Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 00249

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн                   С.Од холбогдох эрүүгийн 1838005930309 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.О нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр “Зүүн харгана” гэх газарт гэр бүлийн хамааралтай хүн болох эхнэр Э.Чмаргалдан улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр болон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр “Зүүн харгана” гэх газарт гэр бүлийн хамааралтай хүн болох эхнэр Э.Ч маргалдан улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Огийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед би архи их уусан байсан болохоор зарим асуудлыг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэрийнхээ зуухыг өшиглөөд унагааж байсан. Тэгээд маргааш өглөө эхнэр үнээгээ саагаад орж ирээд асуухад намайг зодсон талаар хэлсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр О маш их согтуу ирсэн. Тэр үед манайд миний багшийн нэг шавь таньдаг залуу ээж, ах нарын хамт 4-үүлээ ирсэн. Манайд хононо гэсэн. Тэр хүмүүс 2.5 литрийн савтай пиво өгсөн...Тэгээд би зоддог болохоор нь айгаад гэрээ дотроос нь түгжчихсэн байсан чинь ирээд шууд гэрийн хаалганы түгжээг мулт татаад ороод ирээд намайг толгой тархигүй цохиод...намайг зуух тойруулж зодож хөөгөөд үснээс зулгаагаад, гутлаар цохиод, нөгөө хүмүүсийн өгсөн пивийг хийгээд над руу 2 удаа цацсан. Хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөн л мөрийтэй тоглоом тоглоод алга болоод өглөө 07 цагт ирэхээр нь хаашаа яваад ирдэг юм гэсэн чинь тоглоод ирлээ гэсэн. Тэгээд өдөр гуриланд яваад ирье гэж яваад ирэхдээ пиво уучихсан ирсэн. О гуриланд явсан хойгуур түүний найз Тайван гэж дууддаг залуу утсаар яриад О байна уу гэхээр нь байхгүй байна гуриланд яваад одоо болтол ирээгүй байна гэсэн. Тэгээд О утсаар ярихад нь хажууд нь байсан юм шиг байна лээ тэгээд гэрт ирэхдээ надад уурлаад чи намайг найзад минь муу хэллээ гээд намайг зодсон...Би нөхөр Огөө цагдаад өгч бүртгүүлснээс хойш гайгүй болсон. Одоо нөхөр маань архи дарс уухаа байж, гэр бүлдээ их анхаарал халамж тавьж байгаа. Мөн надаас дахиж ийм асуудал гаргахгүй гэж уучлалт гуйж амлалт өгсөн байгаа. Тийм учраас би нөхрийгөө энэ удаад уучилж түүнтэй эвлэрч, үргэлжпүүлэн хамтдаа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай охин Ч аав, ээждээ ирж хэлэхдээ нөхөр маань гадуур гэр орондоо ирж хонохгүй мөрийтэй тоглоом тоглоод ирэхгүй юм. Тэгээд архи дарс уучихаад агсам согтуу тавьдаг талаар хэлж байсан юм...Би хаана хаана нь яаж зодсон талаар өөрөө хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Манай охин өөрөө сайн хэлэх байх. Манай охиныг байнга дарамталж зоддог талаар сонссон юм...Өмнө нь Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. О өөрөө гуйгаад дахиж ийм асуудал гаргахгүй гээд тэгээд залуу хүүхдүүд бие, биенээ ойлгож сайхан амьдрах байх гэж бодоод хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 366 тоот дүгнэлтэд:

1. Э.Чгийн биед тархи доргилт, духны баруун хэсэгт, баруун дээд зовхины гадна хэсэгт, эрүүний баруун доод хэсэгт, зүүн гуяны гадна доод хэсэгт, шинэ, зүүн бугалганы гадна дунд хэсэгт хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

З. Э.Чгийн биед үүсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Э.Ч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 48 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838005930309 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 47 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Э.Ч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838005930309 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838005930309 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР