс гараад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээгүй. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Э-ийн өгсөн:
“...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би Төв аймаг руу явсан. Доошоо уруудаж явж байсан учир араагаа салгаад явж байсан чинь Карина маркийн саарал машин гарч ирээд мөргөлдсөн. 20 орчим минутын дараа постны цагдаа гарч ирээд 103 дуудсан. Миний унаж явсан 23-19 УБЛ улсын дугаартай хар өнгийн спорт машин ажиллагаагүй болсон байгаа ба засах боломжгүй байгаа. Би машинаа эсвэл мөнгөн дүнг нь нэхэмжилж байна. Анх 5.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 874.000 төгрөг, машины төлбөрт 3.061.000 төгрөг, нийт 4.239.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой хувийн эмнэлэгт томографик зураг авхуулсан 410.000 төгрөг, 3 хоног Вест массажийн баричид бариулсан зардал 50.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсний ажлын хөлсөнд төлсөн 300.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн 8.000 төгрөг, дахин томографик зураг авахуулахад шаардлагатай 410.000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа юм. Миний хувьд өөрт учирсан хохирлоо барагдуулаад авчихвал өөрөөр гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Э.С-ын өгсөн:
“...Би тухайн үед жолооны эрхээ хасуулсан байсан болохоор дүүдээ миний машиныг уначих гэж хэлсэн. Тухайн өдөр би ажилтай байсан. Манай дүү над руу утасдаж “осолд орчихлоо” гэсэн. Маргааш нь цагдаагийн газарт очсон юм. Би хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Манай ээж өнгөрөөд, дүү бид 2 цалингийн зээл авсан ба одоогийн байдлаар хугацаа нь дуусаагүй байна. Иймд бид хоёрт хугацаа хэрэгтэй байна. Манай дүү бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг. Би 650000 төгрөгийн цалин авдаг. Хохирол төлбөрийн үнийн дүн дээр маргах зүйл байхгүй. Би манай дүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед жолооны эрхээ үзүүл гэхэд ажлын газарт үлдээсэн байна гэж байсан юм. Би өөрөө хурд хэтрүүлээд эрхээ хасуулсан болохоор дүүдээ тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх гэж байсан. Хохирогч Б эмнэлэгт хэвтсэн өдөр би очиж уучлалт гуйсан. Чадлаараа хохирол төлбөрийг гаргаж өгнө гэж хэлсэн. А.Э-ийн аав нь ярьж машиныг аваад, мөнгийг нь өг гэхээр нь би ганцаараа шийдэхгүй, мэдэхгүй гэсэн. Хугацаа хэрэгтэй байна, бусдаар боломжтой” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1803 0032 50216 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-12х/,
2. Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажил руугаа явахаар гэрээсээ гараад, аймгийн музейн урдаас Улаанбаатар хот руу явдаг хувийн унаанд 2000 төгрөг, тэр машины жолоочийн ард талын суудалд суусан, надтай хамт 3 хүн суугаад мөн адил 2000 төгрөг жолооч залууд өгөөд явсан, замдаа явж байхад жолооч залуугийн хажууд сууж явсан хүн хурдаа хасаа гэж хэлж байгаа харагдсан. Мөн Түргэний голын гүүр өнгөрөөд явж байсан байхаа урд талд явсан автомашин хурдаа хасаад тоормос гишгэх үед жолооч залуу тоормос гишгэлгүй шууд эсрэг урсгал руугаа ороод өөдөөс ойртож ирж байсан автомашинтай мөргөлдсөн, ийм л юм болсон, би ослын үед яаж байгаад хөл хугалсанг мэдэхгүй байна, ямар ч байсан ослын дараа гэмтлийн эмнэлэг руу 103 машинаар явсан.
Урд талд сууж байгаа жолооч зорчигч нар хамгаалах бүстэй явж байсан. Би гомдолтой байна, ослоос хойш жолооч Б уулзаагүй, хохирлын баримтаа бүрдүүлж өгнө, ажлын газрын тодорхойлолт өгнө, ажилгүй байх үеийн цалин нэхэмжилнэ, мөн манай эхнэр Д нь ослоос хойш намайг 14 хоног сахисан, цалинг нэхэмжилж байна, ажлын тодорхойлолт, ажлаас чөлөө авсан тодорхойлолт авчирч өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,
3. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Манай аймгийн Музейн урдаас хувийн суудлын автомашинтай хүмүүс Улаанбаатар хотын чиглэлд нэг хүн 2000 төгрөгөөр явдаг, тухайн үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед байхаа Төв аймаг дахь гэрээсээ хот руу 2000 төгрөгийн унаанд ганцаараа суугаад, явсан, тухайн үед би машины жолоочийн эсрэг талын ард сууж байсан, миний хажууд танихгүй 2 эрэгтэй хүн, урд талд жолоочийн хажуу талд бас танихгүй эрэгтэй хүн, тэгээд жолооч байсан, нийт 5 хүн байсан, машин хөдлөөд явсан, тэр машины жолооч нилээн хурдтай яваад байсан, ойролцоогоор 90 гаруй км цагийн хурдтай яваад байхад нь хажууд нь сууж байсан ах “чи хурдаа багасгаж яваа, бас машины хөгжмөө битий оролдоод яваад бай” гэж маш олон удаа хэлээд байхад үг авахгүй, хурдтай яваад л байсан.
Улаанбаатар хот руу орж ирж байхад машинд сууж явж байсан хүмүүс орилолдоод явчихсан, тэгээд зам руу хартал миний сууж явсан машин урдаа явсан машиныг гүйцэж түрүүлэхээ болиод эсрэг урсгал руу жолооч дарж байгаа харагдсан мөн урд явсан машин нь хурдаа хасаад зогсох гэж байгаа харагдсан, тэгтэл жолооч эсрэг урсгал руу ортол өөдөөс машин ирээд л мөргөлдсөн. Тэгээд удаагүй цагдаа, эмнэлгийн алба хаагч нар ирсэн. Тухайн үед замын хөдөлгөөн их, машинууд их явж байсан, гадаа нартай үзэгдэх орчин чөлөөтэй байсан, зам нь шулуухан тэгш зам байсан. Урд талд сууж явсан 2 хүн хамаалах бүстэй явсан, харин ард байсан хүмүүс бүсгүй явж байсан, өнөөдөр шүүх эмнэлэгт үзүүлнэ. Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 60х/,
4. Иргэний нэхэмжлэгч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Тухайн үед би Төв аймаг руу хүнтэй уулзахаар хувийн ажлаар өөрийн 23-19 УБЛ дугаартай автомашинаар танил дүү Б-ын хамтаар хотоос гараад явж байсан. Тухайн үед 45-50 км цагийн хурдтайгаар Түргэний голын гүүр орохоор явж байтал өөдөөс ирж байсан Тоёота Прадо маркийн автомашины араас гэнэт саарал өнгийн суудлын автомашин урсгал сөрөөд л гараад ирэхэд нь би шууд хурдаа хасаад тоормосоо гишгэсэн боловч тэр машин дэндүү хурдтай мөн ямар ч бултах зайгүй өөдөөс ирээд мөргөсөн. Мөргөлдсөн машины жолооч миний машин дээр ирээд зүгээр үү гэж асууж байсан. Мөн удаагүй цагдаа ослын газарт ирсэн, мөн 103 машин ирээд гэмтсэн хүмүүсийг үзээд, манай машинаас Б бид 2-ыг, нөгөө мөргөлдсөн машинаас жолоочоос бусдыг нь аваад гэмтлийн эмнэлэг явсан. Миний машинд Б бид 2 явж байсан. Бид 2 бүсээ зүүсэн байсан. Миний машин ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, зүгээр хэвийн машин байсан, ослоос урд хэсэг нь эвдэрсэн... Миний хувьд уг автомашиныг авмааргүй байна. Буруутай этгээдээс 2002 онд үйлдвэрлэгдсэн Хьюндай Аванте маркийн автомашинаа шинээр авмаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 54, 63х/,
5. Иргэний хариуцагч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Тоёота Карина маркийн 87-52 ТӨВ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Гэхдээ би жолооны эрхээ хасуулсан учраас төрсөн дүү Б-т машинаа унуулсан. Унаа гээд 2 хонуулж байсан, мөн түүнийг жолооны эрхгүй гэж мэдээгүй. Уг автомашин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, тоормос, явах эд анги хэвийн ажиллагаатай автомашин байсан. Миний автомашин гаднаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би машины үнэлгээг харсан, мөн гэмтсэн хүмүүсийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х/,
6. Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Тэр үед би машины хойд суудлын голд суугаад явж байсан, мөн надтай хамт танихгүй 3 хүн суугаад явж байсан... Замдаа явж байхад машины жолооч залуу дэндүү хурдтай яваад байсан. Жолоочийн хажууд сууж байсан ах, мөн миний баруун гар талд суугаад явж байсан ах нар тэр жолоочийг “хурдаа багасгаад яваач, дэндүү хурдтай яваад байна шүү дээ” гэж удаа дараа хэлсэн. Бараг ойролцоогоор 2-3 удаа хэлсэн. Мөн тэр жолооч залуу байнга машины хөгжмийн дууг гараараа солиод яваад байсан. Тэр болгонд ч гэсэн хамт явж байсан ах нар зүгээр замаа хараад яваач гэж хэлж байсан... Тэгээд замдаа хот руу орж ирж байхад гүүрний ойролцоо урд талд явсан жийп машин хурдаа хасаад зогсох гэж байхад нь хажуугаар нь тоормосоо гишгээд шууд эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн... осол болохоос өмнө нэг удаа хянах самбар руу харахад 80-90 км/цагийн хурдтай яваад байсан. Тэгээд хурдтай яваад зогсохгүй урд талд явж байсан машинуудыг огцом, огцом гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд яваад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 61х/,
7. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Замдаа явж байхад машины жолооч залуу хурдтай яваад байсан. Машины урд талын хянах самбарыг харахад 80 гаруй км цагийн хурдтай явж байсан. Тэр жолооч залууг “хурдаа багасгаад яваач, дэндүү хурдтай яваад байна шүү дээ” гэж удаа дараа хэлсэн. Мөн тэр залуу машины хөгжим дээрээ хип хоп дууг чанга тавиад байн байн хөгжмөөрөө оролдоод байхаар нь болио дууг нь багасга гэж хэлсэн. Тэгтэл залуу “би Төв аймгаас хот хүртэл 30 минут явдаг” гээд золигтоод, үгэнд орохгүй хурдтай яваад л байсан... Ослын дараа машинаас буугаад хэн ч эмнэлэг, цагдаа дуудсан юм удаагүй эмнэлгийн машин ирээд эмч бүх хүний биеийг үзээд гэмтсэн гэх хүмүүсийг эмнэлэг аваад явсан. Манай машины 4 хүн, нөгөө машины 2 хүнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Миний хувьд эмч үзээд зүгээр байна гэсэн, би хамгаалах бүстэй явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 62х/,
8. Хөрөнгө Эстимэйт ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10298003 тоот үнэлгээний тайлан: “...Хьюндэй Аванте маркийн 23-19 УБЛ улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 1971000 төгрөгийн, нийт тогтоогдсон дүн 2476500 төгрөгийн хохирол учирсан” гэсэн дүгнэлт /хэргийн 71х/,
9. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5004 тоот дүгнэлтэд:
1. П.Б-ын биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун мөрний мултрал, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 85х/,
10. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5174 тоот дүгнэлтэд:
1. Д.Б-ийн биед зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 76х/,
11. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5363 тоот дүгнэлтэд:
1. А.Э-ийн биед баруун сарвууны 1-р хуруунд шарх, 2, 3-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 82х/,
12. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хэргийн 110х/,
13. Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 326 тоот дүгнэлтэд:
“1. Тоёота Карина маркийн 87-52 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”, а/ “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, /ХГҮ-ийн тэмдэглэлийн №1, №3, №8 фото зургийн үзүүлэлт/, 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/ “Эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1 “Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. /ХГҮ-ийн тэмдэглэлд: Тоёота Карина маркийн 87-52 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Хьюндэй Аванте Экс Ди маркийн 23-19 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйн даралт, шарвалтнаас үүссэн мөр байх ба дээрх дугуйн даралтын мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна./
2. Хьюндэй Аванте Экс Ди маркийн 23-19 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлсөн үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 90-91х/,
14. Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой 16 цагийн үед Төв аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ганцаараа ажил руугаа явах гэж байтал аймгийн холбооны хажууд 4 хүн гар өргөөд хот руу явах уу гэхээр нь тэд нарыг суулгаад, нэг хүнээс 2000 төгрөг аваад Улаанбаатар хотын зүгт явсан. Түргэний гүүр өнгөрөөд 80 км/цагийн хурдтайгаар явж байтал урд талд Тоёота Прадо маркийн автомашин явж байхаар нь түүнийг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу ортол өөдөөс машин гарч ирсэн. Тэр машиныг хараад тоормос гишгэсэн боловч ойрхон явсан тулдаа мөргөлдсөн. Ослын дараа би машинаасаа бууж ирээд өөрийн машинд явсан хүмүүсийн биеийг асуугаад, машинаасаа буулгаад 102, 103-д ослын талаар мэдэгдсэн. Удаагүй цагдаа ирсэн, дараа нь 103 машин ирсэн. Би Тоёота Прадо маркийн машинтай ойрхон явж байсан болохоор өөдөөс машин ирж байсныг хараагүй, Тоёота Прадо маркийн автомашины ар талд явж байтал тэр машин хурдаа хасаад тоормос гишгэхээр нь зүүн гар тийш дараад гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл өөдөөс машин ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 67х/,
15. “...23-19 УБЛ улсын дугаартай Аванте Экс Ди маркийн автомашинд учирсан эвдрэл, хохирлын шууд зардал 2,001,000, шууд бус зардал 1,060,000, нийт дүн 3,061,000 төгрөг...” гэж тогтоосон Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч томилсон тухай 17 тоот тушаал. /хэргийн 175-178х/,
16. Хохирогч П.Б-ын оношилгоо, эмчилгээтэй холбоотой зардлын баримтууд, ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, эмнэлгийн хуудас, тодорхойлолт, М.Д-ийн ажлын тодорхойлолт, эмнэлгийн комиссын шийдвэр /хэргийн 33-47х, 162х, 181-184х/,
17. Иргэний нэхэмжлэгч А.Э-ийн оношлогоо, эмчилгээтэй холбоотой зардлын баримтууд /хэргийн 147-153х, 163-174х/,
18. Шүүгдэгч Э.Б-ын хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хохирогч П.Б-д эмчилгээний төлбөр 1500000 төгрөг төлсөн баримт, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн Э.Б-аас хохирол төлбөрт 690.000 төгрөг хүлээн авсан тухай тодорхойлолт, /хэргийн 101, 109х, 141-144х, 185х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн, хохирлын үнэлгээ, дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээчид гаргасан байх ба тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байхаас гадна болсон үйл явдлын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нар тодорхой мэдүүлсэн байна.
Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгчээс зам тээврийн осол хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах талаар зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, 16.10 дугаар зүйлд заасан журамд нийцсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан эрх нь сэргээгүй байх үедээ 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Түргэний голын гүүрний хойд замд Тоёота Карина маркийн 87-52 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас А.Э-ийн жолоодож явсан Хьюндай Аванте маркийн 23-19 УБЛ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч П.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн, жолооч А.Э-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, эд хөрөнгөд багаас дээш хэмжээний хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-12х/,
- хохирогч П.Б-ын “...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажил руугаа явахаар гэрээсээ гараад, аймгийн музейн урдаас Улаанбаатар хот руу явдаг хувийн унаанд 2000 төгрөг, тэр машины жолоочийн ард талын суудалд суусан, надтай хамт 3 хүн суугаад мөн адил 2000 төгрөг жолооч залууд өгөөд явсан, замдаа явж байхад жолооч залуугийн хажууд сууж явсан хүн хурдаа хасаа гэж хэлж байгаа харагдсан. Мөн Түргэний голын гүүр өнгөрөөд явж байсан байхаа урд талд явсан автомашин хурдаа хасаад тоормос гишгэх үед жолооч залуу тоормос гишгэлгүй шууд эсрэг урсгал руугаа ороод өөдөөс ойртож ирж байсан автомашинтай мөргөлдсөн, ийм л юм болсон, би ослын үед яаж байгаад хөл хугалсанг мэдэхгүй байна, ямар ч байсан ослын дараа гэмтлийн эмнэлэг руу 103 машинаар явсан.
Урд талд сууж байгаа жолооч зорчигч нар хамгаалах бүстэй явж байсан. Би гомдолтой байна, ослоос хойш жолооч Б уулзаагүй, хохирлын баримтаа бүрдүүлж өгнө, ажлын газрын тодорхойлолт өгнө, ажилгүй байх үеийн цалин нэхэмжлэнэ, мөн манай эхнэр Д нь ослоос хойш намайг 14 хоног сахисан, цалинг нэхэмжилж байна, ажлын тодорхойлолт, ажлаас чөлөө авсан тодорхойлолт авчирч өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
- иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн “...Манай аймгийн Музейн урдаас хувийн суудлын автомашинтай хүмүүс Улаанбаатар хотын чиглэлд нэг хүн 2000 төгрөгөөр явдаг, тухайн үед буюу 2018 04 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед байхаа Төв аймаг дахь гэрээсээ хот руу 2000 төгрөгийн унаанд ганцаараа суугаад, явсан, тухайн үед би машины жолоочийн эсрэг талын ард сууж байсан, миний хажууд танихгүй 2 эрэгтэй хүн, урд талд жолоочийн хажуу талд бас танихгүй эрэгтэй хүн, тэгээд жолооч байсан, нийт 5 хүн байсан, машин хөдлөөд явсан, тэр машины жолооч нилээн хурдтай яваад байсан, ойролцоогоор 90 гаруй км цагийн хурдтай яваад байхад нь хажууд нь сууж байсан ах “чи хурдаа багасгаж яваа, бас машины хөгжмөө битгий оролдоод яваад бай” гэж маш олон удаа хэлээд байхад үг авахгүй, хурдтай яваад л байсан. Улаанбаатар хот руу орж ирж байхад машинд сууж явж байсан хүмүүс орилолдоод явчихсан, тэгээд зам руу хартал миний сууж явсан машин урдаа явсан машиныг гүйцэж түрүүлэхээ болиод эсрэг урсгал руу жолооч дарж байгаа харагдсан мөн урд явсан машин нь хурдаа хасаад зогсох гэж байгаа харагдсан, тэгтэл жолооч эсрэг урсгал руу ортол өөдөөс машин ирээд л мөргөлдсөн. Тэгээд удаагүй цагдаа, эмнэлгийн алба хаагч нар ирсэн. Тухайн үед замын хөдөлгөөн их, машинууд их явж байсан, гадаа нартай үзэгдэх орчин чөлөөтэй байсан, зам нь шулуухан тэгш зам байсан. Урд талд сууж явсан хоёр хүн хамаалах бүстэй явсан, харин ард байсан хүмүүс бүсгүй явж байсан, өнөөдөр шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэсэн мэдүүлэг,
- иргэний нэхэмжлэгч А.Э-ийн “...Тухайн үед би Төв аймаг руу хүнтэй уулзахаар хувийн ажлаар өөрийн 23-19 УБЛ дугаартай автомашинаар танил дүү Б-ын хамтаар хотоос гараад явж байсан. Тухайн үед 45-50 км цагийн хурдтайгаар Түргэний голын гүүр орохоор явж байтал өөдөөс ирж байсан Тоёота Прадо маркийн автомашины араас гэнэт саарал өнгийн суудлын автомашин урсгал сөрөөд л гараад ирэхэд нь би шууд хурдаа хасаад тоормосоо гишгэсэн боловч тэр машин дэндүү хурдтай мөн ямар ч бултах зайгүй өөдөөс ирээд мөргөсөн. Мөргөлдсөн машины жолооч миний машин дээр ирээд зүгээр үү гэж асууж байсан. Мөн удаагүй цагдаа ослын газарт ирсэн, мөн 103 машин ирээд гэмтсэн хүмүүсийг үзээд, манай машинаас Б бид 2-ыг, нөгөө мөргөлдсөн машинаас жолоочоос бусдыг нь аваад гэмтлийн эмнэлэг явсан. Миний машинд Б бид 2 явж байсан. Бид 2 бүсээ зүүсэн байсан. Миний машин ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, зүгээр хэвийн машин байсан, ослоос урд хэсэг нь эвдэрсэн... Миний хувьд уг автомашиныг авмааргүй байна. Буруутай этгээдээс 2002 онд үйлдвэрлэгдсэн Хьюндай Аванте маркийн автомашинаа шинээр авмаар байна” гэсэн мэдүүлэг,
- иргэний хариуцагч Э.С-ын “...Тоёота Карина маркийн 87-52 ТӨВ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Гэхдээ би жолооны эрхээ хасуулсан учир төрсөн дүү Б-т машинаа унуулсан. Машинаа уна гэж хэлээд хоёр хонож байсан ба түүнийг жолооны эрхгүй, эрхээ хасуулсан гэдгийг мэдээгүй. Уг автомашин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, тоормос, явах эд анги хэвийн ажиллагаатай автомашин байсан. Миний автомашин гаднаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би машины үнэлгээг харсан, мөн гэмтсэн хүмүүсийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан байгаа...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ч.М-ийн “...Тэр үед би машины хойд суудлын голд суугаад явж байсан. Мөн надтай хамт танихгүй 3 хүн суугаад явж байсан. ... Замдаа явж байхад машины жолооч залуу дэндүү хурдтай яваад байсан. Жолоочийн хажууд сууж байсан ах, мөн миний баруун гар талд суугаад явж байсан ах нар тэр жолоочийг “хурдаа багасгаад яваач, дэндүү хурдтай яваад байна шүү дээ” гэж удаа дараа хэлсэн. Бараг ойролцоогоор 2-3 удаа хэлсэн. Мөн тэр жолооч залуу байнга машины хөгжимний дууг гараараа солиод яваад байсан. Тэр болгонд ч гэсэн хамт явж байсан ах нар “зүгээр замаа хараад яваач” гэж хэлж байсан. ... Тэгээд замдаа хот руу орж ирж байхад гүүрний ойролцоо урд талд явсан жийп машин хурдаа хасаад зогсох гэж байхад нь хажуугаар нь тоормосоо гишгээд, шууд эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. ... Осол болохоос өмнө нэг удаа хянах самбар руу харахад 80-90 км/цагийн хурдтай яваад байсан. Тэгээд хурдтай яваад зогсохгүй, урд талд явж байсан машинуудыг огцом, огцом гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд яваад байсан...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Б.М-ын: “...Замдаа явж байхад машины жолооч залуу хурдтай яваад байсан. Машины урд талын хянах самбарыг харахад 80 гаруй км цагийн хурдтай явж байсан. Тэр жолооч залууг “...хурдаа багасгаад яваач, дэндүү хурдтай яваад байна шүү дээ” гэж удаа дараа хэлсэн. Мөн тэр залуу машины хөгжим дээрээ хип хоп дууг чанга тавиад байн байн хөгжмөөрөө оролдоод байхаар нь” болио, дууг нь багасга” гэж хэлсэн.
Тэгтэл залуу “би Төв аймгаас хот хүртэл 30 минут явдаг” гээд золигтоод, үгэнд орохгүй хурдтай яваад л байсан. ... Ослын дараа машинаас буугаад хэн нь эмнэлэг, цагдаа дуудсан юм, удаагүй эмнэлгийн машин ирээд, эмч бүх хүний биеийг үзээд гэмтсэн гэх хүмүүсийг аваад эмнэлэг явсан. Манай машины дөрвөн хүн, нөгөө машины хоёр хүнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Миний хувьд эмч үзээд “зүгээр байна” гэсэн, би хамгаалах бүстэй явсан...” гэсэн мэдүүлэг,
- Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоосон “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4549/10298003 тоот үнэлгээний тайлан, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт:
“...Хьюндэй Аванте маркийн 23-19 УБЛ улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 1.971.000 төгрөгийн, шууд бус зардлын дүнгээр 505.500 төгрөгийн, нийт тогтоогдсон дүн 2.476.500 төгрөгийн хохирол учирсан” гэсэн дүгнэлт /хэргийн 71х/,
- “...23-19 УБЛ улсын дугаартай Аванте ЭксДи маркийн автомашинд учирсан эвдрэл, хохирлын шууд зардал 2.001.000 төгрөг, шууд бус зардал 1.060.000 төгрөг, нийт дүн 3.061.000 төгрөг...” гэж тогтоосон Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч томилсон тухай 17 тоот тушаал, /шүүх хуралдаанд гаргасан/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5004 дугаартай:
1. П.Б-ын биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун мөрний мултрал, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 85х/,
- ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5174 дугаартай:
1. Д.Б-н биед зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 76х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5363 дугаартай:
1. А.Э-ийн биед баруун сарвууны 1-р хуруунд шарх, 2, 3-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 82х/,
- Э.Б “...2016 оны 09 сарын 07-ноос 2017 оны 03 сарын 07 хүртэл 6 сарын хугацаагаар, ЗХАБТХ-ийн 27.1-р эрх хассан тухай жолоочийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 110х/,
- Замын Цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 326 дугаартай:
1. Тоёота Карина маркийн 87-52 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.Б нь:
- Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”, а/ “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”,
- мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,
- мөн дүрмийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, /ХГҮ-ийн тэмдэглэлийн №1, №3, №8 фото зургийн үзүүлэлт/,
- 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”,
- 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,
- 10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/ “Эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”,
- мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1 “Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. /ХГҮ-ийн тэмдэглэлд: Тоёота Карина маркийн 87-52 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Хьюндэй Аванте ЭксДи маркийн 23-19 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйн даралт, шарвалтнаас үүссэн мөр байх ба дээрх дугуйн даралтын мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна./
2. Хьюндэй Аванте Экс Ди маркийн 23-19 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлсөн үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 90-91х/,
- шүүгдэгч Э.Б-ын: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой 16:00 цагийн үед Төв аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ганцаараа ажил руугаа явах гэж байтал аймгийн холбооны хажууд 4 хүн гар өргөөд “хот руу явах уу” гэхээр нь тэд нарыг суулгаад, нэг хүнээс 2000 төгрөг аваад, Улаанбаатар хотын зүгт явсан. Түргэний гүүр өнгөрөөд 80 км/цаг орчим хурдтайгаар явж байтал урд талд явж байсан Тоёота Прадо маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу ортол өөдөөс машин гарч ирсэн.
Тэр машиныг хараад тоормос гишгэсэн боловч ойрхон явсан тул мөргөлдсөн. Ослын дараа би машинаасаа бууж ирээд өөрийн машинд явсан хүмүүсийн биеийг асууж, машинаас буулгаад 102, 103-д ослын талаар мэдэгдсэн. Удалгүй цагдаа ирсэн, дараа нь 103 машин ирсэн. Би Тоёота Прадо маркийн машинтай ойрхон явж байсан болохоор өөдөөс машин ирж байсныг хараагүй. Тоёота Прадо маркийн автомашины ард явж байтал тэр машин хурдаа хасаад, тоормос гишгэхээр нь зүүн гар тийш дараад гүйцэж түрүүлэх үйлдэл хийтэл өөдөөс машин ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 67х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны дараа эрх нь сэргээгүй байх үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хохирогч П.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Хэргийн шүүгдэгч Э.Б нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлж барагдуулахаа тус тус илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Тээврийн прокуророос шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул Э.Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн, А.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд нь /Хьюндэй Аванте Экс Ди маркийн 23-19 УБЛ дугаартай тээврийн хэрэгсэл/ 3.061.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь тогтоогдсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй.” бөгөөд “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх, мөн хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хохирогч П.Б нь зам тээврийн ослын улмаас “зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун мөрний мултрал, баруун гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл авсан, учирсан гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар ажиллаж хөдөлмөрлөх боломж тодорхой хугацаанд алдагдсан, цаашид бүрэн эдгэрэх хүртэл эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн хохирогч П.Б нь “... ослын улмаас биедээ хүндэвтэр хохирол авч эмчилгээ хийлгэсний зардлын нийт 932.304 төгрөгийн баримт хэрэгт хавсарган өгч нэхэмжилснээс /хэргийн 33-47х/ шүүгдэгч нь 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 9 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож 5.0 сая төгрөг гаргуулна хэмээн нэхэмжилснээс, шүүх зам тээврийн осол хэрэг гарсан 2018 оны 04 сарын 15-наас хойш энэ өдрийг хүртэлх хугацаагаар буюу 2018 оны 04 сарын 15-наас 2018 оны 07 сарын 17-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд авах байсан цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод хэрэгт баримтаар гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эмнэлгийн магадлагаа баримт зэрэгт үндэслэн түүний сарын цалин хөдөлмөрийн хөлсний дунджаар тооцож нийт 1.308.900 төгрөгийг шүүгдэгч Э.Баар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч П.Б нь нэхэмжлэлээс үлдэх шаардлага болон цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч А.Э-ийн “Хьюндэй Аванте Экс Ди” маркийн 23-19 УБЛ дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг хэрэгт шинжээчээр ажилласан “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний дүгнэлтэд “...Хьюндэй Аванте маркийн 23-19 УБЛ улсын дугаартай автомашинд шууд зардлын дүнгээр 1.971.000 төгрөгийн, шууд бус зардлын дүнг 505.500 төгрөг, нийт 2.476.500 төгрөгийн хохиролтой” гэсэн дүгнэлт /хэргийн 71х/ авагдсан хэдий ч шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч А.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” мэргэшсэн үнэлгээчдийн нэгдсэн мэргэжлийн холбоонд хандаж, өөрийн автомашинд учирсан эвдрэл, хохирлын хэмжээг дахин тогтоолгож шүүх хуралдаанд баримтаар гаргаж өгсөн нь “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай ..., баримт бичиг, мэдээлэл,бусад баримтыг гаргаж өгч хэвтэст хэрэгт бэхжүүлж тусгуулах”, “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн ...яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хэрэнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан журам зохицуулалт нийцсэн, уг баримт нь тухайн хэрэгт хамааралтай, бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангасан байх тул шүүх уг баримтыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосныг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний үнэлгээчин Б.Б-ээс “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний үнэлгээнд машины зарим эд ангийн эвдрэл гэмтэл үнэлэгдээгүй орхигдсон болохыг дурьдаж, иргэний нэхэмжлэгчээс хэрэгт гаргасан Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны 15 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж мэдүүлсэн, мөн улсын яллагчаас иргэний нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын хэмжээг “Монголын хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчдийн гаргасан 15 дугаартай дүгнэлтээр тодорхойлсон 3.061.000 /гурван сая жаран нэгэн мянга/ төгрөгөөр тооцон гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь хуулийн үндэслэл бүхий байх тул дээрх зам тээврийн осол хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч А.Э-ийн жолоодон явсан “Хьюндэй Аванте “маркийн 23-19 УБЛ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг 3.061.000 /гурван сая жаран нэгэн мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд иргэний нэхэмжлэгч А.Э-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.239.000 төгрөгөөс баримтаар нотлогдсон компьютер томографийн шинжилгээний зардлын 410.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн 8000 төгрөг, автомашинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээний дүн 3.061.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний ажлын хөлсөнд төлсөн 300.000 төгрөг, бариачид бариулсан төлбөрийн баримттай 42.000 төгрөг, нийт 3.821.000 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлээс үлдэх 418.000 төгрөгийн /дахин компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд шаардлагатай гэх зардал болон бариачид бариулсан гэх зардлын зөрүү/ нэхэмжлэл нь “нотлох баримтгүй” үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
“Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаарх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зохицуулсан иргэний нэхэмжлэгч А.Э-д учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Э.С-аар нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Б нь иргэний нэхэмжлэгч Д.Б-д 690.000 төгрөг нөхөн төлсөн иргэний нэхэмжлэгч нь “...шүүгдэгчээс 690.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал байхгүй” тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн баримттай. /хэргийн 185х/
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үүссэн.
Шүүгдэгч Э.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 1-р хавтас 101-р талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Түүнчлэн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримтаар нэхэмжилсэн хэмжээнд хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоос үлдэх хэсгийг болон цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой цалин орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг /ОСНААУГ-ын ХҮТ-15 байр хариуцсан сантехникч/, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тэссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосон албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Б-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Э.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-аас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1.308.900 /нэг сая гурван зуун найман мянга есэн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч П.Б-д олгож, П.Б нь нэхэмжлэлээс үлдэх шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Э.С-аас гэм хорын хохиролд 3.821.000 /гурван сая найман зуун хорин нэг мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч А.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 418.000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.
8. Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч хариуцагч нар нь тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД