Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 322

 

 

 

 

                                              

 

                                              

 

                                   

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй

улсын яллагч Т.Жаргалсайхан /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Х.М,

хохирогчийн төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Н.Г,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-д холбогдох эрүүгийн 1710 0000 00182 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2017 оны 10 дугаар сарын 24-ний хооронд түр оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 43 тоотод хамтран амьдрагч Ж-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч Ж.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би архи уусан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө би гэрээсээ гараад явсан. 2017 оны 10 дугаар сарын 24-ний орой би найз Б-тай уулзаад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байдаг “Маями” зочид буудалд архи ууж хоносон. Маргааш нь Г гэдэг найзтайгаа уулзаж нэг шил архи ууж байгаад Маршал таунд байдаг гэрт нь хүргэж өгөнгөө, дэлгүүрээс нэг шил архи авч уугаад, орой 21-22 цагийн үед гэртээ очоод цагдаагийн алба хаагч нарт баригдсан.

Тэгээд намайг хорих гэсээр байтал 00 цаг болж 10 дугаар сарын 25-ны өдөр хорьсон. Улсын яллагч яллах дүгнэлт танилцуулахад би цаг хугацааны талаар ярьсан боловч гарын үсгээ зурчих гээд аваад явсан. Манай ээж талийгаач болсоноос хойш би төрсөн ах Ж.Г-той уулзаагүй. Тэгтэл намайг 7 хоногт 2 удаа архи уудаг гэж мэдүүлсэн байсан. Манай ах англи хэлтэй болохоор би таксинд явдаг байхдаа гадаад хүмүүсийг ахтайгаа яриулдаг байсан.  Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 19:00 цагийн үед би Өргөө зочид буудалд гадаад иргэнийг авч яваад Челси гэдэг бааранд сууж тв үзэж, хоол идсэн.

Манай эхнэр Б.Ж утсаар яриад хүрээд ир гээд байхаар нь би гэртээ очсон. Гэртээ харих замдаа 2 шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи аваад нэгийг нь өмдний халаасанд хийгээд, нэгийг нь ил бариад орсон. Тэр өдөр бид хоёр архи уусан. Маргааш нь бас уусан. Тэгээд өглөө нь миний хүү ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө би босоход манай эхнэр байхгүй байсан. Гар утсыг манай хүү аваад явсан байсан болохоор холбогдох боломжгүй байсан. Хэсэг хугацааны дараа гаднаас манай эхнэр ороод ирэхэд нь би зөрөөд ариун цэврийн өрөө рүү орж, толгой, нүүр гараа угаачихаад гарч ирээд эхнэрийнхээ өөдөөс харж суугаад “чи хаагуур явсан бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би уурлаж түүнийг хоёр удаа алгадсан. Тэгээд “чамтай юугаа ярьдаг юм” гээд сууж байхад нь хөлөөрөө нэг удаа жийчихээд гэрээсээ гараад явсан.

Талийгаач бид хоёр 0.5 литрийн архи 3 шил, 0.75 литрийн архи 2 шилийг уусан. Би тухайн үед болсон үйл явдлыг санаж байна. Би дандаа эхлээд унтдаг ба унтаад босоод ирэхэд манай эхнэр цай бэлдсэн сууж байж байдаг байсан. Манай эхнэр их ширүүн үстэй хүн байсан. Архи уух үедээ үс нь арзайчихдаг. Тухайн өдөр үс нь арзайчихсан, царай нь сонин болчихсон орж ирсэн. Гаднаас орж ирэхэд нь илт мэдэгдэхээр гэмтэл шарх биед нь  байсан эсэхийг би анзаарч хараагүй. Ямартай ч сонин царайтай орж ирсэн, хэвийн байгаагүй. Тэгээд би “хаашаа яваад ирсэн бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэж л харьцсан. Миний хувьд гэрээсээ 2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө гарч явсан. Намайг явах үед хохирогч улаан куртиктэй, пүүзээ тайлсан байсан. Гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Би гарч явахдаа хаалгаа саваад явсан. Би архи уухдаа дуулдаг. Би хүн бүхэнд таалагдах албагүй. Дандаа нэг талын гэрч нар хэрэгт мэдүүлэг өгсөн байна.

А гэдэг гэрчийн тухайд би таксинд явж байхдаа танилцсан, тэр хүн өөрөө хөл муутай учир намайг залгасан үед очих газарт маань хүргээд өгч байгаарай гэдэг байсан учир заримдаа түүнд үйлчилдэг байсан юм. Өөрөөр дотно таниж мэдэхгүй, Тэр гэрчтэй өр авлага, өш хонзон, бусад хувийн харилцаа байхгүй. Би А-ийн гар утас луу “Ж үхчихлээ” гэж мессеж бичээгүй. Би  гэдэг утасны дугаар ашиглаж байсан. Би эхнэрийнхээ амь насыг хохироосон талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө яриагүй, би эхнэрээ алаагүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Өмнө гэр бүлийн алив маргаанаас болж муудалцаж байсан хэдий ч зодож байгаагүй. Хэрэг гарсан гэх байрыг бид түрээслэдэг байсан юм. Эхнэр бид хоёр тухайн үед Соёрхол нэртэй архи 5 шилийг уусан. Талийгаач гэртээ тухайн үед саарал өнгийн биеийн тамирийн хувцастай байсан. Архи ууж байхдаа хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй, би шууд унтаад өгсөн. Би талийгаачтай маргалдаагүй. Би хэзээ ч эхнэртээ гөлөг гэж хэлдэггүй.

Намайг гүтгэж байна, энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурорт хүсэлт, гомдол гаргаж байгаагүй. Хорих 461 дүгээр ангид би өлсгөлөн зарласан боловч сахартай учир хүлээж авахгүй гэсэн.  Шүүх үнэн худлыг тогтоож өгнө гэж бодож байна. Би өөрийн эхнэрийг гаднаас орж ирээд маргалдаад байхаар нь гэртээ орхиод гараад явсан. Түүнээс биш алаагүй. Би эхнэрээ бусдын гарт амь алдсан гэж үзэж байгаа. Надад энэ талаар гомдол, хүсэлт гаргаж шалгуулах боломж гараагүй. Би хоригдоод 10 сар болж байна. Би маш их шаналж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогчийн төлөөлөгч Б.Ж-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Манай дүү Ж хүүгээ ганцаараа өсгөж, хувиараа бизнес эрхэлдэг байсан юм. Би маш аймшигтайгаар дүүгээ алдсан, маш их гомдолтой байна. Хэргийг шүүх үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж найдаж байна. Миний дүүгийн хүүхэд одоогийн байдлаар тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон ч гэсэн эхийн хайрыг юу ч орлохгүй. Хүүд нь сэтгэл санааны хувьд маш их дарамттай байгаа. Талийгаачийн хүү нь 12 настай. Манай бага дүү Б.А-ийн  асрамжинд шилжсэн, одоо Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа.

Миний дүүгийн биед 53 тооны гэмтэл, шарх учруулсан байсан. Шүүгдэгч Г нь манай дүүд “чи надаас салах юм бол хүү, та хоёрыг ална” гэж дарамталдаг байсан. Энэ тухай мэдүүлэг нь байдаг юм.  Манай казак заншлын дагуу талийгаачийг оршуулахын өмнө угааж, ариулж, маарланд ороож үйл хийдэг. Талийгаачийн 7 хоног дээр нь талийгаачийг угаасан хүмүүсийг хувцасладаг. Үүнтэй холбоотой хувцас худалдаж авсан гэх 700.000 төгрөгийн баримт байгаа. Оршуулгын зардалд 3.800.000 төгрөг нэхэмжилж байна, холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710 0000 00182 дугаартай хэргээс:

 

1. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр хураан авсан эд зүйлсийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 5-8х, 15-27х, 189х/,

 

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-8х, 9-10х, 28-31х/,

 

3. Гэрч Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 07-р сарын дундуур ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр, 57 дугаар байрны 43 тоотод байрлах 1 өрөө байрыг түрээслэнэ гэсэн зар тавьсны дагуу Б.Ж гэдэг хүн залгаж ярихаар нь уулзаж байгаад байраа үзүүлэхэд 40 орчим насны эмэгтэй байсан ба 6 настай хүүтэйгээ хамт байна гэж хэлэхээр нь нэг сарын 400.000 төгрөгөөр тохирч 2 сараар төлбөр хийхээр болсон. Тэгээд 2017 оны 07 сарын 20-ны өдөр байрны түлхүүрээ өгөхдөө эхний сарын төлбөрийг авсан. Тэрнээс хойш 2017 оны 08 сарын 20-ны өдөр 2 сарын төлбөрөө төлөөд, 2017 оны 10 сарын 20-ны өдөр дараагийн 2 сарын төлбөр хийх ёстой байсан боловч төлбөрөө төлөөгүй байж байгаад маргааш нь хад руу “дансаа явуул” гэсэн мессеж бичихээр нь дансны дугаараа явуулсан ч мөнгөө хийгээгүй, орой нь дансны дугаараа явуулаарай гэсэн мессеж дахин ирсэн. Тэгэхээр нь өдөр явуулсан данс руу хийчих гэхэд маргааш өглөө нь “ямар ч мессеж ирээгүй ш дээ” гэсэн хариу ирсэн. Тэгээд 22-23-нд шилжих шөнө 00:31 цагийн үед дансны дугаараа явуулсан боловч хариу байхгүй таг болчихоор нь маргааш нь 14:46 цагт залгахад нэг удаа дуудаад тасалчихаар нь завгүй, боломжгүй байгаа юм байх гэж бодоод залгаагүй. Хэд хоног харж байгаад 25-ны өдөр 3 удаа залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгөхөөр нь мессеж үлдээсэн. Би байрныхаа 800.000 төгрөгийг аваагүй байгаа, байраа хурдан сулламаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 135х/,   

 

4. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Г бол манай найзын, найзынх нь дүү нь байгаа юм. Би амралтын газарт амарч байхдаа Г-аар зам заалгаж байгаад танилцсан. Г над руу залгаад “би нэг такси авах гэсэн юм, барьцаагаа төлсөн, танд ямар нэг үр дагавар байхгүй, ганцхан машин үлдсэн, өнөөдөр яаралтай авах хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч авч өгсөн. ... Би өчигдөр, өнөөдөр өөрийнхөө гэсэн утаснаас залгахаар нь авч яриагүй. Өчигдөр 15, 18 цагийн орчимд  гэх дугаараас “Г ах таныг гэрт чинь хүргээд өгчих” гэсэн юм гээд над руу ярихаар нь би “хүргүүлнэ гэж яриагүй” гээд тасалсан. Г 2017 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 23:12, 23:13 цагт өөрийнхөө  гэсэн дугаараас залгасан байсан. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10:25 минутаас хойш 18:30 минут хүртэл маш олон удаа залгаж, мессеж бичээд байсан. Би утсан дээрээ мессеж хадгалдаггүй учраас устгасан. Тэр мессеж дунд нь “Ж үхчихлээ” гэсэн мессеж байсан ба би эхнэр, хүүхэдтэйгээ муудалцсан байна гэж бодоод мессежнүүдийг нь устгасан. Одоо утсан дээр тэр мессеж нь байхгүй. Надаас мөнгө асуух гэж залгаж, мессеж бичсэн болов уу, өлсөж байна, хоолонд орох гэсэн юм гэх зэргээр мессеж бичдэг байсан. Би найз нөхөд болон ойр дотны хүмүүсийг нь танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 36х/,

 

5. Гэрч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Ж овогтой Г гэх хүнийг танина. Би түүний төрсөн ах нь. ...Г миний мэдэхээр долоо хоногт хоёр удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ догшин ааш араншинтай болж, ямар ч хамаагүй хүнтэй маргалдаж өдөөн турхидаг байсан, идэж уух нь ууж л байдаг, гэхдээ маш догшин авиртай болдог юм.

...Би 2017 оны 06 дугаар сард Г-тай утсаар ярихад надад “нэг эмэгтэйтэй цуг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд цуг байр хөлсөлж байгаа” гэж хэлж байсан. Би Г-тай цуг байр хөлсөлж байсан гэх эмэгтэйн талаар сайн мэдэхгүй, миний мэдэхээр Г уг эмэгтэйтэй 2005 онд танилцсан. Би тэр эмэгтэйг нь хэд хэдэн удаа харж байсан, нэрийг нь Ж гэдгээс өөр зүйл мэдэхгүй. Би хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сард Г-тай утсаар холбогдсон. Тэр үед мэнд мэдэлцээд утсаа салгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41-42х/,

 

6. Гэрч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би талийгаач Б.Ж-ыг сайн танина. Манай ээж Б.Ж-ийн төрсөн дүү нь, миний нагац эгч байгаа юм. Бид хэд Улаанбаатар хотод төрсөн, энд ажиллаж амьдарч байгаа.

Б.Ж нь нөхөр Ж.Г, хүү Г.Т нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байрны 1 дүгээр орцны 7 давхарт түрээсийн байранд амьдардаг. Хаалганы дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Энэ байрыг түрээслэн амьдарч байснаас хойш нэг л удаа гэрт нь ирж байсан. Ж нь өөрөө хувиараа Хархорин зах болон Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудлын ойролцоо гоо сайхны дэлгүүр ажиллуулдаг. Нөхөр Ж.Г нь “Симон” ХХК-д такси түрээслэн жолоочоор ажилладаг, хүүхэд нь сургуульд сурагч, гэхдээ аль сургуульд сурдаг болохыг мэдэхгүй.

...7 хоногийн өмнө ээж Ж нь Жаас гоо сайхны бараа авахаар ирэхэд нь Хан-Уулын 19-ийн дэлгүүрийн лангуун дээр Ж-тай уулзаж байсан. Ж, Г хоёр нь нэг хэсэг гэр бүл салсан гэж байснаа, дараа нь буцаад нийлсэн гэж сонсож байсан. Би тэр болгон гэрээр нь орж гардаггүй учир сайн мэдэхгүй. Нөхөр нь нилээн архи уудаг гэсэн, гэхдээ би өөрөө бол архи уугаад явж байхыг нь хараагүй. Харин эгч хааяа баяр ёслолын үеэр уудаг байсан. Г архи уусан үедээ хааяа зоддог байсан гэж ээж, эмээ нараас сонсож байсан. Тэр талаар хүүхэд нь хэлэх байх.

Г-ыг ер нь сайн мэдэхгүй, ...гурван 7 хоногийн өмнө 19-ийн лангууг хийж өгөх үед уулзаж байсан ба цаг орой болсон болохоор гэртээ хүргүүлж байсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу хагас сайн өдөр эгч Ж-тай ярих гэсэн чинь  дугаар нь холбогдохгүй байхаар нь Г-ын  дугаар руу өөрийнхөө  дугаараас залгахад Г “Ах, эгч хоёр нь ёндоорсон, ууж байна, маргааш ирээд юмыг нь янзлаад өгчихөөрэй” гэсэн. Утсаар ярихдаа халамцуу байсан, цаана нь хүн байгаа эсэхийг мэдээгүй, эгчтэй яриагүй. Тэрнээс хойш залгаагүй, яриагүй байтал өнөөдөр ээж эгч чинь гэртээ ухаангүй хэвтэж байна, чи гялс оччих гэхээр нь гэрт нь ирээд эгчийг нас барсныг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 47х/,

 

7. Гэрч К.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний охин Ж-ын төрсөн хүү Т 10:00 цагийн үед манай гэрээс гарч гэртээ очиж хувцас авахаар явсан. Тэгээд удаагүй 20:00 минутын дараа Т гаднаас уйлчихсан орж ирээд “Ээж үхчихсэн юм шиг байна, орон дээр хэвтэж байхаар нь унтаж байна гэж бодоод хацрыг нь илж үзэхэд хоёр шүд нь уначихсан, нүүр ам нь хөхөрчихсөн, бие  нь хүйтэн байна” гэж хэлэхээр нь гэрээс гарч 3 дугаар хорооны цагдаа дээр очиж, цагдаатай уулзаад хамт очиход миний охин гэртээ нас барсан байна гэсэн.

Би айгаад орж чадаагүй... миний охин Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 57-43 тоот 2 өрөө байрыг 2017 оны 07 дугаар сард хөлсөлж хүү Т-гийн хамт амьдарч байгаа. Өмнө нь 2005 онд Г гэдэг хүнтэй танилцаад гэр бүл болоогүй байхдаа Т гэж хүүтэй болсон ба 2005  онд Г нь “хүн хутгалсан” хэргээр Багануур дүүргийн шоронд 5 жил сууж байгаад гарч ирээд тус тусдаа амьдардаг ч хааяа уулздаг байж байгаад сүүлийн 8 жил таг алга болчихоод, сүүлийн 2 жилийн өмнөөс уулзаад байгааг нь мэдсэн. Г нь Ж-тай нийлээд архи уучихдаг, согтохоороо эхнэрээ болон хүүгээ зоддог байсан.

...Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед охин руугаа  утас руу залгаж ярихад “гэртээ байна” гээд их дуу муутай ярихаар нь “чи архи уучихсан юм уу, Г ирж архи ууж байна уу” гэхэд “архи уугаагүй, үгүй” гэж хэлчихээд утсаа тасалсан. Тэгээд үдээс хойш нь хүү Т нь манай гэрт ирэхдээ ээжийнхээ гар утсыг аваад ирсэн ба “ээж утсаа өгч явуулсан” гэж хэлээд манайд хоносон. Тухайн үед Т-г “гэртээ хонохгүй юм уу” гэхэд “ээж, аав хоёр архи ууж байгаа, намайг эмээгийндээ очиж хоно” гэж хэлсэн гэсэн.

...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний зээ хүү Т “гэртээ очиж хувцсаа солино” гэж явсанаас хойш удаагүй 10:30 минутын үед өөрийн дугаараас охин Ж-ын  дугаар руу залгахад миний охин утсаа авсан. Тэгэхээр нь чи ажилдаа ирэхгүй яасан юм бэ гэхэд маргааш ажил дээрээ очно ээжээ гэж хэлээд утсаа салгасан.

Тэгээд буцаагаад залгахад утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгөхөөр нь дахин залгаагүй. Орой 20:30 цагийн үед зээ хүү Т хичээлээ тараад ирэхээр нь “гэртээ харихгүй яасан юм бэ” гэхэд “ээж намайг энд хоно” гэсэн гэхээр нь тоогоогүй хонуулсан. Т маргааш нь хичээлдээ яваад ирлээ гээд орой 21 цагийн үед орж ирэхээр нь “гэртээ хариач” гэхэд “орой болчихлоо, энд хоночихъё” гэж хэлээд хоносон.

Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд хүүдээ хоол цай хийж өгөөд явуулсан. Т гэрээрээ орж хувцсаа сольчихоод хичээлдээ явна гэж хэлээд гарсан ба удаагүй орилоод ороод ирэхээр нь яасан гэж асуухад “ээж үхчихсэн юм шиг байна” гэж хэлэхээр нь цагдаа дагуулж очсон.   ...2017 оны 08 сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 57-43 тоотод байр түрээслэн амьдарч байгаад ийм харамсалтай зүйл боллоо. Энэ хугацаанд Г олон удаа миний охин, зээ хүүг маань зодож байсан. Гэхдээ би хүүхэд нь байгаа юм байна, арай ч алчихгүй байх гэж бодож байсан. Энэ хүний гарт миний охины амь нас эрсдэх байж. Үнэхээр энэ хүнд гомдолтой байна. Энэ хүн миний охиныг байнга дарамталж, айлган сүрдүүлж байсныг нуугаад тэр болгон хэлдэггүй байсан байна. Г-аас маш их айдаг байсан. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 48-49х, 210-211х/,

 

8. Гэрч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“Манай нөхөр энэ байрыг 2017 оны 07 дугаар сарын эхээр худалдаж авсан. Би 2017 оны 08 сарын 16-нд БНСУ-аас Монголд ирээд энэ байрандаа ирж нэг хоночихоод, шууд Говьсүмбэр аймаг руу нөхөртэйгээ хамт хүүхэд рүүгээ яваад 2017 оны 09 сарын 10-ны хавьцаа гэртээ ирсэн. Ирсэн цагаасаа хойш тогтмол гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Өнгөрсөн долоо хоногт яг хэдний өдрийг нь санахгүй байна. Нэг 50 орчим насны эрэгтэй хүн амандаа тамхи зуучихсан 43 тоотын хаалгыг түлхүүрээр онгойлгоод орж байсан. ...170 орчим см өндөртэй хүн байсан. Царайг нь сайн хараагүй.

Тэгэхэд л 43 тоот айл руу хүн орж байхыг анх харсан. Тэрнээс өмнө болон хойно хүн орж гарч байсныг хараагүй. Хэн, хэн ямар хүн амьдардаг талаар нь мэдэхгүй. 2 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 23-ны өдөр 13:00 цагийн орчим хүүхдээ унтуулчихсан гэрээ цэвэрлэж байхад 43 тоотоос нэг эрэгтэй хүний орилох чимээ гараад байсан. Би яг тухайн үед 43 тоот айлын залгаа, хананы хажууд суугаад утсаа оролдож байхад их л уурласан өнгө аястай “гөлөг минь, миний юм хаана байна” гэх шиг болсон. Би тэгээд ямар аймаар юм бэ гэж бодоод нөгөө өрөөндөө ороод хүүхэдтэйгээ цуг унтчихсан. Өөр ямар нэг чимээ сонсоогүй. Нэг л хүний чимээ гарсан. Нэг л удаа чанга дуугаар “Гөлөг минь миний юм хаана байна” гэж орилсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54-55х/,

 

9. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 10 сарын 31-ны өдрийн 10039 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “25/Х 17г 39/эм Б.Ж” гэж хаягласан цусанд 3.4 промилли, “Б.Ж-аас 39/эм Х/25” гэж хаягласан булчинд 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 163х/,

 

10. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2123 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх

   

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Цогцосны хожуу үеийн өөрчлөлт ялзрал муудалт.

2. Хүнд зэргийн согтсолт. Баруун 3.4.5.6.7.8.9.10.11.12-р, зүүн 3.4.5.6.7.8.10.11.12-р хавирганы шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, сээрний 3-р нугаламын арын сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуун цус хуралт, баруун нүдний гадна доод хэсэг, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, дээд уруул, ооч, хүзүү, баруун зүүн мөр, цээж, баруун гуяны олон тооны жижиг, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэний зулгаралт, цээж, хэвлий, баруун сарвуу, 3.4-р хуруу, баруун тохой, баруун ташаа, өвдөг, шилбэний цус хуралт, нурууны цус хуралт,  

Дүгнэлт:  

1. Талийгаачийн цогцост оношийн 3-р хэсэгт тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4. 5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. 8. Талийгаачийн цогцос ялзарч муудсан тул үхлийн шалтгаан болон архаг хууч өвчин тогтоох боломжгүй байна.

7. Талийгаач нь АВО системээр В (lll) бүлгийн цустай байна.” гэжээ. /хэргийн 1-р хавтас 59х/,

 

11. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 187 тоот:

1. Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2123 тоот шинжээчийн дүгнэлтийн 6, 8-р хариултын үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй гэснээс бусад хариулттай нь санал нэг байна.

2. Талийгаачийн цогцост цээжний хоёр талын 3-12-р хавирганы шууд бус хугарал, орчны эд дэх цус хуралт, сээрний 3-р нугаламын арын сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун нүдний гадна доод хэсэг, хамар, зүүн хацар, дээд уруул, ооч, хүзүү, баруун зүүн мөр, цээж, баруун гуяны олон тооны жижиг, баруун, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цээж хэвлий, баруун сарвуу, 3, 4-р хуруу, баруун тохой, баруун шанаа, өвдөг, шилбэ, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

3. 5. Талийгаач нь цээжний хоёр талын 3-12-р олон хавирганы хугарал гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой байна.

4. Талийгаачийн цогцос хожуу үеийн өөрчлөлтөнд орж ялзарч муудсан тул архаг хууч өвчинг нарийвчлан тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 119х/,

 

12. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 649 тоот:

1. ШШҮХ-н 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 187 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаачид гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломж муутай.

3. Талийгаачид учирсан цээжний 2 талын олон хавирганы хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Уг гэмтлийг аваад хэдий хугацаатай амьд байхыг тогтоох боломжгүй.

5. Талийгаачид учирсан олон тооны гэмтлүүдээс цээжний 2 талын олон хавирганы хугарал нь үхэлд хүргэх гэмтэл байжээ.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 42х/,

 

13. Шүүх сэтгэц эмгэг судлалын 97 дугаартай дүгнэлт:

1. Ж.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Г нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

2. Ж.Г-ын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.

3. Ж.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Г нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 233-234х/,

 

14. Гэрч Э.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 дугаар хорооны цагдаагийн хэсгийн өрөөнд албан үүргээ гүйцэтгээд сууж байтал гаднаас 60 орчим настай эмэгтэй 12 орчим насны хүүхэд дагуулан орж ирээд “манай охин амьсгалахгүй байна гэнээ” гэж хэлсний дагуу Арцат-10 жижүүрт мэдэгдэж, дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 3-р хороо заводын буудлын урд байрлах 57-р байрны 43 тоотод орж шалгахад:

- унталгын өрөөнд газар хөнжлөөр битүү ороосон хүн хэвтэж байсан бөгөөд хөнжлийг авч шалгахад 40 орчим насны эмэгтэй хүн чармай нүцгэн дээшээ харж хэвтсэн, биеийн ил харагдах хэсэгт олон тооны хөхрөлтүүдтэй, амьсгал хураасан байдалтай байсан ба гэрийн эд хогшил эмх замбраагүй, цонхны доор байрлах дулааны паар салж доош унжсан, телевизор асаалттай байсан. Би хэргийн газрыг яаралтай хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүн дуудах хооронд хохирогчийн хүүгээс болсон асуудлын талаар мэдээлэл авч, энэ талаар дэд хурандаа Мэндбаярт илтгэж танилцуулаад Эрүүгийн мөрдөгч а/д Ганцогт, а/х Еркебуланы хамтаар сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж олох зорилгоор Баянзүрх дүүргийн 13-р хороолол орчим хяналт хийж ажилласан.

Хохирогчийн нөхөр урьд нь ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тухайн үед “СИМАН” такси ХХК-нд түрээсээр такси үйлчилгээнд явдаг ажилтай байсан бөгөөд тухайн үед сэжигтний унаж байсан автомашин нь уг 57-р байрны гадна талд байрлаж байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Б.Ж, Ж.Г гэх хоёр хүнийг танихгүй. Өмнө нь ямар нэгэн асуудлаар дуудлага мэдээлэл ирж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 167х/,

 

15. Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 1994 оноос хойш Хархорин зах дээр худалдаа наймаа хийгээд одоог хүрч байна. Б.Ж-ыг 2005 оноос зүс таньдаг болоод сүүлийн 3 жил зэрэгцээ лангуу ажиллуулж хамт ажиллах болсноор бие биенээ сайн мэдэх болсон. Би Б.Ж-ыг 2017 оны 10-р сарын 21-ний өдөр хагас сайн өдөр лангуун дээрээ зогсоход нь харсан, тэр өдөр худалдагч нь хичээлтэй гээд тэр өдөр бүтэн зогссон. Тэр өдрөөс хойш огт хараагүй. Тэр өдөр архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Ж-ын биед харагдах гэмтэл шарх учраагүй байсан. 2017 оны 03, 04-р сарын үед санагдаж байна Ж надад хэлэхдээ манай нөхөр эргээд ирсэн гэж хэлж байсан ба тэр үеэс хойш хааяа лангуун дээгүүр нь  ирчихсэн харагддаг. Сүүлд 2017 оны 07-р сард санагдаж байна Г согтуу лангуун дээр ирээд, Ж-ыг хэл амаар доромжлоод байхаар нь би орж “одоо боль олон хүн байна” гэж хэлэхэд Ж, “Г-ыг гэрт нь аваачиж унтуулчихаад ирье” гэж яваад тэр өдрөө ирээгүй, маргааш нь ирэхдээ нүд нь хөхөрчихсөн ирсэн.

Ер нь хааяа гар, хөл, нүд, ам хөхөрчихсөн ирэхээрээ” манай нөхөр хүнтэй зодолдох гэхээр нь салгах гэсэн намайг цохичихлоо” гэж ярьдаг байсан. Талийгаач тэр болгон гэр бүлийн асуудлаа яриад байдаггүй ч нөхөр нь зоддог гэдэг нь андашгүй байдаг байсан. Г зан байдлын хувьд архи уусан үедээ ширүүн догшин зантай юм билээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 202-203х/,

 

16. Гэрч М.Н-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Б овогтой Ж гэдэг хүнийг танина. Би 2017 оны 09-р сард танилаараа дамжуулан Б.Ж гэдэг хүний ажиллуулдаг Хархорин зах №199 тоот хүүхдийн бэлэн хувцасны лангуунд худалдагчаар одоог хүртэл ажиллаж байна. Би хамгийн сүүлд 2017 оны 10-р сарын 17-ны өдөр уулзсан, зах дээр байрлах лангуун дээр бараа авч ирж өгчихөөд явсан, тэр үед Ж эгч нөхөртэйгээ /нэрийг  мэдэхгүй/ хамт явж байсан. Тэрнээс хойш огт уулзаагүй хамгийн сүүлд 2017 оны 10-р сарын 22-ны өдөр  дугаарын утсаараа миний  дугаар руу 13:00 цаг өнгөрч байхад залгаад, үдээс хойш 17:00 цагийн үед залгаж яриад “түрээсийн мөнгө хүнд өгөх гэж байгаа, бараа авах” талаараа ярьж байсан.

Тэрнээс хойш огт холбогдоогүй, 2017 оны 10-р сарын 26-ны өдөр санагдаж байна намайг лангуун дээрээ байж байхад Ж эгчийн хамаатнууд ирж уулзахад “нас барсан” гэдгийг нь мэдсэн. Хамгийн сүүлд 2017 оны 10-р сарын 17-ны өдөр уулзахад ил харагдах шарх, сорви, хөхрөлт байгаагүй. Гэхдээ өмнө нь хааяа ажил дээрээ ирэхдээ гар булчиндаа хөхөрчихсөн харагдаж байдаг. Би тэр болгон яасан гэж асууж байгаагүй.

Намайг лангуун дээр ажиллаж байх хугацаанд Ж эгчийн нөхөр Г нь лангуу дээр ирчихсэн байхдаа хүүгээ алгадаж, хөл рүү нь өшиглөж байсан. Энэ асуудал нь 2017 оны 10-р сарын эхээр санагдаж байна. Харин тэр хоёрын гэр бүлийн харилцааны талаар сайн мэдэхгүй байна. Ж эгч намайг ажиллаж байх хугацаанд архи уучихсан харагдаагүй, харин нөхрийнх нь талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 205-205х/,

 

17. Насанд хүрээгүй гэрч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 10-р сарын 22-ны өдөр ээжийн дүү А эгчийнд очоод тэндээ хоносон. Тэдний гэрт хонохдоо би аавд хэлчихсэн байсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө нь гэртээ 10 цагийн үед ирээд хаалгаа тогшиход аав манай аав хаалгыг аав Г тайлаад, би гэртээ орсон. Ээж гэрийн том өрөөнд гудсаа дэвсээд хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Би хичээлийн хэрэгслийнхээ юмыг бэлдээд, ээжийн самсунг жи 5 маркийн гар утсыг аваад гарсан. Аав ээж хоёр өмнө нь нилээн хэдэн шил архи уучихсан юм шиг хоосон архины шил харагдаад, бас архи задлаад ууж байгаа байдалтай байсан. Би шууд хичээлдээ яваад, хичээлээсээ тараад орой нь гэртээ очоогүй, шууд А эгчийн гэрт очсон.

Маргааш өглөө буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний өөрийн хичээлийн хэрэгсэл надад байсан учир би А эгчийнхээс хичээлдээ яваад, хичээлээ тараад бас л эгчийнд шууд ирж хоносон. 2017 оны 10 сарын 25-ны өглөө 10-11 цагийн үед гэртээ очиж хувцас хунараа өөрчилж солих, бас үлдэгдэл хичээлийн хэрэгслээ авахаар гэртээ очоод гэрийн хаалгыг тогштол хаалга тайлахгүй байхаар нь цүнхэнд гэрийн түлхүүр байсныг санаад хаалгаа тайлаад дотогш орсон.

Тэгээд том өрөөнд хартал ээж гудсан дээр дээшээ хараад хөнжил нөмөрсөн хэвтэж байхаар нь унтаж байна гэж ойлгоод өөрийнхөө хичээлийн хэрэгслийг аваад, ээжийг сэрээх гэж “та босооч” гэж оролдсон чинь ерөөсөө сэрэхгүй байхаар нь айгаад гэрээс гараад А эгчийн гэрт очоод эмээд “нас барчихсан юм шиг байна” гэж хэлээд эмээгийн хамтаар Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдэгдсэн. Тэр үед цагдаа үзчихээд “нас барчихсан байна” гэж хэлсэн.

2017 оны 10 сарын 23-ны өглөө намайг гэрээс ороод хичээлийнхээ хэрэгслийг авахад гэрээс архи тамхи үнэртсэн байдалтай, хоёулаа архи нэмээд уугаад сууж байгаа харагдсан. Миний хажууд хоорондоо маргалдаж муудалцаагүй.

Манай аав Г, ээж Ж нар нь эрүүл байсан ч, согтуу байсан ч хоорондоо хэрэлдэж маргалддаг, миний хажууд ээжийг заримдаа цохиж зоддог.  Манай аав хэсэг хугацаанд тусдаа амьдардаг байсан. Тэгээд шоронгоос гарч ирээд ээж, бид хоёртой хамт байхдаа архи уусан ч, эрүүл үедээ ч ээж бид хоёрыг цохиж зоддог. Намайг буруу зүйл хийгээгүй байхад 5-6 удаа цохиж зодож байсан. Аав ээж бид хоёрыг зодохдоо гарт тааралдсан зүйлээрээ цохиж зоддог.  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг гаднаас гэрт ороход архины шил уначихсан, тамхины үнс газраар асгарсан байдалтай харагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 34-35х/,

 

18. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Б овогтой Ж-ын төрсөн ах нь байгаа юм. Бид эхээс дөрвүүлээ. Би доороо гурван дүүтэй. Ж миний доод талаасаа нэг дээр буюу гурав дахь нь байгаа юм. Ж долоо хоногт удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэж миний ээж З надад хэлж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед ээ ямар нэгэн асуудал гаргалгүй унтаад өгдөг юм. Зан байдлын хувьд догшин зан араншин байхгүй, идэж уух нь ууж л байдаг гэхдээ мөрөөрөө унтаад өгдөг хүн.

Миний мэдэхээр ямар нэг зодоон хийж байсан, мөн зодуулж байсан талаар би сонсож байгаагүй. Ж нь 1996 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн 10-р ангийг төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Дараа нь 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн ангиар дээд боловсрол эзэмшин төгссөн. Ж нь Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, 35-24 тоот буюу миний оршин суугаа хаягт хамт байдаг.  Харин Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57-43 тоот байрыг хөлслөн сууж байгаа юм. Миний дүү охин Ж уг тоотод өөрийн хүү Т-ий хамт амьдардаг юм. Өөр ямар нэгэн хүнтэй амьдардаг талаар мэдэхгүй байна. Т одоо Сонгинохайрхан дүүргийн 83-р сургуулийн 6-р ангийн сурагч.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

 

19. Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 08-р сарын 17-ноос эхлэн Хан-Уул дүүргийн 3-р хороны нутаг дэвсгэрт байрлах 57-р байрны 45 тоотод амьдарч эхэлсэн. Би уг байрны 43 тоотод хүн амьдардаг талаар мэдээгүй. Намайг энэ байранд амьдарч эхэлснээс хойш 43 тоотод хүн орж гарч байгаа, мөн уг тоотоос ямар нэгэн дуу чимээ сонсож байгаагүй.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 51х/,

 

20. Шүүгдэгч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...Манай эхнэр Б.Ж нь архи их уудаг, уусан үедээ агсам тавьдаг байсан. Уухаараа их авиргүй зантай хүн байсан. Намайг их хуурдаг /араар тавьдаг/ байсан болохоор харддаг байсан. Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урд талын 54 дүгээр байранд байдаг дэлгүүрээс 2 шил соёрхол авч эхнэртэйгээ хамт хувааж уусан. Би тэндээ хоноод өглөө 06:00 цагийн үед эхнэр бид хоёр хоорондоо маргалдсан юм. Өглөө 07:00 цагийн үед Ж-ыг газар хэвтэж байх үед нь уурандаа хөлөөрөө хоёр удаа цээж, нүүр хавьд дэвссэн. Тэгээд би эхнэрээ алсан нь үнэн. Би хэргээ хүлээж байна.

Би тэндээс такси дуудаж яваад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байдаг “Маями” нэртэй буудалд орж найз “Б-тай” уулзсан. Тэндээсээ гараад 13 дугаар хороолол орж Улаанбаатар дээр найз “Ж-тэй” уулзсан. Би өөр зүйл ярьмааргүй байна. Би хэргээ хүлээсэн дахиж юм ярьмааргүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44-45х/,

 

Мөн шүүгдэгчийн яллагдагчаар дахин өгсөн:

“...Тогтоолтой уншиж танилцлаа. Асуух зүйл байхгүй. Би мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө.

...Намайг шоронд байхад миний хүү Т төрсөн одоо 12 настай. Би  шоронгоос суллагдаж гараад Ж-тай 6 сар орчим 10-р хороололд байр түрээсэлж хамт амьдарч байгаад салаад тусдаа амьдраад 2015 ны 09-р сараас хойш буцаж нийлээд хамт Толгойтод ээжийнх нь гэрт амьдарч байгаад тусдаа гарч 1-р хороололд байр түрээслэн амьдраад,  сүүлд 2017 оны 08-р сараас Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр Аварга дээд сургуулийн баруун талын 57-р байрны 43 тоот 1 өрөө байрыг түрээслэн амьдарч байсан. Би хамгийн сүүлд 2017 оны 05-р сарын сүүлээс хойш Симоч ХХК-ийн такси баазад жолоочоор ажилд ороод Соната-7 маркийн 07-36 УНЦ улсын дугаартай автомашин барьдаг байсан.

Би 2017 оны 10-р сарын 22-ны өдөр 19:00 цагийн үед гадуур ажилтай явж байхад манай эхнэр Ж халамцуу байдалтай утсаар залгаад “хүрээд ир, ирэхдээ архи аваад ирээрэй” гэхээр нь замаараа дэлгүүр орж 2 шил 0.5 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи аваад орсон. Намайг гэртээ ороход манай эхнэр жаахан халамцуу байдалтай хаалгаа нээж өгсөн. Би гэртээ орохдоо нэг шил архи үзүүлэхгүйгээр нуучихаад, нэг шил архи гаргаж задлаад хувааж уусан. Тэгээд архи дуусахад манай эхнэр гэрээс гарч яваад удаагүй нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи бариад орж ирэхээр нь хувааж уугаад, тал шил архи үлдээгээд хэн хэн нь согтоод унтсан. Тэгээд 2017 оны 10-р сарын 23-ны өдөр бид хоёрыг унтаж байхад манай хүү гаднаас орж ирээд, хичээлээ ялгаж аваад явсан. Бид хоёр буцаж унтаад үдээс хойш нь сэрээд үлдсэн архиа хувааж уучихаад, манай эхнэр “архи авна” гэж гарахдаа уусан архины шилнүүдээ аваад гарсан.

Удаагүй гаднаас орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн Соёрхол, 1 шил 0.5 литрийн Соёрхол тамхитай аваад орж ирээд хамт архиа уугаад, сүүлийн архи нь ёроолдоо жаахан үлдэх үед орой 18:00 цагийн үед хоёулаа унтаад, орой 21:00 цагийн үед сэрээд миний далд хийсэн 0.5 литрийн архийг гаргаж ирээд хувааж уучихаад унтсан. Намайг маргааш өглөө гэгээ орчихсон үед /цагийг санахгүй байна/ сэрэхэд Ж гэртээ байхгүй байхаар нь хүлээгээд хэвтэж байхдаа үлдсэн жаахан архиа уучихаад байж байтал удалгүй Ж гаднаас орж ирэхдээ 0.5 литрийн Соёрхол нэртэй архи задалчихсан, талаас нь жаахан дээгүүр байдалтай барьчихсан ирэхээр нь “чи хаашаа яваад ирж байгаа юм бэ” гэж асуухад “миний хаашаа явах чамд хамаагүй” гэж хэлээд бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон.

Тэр үед миний уур хүрээд тэгвэл “би ч гэсэн явж чадна” гэж хэлээд газар дэвссэн гудсан дээр сууж байсан Ж-ын хацар луу нь 2 удаа алгадаад, цээж рүү нь 2 удаа жийчихээд барьж, орж ирсэн архийг нь авч гараад хэсэг юу болсоныг мэдэхгүй, замаас такси бариад Маяами зочид буудалд Б гэж найзтайгаа уулзаж,  тэндээ архи уугаад хоносон. Тэгээд маргааш нь гадуур явж байхад Ж-ын эгч Ж над руу залгаад “манай дүүг яачихсан юм бэ” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ” гэж хэлээд ярьж байгаад утас нь тасрахаар нь эхнэрийнхээ утас руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь гадуур архи ууж явж байгаад орой нь гэрийн гадна байсан машин дээрээ очиход цагдаа нар намайг саатуулсан.

Тухайн үед намайг унтаад сэрэхэд манай эхнэр гэртээ байхгүй байсан. Би сэрчихээд хэвтэж байхад гаднаас орж ирсэн ба хэзээ гараад хаагуур явсаныг нь асуухад хэлээгүй. Би бага зэргийн халамцуу байдалтай байсан ч биеэ удирдах чадвартай байсан.

Би шүүх эмнэлгийн дүгнэлтүүдтэй танилцлаа, ...тухайн үед Ж-ын биед учирсан гэмтлүүдийн талаар ойлгохгүй байна. Ж-ын биед учирсан маш олон тооны шарх гэмтлүүд учирсаныг шалгуулж, үнэн зөвөөр нь тогтоолгомоор байна. Миний хийсэн үйлдэл бол Ж-ын хацар луу нь 2 удаа алгадаж, цээж рүү нь 2 удаа хөлөөрөө жийсэн байгаа.

...Би урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээс асууж тодруулах зүйлгүй, өмгөөлөгчтэй хамт дүгнэлттэй танилцлаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 97-98х, 99х, хэргийн 2-р хавтас 55-56х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 161х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 1-р хавтас 136-149х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.     

                            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөөөгүй байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэв.  

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн дээр дурьдсан баримтуудаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 43 тоот дахь өөрийн түрээслэн амьдарч байсан гэртээ амь хохирогч  талийгаач Бавуу овогтой Ж нь нас барсан байдалтай олдсон үйл баримт тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн  удаа дараагийн дүгнэлтээр тэрээр  биедээ олон тооны гэмтэл авч, үүнээс цээжний хоёр талын 3-12-р олон хавирганы хугарал гэмтлийн улмаас нас барсан болох нь, мөн нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь нотлогдсон байна.  

Амь хохирогчийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “Баруун 3.4.5.6.7.8.9.10.11.12-р, зүүн 3.4.5.6.7.8.10.11.12-р хавирганы шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, сээрний 3-р нугаламын арын сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуун цус хуралт, баруун нүдний гадна доод хэсэг, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, дээд уруул, ооч, хүзүү, баруун зүүн мөр, цээж, баруун гуяны олон тооны жижиг, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэний зулгаралт, цээж, хэвлий, баруун сарвуу, 3.4-р хуруу, баруун тохой, баруун ташаа, өвдөг, шилбэний цус хуралт, нурууны цус хуралт,” бүхий олон тооны гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн болохыг, мөн эдгээр гэмтлийг авсан даруйд талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч аврагдах боломж муутай байсан нь хэрэгт авагдсан Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын комиссын бүрэлдэхүүнтэй хийсэн шинжилгээний дүгнэлт /хэргийн 2-р хавтас 40-43х/ баримтаар тогтоогдсон байна.  

 

Түүнчлэн Шүүгдэгч Ж.Г болон амь хохирогч Б.Ж нар нь гэр бүлийн хамтын амьдралаар амьдарч, дундаасаа үр хүүхэдтэй болсон, хэрэг учрал гарсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байрны 43 тоотын орон сууцыг түр хугацаагаар түрээслэн амьдарч байсан нь шүүгдэгч Ж.Г, хохирогчийн төлөөлөгч Б.Ж, насанд хүрээгүй гэрч Г.Т, гэрч Г.Н, А.Ж, К.З нарын мэдүүлэг баримтаар нотлогдсон тул тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан этгээдүүд байна.

 

Шүүгдэгч болон амь хохирогч нар нь  өөрсдийн түрээслэн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 43 тоот дахь гэртээ 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн архидан согтуурч, мөн сарын 23-наас 24-ний өдрийн хооронд улмаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Б овогтой Ж-ыг “гарч явлаа хаагуур явсан миний хаашаа явах чамд хамаагүй гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон, биед нь олон тооны гэмтэл бэртэл учруулж, амь насыг нь хохироосон үйл баримт хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогчийн төлөөлөгч Б.Ж-ийн: “...Бид маш аймшигтайгаар дүүгээ алдсан, маш их гомдолтой байна. Хэргийг шүүх үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Миний дүүгийн биед 53 тооны гэмтэл, шарх учруулсан байсан. Шүүгдэгч Г нь манай дүүд “чи надаас салах юм бол хүү, та хоёрыг ална” гэж дарамталдаг байсан. Энэ тухай мэдүүлэг нь байдаг юм.  Миний дүүгийн хүүхэд одоогийн байдлаар тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон ч гэсэн эхийн хайрыг юу ч орлохгүй. Хүүд нь сэтгэл санааны хувьд маш их дарамттай байгаа. Талийгаачийн хүү нь 12 настай. Манай бага дүү Б.А-ийн  асрамжинд Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа. Манай казак заншлын дагуу талийгаачийг оршуулахын өмнө угааж, ариулж, маарланд ороож үйл хийдэг. Талийгаачийн 7 хоног дээр нь талийгаачийг угаасан хүмүүсийг хувцасладаг. Үүнтэй холбоотой хувцас худалдаж авсан гэх 700.000 төгрөгийн баримт байгаа. Оршуулгын зардалд 3.800.000 төгрөг нэхэмжилж байна, холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Гаас сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

- 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр хураан авсан эд зүйлсийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 5-8х, 15-27х, 189х/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-8х, 9-10х, 28-31х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2123 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх   

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Цогцосны хожуу үеийн өөрчлөлт ялзрал муудалт.

2. Хүнд зэргийн согтсолт. Баруун 3.4.5.6.7.8.9.10.11.12-р, зүүн 3.4.5.6.7.8.10.11.12-р хавирганы шууд бус хугарал, орчны эдийн цус хуралт, сээрний 3-р нугаламын арын сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуун цус хуралт, баруун нүдний гадна доод хэсэг, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, дээд уруул, ооч, хүзүү, баруун зүүн мөр, цээж, баруун гуяны олон тооны жижиг, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэний зулгаралт, цээж, хэвлий, баруун сарвуу, 3.4-р хуруу, баруун тохой, баруун ташаа, өвдөг, шилбэний цус хуралт, нурууны цус хуралт, 

Дүгнэлт: 

1. Талийгаачийн цогцост оношийн 3-р хэсэгт тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4. 5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. 8. Талийгаачийн цогцос ялзарч муудсан тул үхлийн шалтгаан болон архаг хууч өвчин тогтоох боломжгүй байна.

7. Талийгаач нь АВО системээр В (lll) бүлгийн цустай байна.” гэжээ. /хэргийн 1-р хавтас 59х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 187 тоот:

1. Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2123 тоот шинжээчийн дүгнэлтийн 6, 8-р хариултын үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй гэснээс бусад хариулттай нь санал нэг байна.

2. Талийгаачийн цогцост цээжний хоёр талын 3-12-р хавирганы шууд бус хугарал, орчны эд дэх цус хуралт, сээрний 3-р нугаламын арын сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун нүдний гадна доод хэсэг, хамар, зүүн хацар, дээд уруул, ооч, хүзүү, баруун зүүн мөр, цээж, баруун гуяны олон тооны жижиг, баруун, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цээж хэвлий, баруун сарвуу, 3, 4-р хуруу, баруун тохой, баруун шанаа, өвдөг, шилбэ, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

3. 5. Талийгаач нь цээжний хоёр талын 3-12-р олон хавирганы хугарал гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой байна.

4. Талийгаачийн цогцос хожуу үеийн өөрчлөлтөнд орж ялзарч муудсан тул архаг хууч өвчинг нарийвчлан тогтоох боломжгүй байна.” гэсэн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 119х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 649 тоот:

1. ШШҮХ-н 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 187 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаачид гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломж муутай.

3. Талийгаачид учирсан цээжний 2 талын олон хавирганы хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Уг гэмтлийг аваад хэдий хугацаатай амьд байхыг тогтоох боломжгүй.

5. Талийгаачид учирсан олон тооны гэмтлүүдээс цээжний 2 талын олон хавирганы хугарал нь үхэлд хүргэх гэмтэл байжээ.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 42х/,

- насанд хүрээгүй гэрч Ж.Т-гийн:“...Би 2017 оны 10-р сарын 22-ны өдөр ээжийн дүү А эгчийнд очоод тэндээ хоносон. Тэдний гэрт хонохдоо би аавд хэлчихсэн байсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө нь гэртээ 10 цагийн үед ирээд хаалгаа тогшиход аав манай аав хаалгыг аав Г тайлаад, би гэртээ орсон. Ээж гэрийн том өрөөнд гудсаа дэвсээд хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Би хичээлийн хэрэгслийнхээ юмыг бэлдээд, ээжийн Samsung 5 маркийн гар утсыг аваад гарсан. Аав ээж хоёр өмнө нь нилээн хэдэн шил архи уучихсан юм шиг хоосон архины шил харагдаад, бас архи задлаад ууж байгаа байдалтай байсан. Би шууд хичээлдээ яваад, хичээлээсээ тараад орой нь гэртээ очоогүй, шууд А эгчийн гэрт очсон. Маргааш өглөө буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр миний өөрийн хичээлийн хэрэгсэл надад байсан учир би А эгчийнхээс хичээлдээ яваад, хичээлээ тараад бас л эгчийнд шууд ирж хоносон. 2017 оны 10 сарын 25-ны өглөө 10-11 цагийн үед гэртээ очиж хувцас хунараа өөрчилж солих, бас үлдэгдэл хичээлийн хэрэгслээ авахаар гэртээ очоод гэрийн хаалгыг тогштол хаалга тайлахгүй байхаар нь цүнхэнд гэрийн түлхүүр байсныг санаад хаалгаа тайлаад дотогш орсон. Тэгээд том өрөөнд хартал ээж гудсан дээр дээшээ хараад хөнжил нөмөрсөн хэвтэж байхаар нь унтаж байна гэж ойлгоод өөрийнхөө хичээлийн хэрэгслийг аваад, ээжийг сэрээх гэж “та босооч” гэж оролдсон чинь ерөөсөө сэрэхгүй байхаар нь айгаад гэрээс гараад А эгчийн гэрт очоод эмээд “нас барчихсан юм шиг байна” гэж хэлээд эмээгийн хамтаар Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдэгдсэн. Тэр үед цагдаа үзчихээд “нас барчихсан байна” гэж хэлсэн.

2017 оны 10 сарын 23-ны өглөө намайг гэрээс ороод хичээлийнхээ хэрэгслийг авахад гэрээс архи тамхи үнэртсэн байдалтай, хоёулаа архи нэмээд уугаад сууж байгаа харагдсан. Миний хажууд хоорондоо маргалдаж муудалцаагүй. Манай аав Г, ээж Ж нар нь эрүүл байсан ч, согтуу байсан ч хоорондоо хэрэлдэж маргалддаг, миний хажууд ээжийг заримдаа цохиж зоддог.  Манай аав хэсэг хугацаанд тусдаа амьдардаг байсан. Тэгээд шоронгоос гарч ирээд ээж, бид хоёртой хамт байхдаа архи уусан ч, эрүүл үедээ ч ээж бид хоёрыг цохиж зоддог. Намайг буруу зүйл хийгээгүй байхад 5-6 удаа цохиж зодож байсан. Аав ээж бид хоёрыг зодохдоо гарт тааралдсан зүйлээрээ цохиж зоддог.  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг гаднаас гэрт ороход архины шил уначихсан, тамхины үнс газраар асгарсан байдалтай харагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 34-35х/,

- гэрч К.З-ын: “..2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний охин Ж-ын төрсөн хүү Т 10:00 цагийн үед манай гэрээс гарч гэртээ очиж хувцас авахаар явсан. Тэгээд удаагүй 20:00 минутын дараа Т гаднаас уйлчихсан орж ирээд “Ээж үхчихсэн юм шиг байна, орон дээр хэвтэж байхаар нь унтаж байна гэж бодоод хацрыг нь илж үзэхэд хоёр шүд нь уначихсан, нүүр ам нь хөхөрчихсөн, бие  нь хүйтэн байна” гэж хэлэхээр нь гэрээс гарч 3 дугаар хорооны цагдаа дээр очиж, цагдаатай уулзаад хамт очиход миний охин гэртээ нас барсан байна гэсэн. Би айгаад орж чадаагүй... миний охин Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 57-43 тоот 2 өрөө байрыг 2017 оны 07 дугаар сард хөлсөлж, хүү Т-гийн хамт амьдарч байгаа. Өмнө нь 2005 онд Г гэдэг хүнтэй танилцаад гэр бүл болоогүй байхдаа Т гэж хүүтэй болсон, ... сүүлийн 2 жилийн өмнөөс уулзаад байгааг нь мэдсэн. Г нь Ж-тай нийлээд архи уучихдаг, согтохоороо эхнэрээ болон хүүгээ зоддог байсан. ... 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний зээ хүү Т “гэртээ очиж хувцсаа солино” гэж явсанаас хойш удаагүй 10:30 минутын үед өөрийн дугаараас охин Ж-ын  дугаар руу залгахад миний охин утсаа аваад “гэртээ байна” гээд их дуу муутай ярихаар нь “чи архи уучихсан юм уу, Г ирж архи ууж байна уу” гэхэд “архи уугаагүй, үгүй” гэж хэлэхэд “чи ажилдаа ирэхгүй яасан юм бэ” гэхэд “маргааш ажил дээрээ очно, ээжээ” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд буцаагаад залгахад утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгөхөөр нь дахин залгаагүй. Орой 20:30 цагийн үед зээ хүү Т хичээлээ тараад ирэхдээ ээжийнхээ гар утсыг аваад ирсэн ба “ээж утсаа өгч явуулсан” гэж хэлээд манайд хоносон. Тухайн үед Т-г “гэртээ хонохгүй юм уу” гэхэд “ээж, аав хоёр архи ууж байгаа, намайг эмээгийндээ очиж хоно.” гэж хэлсэн гэсэн.

... 2017 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд хүүдээ хоол цай хийж өгөөд явуулсан. Т гэрээрээ орж хувцсаа сольчихоод хичэээлдээ явна гэж хэлээд гарсан ба удаагүй орилоод ороод ирэхээр нь яасан гэж асуухад “ээж үхчихсэн юм шиг байна” гэж хэлэхээр нь цагдаа дагуулж очсон.  

...2017 оны 08 сард Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 57-43 тоотод байр түрээслэн амьдарч байгаад ийм харамсалтай зүйл боллоо. ...Г олон удаа миний охин, зээ хүүг маань зодож байсан. Гэхдээ би хүүхэд нь байгаа юм байна, арай ч алчихгүй байх гэж бодож байсан. Энэ хүний гарт миний охины амь нас эрсдэх байж. Үнэхээр энэ хүнд гомдолтой байна. Энэ хүн миний охиныг байнга дарамталж, айлган сүрдүүлж байсныг нуугаад тэр болгон хэлдэггүй байсан байна. Г-аас маш их айдаг байсан. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 48-49х, 210-211х/,

- гэрч Г.Ч-ийн: “...Өнгөрсөн долоо хоногт яг хэдний өдрийг нь санахгүй байна. Нэг 50 орчим насны эрэгтэй хүн амандаа тамхи зуучихсан 43 тоотын хаалгыг түлхүүрээр онгойлгоод орж байсан. ...170 орчим см өндөртэй хүн байсан. Царайг нь сайн хараагүй. Тэгэхэд л 43 тоот айл руу хүн орж байхыг анх харсан. Тэрнээс өмнө болон хойно хүн орж гарч байсныг хараагүй. Хэн, хэн ямар хүн амьдардаг талаар нь мэдэхгүй. 2 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 23-ны өдөр 13:00 цагийн орчим хүүхдээ унтуулчихсан гэрээ цэвэрлэж байхад 43 тоотоос нэг эрэгтэй хүний орилох чимээ гараад байсан. Би тухайн үед 43 тоот айлын залгаа, хананы хажууд суугаад утсаа оролдож байхад их л уурласан өнгө аястай “гөлөг минь, миний юм хаана байна” гэх шиг болсон. Би тэгээд ямар аймаар юм бэ гэж бодоод нөгөө өрөөндөө ороод хүүхэдтэйгээ цуг унтчихсан. Өөр ямар нэг чимээ сонсоогүй. Нэг л хүний чимээ гарсан. Нэг л удаа чанга дуугаар “Гөлөг минь миний юм хаана байна” гэж орилсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54-55х/,

- гэрч С.А-ийн: “...Г бол манай найзын, найзынх нь дүү нь байгаа юм. ... Би өчигдөр, өнөөдөр өөрийнхөө  гэсэн утаснаас залгахаар нь авч яриагүй. Өчигдөр 15, 18 цагийн орчимд  гэх дугаараас “Г ах таныг гэрт чинь хүргээд өгчих” гэсэн юм гээд над руу ярихаар нь би “хүргүүлнэ гэж яриагүй” гээд тасалсан. Г 2017 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 23:12, 23:13 цагт өөрийнхөө гэсэн дугаараас залгасан байсан. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10:25 минутаас хойш 18:30 минут хүртэл маш олон удаа залгаж, мессеж бичээд байсан. Би утсан дээрээ мессеж хадгалдаггүй учраас устгасан. Тэр мессеж дунд нь “Ж үхчихлээ” гэсэн мессеж байсан ба би эхнэр, хүүхэдтэйгээ муудалцсан байна гэж бодоод мессежнүүдийг нь устгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 36х/,

- гэрч Э.Э-ы: “...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3 дугаар хорооны цагдаагийн хэсгийн өрөөнд албан үүргээ гүйцэтгээд сууж байтал гаднаас 60 орчим настай эмэгтэй 12 орчим насны хүүхэд дагуулан орж ирээд “манай охин амьсгалахгүй байна гэнээ” гэж хэлсний дагуу Арцат-10 жижүүрт мэдэгдэж, дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 3-р хороо заводын буудлын урд байрлах 57-р байрны 43 тоотод орж шалгахад:

- унталгын өрөөнд газар хөнжлөөр битүү ороосон хүн хэвтэж байсан бөгөөд хөнжлийг авч шалгахад 40 орчим насны эмэгтэй хүн чармай нүцгэн дээшээ харж хэвтсэн, биеийн ил харагдах хэсэгт олон тооны хөхрөлтүүдтэй, амьсгал хураасан байдалтай байсан ба гэрийн эд хогшил эмх замбраагүй, цонхны доор байрлах дулааны паар салж доош унжсан, телевизор асаалттай байсан. Би хэргийн газрыг яаралтай хамгаалалтанд авч жижүүрийн бүрэлдэхүүн дуудах хооронд хохирогчийн хүүгээс болсон асуудлын талаар мэдээлэл авч,  энэ талаар дэд хурандаа М-т илтгэж танилцуулаад Эрүүгийн мөрдөгч а/д Г, а/х Е-ны хамтаар сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж олох зорилгоор Баянзүрх дүүргийн 13-р хороолол орчим хяналт хийж ажилласан. Хохирогчийн нөхөр урьд нь ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тухайн үед “СИМАН” такси ХХК-нд түрээсээр такси үйлчилгээнд явдаг ажилтай байсан бөгөөд тухайн үед сэжигтний унаж байсан автомашин нь уг 57-р байрны гадна талд байрлаж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 167х/,

- гэрч Ж.Г-ийн: “...Би Ж овогтой Г гэх хүнийг танина. Би түүний төрсөн ах нь. ...Г миний мэдэхээр ...архи согтууруулах ундаа хэрэглэдэг, ...архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ догшин ааш араншинтай болж, ямар ч хамаагүй хүнтэй маргалдаж, өдөөн турхидаг байсан, идэж уух нь ууж л байдаг, гэхдээ маш догшин авиртай болдог юм. ...Би 2017 оны 06 дугаар сард Г-тай утсаар ярихад надад “нэг эмэгтэйтэй цуг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд цуг байр хөлсөлж байгаа” гэж хэлж байсан. Би Г-тай цуг байр хөлсөлж байсан гэх эмэгтэйн талаар сайн мэдэхгүй, миний мэдэхээр Г уг эмэгтэйтэй 2005 онд танилцсан. Би тэр эмэгтэйг нь хэд хэдэн удаа харж байсан, нэрийг нь Ж гэдгээс өөр зүйл мэдэхгүй. Би хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сард Г-тай утсаар холбогдсон. Тэр үед мэнд мэдэлцээд утсаа салгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41-42х/,

- шүүгдэгч Ж.Г-ын: “...Манай эхнэр Б.Ж нь архи их уудаг, уусан үедээ агсам тавьдаг байсан. Уухаараа их авиргүй зантай хүн байсан. Намайг их хуурдаг /араар тавьдаг/ байсан болохоор харддаг байсан. Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урд талын 54 дүгээр байранд байдаг дэлгүүрээс 2 шил соёрхол авч эхнэртэйгээ хамт хувааж уусан. Би тэндээ хоноод өглөө 06:00 цагийн үед эхнэр бид хоёр хоорондоо маргалдсан юм. Өглөө 07:00 цагийн үед Ж-ыг газар хэвтэж байх үед нь уурандаа хөлөөрөө хоёр удаа цээж, нүүр хавьд дэвссэн. Тэгээд би эхнэрээ алсан нь үнэн. Би хэргээ хүлээж байна. Би тэндээс такси дуудаж яваад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байдаг “Маями” нэртэй буудалд орж найз “Б-тай” уулзсан. Тэндээсээ гараад 13 дугаар хороолол орж Улаанбаатар дээр найз “Ж-тэй” уулзсан. Би өөр зүйл ярьмааргүй байна. Би хэргээ хүлээсэн дахиж юм ярьмааргүй байна. ... 2017 оны 08-р сараас Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр Аварга дээд сургуулийн баруун талын 57-р байрны 43 тоот 1 өрөө байрыг түрээслэн амьдарч байсан.

...Би 2017 оны 10-р сарын 22-ны өдөр 19:00 цагийн үед гадуур ажилтай явж байхад манай эхнэр Ж халамцуу байдалтай утсаар залгаад “хүрээд ир, ирэхдээ архи аваад ирээрэй” гэхээр нь замаараа дэлгүүр орж 2 шил 0.5 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи аваад орсон. Намайг гэртээ ороход манай эхнэр жаахан халамцуу байдалтай хаалгаа нээж өгсөн. Би гэртээ орохдоо нэг шил архи үзүүлэхгүйгээр нуучихаад, нэг шил архи гаргаж задлаад хувааж уусан. Тэгээд архи дуусахад манай эхнэр гэрээс гарч яваад удаагүй нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи бариад орж ирэхээр нь хувааж уугаад, тал шил архи үлдээгээд хэн хэн нь согтоод унтсан. Тэгээд 2017 оны 10-р сарын 23-ны өдөр бид хоёрыг унтаж байхад манай хүү гаднаас орж ирээд, хичээлээ ялгаж аваад явсан. Бид хоёр буцаж унтаад үдээс хойш нь сэрээд үлдсэн архиа хувааж уучихаад, манай эхнэр “архи авна” гэж гарахдаа уусан архины шилнүүдээ аваад гарсан. ...Удаагүй гаднаас орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн Соёрхол, 1 шил 0.5 литрийн Соёрхол, тамхитай аваад орж ирэхэд хамт архиа уугаад, сүүлийн архи нь ёроолдоо жаахан үлдэх үед орой 18:00 цагийн үед хоёулаа унтаад, орой 21:00 цагийн үед сэрээд миний далд хийсэн 0.5 литрийн архийг гаргаж ирээд хувааж уучихаад унтсан. Намайг маргааш өглөө гэгээ орчихсон үед /цагийг санахгүй байна/ сэрэхэд, Ж гэртээ байхгүй байхаар нь хүлээгээд хэвтэж байхдаа үлдсэн жаахан архиа уучихаад байж байтал удалгүй Ж гаднаас орж ирэхдээ 0.5 литрийн Соёрхол нэртэй архи задалчихсан, талаас нь жаахан дээгүүр байдалтай барьчихсан ирэхээр нь “чи хаашаа яваад ирж байгаа юм бэ” гэж асуухад “миний хаашаа явах чамд хамаагүй” гэж хэлээд бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон. ...Тэр үед миний уур хүрээд тэгвэл “би ч гэсэн явж чадна” гэж хэлээд газар дэвссэн гудсан дээр сууж байсан Ж-ын хацар луу нь 2 удаа алгадаад, цээж рүү нь 2 удаа жийчихээд барьж, орж ирсэн архийг нь авч гараад хэсэг юу болсоныг мэдэхгүй, замаас такси бариад Маяами зочид буудалд Б гэж найзтайгаа уулзаж,  тэндээ архи уугаад хоносон. ...Миний хийсэн үйлдэл бол Ж-ын хацар луу нь 2 удаа алгадаж, цээж рүү нь 2 удаа хөлөөрөө жийсэн байгаа...

Би бага зэргийн халамцуу байдалтай байсан ч биеэ удирдах чадвартай байсан. Тэгээд маргааш нь гадуур явж байхад Ж-ын эгч Ж над руу залгаад “манай дүүг яачихсан юм бэ” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ” гэж хэлээд ярьж байгаад утас нь тасрахаар нь эхнэрийнхээ утас руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь гадуур архи ууж явж байгаад орой нь гэрийн гадна байсан машин дээрээ очиход цагдаа нар намайг саатуулсан.” гэсэн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 97-98х, 99х, хэргийн 2-р хавтас 55-56х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Г нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэргийн 1-р хавтас 233-234 дугаар талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 97 дугаартай шинжээчийн дүгнэлт баримтаар нотлогджээ. 

 

 Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг  бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг, “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг тус тус хамааруулж ойлгоно.  

 

Тухайн нөхцөлд хэргийн хохирогч Б.Ж хохирох үедээ хүнд зэргийн согтолттой, биед нь олон тооны шарх гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Цогцост  хийсэн шүүх эмгэлгийн шинжилгээний 2123 дугаартай дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 649 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 649 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт, Химийн шинжээчийн “...Б.Ж-ын цусанд 3.4 промилли, булчинд 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн” гэсэн 2017 оны 10 сарын 31-ний 10039 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 43 тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Ж-ыг “гарч явлаа хаагуур явсан юм гэхэд нь миний хаашаа явах чамд хамаагүй гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон, биед нь олон тооны гэмтэл бэртэл учруулж амь насыг нь хохироосон үйлдэл нь “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирсон тул Ж.Г-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.          

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд хохирогч нас барснаас сэтгэл санааны хохирол тооцон гаргуулах талаар хуулиар зохицуулагдаагүй.

 

Иймээс амь нас нь хохирсон Б.Ж-ыг оршуулахтай холбоотой гарсан зардалд нэхэмжилсэн 3.807.300 төгрөгийг /хэргийн 2-р хавтас 102-109х/ гэм буруутай этгээдээс гаргуулж нөхөн төлүүлэхээр,  сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 50.0 сая төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Ж.Г нь урьд хэд хэдэн удаа ял шийтгэгдэж байсан нь хэргийн 1-р хавтас 161х, 136-149х талд авагдсан шийтгэх тогтоол, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тус тус тогтоогдсон хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүх, шүүгдэгч Ж.Г-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус заасан хорих ялыг оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 10 сарын 26-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2017 оны 10 сарын 27-ны өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 07 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч шүүгдэгчээр тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж  /хэргийн 1-р хавтас 91х, 94х, 164х, 222х, 237х, 2-р хавтас 02х, 51х, 54х/ нийт 264 /хоёр зуун жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Ж.Г-ын эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн соёрхол нэртэй архины шил 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн нимгэн өмд 1 ширхэг, цайвар шаргал өнгийн дотуур өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...шүүгдэгч Ж.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулж өгнө үү”  гэсэн саналыг шүүх хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон     

                                                        ТОГТООХ нь:

 

1. Ж.Г-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г-д оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ын цагдан хоригдсон нийт 264 /хоёр зуун жаран дөрөв/  хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-аас гэм хорын хохиролд 3.807.300 /гурван сая найман зуун долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-т олгож, сэтгэл санааны хохирол 50.0 сая төгрөг гаргуулна гэх шаардлагыг хангахгүй орхисугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн соёрхол нэртэй архины шил 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн нимгэн өмд 1 ширхэг, цайвар шаргал өнгийн дотуур өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйболохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ж.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД

 

                                   ШҮҮГЧИД                                       Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                           П.ТУЯАТ