Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2026/00136

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот ****** тоот оршин суух А овгийн Ц-ын Л-ын нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* тоотод оршин суух Ш овгийн Ч-ийн Н-д холбогдох

орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний урьдчилгаа болох 67,938,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн /цахимаар/, хариуцагч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Л нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц овогтой Л миний бие 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ч-ийн Нтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг байгуулж, Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт 14 айлын орон сууцны барилгаас 57.82м2 талбай бүхий 3 өрөө байрыг 1м2 талбайг 2.350.000 төгрөгөөр тооцож бүгд 135.877.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн урьдчилгаа 50 хувь болох 67.938.500 төгрөгийг *********** тоот дансанд төлсөн. Миний бие Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Цахилгааны хяналтын инженер ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Тус ажилдаа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж ажлаасаа гарснаар ажилласан жил хүрэхгүйн улмаас захиалсан байр маань ипотекийн зээлэнд хамрагдаж чадахгүй болсон. Иймд миний бие Л нь 2025.06.06-ны өдөр тус байрыг авч чадахгүй болсон талаараа утсаар холбогдож мэдэгдсэн, мэн мессежээр энэ тухай мэдэгдсэн. Өөр хүнд зарах арга хэмжээ авахыг мэдэгдэж тохиролцоод өөр хүнд зарсны дараа урьдчилгаа мөнгөө авахаар тохиролцсон боловч урьдчилан төлсөн мөнгөн дүнгээ өгөхгүйгээр гэрээг цуцалж дараагийн айлд шилжүүлж өгнө гээд байгаа, Гэрээ цуцлаагүй байж гуравдагч талыг байранд амьдруулсан нь бидний байгуулсан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний 3.1.9-д заасан гэрээ хүчин төгөлдөр байхад орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, 4,1-д заасан гэрээг цуцлахаас өмнө төлсөн төлбөрийг буцаан олгоно зэрэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Чимэдцэрэнгийн Нгээс орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний дагуу захиалгын урьдчилгаа 67,938,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэхдээ: Ч овогтой Н миний бие Ц.Лын нэхэмжлэлтэй 67,938,500 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Ц.Л нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг цуцалж, хариуцагч миний бие уг гэрээнд тусгагдсан 67,938,500 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Ч.Нд холбогдуулан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний урьдчилгаа болох 67,938,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан ...Чимэдцэрэн овогтой Н миний бие Ц.Л-ын нэхэмжлэлтэй 67,938,500 төгрөг гаргуулах иргэний хэрэгт Ц.Л нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг цуцалж, хариуцагч миний бие уг гэрээнд тусгагдсан 67,938,500 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав... гэх, нэхэмжлэгч Ц.Лын ...Ц.Л миний бие хариуцагч Ч.Н орон сууцны урьдчилгаа төлбөр 68,938,500 төгрөгийг төлөхийн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг батлуулах хүсэлтэй байна. Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг нотариат орж цуцлах үйлдлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийж өгнө гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ...зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 497,642 төгрөгийн тал хувь буюу 248,821 төгрөгийг хариуцагч Ч.Нгээс гаргуулж нэхэмжлэгч Ц.Лад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ц.Лын нэхэмжлэлтэй, Ч.Н-д холбогдох орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний урьдчилгаа болох 67,938,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжлэгч Ц.Л нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор цуцалж, хариуцагч Ч.Н нь орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 67,938,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497,642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 497,642 төгрөгийн тал хувь буюу 248,821 төгрөгийг хариуцагч Ч.Н-гээс гаргуулж нэхэмжлэгч Ц.Лад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА