Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 305/ШШ2026/00192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: **** оршин суух **** овгийн Б.Т-н нэхэмжлэлтэй

Б.А-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Б.А-тай 2008 оны 05 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.А, Б.Т бид хоёр 2007 онд танилцаж, улмаар 2008 оны 05 дугаар сараас хамтран амьдарсан. Тухайн үед албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. 2009 оны 06 дугаар сарын 22-нд охин Г-г төрүүлсэн. Тэр үед паспорт нь байхгүй байсан тул бүртгүүлж амжаагүй байсан. Тэгээд би хүүхдээ өөрийн нэрээр овоглосон. Ноднин манай хөгшний бие нь өвдөөд болохгүй хот явж элгээ тайруул гээд хамт явж хагалгаа хийлгэж байсан. Энэ жил бас бие хаа нь өвдөөд болохгүй, хэвтэрт байсан бөгөөд би асарч байгаад бурхан болсон. Асаргааных нь мөнгийг нэг сар авч байсан. Биднийг тус аймгийн **** сумд 2008 оноос хойш хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь гаргуулах гэсэн юм. Манай хөгшин бие муутай байсан. Заримдаа аймаг дээр ээжийнхээ хажууд байдаг байсан юм. 2, 3 жил бид хоёр хөдөө мал маллаж байсан юм. Манай өрхийн бүртгэлд байхгүй. Манай багийн харьяат биш **** сумын харьяат байсан болохоор ороогүй гэв.

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаар Б.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаар Т.Г-н төрсний бүртгэлийн лавлагаа,

-Б.А-н иргэний үнэмлэхийн хуулбар,

-Б.А-н нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-**** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаар албан бичиг,

-Б.А-н Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт,

-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 775 дугаар лавлагаа,

-М.Г-н 2010, 2012-2013 оны мал тооллогын А дансны хуулбар,

-гэрэл зургууд.

 

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-**** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13/131 дугаар лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн Б.Т, Б.А нарын ИУБ-31, хаягийн хуудас №7, ХААТР-1, ХААТР-21 маягтууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Т нь Б.А-тай 2008 оны 05 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаар “эхийн овог нэр **** овгийн Б.Т, хүүхдийн овог нэр **** овгийн Т.Г 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрснийг **** аймгийн **** сумын 0035-рт 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн” төрсний бүртгэлийн лавлагаа,

-“**** овгийн Б.А, төрсөн он сар өдөр 1966-11-06, оршин сууж байсан хаяг **** аймаг **** сум, **** тоот, нас барсан газар ****, ****, нас барсан огноо 2025-12-15” гэх нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-**** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаар “...Б.А нь тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болохыг тодорхойлов” гэх албан бичиг,

-Б.А-н Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /2025.12.17/,

-**** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 775 дугаар “тус аймгийн **** сумын **** багийн малчин, өрхийн тэргүүлэгч М.Г-н мал маллаж байсан хугацаа (20108 2012-20138 2015-2016) хүртэлх гээд тухайн онуудын малын тоог тодорхойлсон лавлагаа,

-М.Г-н 2010, 2012-2013 оны мал тооллогын А дансны хуулбар,

-гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Мөн нэхэмжлэгч нь талийгаач Б.А-н эгч Б.А-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн этгээдээр оролцуулж мэдүүлэг авахуулсан. Гэрч Б.А нь “…Б.Т, Б.А нар 2007 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Хөдөө **** сумд ч байсан. Энд ч бас амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаандаа 2009 онд охинтой болсон. Одоо том охин байгаа. **** сумд хөдөө мал дээр энэ хоёр хоёулаа хамт байсан. Тэгээд төв дээр бас орж ирсэн. Ерөнхийдөө наашаа, цаашаа л яваад байдаг юм. Б.А аймгийн төв дээр эмчилгээ хийлгэж байсан. Элгээ тайруулсан учраас хими эмчилгээнд яваад энд ирж эмчилгээ хийлгээд, Б.Т охинтойгоо ирж асарч байсан. **** багт гэр нь байдаг юм. Хурим хийгээгүй. Зүгээр хамтран амьдарч байсан…” гэж мэдүүлсэн.

4. Нэхэмжлэгч Б.Т нь охин Т.Г-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор Б.А-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг.

Гэвч нэхэмжлэгч Б.Т нь Б.А-тай 2008 оны 05 сараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд буюу 17 жил хамтын амьдралтай байсан гэх боловч энэ хугацаанд тэдний дунд эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцаа үүссэн болох нь хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, **** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2008 оноос хойших Б.Т, Б.А нарын ИУБ-31, ХААТР-1, ХААТР-21 маягтуудад Б.Т нь **** аймгийн **** сумд, Б.А нь **** аймгийн **** сумд бүртгэгдэж ирсэн байх бөгөөд тэднийг хамт амьдарч байсан гэдгийг нотлох хүн амын тооллогын баримт, өрхийн бүртгэл зэрэг баримтуудыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, охин Т.Г-н төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн мэдээлэл бичигдээгүй, түүнчлэн тэдний хооронд дундын эд хөрөнгийн харилцаа үүсэж байсан болох нь тогтоогдохгүй байна.

5. Иймд **** овгийн Б.Т-н **** овгийн Б.А-тай 2008 оны 05 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан **** овгийн Б.Т-н **** овгийн Б.А-тай 2008 оны 05 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА