| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2402 00000 0457 |
| Дугаар | 2025/ДШМ/1251 |
| Огноо | 2025-10-31 |
| Зүйл хэсэг | 22.5.1., 22.5.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2025/ДШМ/1251
2025 10 31 2025/ДШМ/1251
Э.Ж-, “........
........” НҮТББ-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Э.Ж-,
шүүгдэгч Э.Ж-, “........ ........” НҮТББ-ын өмгөөлөгч Б.Баасандорж,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ж- болон “........ ........” НҮТББ-ын өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Ж-, “........ ........” НҮТББ-д холбогдох 2402 00000 0457 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн Э-ын Ж-, ........., /.........../;
2. “........ ........ төв” ................./;
Шүүгдэгч Э.Ж- нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “........... асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, ........ мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно...” гэснийг,
Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Засгийн газрын ........ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “ТХААГУ суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна...”, 5.7 дахь хэсэгт “...Суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана...”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Сангийн яамны ........ бодлогын асуудал хариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ ........ сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр ........ сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна...”, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “...сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно...” гэснийг,
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “........ ........ төв” НҮТББ-тай байгуулсан “харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.3.1 дэх хэсэгт “...төв нь сангийн сайдын 2021 оны 253 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлд заасан тавигдах шалгуурыг мөрдлөг болгон ажиллана...” гэж заасныг тус тус зөрчиж, харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу төрийн ........ газраас зохион байгуулдаг ........ мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгох үйл, ажиллагаа явуулахдаа “........ ........ төв” НҮТББ-д сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авахуулалгүй тэнцүүлж, гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс төрийн ........ газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Хаан” банк дахь түүний эзэмшдэг ....... дугаартай данс руу өөрийн нэрээр эзэмшдэг ....... тоот дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны хооронд 11 удаагийн гүйлгээгээр 4.850.000 төгрөгийг шилжүүлж үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн,
“........ ........ төв” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Э.Ж- нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “........... асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, ........ мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно...” гэснийг,
Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Засгийн газрын ........ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “ТХААГ суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна...”, 5.7 дахь хэсэгт “...суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана...”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Сангийн яамны ........ бодлогын асуудал хариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ ........ сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр ........ сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна...”, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “...Сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно...” гэснийг,
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “........ ........ төв” НҮТББ- тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.3.1 дэх хэсэгт “...Төв нь Сангийн сайдын 2021 оны 253 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйл заасан тавигдах шалгуурыг мөрдлөг болгон ажиллана...” гэж заасныг тус тус зөрчиж харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Төрийн ........ газраас зохион байгуулдаг ........ мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгох үйл ажиллагаа явуулахдаа “........ ........ төв” НҮТББ-д сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авхуулалгүй, тэнцүүлж гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн ........ газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-ад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн Хаан банкны ....... тоот данс руу өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ....... тоот данснаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны хооронд 11 удаагийн гүйлгээгээр 4.850.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “........ ........” НҮТББ-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Ж-г “үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх” гэмт хэргийг, “........ ........ төв” НҮТББ-г “үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, “........ ........ төв” НҮТББ-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн хасаж, 120.000 нэгж буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөх, “........ ........ төв” НҮТББ-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж- нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоног, “........ ........ төв” НҮТББ нь торгох ялыг шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдоогүй 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ж-, “........ ........ төв” НҮТББ-н өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн “........ ........ төв” НҮТББ-д холбогдох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж даалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан хахууль өгөх гэмт хэргийг “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутай гэж үзэж үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасаж 120,000 нэгжээр торгох ялаар шийтгэснийг хуульд зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Шүүгдэгч “........ ........ төв” НҮТББ-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэнд тооцсон хэсгийн нотлох баримт, хууль зүйн үндэслэлийг хянан, шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгдэгч “........ ........ төв” НҮТББ-ыг цагаатгаж өгнө үү.
Нэгдүгээрт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч “........ ........ төв” НҮТББ-ын буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:
а/ хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №05 тоот яллах дүгнэлтэд хээл хахууль өгсөн хэмээн дүгнэсэн. Гэвч ингэж дүгнэхэд учир бий. Энэ нөхцөлд сургалтад бүртгүүлсэн этгээд, мөн тухайн этгээд нэг бол сургалтад суугаагүй шалгалтад орсон эсэх, эсхүл тухайн бүртгүүлэгч сургалтад суугаад харин шалгалтдаа ороогүй эсэх, эсхүл сургалтад суугаагүй, шалгалт өгөөгүй атлаа АЗ гэрчилгээ авсан аль болохыг тодорхой тодорхойлсон байх учиртай. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хахууль өгөх гэмт хэрэг нь бүрэлдэхүүний хувьд “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор” хахууль өгсөн байхыг шаарддаг. Гэтэл энэ нөхцөлд яллах дүгнэлтэд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авхуулалгүй тэнцүүлж гэрчилгээ олгуулах зорилготой ашиг сонирхлын үүднээс үйлджээ гэж дүгнэсэн байна. Эндээс үзвэл хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэх зорилгыг тогтоосон зүйл алга байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн С.Ч-ын мэдүүлэг, хамгийн гол нь шинжээчийн тайлан буюу дүгнэлтээс /1 хх 172-182/ үзэхэд сургалтад суусан гэж шүүгдэгч бүртгэсэн атал шалгалтад бүртгэгдээгүй АЗ эзэмшигч этгээдийн мэдээлэл байхгүй, нотлох баримтаар нотлогдоогүй байна. Сургалтад суугаагүй этгээдийг шалгалтад оруулсан нөхцөлд хэн гэж аль этгээд АЗ гэрчилгээ авсан байхыг зайлшгүй тодорхойлсон байх учиртай. Гэтэл прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад хэнийг тэнцүүлсэн байх нь чухал биш хэмээн яллах дүгнэлтээс эсрэг дүгнэлт гаргасан. Улмаар нийт сургалтад суугчдын 60% түүнээс дээш этгээд шалгалтад тэнцсэн нөхцөлд Сангийн яам Харилцан ойлголцлын санамж бичгийг сунгах журамтай бөгөөд ........ ........ төв НҮТББ-ын хувьд тус хувь заасан шалгуурыг бууруулахгүйн тулд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлтэд байхгүй дүгнэлтийг гаргаж ирсэн. Яллах дүгнэлтэд хавсаргасан нотлох баримтууд ялангуяа тус “........ ........ төв” НҮТББ-ын гаргаж өгсөн тайлан /2 хх 234-240/ үзвэл “........ ........ төв” НҮТББ нь 2013 оноос хойш тус сургалтыг зохион байгуулсан байх бөгөөд 2013 онд 46% гүйцэтгэл, 2014 онд 44.7%-ийн гүйцэтгэл, 2015 онд 57.6% гүйцэтгэл, 2016 онд 60% гүйцэтгэл, 2017 онд 60% гүйцэтгэл, 2018 онд 60% гүйцэтгэл, 2019 онд 62% гүйцэтгэл, 2020 онд 62% гүйцэтгэл, 2021 онд 52% гүйцэтгэл, 2022 онд 58%-ийн гүйцэтгэлтэй ажилласан талаараа дурдсан байх бөгөөд Сангийн яамнаас Харилцан ойлголцлын санамж бичгийг 2 жил тутамдаа сунгаж ажиллаж иржээ. Тухайлбал 2013, 2015, 2017, 2019, 2021, 2023 онд санамж бичгийг хэдийн тухайн санамж бичигт дурдсан 60% үзүүлэлтээс доош байсан ч сунгаж хамтран ажиллаж ирсэн байна. Эндээс харвал прокурорын зүгээс Сангийн яамтай байгуулсан санамж бичиг цуцлагдах нөхцөл үүсэх тул сургалтад суугаагүй, шалгалтад ороогүй этгээдийг тэнцүүлсэн гэж тайлбарлах боловч бодит байдал дээр санамж бичгийг сунгаж байсан байна. Энэ асуудлаар тусгайлсан нотлох баримт цуглуулж нотлох ажиллагаа хийгээгүй хийсвэр дүгнэлт гаргасан. Сангийн яамны ........ газрын дарга Ц.Батзулын гэрчээр өгсөн мэдүүлэгт 50% доошоо үзүүлэлт үзүүлсэн нөхцөлд хэрхэн цуцлах эрсдэл үүсэх эсэх, тухайн шүүгдэгчийн сургалтын үйл ажиллагааны тайлангийн үзүүлэлтийг Сангийн яамнаас татан авч шалгах байсан атал хийгээгүй ажиллагааг таамаглан урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
б/ гэм буруутай гэх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүхнийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Хэрэв хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэж буй нөхцөлд тухайн үйлдэл нь нотлогдсон байх учиртай. Өмнө дурдсанчлан “........ ........ төв” НҮТББ нь сургалтын үйл ажиллагааны үзүүлэлт 60%-аас доош байхад Сангийн яамны зүгээс Харилцан ойлголцлын санамж бичгийг сунгаж байсан явдлыг шалган тогтоож, хэрэгт нотлох баримтаар авсан нөхцөлд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх үү? гэдэг асуудалд бүрэн тодорхой хариулт өгсөнгүй.
Хоёрдугаарт: Анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын 15 дахь талд шүүхээс “........ ........ төв” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч Э.Ж- нь Сангийн сайдын 2021 оны 253 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлд заасан тавигдах шалгуурыг мөрдлөг болгон ажиллана...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж ганцхан дүгнэлт хийсэн. Гэтэл тус шийтгэх тогтоолд үндэслэл болгож тусгасан Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” №253 дугаар тушаал нь Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах агуулгатай байх бөгөөд 6 дугаар зүйл гэж байхгүй, мөн зөвхөн өмнө батлагдсан журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Өмнө батлагдсан буюу Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлд тус Сангийн сайдын 2021 оны №253 дугаар тушаалаар аливаа өөрчлөлт ороогүй байна. Хэрвээ анхан шатны шүүхээс техникийн алдаа гаргаж буюу тушаалын дугаарыг буруу бичсэн гэж үзвэл Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам"-ын 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзвэл дараах нөхцөлүүдийн алийг “........ ........ төв” НҮТББ-ыг зөрчсөн болохыг тодорхой дүгнэх учиртай. Үүнд:
1. “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6.1 “Сангийн яамны ........ бодлогын асуудал хариуцсан нэгж ........ сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр ........ сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна”,
2. “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6.2. “Сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, тогтмол сургалт явуулах боломжтой хичээлийн танхим эсхүл түрээсийн гэрээ байгуулсан байна.”,
3. “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6.3. “Сургалтыг 2-оос доошгүй сургагч багш удирдан зохион байгуулах бөгөөд нэг багш нь сургалтын байгууллагын үндсэн ажилтан байна.
4. ........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6.4. “Сургалтын байгууллагын хичээлийн танхим сургалт явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Үүнд: Компьютер, хувилагч хэвлэгч, проектор, дэлгэц, самбар бусад шаардлагатай зүйлс.”,
5. “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам"-ын 6.5. “Сургалтын байгууллага сургалтад оролцогчдыг шаардлагатай гарын авлага материалаар хангах бөгөөд сургалтын материалууд нь ........ хууль, журам зааварт орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тухай бүр тусгасан байна.”,
6. “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам’’-ын 6.1, 6.6 Сургалтын анги дүүргэлт 30 хүнээс дээшгүй байна.” зэрэг шалгуурын аль нэг шалгуурыг зөрчсөн байх учиртай. Гэтэл Анхан шатны шүүхээс дээрх “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 6 дугаар зүйлийг “........ ........ төв” НҮТББ хэрхэн яаж зөрчсөн гэж дүгнэх болсон тодорхой дүгнэлт алга байна. Хамгийн гол нь тус дурдаж буй Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “........ мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 7.4-д “Сангийн яам журмын дагуу ТХААГ-аас олгож буй гэрчилгээ олголтын байдал, материал бүрдүүлэлттэй жилд 2-оос доошгүй удаа хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч ажиллана”, 7.5-д “Журмын 2.1.1-д заасан сургалтад оролцогчдоос авсан санал асуулгын дүн “хангалтгүй” эсвэл гэрчилгээ олгох шалгалтад тэнцсэн оролцогчдын хувь нийт оролцогчдын 60 хувиас бага тохиолдолд Сангийн яам болон ТХААГ-аас сургалтын байгууллагын дутагдлыг арилгуулах шаардлагыг тавьж ажиллана. Сангийн яам нь дээрх дутагдал давтагдсан тохиолдолд байгууллагын сургалт явуулах эрхийг хүчингүй болгох эрхтэй” хэмээн Сангийн яамны хяналт тавих эрхийг тодорхой зааж өгчээ. Хавтаст хэрэгт цугларсан баримтууд, прокурорын яллах дүгнэлтээс харвал Сангийн яамнаас хяналтыг хэрэгжүүлээд хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлт байхгүй. Ийм байхад прокурорын зүгээс шууд тус ТББ-ыг Хамтын ажиллагааны санамж бичигт заасан болзол, шалгуурыг зөрчсөн хэмээн Сангийн яамны эрх хэмжээг харгалзалгүй өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар дүгнэж, нөгөө талаас анхан шатны шүүхээс тус нотлогдвол зохих асуудлыг анхаарч дүгнэж үзээгүй нь хууль хэрэглээний алдаатай, хуулийг буруу хэрэглэсэн жишээ мөн. Хэрэв прокурор, мөрдөгч цаашлаад шүүхээс энэ мэт Сангийн яамны хариуцсан асуудлаар яллагдагч, шүүгдэгчийг буруутай гэж үзэх нөхцөлд захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүхээс буруутай талыг тогтоох шаардлагагүй болох юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай мөн нийцэхгүй. Иймээс эдгээр үндэслэлүүдийг нягтлан харгалзаж үзэх нь хэргийн зөв шударгаар шийдэх хууль зүйн үндэс байх тул хянан үзэж дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус давж заалдах гомдлыг шүүгдэгч Э.Ж-, “........ ........ төв” НҮТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Э.Ж- нарт урьдчилан танилцуулсан бөгөөд өмгөөлөгч, шүүгдэгч нар санал нэгтэй байгаа болно. Иймд эдгээр хууль зүйн үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүхээс нягтлан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч “........ ........ төв” НҮТББ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”-д тооцсон хэсгийг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хувь хүнийхээ үүднээс үргэлжилсэн үйлдэл дээр тайлбар хийе. Үргэлжилсэн үйлдэл гэж 11 удаагийн гүйлгээ байгаа. Үүний 3 удаагийн гүйлгээ нь 2020 оны 08 дугаар сард Эрдэнэтэд, 2022 оны 12 дугаар сард Замын-Үүдэд, 2023 оны 01 дүгээр сард Хөвсгөлд сургалт зохион байгуулж, мэргэжилтэн шалгалт авахад бензиний мөнгө шилжүүлсэн зүйл байдаг. Мөрдөн байцаалтын явцад н.Батзул дарга “Төрийн ........ газраас шалгалт авахаар томилогдсон хүмүүст албан ёсоор томилолт олгодоггүй” гэж мэдүүлсэн. Төрийн ажлыг явуулахын тулд хүн өөрөө мөнгө гаргаж, шалгалт авна гэж байхгүй. Тиймээс сургалтын байгууллага 3 удаа шатахууны мөнгийг шилжүүлсэн. Дараагийн 3 удаагийн гүйлгээг төрсөн өдөрт нь шилжүүлсэн. С.Ч- мэргэжилтэнтэй 2013 оноос хойш 12 жилийн хугацаанд хамтарч ажилласан. Хувь хүнийхээ зүгээс тухайн мөнгийг шилжүүлсэн. Үлдсэн 5 гүйлгээ нь .......-н бүтэгдэхүүн авахад зарцуулсан. Манай гэр бүл угаасаа .......-н бүтэгдэхүүн хэрэглэдэг. С.Ч- мэргэжилтний эхнэр ....... бүтээгдэхүүн борлуулдаг гэдгийг мэдээд тухайн бүтэгдэхүүнийг хэрэглэдэг байсан учраас худалдаж авсан. Хуулийн этгээдийн удирдах зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй. 2013 онд 655 хүнд сургалтад хамрагдаж байсан бол 2020 онд 2400 гаруй хүнд 5 багшийн бүрэлдэхүүнтэй сургалт орж байсан. Энэ байгууллага зөвхөн Э.Ж- гэдэг хүнээр тодорхойлогдохгүй. Би хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө ямар ч үйлдэл хийгээгүй, харин хувь хүнийхээ хувьд төрсөн өдөрт зориулж, эхнэрийнх нь борлуулдаг бүтэгдэхүүнийг худалдаж авч байсан. Ийм асуудал үүссэний дараа хууль зүйн зөвлөгөө авахад миний энэ үйлдлүүд нь буруу байсан. Ганц нэг оноо дутчих вий гэдэг үүднээс найз нөхдийн хувьд дэмжиж, туслах боломж байна уу гуйж байсан. ...” гэв.
Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Э.Ж- нь “........ ........ төв” НҮТББ-н үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй байдаг. Хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Э.Ж- нь “........ ........ төв” НҮТББ-тай нэгдмэл ашиг сонирхолтой. Мөн шалгалтад тодорхой этгээдүүдийг зохих журмын дагуу хамруулаагүй. “........ ........ төв” НҮТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Э.Ж- бөгөөд уг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Сангийн яамтай санамж бичиг байгуулсан. Өөрөө үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн нэрээр сургалтын үйл ажиллагаа явуулж, тухайн үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн ........ газрын мэргэжилтэн С.Ч-тай харилцаа тогтоосон. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 2020-2023 он буюу ковид цар тахал гарч, хөл хориотой байх үед бусдад хахууль өгсөн болох нь хангалттай тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Э.Ж- нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2, 5.7 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг,
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “........ ........ төв” НҮТББ-тай байгуулсан “харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.3.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу төрийн ........ газраас зохион байгуулдаг ........ мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгох үйл, ажиллагаа явуулахдаа “........ ........ төв” НҮТББ-д сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авахуулалгүй тэнцүүлж, гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс төрийн ........ газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Хаан” банк дахь түүний эзэмшдэг ....... дугаартай данс руу өөрийн нэрээр эзэмшдэг ....... тоот дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны хооронд 11 удаагийн гүйлгээгээр 4.850.000 төгрөгийг шилжүүлж үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Ц.Б-ын “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн сайд сургалтыг зохион байгуулах журмыг баталсан байгаа энэ журамд Сангийн яаманд хүсэлт гаргаж, журамд заасан шаардлага хангасан этгээдэд сургалт зохион байгуулах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, энэ хүрээнд сургалтыг зохион байгуулдаг. Төрийн ........ газар нь журамд заасны дагуу шалгалт авдаг, сургалт зохион байгуулсан газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг зохион байгуулдаг ба шалгалтад тэнцсэн суралцагчид гэрчилгээ эзэмших эрхтэй болж, Үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллах боломжтой болдог юм. Мөн цахимаар сургалтыг зохион байгуулж болдог ба энэ нь ямар нэгэн төлбөргүйгээр, багшгүйгээр өөрөө бие даан суралцаж, бас шалгалт өгөх эрхтэй болдог юм. Харин хичээлийг бол Сангийн яамнаас олгосон сургагч багшийн гэрчилгээтэй багш заадаг журамтай. Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу шаардлага хангасан гэж үзэж байгаа сургалтын байгууллага Сангийн яаманд хүсэлтээ холбогдох баримтыг бүрдүүлэн өгдөг ба Сангийн яамны ........ Бодлогын хэлтэс байгуулсан санамж бичгийн хүрээнд сургалтын тайлан болон бусад материалд үндэслэн хяналт тавьдаг ба хяналтыг хэрхэн тавих талаар харилцан ойлголцлын санамж бичигт заасан байгаа. Төрийн ........ цахим системд сургалт зохион байгуулах тухай бүрд сургалтын байгууллага зар оруулдаг ба зарын дагуу сонирхогч, суралцагч тухайн байгууллага руу холбогдож, сургалтад бүртгүүлээд энэ сургалтад хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг сургалтын байгууллага цахим системт бүртгэж явдаг бөгөөд энэ системд бүртгэгдсэн иргэд шалгалтад орох эрх үүсдэг юм. Тэгээд шалгалтын өдөр Төрийн ........ газраас шалгалт хариуцсан мэргэжилтэн шалгалтын тов тогтоож, товлосон цагт танхим болон цахимаар авч байгаа. Төрийн ........ газрын Цахим худалдан авах ажиллагаа, Сургалт судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ө.О-, Ч- гэж хоёр хүн авдаг. Сангийн сайдын тушаалаар бол сургалтын төлбөрийн талаар тусгайлан тогтоосон дүн байхгүй харин сургалтыг зохион байгуулахад гарах зардалд үндэслэн сургалтын төлбөрийг санамж бичиг байгуулсан байгууллага өөрөө тогтоодог, миний мэдэж байгаагаар нэг хүнээс сургалтын төлбөр 90,000-110,000 төгрөгийн төлбөр авдаг төлбөрийг байгууллагын дансаар авдаг байх гэж бодож байна. Тэгээд шалгалттай холбоотой бол ямар нэгэн төлбөр авдаггүй, харин орон нутагт зохион байгуулагдаж байгаа сургалтын хувьд шалгалт авах мэргэжилтний унаа хоол, буудал зэрэг гарах зардлыг сургалтын байгууллага өөрөө гаргадаг. Цахим систем дээр бүртгэл хөтөлж байгаа учраас ямар этгээд хэзээ, хаана болсон шалгалтад хэрхэн оролцсон талаарх мэдээллийг гаргах боломжтой, мөн үүнийг дагаад сургалт зохион байгуулсан сургалтын байгууллага гараад ирнэ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тийм үйл ажиллагаа явуулах эрхтэй хүн байхгүй. ...” /1 хх 133-134/,
гэрч А.О-ын “... Төрийн ........ газар нь мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авдаг. Төрийн ........ газар нь 2020 онд байгуулагдахдаа Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалтан шалгалтыг авахаар зааж өгсөн байсан. Тэгээд тухайн ажилтны үндсэн чиг үүрэгт ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хэлтсийн дарга нь хяналт тавих ёстой. Мөн манай шалгалт цахимаар явдаг учраас шалгалт дуусах товчийг дарснаас тэнцсэн тэнцээгүй гэсэн хариу гарч ирдэг. Төрийн ........ цахим системийн сургалт цэсний сертификат хэсэгт шалгалтад тэнцсэн этгээдийн нэр, мэдээллийг оруулж бүртгэж өгдөг ба энэ процессыг сургалт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж байсан. сургалтын байгууллагад бүртгүүлээгүй, шалгалтад ороогүй этгээдийг тэнцүүлсэн мэтээр цахим системд бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл ...” /11 хх 139-140/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ч-ын “... Э.Ж- гэж хүнийг танина. 2013 онд Сангийн яамнаас ........ мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт Төрийн ........ газар луу шилжсэн ба тэр үеэс манай байгууллага шалгалт авдаг болсон ба Э.Ж- нь ........ сургалт зөвлөгөө өгөх төв ТББ-ын захирлаар ажиллаж байсан. Э.Ж- бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал одоо байхгүй. Орон нутгийн шалгалтыг авахад би өөрийнхөө машинаар очиж шалгалт авдаг байсан ба орон нутагт ирэх, очих шатахууны зардал, замын хоолны мөнгө гэж өгдөг байсан ба заримдаа томилолт, урамшуулал гэж өгдөг байсан... би ажлаа таслаагүй гэдэг талаасаа юм уу томилолтын хуудас бичүүлээд л аваад явдаг байсан. Тэгээд Төрийн бус байгууллагуудаас зардлыг нь даадаг байсан. Манай байгууллагаас томилолтын зардал байхгүй гээд өгдөггүй байсан. Шалгалтын үеэр танхимаар авч байгаа тохиолдолд манай сургалтын байгууллагаас шалгалт өгч байгаа хүмүүсийн шалгалтын материал дээр ганц, нэг хоёр асуулт дээр нь тус болоорой гэж хэлдэг байсан. Би түүнийх нь дагуу тэдний сургалтын байгууллагаас шалгалт өгч байгаа хүмүүсийн асуулт дээр хариултыг нь зааж өгөх тохиолдол байдаг байсан. Тэгээд түүний хариуд баярлалаа гээд урамшуулал шилжүүлж л байсан. Э.Ж- нь миний данс руу шилжүүлэхээр нь ажлын байран дээрээ байж байгаад АТМ-ээс авдаг байсан ба томилолтоор явахаар бол урд өдөр нь мөнгийг нь хийдэг байсан. Мөн томилолтоор ирсний дараа Ж- томилолтын мөнгө гэж шилжүүлдэг байсан. Төрийн ........ газар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо хуучнаар Хөдөө аж ахуйн яамны байранд байдаг. “........ ........ төв” НҮТББ-ын захирал Э.Ж-гаас томилолтын зардал авч байсан талаар байгууллагын удирдах албан тушаалтанд мэдэгдэж байгаагүй, гэхдээ байр хоол, буудал, унааны зардлыг төрийн бус байгууллага даагаад явж байгаа гэдгийг удирдлагууд мэдэж л байсан. ...” /1 хх 220-221/,
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бичгийн баримтуудын хуулбар /1 хх 26-60/,
Сангийн яамны Хууль эрх зүйн газрын ........ бодлогын хэлтэс, “Худалдан авах үйл ажиллагааны ........ төв” НҮТББ-ын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 03 дугаартай харилцан ойлголцлын санамж бичгийн хуулбар /1 хх 95-97/,
Төрийн ........ газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай “Алба хаагчдыг албан тушаалд томилох, цалингийн хэмжээг тогтоох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /1 хх 74-75/,
Төрийн ........ газрын Сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /1 хх 76-77/, мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 226-231/, Сургалтын тайлан /2 хх 234-240/, Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт /1 хх 172-182/, мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 183-184/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /2 хх 6-7/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ж-г үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ж-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.
Прокуророос “........ ........ төв” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч Э.Ж- нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2, 5.7 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “........ ........ төв” НҮТББ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.3.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Төрийн ........ газраас зохион байгуулдаг ........ мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгох үйл ажиллагаа явуулахдаа “........ ........ төв” НҮТББ-д сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар бүртгүүлсэн иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авхуулалгүй, тэнцүүлж гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн ........ газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч-ад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн Хаан банкны ....... тоот данс руу өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ....... тоот данснаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны хооронд 11 удаагийн гүйлгээгээр 4.850.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон...” бол хахууль өгөх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол ...” гэж тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлжээ.
Прокуророос “........ ........ төв” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Ж-г хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан нийтлэг үндэслэлүүд болон Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2, 5.7 дахь хэсэг, түүнчлэн мөн хавсралтын 6.1. “Сангийн яамны ........ бодлогын асуудал хариуцсан нэгж ........ сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр ........ сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна.”, 6.2 дахь хэсэгт “сургалтын байгууллага нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, тогтмол сургалт явуулах боломжтой хичээлийн танхим эсхүл түрээсийн гэрээ байгуулсан байна.”, 6.3 дахь хэсэгт “Сургалтыг 2-оос доошгүй сургагч багш удирдан зохион байгуулах бөгөөд нэг багш нь сургалтын байгууллагын үндсэн ажилтан байна.”, 6.4 дэх хэсэгт “Сургалтын байгууллагын хичээлийн танхим сургалт явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Үүнд: Компьютер, хувилагч хэвлэгч, проектор, дэлгэц, самбар бусад шаардлагатай зүйлс.” 6.5 дахь хэсэгт “Сургалтын байгууллага сургалтад оролцогчдыг шаардлагатай гарын авлага материалаар хангах бөгөөд сургалтын материалууд нь ........ хууль, журам зааварт орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тухай бүр тусгасан байна.”, 6.6 дахь хэсэгт “сургалтын анги дүүргэлт 30 хүнээс дээшгүй байна.” гэж заасан үндэслэлүүд нь хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэх хууль зүйн үндэслэлд хамааралгүй байхаас гадна хэргийн бодит байдалд нийцээгүй буюу ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
Тодруулбал, “........ ........ төв” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Ж-г хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хэрхэн яаж үйлдсэнийг прокурор хууль зүйн хүрээнд нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх тус төрийн бус байгууллагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хорьдугаар бүлэгт хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар тусгайлан зохицуулсан.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх тусгайлсан зохицуулалтыг хэрэглээгүй, тухайлбал тус хуулийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “хуулийн этгээдийг төлөөлөх хүн нь тухайн хэргийн яллагдагч бол” хуулийн этгээдийг төлөөлүүлэхгүйгээр байхаар, яллагдагчаас өөр хүн тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хийгээгүй гэх зэргээр заавал мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй байна.
Давж заалдах шатны шүүх дээрх хууль зүйн дүгнэлтийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар “........ ........ төв” НҮТББ-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, энэ талаар өмгөөлөгч Б.Баасандоржийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас “........ ........ төв” НҮТББ-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “... “........ ........ төв” НҮТББ-г “үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” ...” гэсэн,
- 2 дахь заалтын “... “........ ........ төв” НҮТББ-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасаж, 120.000 нэгж буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус ...” гэсэн,
- 3 дахь заалтын “... “........ ........ төв” НҮТББ-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр ...” гэсэн,
- 4 дэх заалтын “... “........ ........ төв” НҮТББ нь торгох ялыг шүүхээс тогтоосон 3 жилийн ...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР