| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2402002630446 |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
2025 оны 11 сарын 05 өдөр Дугаар 2025/ДШМ/55 Даланзадгад сум
О.*******, С.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Г.Ган-Эрдэнэ /цахим/,
Яллагдагч: О.*******,
Яллагдагч: С.*******,
Яллагдагч О.*******ийн өмгөөлөгч: Б.Насанбаяр /цахимаар/,
Яллагдагч С.*******гийн өмгөөлөгч: А.Цогтбаяр /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/268 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч О.*******, С.******* нарт холбогдох 2402002630446 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Яллагдагч С.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга
О.*******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Засаг даргын тамгын газрын ажлын байрандаа байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/321 дугаартай захирамж гарган 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/7 дугаартай "Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газрын зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах" тухай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй буюу байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газрууд болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ******* чиглэлийн авто замын 2 дахь км-т Шатахуун түгээх станцын зориулалтаар "*******” ХХК-д 2.000 мкв газар, мөн дээрх газарт Шатахуун түгээх станцын зориулалтаар "*******" ХХК-д 2.000 мкв газар, ******* чиглэлийн авто замын 35 дахь км-т үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “*******" ХХК-д 7.500 мкв газрыг тус тус эзэмшүүлэн давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний буюу 690,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч О.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт (албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх), 7.1.3 дахь хэсэгт (албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах), 7.1.5 дахь хэсэгт (албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах),
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг (Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх), мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг (өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх), Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 ”...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах", “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” дэх хэсэг,
Газрын тухайн хуулийн 21.4 дэх хэсэг “Засаг дарга, газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3 “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэснийг тус тус зөрчиж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Засаг даргын тамгын газрын ажлын байрандаа байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.*******тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, С.*******гаар түүний ажил үүрэгт хамааралгүй ажлыг хийлгэж буюу бусдад хууль бусаар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулуулж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/321 дугаартай захирамж гарган 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/7 дугаартай “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газрын зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах” тухай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй буюу байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газрууд болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ******* чиглэлийн авто замын 2 дахь км-т Шатахуун түгээх станцын зориулалтаар “*******” ХХК-д 2.000 мкв газар, мөн дээрх газарт Шатахуун түгээх станцын зориулалтаар "*******" ХХК-д 20 мкв газар, ******* чиглэлийн авто замын 35 дахь км-т үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “*******” ХХК-д 7.500 мкв газрыг тус тус эзэмшүүлэн давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний буюу 690,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ нь С.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, О.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч О.*******, С.******* нарт холбогдох эрүүгийн 2402002630446 дугаартай 3 /гурав/ хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж,
Яллагдагчийн өмгөөлөгч А.Цогтбаярын “яллагдагч С.*******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг хангахаас татгалзаж,
Хэргийг прокурорт очтол О.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч С.*******, гэрч Х.******* нартай уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч О.*******, гэрч Х.******* нартай уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Шүүх “...хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна...Яллагдагч О.*******ийн өмгөөлөгч Б.Насанбаяраас ...Х.*******ээс дахин гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг гаргажээ. Яллагдагч С.*******гийн өмгөөлөгч А.Цогтбаяраас ...1/ газар зохион байгуулалтын ерөнхий газрын холбогдох мэдээллийн ажилтнаас мэдүүлэг авхуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газрын нэгж талбарын дугаарыг харах эрхтэй этгээд Х.*******ээс өөр байдаг эсэх,... талаар тодруулж авах, 2/ н.Мөнхбатаас гэрчийн мэдүүлэг авхуулах, А/321 дугаартай захирамжийн төсөл нь одоо и-оффис программ дээр хадгалагддаг эсэх талаар үзлэг хийлгэх, 3/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас нотлох баримтыг гаргуулах саналтай байгаа. Өөрөөр энэ хэрэгт буруутгагдаад байгаа А/321 дугаартай захирамжийн төслийг боловсруулах үед Х.******* ажилдаа явдаггүй байсан гэж мэдүүлдэг. Иймд Засаг даргын тамгын газрын ажилчдын ирцийн бүртгэлийн дэвтрээс 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ирцийн бүртгэлийг хуулбарлан авч хэрэгт хавсаргуулах, 4/ ажлын байрны тодорхойлолт хуулбарлаж хэрэгт хавсаргуулах, ...51 С.*******гийн компьютерт хадгалагдаж байсан ворд файлыг хэн, хэзээ анх үүссэн гэдгийг шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийг томилж, шинжилгээ хийлгэж тодруулах... хүсэлтийг гаргажээ.
Яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан дээрх хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг тогтоох ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байна гэж үзэв” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.
Дээрх шүүгчийн захирамжийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Яллагдагч О.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Газрын тухайн хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчиж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Засаг даргын тамгын газрын ажлын байрандаа байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.*******тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, С.*******гаар түүний ажил үүрэгт хамааралгүй ажлыг хийлгэж буюу бусдад хууль бусаар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулуулж, улмаар А/321 дугаартай захирамж гарган "Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны газрын зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах” тухай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй буюу байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газрууд болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ******* чиглэлийн авто замын 2 дахь км-т Шатахуун түгээх станцын зориулалтаар "*******” ХХК-д 2.000 мкв газар, мөн дээрх газарт Шатахуун түгээх станцын зориулалтаар “*******” ХХК-д 2.000 мкв газар, ******* чиглэлийн авто замын 35 дахь км-т үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “*******” ХХК-д 7.500 мкв газрыг тус тус эзэмшүүлэн давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний буюу 690,000,000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч С.******* нь хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчиж О.*******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон буюу яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нотлох баримт хүрэлцээтэй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж чадаагүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Х.*******ээс өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудлыг тодруулахаар дахин мэдүүлэг авах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр дурдаж хэргийг прокурорт буцаах үндэслэлээ болгосон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна гэж хуульчилсан бөгөөд яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дахин мэдүүлэг авхуулахаар дурдсан гэрч Х.*******ийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж мэдүүлэг авах боломжтой шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.
Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүргэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор зохицуулсан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/268 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Г.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Хамгийн гол нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч нарын гаргасан санал нь хэрэгт хийгдсэн ажиллагаа байгаа. н.*******ээс давхар мэдүүлэг авах, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газраас нотлох баримтыг гаргуулан авах, мөн ирцийн бүртгэлийн дэвтрээс ирцийн бүртгэлийн хуулбарыг авч хэрэгт хавсаргуулах, е-оффис програм дээр хадгалагдсан өгөгдөлд үзлэг хийлгэх гэсэн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт нэгж талбарын хувийн хэрэг авагдсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь томилогдсон шинжээч нарын дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн аж ахуйн нэгжийн лавлагаа, цахим программд үзлэг хийсэн тэмдэглэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын захирамжийн хуулбар зэрэг хэрэгт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэх, нотолбол зохих байдлыг тогтоосон бүх нотлох баримтуудыг хавсаргаад хийчихсэн. Мөн гэрч н.*******ийг шүүх хуралдаан дээр дуудаад мэдүүлэг авах бүрэн боломжтой. Гэм буруугийн байдлыг нотлох баримт шинжлэн судлах замаар тогтоох боломжтой гэж прокурорын зүгээс үзээд эсэргүүцэл бичсэн.
Өмгөөлөгч нар нэг хүний гэрчийн мэдүүлгийг хоёр өөр агуулгаар ярьж байна. Зөрүүтэй мэдүүлэг байхгүй. Хэрэгт хийгдсэн ажиллагааг дахин хийлгэх талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. н.*******ээс тодорхой мэдүүлгийг авчихсан байгаа. Е-оффис программ дээр үзлэг хийгдсэн байгаа. Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас шинжээч нарын дүгнэлтийг гаргуулсан байгаа. Тухайн үед захирамжийг хэн боловсруулсан, н.******* хаана ажилтай байсан юм, н.******* ажилдаа ирж байсан юм уу, ирээгүй юм уу? Сүүлд захирамжийн боловсруулсан нийлсэн дээр хэн гарын үсэг зурсан юм бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тийм учраас нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэх үндэслэлгүй.
Хэрэгт яллагдагч О.*******, С.******* нарын гэм бурууг тогтооход хүрэлцээтэй, хангалттай нотлох баримт цугларсан учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлэх эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
Яллагдагч: О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёрыг үгсэн хуйвалдсан гэдэг асуудал яригддаг боловч тэрийгээ нотлоогүй. Тэр “Лимит интернэйшнал” ХХК чинь 2, 3 удаа хүсэлт тавиад дүгнэлтээ гаргуулах гээд явж байсан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас дүгнэлт гаргасан байдаг. Мөрдөн байцаагчийн асуултад хариулахдаа тухайн аж ахуйн нэгжүүдэд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж байсан газрыг нь аймгийн Байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлэх шийдвэр гаргах нь боломжтой гээд дүгнэлт гаргачихсан. Хавтаст хэрэгт ээдрээтэй олон асуудлууд байгаа учраас анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжид дурдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс гаргасан захирамжийг хэвээр үлдээж, мөрдөн байцаалтаар хэргийг дахин шалгуулах саналтай байна. гэв.
Яллагдагч: С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл миний бие тухайн захирамжийг боловсруулаад гаргах боломжгүй. Ажлын байрны тодорхойлолт дээр ч байгаа. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас тодруулга, дүгнэлт гаргуулъя гэдэг саналаа анхан шатны шүүх дээр хэлсэн. Үүний дагуу анхан шатны шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэсэн.
Тухайн захирамж дээр газрын хэмжээ, нэгж талбарын дугаар гэдэг юмнууд байдаг. Энэ нэгж талбарын дугаар гэдэг юмыг би ороод авчих бүрэн боломж байдаг юм уу? зөвхөн газрын даамал гэдэг хүнд тэр эрх нь байдаг юм уу? үүнийг тодруулъя. Нэмэлт мөрдөн байцаалт явуулаад мэдүүлэг, дүгнэлтүүдийг тодруулж гаргуулах саналтай байна.
Хамгийн гол нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас газрын даамалд тэр эрхийг олгодог гэж яриад байгаа. Тэгвэл ямар компьютерээс ороод тэр нэгж талбарын дугаар гэдэг юмыг авчихсан юм бэ? хэний эрхээр ороод авсан юм бэ? н.******* нь авсан байдаг юм уу? өөр эрх бүхий этгээд байдаг юм уу гэдгийг тодруулж өгнө үү. Уг захирамжийн хянасан дээр нь О.******* даргын гарын үсэгтэй. Боловсруулсан дээр нь н.*******ийн өөрийнх нь гарын үсэгтэй байдаг. Миний зүгээс ганц н.*******ийг гэрчээр байцаах гээд байгаа юм биш. Гол нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас дахин дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байгаа. Гэтэл тэр захирамжийг гаргахад хэн хэний оролцоо байдаг юм бэ гэдэг дээр дүгнэлт гаргуулаагүй үлдчихсэн учраас дахин тодруулах ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.
Яллагдагч О.*******ийн өмгөөлөгч Б.Насанбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар гуравдугаар хавтаст хэргийн 1-ээс 29 дүгээр талд авагдсан Цогтцэций сумын 2019 оны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 сарын 9-ний өдрийн 5/7 тогтоолоор батлахдаа 2020 оны Цогтцэций сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дараах байдлаар тогтоохдоо , , гэх 3 багт нийт 100 га газрын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайн төлөвлөлтийг хариуцсан мэргэжилтнүүдийг байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, газрын даамал гэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг зааж өгсөн байдаг. Гэтэл тухайн хяналт тавьж ажиллах албан тушаалтнууд сая Г.Цогтбаяр өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар гэрч н.******* нь өөрийн албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа захирамжийн төсөл боловсруулсан байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй.
н.*******ийг тухайн хэрэгт оролцоотой байж болох талыг мөрдөх байгууллага, прокурорын байгууллагаас хяналт хэрэгжүүлээд тогтоогоогүй. Анхан шатны шүүх зөв тогтоож хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна. Мөн дээрээс нь н.******* нь н.Наранбямбаас асуусан гээд тайлбарладаг. Гэтэл яг үнэндээ газрын даамал нь өөрийн эрхээрээ ороод тухайн газрын координатын цэг буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгох боломжтой эсэхийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх эрх бүхий албан тушаалтан нь өөрөө ингэж мэдүүлээд байдаг. Энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй байж болох юм гэдгийг анхан шатны шүүхэд мэдүүлснийг анхан шатны шүүх хүлээж аваад хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн дээрээс нь яллагдагч О.*******ийн өгсөн мэдүүлэг нь иргэдээс ирсэн хүсэлтэд харьяалах буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан руу цохож шийдвэрлүүлдэг. Энэ цохож шийдвэрлэж байгаа үйл явдал нь манай дотоод байгууллагын программаар бид нар нэг нэгэн рүүгээ илгээгээд тухайн илгээснийг нь хүлээж аваад хянаж баталгаажуулдаг. Ийм процесс болсон гэдгийг мэдүүлсээр байтал мөрдөн шалгах ажиллагаагаар энэ үйл ажиллагааг тогтоогоогүй гэж үзсэн. Эдгээр өмгөөлөгч нарын гаргаж байгаа хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурор эсэргүүцэл дээрээ хууль зүйн үндэслэлийг нэмж тайлбарласангүй. Тэгэхээр прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй учир хангахгүй орхих нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Яллагдагч С.*******гийн өмгөөлөгч А.Цогтбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Нэгдүгээрт н.******* өөрөө маш эргэлзээтэй мэдүүлдэг. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа энэ захирамжийг гаргах цаг хугацаанд өөрөө ажилдаа бүртгэлтэй, ажлаа хийж яваад цалингаа авч байсан мөртлөө энэ захирамж боловсруулах цаг хугацаанд би ажилдаа очдоггүй байсан гэж тайлбарладаг. н.*******ийн мэдүүлэгтэй холбоотой н.******* үнэхээр тэр цаг хугацаанд ажилдаа ирдэггүй байсан бол Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газраас нь захирамж гарсан 7 хоногийнх нь ирцийн бүртгэлийн дэвтрийг нь авчихъя. Мөн н.*******ийн энэ ажлын байрны тодорхойлолтыг авч хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. н.*******ийн мэдүүлэгтэй холбоотой нөхцөл байдлуудыг эцэслэн шийдвэрлэж байж дараачийн шүүхэд шилжүүлэх асуудал яригдана гэдэг үүднээс прокурорт буцаая гэдэг анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.
Хоёр дахь агуулга нь өмгөөлөгчийн хүсэлт дээр дурдаад байгаа хэд хэдэн ажиллагаанууд буюу хоёр хүнийг гэрчээр асуулгая, нэг шинжилгээ томилъё асуудлууд нь мөрдөн шалгах ажиллагаанууд нь шүүхийн шатанд хийгдэх боломжгүй. Мөрдөн байцаалтын шатанд энэ ажиллагаануудыг хийгдсэний үндсэн дээр дараа нь хэрэг яаж эргэх вэ, хэн нь яллагдагч болох вэ, хэн нь шүүгдэгч болох вэ, хэн энэ хэрэгт хамааралгүй хүн бэ гэдэг нь тодорхой болно. Нэгдүгээр гэрч нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас холбогдох албан тушаалтнаас мэдүүлэг авхуулах. Газар олгохтой холбоотой газрын координат, газрын дугаар, нэгж талбарын дугаар, хэмжээг газрын даамлаас өөр хэн ороод тэр захирамжийг газрын даамлын орох эрхтэй системээр дугаар өгөөд байгаа юм бэ? тэрийг нь Газар зохион байгуулалтын газраас нь холбогдох албан тушаалтнуудаас нь мэдүүлэг авч тодруулах хүсэлтэй байна.
Дахиад нэг гэрч нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны сүлжээний инженер Б.гэдэг хүний гэрчээр асуулгах хүсэлтэй байгаа. Засаг даргын албан бичиг, хэрэг хөтлөлтийн албан бичгүүд нь дандаа и-оффис гээд цахим программаар дамжиж явагддаг. Энэ цахим программын хяналт нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны сүлжээний инженер Б.гэдэг хүн хянадаг. Энэ хүнээс юуг тодруулах гээд байгаа юм бэ гэхээр е-оффис гэдэг программаар ашиглагдаж байсан 2020 оны захирамж нь е-оффис дээрээ хадгалагдаж байгаа юм уу, байгаа бол тэрийг нь авъя, хэнээс анх гарч ирээд хийсэн, хэн рүү дамжуулагдаад энэ захирамж хүчин төгөлдөр болсон юм. Байхгүй бол хэр удаан хугацаанд хадгалагддаг юм, устгачихсан бол дахиад сэргээгдэх боломжтой юм уу? е-оффис гэдэг программ дээр одоо хөтлөгдөж байгаа албан бичгүүд нь хадгалагдаж явдаг юм уу гэдгийг тодруулах хүсэлтэй.
Дахиад нэг асуудал нь шинжээч томилж шинжилгээ хийлгэх хүсэлт байгаа. С.*******гийн хувьд Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгч албан тушаалд 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ байгууллагын бичгийг архивладаг хүн нь С.******* байдаг. Засаг даргын гаргаж байгаа бүх захирамж, тушаал, шийдвэрүүд С.*******гаар дамжиж С.*******гийн компьютер дээр ирээд албан бичгийн стандарт хөтлөлтийн тухайн цаг үеийн журамд нь нийцүүлээд хяналт шалгалтад нь ороод, Засаг дарга түүн дээр нь гарын үсэг зурж явдаг. Гэтэл С.*******г үүнийг хадгалж байна гэж буруутгаад байдаг. Энэ файлыг С.******* өөрөө үүсгэсэн бол өөрөө үүсгэсэн гэдгийг нь тодорхой мэргэжлийн тусгай мэдлэгтэй шинжээч томилуулаад тодорхойлуулах, эсвэл өөр хүн үүсгээд С.******* өөр дээрээ татаж аваад хадгалсан байна гэдгийг тодорхой болгоод өгнө үү гэдэг үүднээс энэ хүсэлтүүдийг гаргаж байгаа.
Эдгээр ажиллагаанууд хийгдэж байж энэ хэрэг шүүхэд шилжих эсэх асуудал, хэн холбогдож, хэн яллагдагч болох вэ гэдэг асуудал яригдах учраас энэ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Яллагдагч О.*******, С.******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний буюу 690,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ нь С.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, О.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/268 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч О.*******, С.******* нарт холбогдох эрүүгийн 2402002630446 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ нь шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлэх агуулгаар эсэргүүцэл бичжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгч Б.Насанбаяр, А.Цогтбаяр нараас гаргасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа талаарх хэд хэдэн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг нотлох ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн газрын асуудал хариуцсан албан тушаалтны оролцоогүйгээр Сумын Засаг дарга нь хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргаж, улмаар Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/321 дугаартай “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” захирамж хэрэгт авагдсан байх боловч “*******” ХХК болон “Уран ухаан” ХХК-д олгосон аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000070519 /1-р хавтаст хэргийн 79 дэх тал/, 0000076372 /2-р хавтаст хэргийн 2 дахь тал/ дугаартай гэрчилгээнүүдийг олгохдоо тус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/321 тоот захирамжийг үндэслэсэн байх тул Засаг даргын “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” өөр захирамж байгаа эсэхийг шалган тогтоох нь зүйтэй.
Мөн “Лимитлэс Интернэйшил” ХХК-д олгосон аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгааг анхаарвал зохино.
Иймд энэхүү хэрэгт өөр этгээд холбогдолтой эсэхийг шалгаж тодруулах нь мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдэх ажиллагаа гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хяналтын прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/268 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Хэргийг прокурорт очтол О.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч С.*******, гэрч Х.******* нартай уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч О.*******, гэрч Х.******* нартай уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА